НИЙГЭМ

“PCR-т дугаарлаж авсан халдвараа орон нутагт тараах вий”

ХӨСҮТ-д үнэ төлбөргүй PCR шинжилгээ өгөхөөр дугаарлаж буй хүмүүсийн тоо өдөр, өдөрт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн гадаа дугаарласан хүмүүсийн цуваа мушгирч, дугуйрсаар замын ойролцоод хүрчээ.

Нэг талаас PCR шинжилгээ өртөг өндөртэй учир иргэд мөнгөө төлж, шинжилгээ өгөх хандлага нь бага байгаа юм. Үнэгүй шинжилгээг коронавируст халдвартай хүний ойрын хавьтлуудаас авч буй. Иймд ХӨСҮТ-ийн сайн дурын, үнэгүй шинжилгээ иргэдэд эрэлттэй байна.

Нөгөө талаас баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдийн орон нутгийг зорих хөдөлгөөн нэмэгддэг. Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, зарим аймаг орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Гэхдээ Засгийн газрын зөвлөмжөөр ихэнх аймгийг зорих хөдөлгөөн нээлттэй болсон. Иймд хөдөө явахаасаа өмнө PCR шинжилгээ өгөх зорилго иргэдийн дунд хөөсөрч байна.

Улаанбаатар хотоос гарахад вакцин хийлгээд 14 хоног болсон байх л шаардлага тавьж байна. Гэхдээ хүлээж авах аймаг нь шинжилгээний бичиг шаардах нь цөөнгүй.

Харин ХӨСҮТ-ийн гадна үүсээд буй нөхцөл байдал эрсдэлтэй байна. Бөөн хүний бөөгнөрөл, хавьтал. Зуны халуунд амны хаалтаа эрүүндээ доошлуулж зүүчхээд дугаарлах хүмүүс ч тэнд харагдана.  Нэг үгээр шинжилгээ өгөх гэж ингэж бөөгнөрч байгаад халдвар авчих вий. Тэгж авсан халдвараа хөдөө орон нутаг руу яваад тараах вий гэсэн өнцгийг сошиал дахь олон нийт илэрхийлж байна.

“Хүний бөөгнөрөл үүсгэж болохгүй” гэсэн хамгийн гол зөвлөмжийг өгдөг ХӨСҮТ-ийн өөрийнх нь үйл ажиллагаа ийм нөхцөл байдлыг үүсгэх. Нөгөө талаас Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын уялдаа холбоогүй, үүсэж болох нөхцөл байдлыг тооцоогүй хөнгөн шийдвэрийн нэг өнгө төрх нь энэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button