Ярилцлага

М.Батболд: Шинэ цаг ирж байна

“Гэм зэм” постдрамын жүжиг эхлэхээс нэг цагийн өмнө бид тайзан дээр уулзлаа. Хөшиг хаалттай. Найруулагч Мягмарнарангийн Батболд ярьж байна.

ТЕАТР БОЛ ХӨЛӨГ ОНГОЦ, ҮЗЭГЧИД БОЛ ДАЛАЙ

-Эдгээр өдрүүдэд “Гэм зэм” тоглогдож, үзэгдэл болж байна.  Залуус голдуу үзсээр буйг онцолж харж байгаа. Энэ бүхэн танд ямар үнэ цэнтэй вэ?

-Энэ миний хамгийн том зорилгуудын нэг.

Өнөөдөр шинэ сэтгэлгээ, мэдрэмж, шинэ залуу үеийн оюун санаа бүтэн давхарга болж, хүч түрэн гарч ирж байна. Үүний нэг илрэл нь шинэ театрыг хүлээж авч, ойлгож, мэдэрч буй энэ хандлага. Өөрөөр хэлбэл шинэ цаг ирж байна.

Хоёр жилийн өмнө “Фауст-ыг тавьж байхдаа би есдүгээр ангийн охид үзээд, уйлаад, сэтгэл зүйн блоконд орж байхыг харсан. Тэнд бас морь уядаг, 50 гарчихсан, компанийн захирал нэг ах “Ойлгохгүй байна” гээд гарч байлаа. Эндээс шинэ үе ирж байгааг, сэтгэлгээний асар том давлагаа, эрчим хүч орж ирж байгааг мэдэрсэн. Эндээс би ирээдүйг мэдэрсэн.

Монголд театр хөгжих ирээдүй байна. Театр бол байшин биш, харин агуулга. Театр өөрөө хөлөг онгоц юм гэхэд ойлгож, хүлээж авч буй үзэгчид бол далай. Далайгүй хөлөг онгоц хаашаа ч явж чадахгүй. Гэхдээ далай бол байна. Үүнийг би олж харсан.

Эхэндээ цөлд худаг гаргах гээд ч юм уу элсэн талаар хөлөг онгоцоо түрэх гээд зүтгэх нь үү дээ гэж өөрийгөө ойлгох, айх шахсан. Гэвч үзэгчдийн хүлээж авч буй тэр байдлыг хараад “Үгүй ээ, энэ бол далай. Залуу үеийнхэн байна” гэдгийг ойлгож, асар том итгэл, урам зориг авсан.

-Энэ бодол “Фауст”-ын дараа л төрсөн гэж үү. Түүнээс өмнө үү?

-“Фауст”-ын дараа. “Гэм зэм” дээр ч үүнийг баталж байна. Илүү тодорхой, ойлгомжтой болж байна.

-Та яриандаа “Миний амьдралын зорилгуудын нэг” гэж дурдлаа. Ер нь өөрөө зорилгуудаа хэр эрт тодорхой болгосон уран бүтээлч вэ?

-Зорилго, мөрөөдөл хоёрыг хол зайгүй зэрэгцэн орших ёстой гэж боддог. Мөрөөдөл мөрөөдлөөрөө байх биш, зорилго болж хувирах ёстой. Үүний тулд, хоорондын заагийг нь нэгтгэх цорын ганц гарц бий нь хөдөлмөр. Хөдөлмөрлөх, туршиж үзэх. Эцэс төгсгөлгүй эрэл хайгуул, судалгаа. Үүгээр мөрөөдөл, зорилго хоёр нэг болж хувирна гэдэгт итгэдэг.

-Хэр эрт?

-Сургуулиа төгсөх үедээ.

-Хойно уу?

-Тийм, би 2018 онд Театр, урлагийн академийг найруулагчаар төгссөн. Москвад. Төгсөх үедээ бүх зорилгуудаа тодорхой болгочихсон байсан.

-Дийлэнх нь юу байв. Монголдоо бүтээе гэсэн эрмэлзлүүд байв уу, эсвэл хувь уран бүтээлчийн хувьд кайф авах хүслүүд үү?

-Театрын урлагийг илүү судлах, суралцах, судалгааны түвшинг нь өшөө нарийн хэмжээнд аваачих л байлаа. Түүний үр дагавар нь амжилт байж болно. Олон хүнд хүрэх, их мөнгө олох, ер юу ч байж болно. Тэр нь надад сонин биш. Тэртэй тэргүй ирэх зүйлс. Харин театрын урлагийг өшөө задалж, бүтээлээс бүтээлийн хооронд судлах, суралцах л гол байсан юм. Илүү гүн судлахыг, нарийвчлалын зэрэглэлээ илүү гүнд тодорхойлохыг хүсэж байна.

-Тодруулаач?

-Театрын урлаг Монголын, Оросын гэж хязгаарлагдахгүй, дэлхийгээр хэмжигдэх хөгжлийн тодорхой хэмнэлтэй, түвшинтэй шинжлэх ухаан. Физикч хүн “Би физикийн шинжлэх ухааныг судалсаар байх болно” гэж хэлж байгаатай адилхан. “Театрын урлагийг улам бүр судалсаар л байна”.

ТЭР ХАНДЛАГУУД НАДАД АМЬСГАЛЖ, АМЬДРАХ БОЛОМЖ ӨГӨӨГҮЙ

-Монгол үзэгчдийг хүлээж авахгүй байх вий гэсэн айдас танд байжээ. Хэр удаан тээж явсан юм бэ?

-Дипломын жүжгээ Монголд хийнэ гэхэд найзууд маань гайхаж байсан. “Монголд театр байдаг юм уу?” гэж хүртэл асууж байсан. “Уучлаарай, битгий тийм юм ярь аа”.

Ингээд л ирээд хийж байгаа юм л даа. “Фауст”-ыг тавихад, “Монгол үзэгчид бэлэн үү. Ойлгоход, тусгаж авахад бэлэн үү” гэдэг айдас байсан байхгүй юу. Тэгээд нээлтээ хийсэн, нийгэм хүчтэй хүлээж авсан. Эндээс надад итгэл төрсөн. “Монголд театр хөгжих юм байна. Би улам хичээж ажиллая. Намайг ойлгох үзэгчид байгаа юм байна. Биднийг ойлгох нийгэм байгаа юм байна” гэж бодсон.

-Та шинэ театр байгуулж, тайзан дээр амьдраагүй уран бүтээлчдэд дүр өгөх зэргээр ажиллаж байна. Яагаад УДЭТ биш гэж?

-Би төгсөж ирээд УДЭТ-д жил орчим ажилласан шүү дээ. Тэндхийн найруулагчид. Тэндхийн хоцрогдмол хандлага. Тэндхийн найруулагчдын хайрцаглагдсан, харанхуй, түүнийгээ өөрсдөө мэддэггүй, тусгаж авч, хөгжүүлэхийг хүсдэггүй, хоцрогдмол байдалдаа шүүмжлэлтэй ханддаггүй хандлагууд нь надад амьсгалж, амьдрах боломж өгөөгүй.

Шинэ сэтгэлгээг, өөрөөсөө өөр юмыг хүлээж авах сэтгэл зүйн хандлага үүсээгүй байсан. Энэ дунд уран бүтээл хийх хүндрэлтэй байсан. Тийм учраас бас өөрөө өөрийгөө нотлох хүсэл төрсөн. Өөрийгөө өөр өнцгөөр, өөр боломжин дээр нотолмоор санагдсан. Тэгээд би өөрийгөө нотолж байна.

-“Хайрын виз”-ийг УДЭТ-т ажиллаж байхдаа тавьсан юм байна.

-Тийм. Гэхдээ жүжигчид маань гайхалтай. Үнэхээр авьяаслаг, чадварлаг. Харин шинэ юмыг хүлээж авъя, шинэ юм төрүүлье гэсэн хүсэл найруулагчдад нь байгаагүй. Тийм учраас би чөлөөлөгдөхийг хүссэн.

-Тэнд байхдаа та хэр тэрсэлж байв?

-Би тэрслэхийг, өөрийгөө илэрхийлж, нотлохыг ч хүсээгүй. Зүгээр л тэгэх тусам би өөрийгөө бага багаар алдах юм шиг санагдсан. Тэгээд чөлөөлөгдөх... Энэ том эр зориг л доо. “Үгүй” гэж гараад өөрөө театр байгуулаад л. Том эр зориг.

Манай багш хэлдэг байсан юм. “Найруулагч бол зориг”. Чи зоригтой л байх ёстой. Тэгж хэлсэн нь санаанд их тод явдаг. Огт тайзан дээр амьдраагүй, шинэ уран бүтээлчдийг авчирна гэдэг өөрөө аймаар эрсдэл. Покероор бол “All-In” хийчихэж байгаа байхгүй юу. Өөрийнхөө бүх найруулга, бүх шийдлийг театрт удаан ажиллаагүй ганцын төдий хүнд өгнө гэдэг маш том эрсдэл. Жүжгээ бодох юм бол би туршлагатай  хүн аваад, сайхан гуядаад өгч болно ш дээ. Эрсдэлгүй байж болно.

Нөгөө талаасаа, уран бүтээл аливаа эрсдэлийг үүрч байж, тэр эрсдэлийн цаана нуугдсан алмазыг олж илрүүлдэг. Ялангуяа театрт. Тэгэхээр тэр эрсдэлийг өөрөө, өмнөө босгож ирээд, цохиж унагаад, ард нь байгаа алмазыг олж авах эр зоригийг надад багш өгсөн. Тэр хүнд хэцүү сургалт, өдөр өдрийн хэцүү программууд эрсдэлээс эрсдэлийн хооронд байсан. “Гэм зэм” дээр мөн л тэгэхээс тэгэх гэж, хүн бүхний эсэргүүцэлтэй нүүр тулан гол дүрдээ Д.Лхагвыг сонгосон. Хүмүүс маш их анхааруулж, болиулах гэж оролдож байсан.

Найруулагч хүн шинэ жүжигчин төрүүлэх ёстой. Шинэ дүр төрүүлэх ёстой.

Тэгээд Д.Лхагватай яг “А” үсэгнээс нь, мэдрэмжийн дасгалаас нь эхэлж, өдөр болгон, маш хурдацтай ажилласан. Д.Лхагва нөгөө талаас маш хүчтэй мэрийсэн. Хүсэл эрмэлзэл, мэрийлт, нөгөө талаас өгөх заавар, чиглүүлгүүд нийлээд 100 хоногийн дотор Раскольниковыг бүтээсэн. Би одоо баттай хэлнэ. Өнөөдөр Д.Лхагваас илүү Раскольниковт тоглох жүжигчин гэвэл, яг тэр гэж хэлэхэд хэцүү. Д.Лхагва шинэ дүрийг бүтээж чадсан.

-Зарим ахмад найруулагчид их муу амтай байна гэнэ. “Тэгж яваад онхолдох вий” гэж ярьж байна ч гэх шиг. Зарим үеийнхэн нь өмөрч, өмгөөлж байна лээ. Та яаж хүлээж авч байна?

-Найруулагч хүний жинхэнэ туулах зам бол энэ. Ийм л замыг найруулагч, уран бүтээлч хүн туулах ёстой. Ийм саадыг давах ёстой. Энэ бол сонгосон мэргэжилд минь өгч байгаа шагнал. Урд өчнөөн саад тавиг, өчнөөн янзаар боог. Нэг бол дөвийлгөх гэж, эсвэл унагах гэж үзэг. Энэ тохиолдол бүрд залуу хүний урам зориг улам сэргэж, улам асдаг. Улам хөгждөг. Тэгэхээр энэ бол найруулагчийн мэргэжилд минь өгсөн шагнал.

ХАЙР, НИГҮҮЛСЭЛ, КАРМА БОЛ ЕРТӨНЦИЙН ХУУЛЬ

-“Гэм зэм”-ийг та хэзээ уншсан юм бэ, анх?

-Бүр багадаа хэсэгхэн уншиж байгаад ойлгохгүй хаячихаж байсан юм. Яг юуны тухай гардаг вэ гэдгийг нь мэддэг төдий л. Харин “Гэм зэм”-ээр жүжиг хийхээр болж, судлахаар шуударсны дараа нэлээд уншсан.

-Судлах болсон шалтгаан нь юу юм бэ. Жүжиг тавья гээд үү, эсвэл өмнө нь тийм тохиол таарсан юм уу?

-“Гэм зэм” бол криминалистик сэтгэлгээг задлан шинжлэл талаас нь тайлбарласан роман. Би сэтгэцийн эмч хүн шүү дээ. АШУҮИС-ийг төгссөн, сэтгэл зүйч, сэтгэл засалч. Энэ утгаараа солиорол гэж юу вэ, сэтгэл зүйн хүнд асуудал гэж юу вэ. Аллага гэж юу вэ, криминалистик гэж юу вэ. Зигмунд Фройд гэж хэн бэ, психо-анализ гэж юу вэ гэдгийг ухаж төнхөж үзсэн хүн.

Тэгээд Я.Баярааг дуудсан. “Хамтарч жүжгийн зохиол болгоё. Зохиолчдын баг үүсгэе” гэж хандсан. Бид өдөр шөнөгүй зохиол дээрээ сууж, задалсан. Би өөрийн уншсан, судалсан дээрээ тулгуурлаж, яг ямар жүжгийн зохиол хүсэж буйгаа зохиолчдын багтаа ойлгуулсан. Тэд асар сайн тусгаж, зохиол дээр ажилласан. Бид маш сайн жүжгийн зохиол гаргаж авсан.

Я.Баяраагийн бүтээсэн нэг том ололт бол зохиол дотор байгаагүй шүүх ажиллагааг бүхэл бүтэн жүжиг болгож биежүүлсэнд бий. Шүүх ажиллагаагаар эхлээд, өрнөөд, төгсөнө. Тэгээд үүндээ бүх ситуацуудаа зангидсан. Бүхэл бүтэн романыг 50-хан нүүр зохиол болгоход, “Эрхий дарам зайнд мянган заан багтаана” гэдэг шиг их нарийн ажилласан. Олон хоног хамтдаа нойр хоолгүй ажилласан. Ер нь театр бол нэг хүний биш, сэтгэлээрээ нэгдсэн олон хүний хөдөлмөрөөр бий болдог зүйл шүү дээ.

-Зохиол дээрээ их сэтгэл хангалуун байгаа юм байна?

-Маш сайн зохиол болсон гэж огт эргэлзэхгүй хэлнэ. Энэ зохиолын хийц, хэлбэр нь олон улсад орчуулагдаад тоглогдсон ч сонирхолтой шийдэл болсон. Ер нь одоо драматург хийдэг хүн Монголд их хэрэгтэй байна. Би Я.Баярааг маш сайн драматургч болно гэдэгт итгэлтэй байгаа. Драматург гэдэг их чухал. Энэ романыг яаж жүжгийн зохиол болгосон бэ гэвэл ерөөс драматург. Бүхэл бүтэн роман, хэдэн боть судар, нэг шад шүлэг ч бай драматургаар дамжиж, үзэгчдэд хүрнэ.

-Жүжиг Ф.Достоевскийн хэлэх гэсэн санааг хэлж чадаж байгаа юу. Илэрхийлэмжид нь таны болон зохиолчийн хэлбийлт нөлөөлсөн үү?

-Ф.Достоевскийн хэлэх гэсэн санааг 100 хувь хэлж байгаа. Миний найруулга, миний зохиол дээр ажилласан ажиллагаа, ер бүх хандлагын ид шид нь Ф.Достоевскийн санааг бүрэн гаргаж чадсанд л бий. Чадаагүй байна гэж хэлж байгаа хүн байвал зөрүүлээд “Ф.Достоевскийг өшөө сайн судал” гэх хэмжээнд би мань эрийг уншсан. Манай жүжиг Ф.Достоевскийг бүрэн илэрхийлж чадна.

Бидний гаргаж тавьсан хамгийн энгийн код бол “Харанхуйн гүнд төөрөлдсөн хүү гэрэл гэгээг олж харав”. Бид энэ тухай хийсэн. Гэрэл гэгээ гэж юу вэ. Бурхан уу, агуу хайр уу. Нигүүлсэл үү, ухаарал уу. Тэгвэл харанхуй гэдэг нь юу вэ. Атеизм уу, төөрөгдөл үү. Явж явж гэгээрэл гэж юу юм бэ. Ингэж философийн олон суурь гаргалгааг хийсэн. Ингээд “Харанхуйн гүнд төөрөлдсөн хүү гэрэл гэгээг олж харав”. Библи байхгүй юу. Мял богдын намтар ч юм уу.

Ерөөс хайр, нигүүлсэл, карма. Энэ гурав ертөнцийн хууль, цаагуураа физикийн хууль. Бөмбөг аваад шиднэ, буцаад ойдог. Сайн юм хийж байгаа бол сайн юм хүртэнэ. Муу бол муу. Энергийн балансаар энэ өөрөө тодорхойлогддог. Ингээд үзэхэд хайр, энэрэл нигүүлсэл бол хувь хүний аз жаргал, эрх чөлөө. Үүнийг ямар шашнаар хэлбэржүүлж, кодолж ойлгох нь тэр хүний асуудал.

Ф.Достоевский ингэж л хэлсэн. “Заавал та нар 1917 оны хувьсгал хийхгүй шүү. Амьдрал ийм хэцүү байхад үгүй шүү. Та нар бурхан шүт. Өөрсдөө гэгээр” гэдгийг хэлээд байсан. Өнөөдөр Монголын нийгэм 100 жилийн өмнөх Петербург. Мөнгө хүүлэлт байна уу, байна. Алена Ивановна хэдэн хувиар хүүлдэг байсан гээч, 3 хувь. Өнөөдөр манайд ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо бүр өндөр хүүтэй. Гэмт хэрэг, үзэн ядалт, солиорол, бүгд байна. Эндээс гарах гарцыг нь Ф.Достоевский хэлээд өгчихсөн. Хайр энэрэл, нигүүлсэл юм аа гэж. Өнөөдрийн бидэнд гарцыг нь зааж өгсөн.

-Арга замыг нь зааж гэхэд амьдрал дээр тэр нь яаж буух вэ?

-Манай Монголд стресс, авлигал, гэмт хэрэг, олон зүйл бий. Эдгээрийн цаад шалтгаан нь тухайн хүний сэтгэл зүйн өгөгдөлтэй холбоотой. Ханахгүй байна шүү дээ. Юунаас ханахаа бас мэдэхгүй байна. Кайф авах гээд хийгээд байгаа юмнаасаа кайфаа авахгүй байна. Тэр нь юу ч байж болно. Тэгэхээр хайр энэрэл, нигүүлсэл, зөв сэтгэл зүйн хандлагыг хүн өөртөө үүсгэж чадах юм бол дараа нь гарах муу үр дагаврууд багасна. Нэг нэгэндээ нөлөөлөөд явчихна. Ертөнц өөрчлөгдөнө. Энэ бол Ф.Достоевскийн хувьд “Ингээсэй” гэсэн хандлага. Хандлага болохоос арифметик биш тул тэнцүүгийн тэмдгийн цаадах хариуг шууд хэлж, тулгах бололцоогүй.

ЭЦЭСТ НЬ СЭТГЭЦИЙН ЭМЧ, НАЙРУУЛАГЧ ХОЁР ИЖИЛ БАЙЖ

-Явж явж, “Гэм зэм”-ийг тавих нь чухал байсан юм уу, “Гэм зэм”-ийн санааг илэрхийлэх нь чухал байсан юм уу?

-Аль аль нь. “Гэм зэм”-ийн илэрхийлж буй санаа маш чухал. “Гэм зэм”-ийг тавих нь ч мөн асар чухал. Ф.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойгоор романаас нь сэдэвлэсэн жүжиг тавина гэдэг чухал тохиол. Маш олон чухлууд нийлээд нэг том чухал болж хувирсан.

-Таны ярианаас хайрцаггүй байя, шинэ байя гэж өөрөө театр байгуулж гарсан гэж ойлгосон. Энэ юугаараа тийм юм бэ?

-Үүнийг би биш үзэгчид хэлнэ.

-“Гэм зэм”-ийг найруулахдаа та ямар дуудлагад хөтлөгдсөн юм. “Шинэ байя, хайрцагнаас гаръя” гэдэгт үү?

-Үгүй, үгүй. Хайрцагнаас гарахын тулд биш шүү. Зөн мэдрэмж, оюун бодол, хийхийг нотлохыг хүссэн бүх хандлага, зорилгоо ямар нэг хөндлөнгийн үзэл санаанд хайрцаглуулахгүй байхыг л хүссэн.

-Хамгийн гайхшруулж, тооцоолоогүй үр дүнг гаргасан жүжигчдээ нэрлэж өгөөч?

-Ер нь бүгдээрээ. Жүжигчдээсээ ч би маш их суралцсан. Тэд авьяас, мэдрэмжээрээ шилдгүүд. Бүгд сайн тоглосон, бүгд алмайруулсан. Үүнийг нь мэдэж байсан учраас би сонгосон.

-Дүрд жүжигчин сонгох хараагаа та хэр үнэлдэг юм бол?

-Дүрийг би сонгодоггүй. Зохиол сонгодог. Роман сонгоно. Дүрийг найруулгын шийдэл сонгоно, драматург нь өөрөө сонгоно. Би зүгээр л сонгогдсон шаардлагуудыг нь гүйцэтгүүлэгч.

-Найруулагч гэхээр л хамгийн том нь, босс нь гэдэг хандлага тогтчихсон л доо. “Тэр найруулагчийн бүтээл” гэвэл түүний л оюун санаа юм шиг. Саяын хариулт энэ ойлголтыг үгүйсгэж байна гэсэн үг үү?

-Би Ф.Достоевскийн романаар жүжиг хийсэн. М.Батболдынхоор хийгээгүй шүү дээ. Ийм нөхцөлд Ф.Достоевскийн авторчлал нэгдүгээрт, минийх хоёрдугаарт. Гэхдээ хандлагыг нь өөрчлөхгүйгээр хэлбэрийг нь өөрчилж болно. Жишээлбэл, Порфирий Петрович гэж мөрдөн байцаагчийн дүр бий. 50 орчим настай, махлаг, эрэгтэй хүн. Тамхи мамхи татдаг. Би албаар эмэгтэй хүнээр авсан. Яагаад гэвэл Порфирий Петровичийн дотор байгаа уран ухаан, овжин зальжин нюанс нь надад эмэгтэй хүний хэв маягийг санагдуулж байгаа юм. Илэрхийлэхдээ нэг биш таван адилхан эмэгтэйгээр хийсэн. Хэлбэрийг нь өөрчилж, агуулгыг нь хадгалсан. Тэгэхээр би агуулгын хувьд Ф.Достоевскийгоос зөрөхгүй.

Найруулгын шийдэл гэж юу юм бэ. Гол зорилго нь агуулгыг хүний зүрхэнд хүргэхэд л оршиж байгаа юм. Гоё найруулга, гоё шийдэл үзүүлье л гэвэл шоу болчихно.

-Харин тийм, танд тийм айдас байв уу. Хэт энгийншүүлж, хэт хямдхан шийдлүүд тавьчих вий дээ гэсэн айдас. “Цахим шүүх хурал эхэллээ” гээд л алх цохиж байгаа ш дээ?

-Тийм ээ, тийм айдас байсан. “Цахим шүүх хурал эхэллээ”. Хэт хөнгөн, хэт шоуны болчих вий дээ гэж. Шүүх хуралд оролцож байхдаа хумсаа будаад л.

Харин энэ айдсуудын цаана “Үгүй ээ, энэ чинь үүгээрээ үнэтэй, үүгээрээ хурц болоод байгаа юм аа” гэсэн нотолгоонууд байгаа. Айдсаасаа нотолгоонууд нь давсан тохиолдолд бол үүнийг хийнэ. Мэдээж үүнд эр зориг хэрэгтэй. Уран бүтээл зааланд сууж байгаа 1000 хүнд 1000-ууланд нь таалагдахгүй. 20 хувь нь нулимаад гарахыг үгүйсгэхгүй, байдаг л үзэгдэл.

-Театраар амьдарч буй нэгэн шинэ найруулагчийн ажлын гараа С.Эрдэнэ гуайн адил сэтгэцийн эмч юм байна, уншигчид аа.

-Би багаасаа л, аавтайгаа хамт театрын амьдралд өсөж, хүмүүжсэн хүн л дээ. Аавыгаа дагаж явдаг, жүжигчин ах эгч нарынхаа хоолыг хувааж иддэг хүүхэд байсан учраас миний далд ухамсарт энэ мэргэжил илүү ойрхон, илүү дотно байдаг. Сэтгэцийн эмчээр ажиллаж байхад ч “Миний хийх юм арай өөр дөө” гэсэн сэтгэлийн дуудлага байнга ирдэг байсан. Намайг театрын урлаг руу урин дуудаад байсан. Магадгүй цэргийн хүний хүүхэд байсан бол том болоод цэргийн хүн болохыг хүсэх байсан байж мэднэ. Дээр нь өөрөө би их дуртай байж. Юу хийвэл амжилттай, аз жаргалтай амьдрах вэ гэдгээ хожуу ч гэсэн ухаарсан.

-Бидний цаг дуусаж байна. Төгсгөлд нь, яагаад сэтгэцийн эмчийг сонгосноо та  товчхон ярьж өгөхгүй юу?

-Би уг нь эмч л болно гэж бодож байсан. Эмч болохдоо мэс заслын эмч болно гэж бодож байлаа. Гэтэл гуравдугаар курст, С.Бямбасүрэн гэж багш лекц тавилаа. Тэр хүний ярьж байгаа яриа, хандлага, мэргэжлийн ур чадвар миний гайхшралыг төрүүлсэн. Ямар гүн нарийн, ямар сонирхолтой, ямар уужуу агуу мэргэжил юм гэж биширсэн. Тэгээд энэ мэргэжилд дурласан юм.

Эцэст нь сэтгэцийн эмч, найруулагч хоёр ижил байж. Нэг нэгэндээ тусалдаг. Би сэтгэцийн эмч байгаагүй бол ийм хэмжээний жүжиг тавьж, найруулга хийхгүй байсан. Энэ хэмжээнд Ф.Достоевскийг ч ойлгохгүй байх байсан.


"ГЭМ ЗЭМ” ЖҮЖИГТ БИЧСЭН ШҮҮМЖ| РЕВЬЮ: “Достоевскийг ухаантай нь л ойлгодог” гэх хэнд ч хэрэггүй элитист үзлийг тэд бут цохилоо

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-12-08 13:04

сайхан жүжиг найруулсан хүүд амжилт хүсье дахин дахин олон жүжиг тавьж театрыг шинэ цаг үеийг мэдрүүлээрэй

Зочин
Зочин
2021-12-08 13:47

барьцаат зээлийн эзэн эмэгтйг �##�даг. бас түүний гэмгүй дүүг нь �##�даг. барьцаат зээлээр хүний ямар нэг хэрэгцээг хангаж л байсан. зээлийн мөнгө нь хулгайнх биш өөрийнх нь өмч. гэхдээ тэр з�##�уу сурахын хажуугаар хөдөлмөр хатуу ч гэсэн эрхэлж мөнгө олж болно оодоо. эрүүл хүн, з�##�уу хүн, хүн �##�на гэдэг бол сэтгэцийн өвчтөн. тэгээд үйлийн үрэ эдлэх ёстой. нуугдаад тогтоогдоогүй цэвэр гарв�##� хойт нөасандаа чөтгөр л болно. Нийгмийн тогтолцоотой тэмцэхээс бус нэг хүнтэй тэмцээд системийг өөрчлөх аргагүй. тэглээ гээд хүн �##�лаа гээд тухайн нийгэм яаж өөрчлөхөд хувь нэмэр оруулсан бэ? утга жаахан тийм

БИД
БИД
2021-12-08 13:48

барьцаат зээлийн эзэн эмэгтйг �##�даг. бас түүний гэмгүй дүүг нь �##�даг. барьцаат зээлээр хүний ямар нэг хэрэгцээг хангаж л байсан. зээлийн мөнгө нь хулгайнх биш өөрийнх нь өмч. гэхдээ тэр з�##�уу сурахын хажуугаар хөдөлмөр хатуу ч гэсэн эрхэлж мөнгө олж болно оодоо. эрүүл хүн, з�##�уу хүн, хүн �##�на гэдэг бол сэтгэцийн өвчтөн. тэгээд үйлийн үрэ эдлэх ёстой. нуугдаад тогтоогдоогүй цэвэр гарв�##� хойт нөасандаа чөтгөр л болно. Нийгмийн тогтолцоотой тэмцэхээс бус нэг хүнтэй тэмцээд системийг өөрчлөх аргагүй. тэглээ гээд хүн �##�лаа гээд тухайн нийгэм яаж өөрчлөхөд хувь нэмэр оруулсан бэ? утга жаахан тийм

зочин
зочин
2021-12-09 00:48

ЗҮГЭЭР Л ХҮҮХЭД БАЙХДАА ҮЗЭЖ БАЙСАН НОМ , ЗОХИОЛ , КИНООН ДЭЭР ГАРЧ БАЙСНААР , БОДИТООР НЬ " ОРИГООР НЬ ГАНЦ ЖҮЖИГ ҮЗЧИХ ЮМСАН....
ПОСТДРАМ , КОНТЕНПРАРИ ГЭХ МЭТИЙН ЧИГЛЭЛҮҮДЭЭР ӨӨРЧЛӨН " ГАЖУУДУУЛСАН " ЭЛДЭВ ТОГЛОЛТЫГ ҮЗМЭЭРГҮЙ БАЙНА .
ЗА ЗОХИОЛЫГ НЬ УНШСАН ,ҮЗСЭН ХҮН БОЛ МЭДНЭ , ЭНЭ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨӨД ТАВЬЧИХСАН ЮМЫГ ИХ ЗОХИОЛ - БҮТЭЭЛИЙГ НЬ ҮЗЭЖ БАЙГААГҮЙ ХҮМҮҮСД БОЛ ТЭС БУРУУ ОЙЛГОЛТ ТӨРҮҮЛЭЭД БАЙГАА НЬ АЮУЛТАЙ.
1594—1595 ОНУУДАД АМЬДАРЧ БАЙСАН " РОМЕО ДЖУЛЬЕТТА " -Н ТҮҮХ ,ТЭР ҮЕИЙН БАРИЛГА БАЙШИН , ХУВЦАС ХУНАР , ЭД ХЭРЭГСЭЛ ЯМАР БАЙСНЫГ БОДИТООР ОЙЛГОХГҮЙ , ТАЙЗАН ДЭЭР ТАВЬСАН ХОШИН ШОГООР ОЙЛГОЖ ТӨСӨӨЛӨӨД БАЙНШ ДЭЭ .
ЭХЛЭЭД ҮНДСЭН ЗОХИОЛЫГ НЬ ЗҮГЭЭР Л ДРАМЫН ЖҮЖИГ БОЛГООД ТАВЬЧИХААД , ДАРАА НЬ ГАЖУУДУУЛНА БИЗ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button