Нийгмийн

Х.Баттулга АН-ын дарга болох замаа Сү.Батболдоор засуулахын тулд нэрээ татсан уу

АН, МҮОХ-ны удирдлагад зэрэг нэр дэвшин, давхар нүүдэл хийсэн Х.Баттулга эхнийхээсээ лав ухарлаа. МҮОХ-ны нэр дэвшигчдийн нэрийг зарлахад буюу эцсийн мөчид тэр гэнэт нэрээ татав.

Үүнийгээ “Олимпизм нь улс төрөөс ангид байх учиртай” гэж тайлбарлаж. Үнэхээр тийм байх учиртай юу гэвэл учиртай. Үнэн үү үнэн. Гэхдээ нэр дэвшсэнийхээ дараа ийм зүйлийг гэнэт мэдээд, нэрээ татах хүн Х.Баттулга биш. Монголын жүдо бөхийн холбоог 2006 оноос хойш тэргүүлж буй тэрбээр харин ч мэдэхийн дээдээр мэдэх хүн. Үүнийг хоёр өнцгөөс тайлж болохоор санагдав.

Эхнийх нь, АН-ын даргын сунгаа шувтрах тал руугаа хэвийлээ. Одоо хоёр нэр дэвшигчийн үг, үйлдэл бүхэн чухал. Хэдийгээр Батсуурь Х.Баттулга хав дөрвөлжин барьцнаас халз үзэлцэх эн тэнцүү өрсөлдөгч биш гэж зарим хүнд үнэлэгдэж буй ч өрсөлдөгч л бол өрсөлдөгч. Ялангуяа Ж.Батсуурь зүүн аймгуудад нэр хүнд, нөлөө ихтэй. Тэгэхээр Х.Баттулга нэр хүндээ өсгөх, жудагтай, ёс зүйтэй харагдахын тулд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсан байж болох. АН, МҮОХ-ны аль чухал вэ гэж Х.Баттулгаас асуувал Ардчилсан намыг огт эргэлзэхгүй сонгох нь тодорхой. “Олимпизм улс төрөөс ангид байх учиртай” гээд нэрээ татлаа. Ёстой мундаг” гэсэн пост, сэтгэгдэл өчигдөржин цахим орчинд хөвөрсөн. Тэгвэл энэ нь Х.Баттулга зорьсондоо хүрсний илрэл. Мэдээж хэрвээ эхний таамаг үнэн бол шүү дээ.

За, нөгөө таамаг нь Х.Баттулга АН-ын дарга болох, цаашлаад улс төрд гол тоглогч болохын тулд Сү.Батболдын дэмжлэгийг хүссэн байж болох. Тэгэхийн тулд өчигдөр нэрээ татсанаар Сү.Батболдын хүү Баттүшиг илт давуу саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгч болох замыг цэлийтэл нь нээчих шиг боллоо.

 Хэрвээ Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн бол ялалт байгуулах магадлал өндөр. Гол өрсөлдөөн Х.Баттулга, Б.Баттүшиг хоёрын хооронд л өрнөх байлаа.

Х.Баттулга, Сү.Батболд нар улс төрийн тавцанд “хонь, чоно” эрхмүүд. Гэхдээ эрх ашиг нь нэгэн цэгт огтлолцсон цагт тэдэнд ханцуйн дотроо гар барихгүй байх шалтгаан үгүй. Х.Баттулга АН-ын дарга болоход С.Батболдын дэмжлэг хэрэгтэй юү. Үнэхээр түүний дэмжлэгийг авахгүй л бол энэ удаагийн сонгуульд ялагдах гээд байгаа гэвэл тийм биш. Гол нь АН дотроо ямар байгаа билээ. Бөөн юм болж, болж АН-ын дарга болчихоод бүртгүүлж, баталгаажуулж чадахгүй байх магадлал бий. Энэ цагт Сү.Батболдын, түүний фракцын нөлөө Х.Баттулгад хэрэг болно. Үүнийг л алсаас харан, ийм нүүдэл хийчих шиг боллоо. Хардах, таамаглах эрх хүн бүхэнд бий. Энэ мэдээж таамаг гэдгийг тодотгоё.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button