Хоймор нутгаас мэндэлсэн ууган аварга
Дөрвөн жилийн өмнөх Цагаан сараар улсын начин Б.Бадамсүрэн ахад золгох нь ээ бага хүүдээ Цэвээнравдан гэдэг нэр хайрласан тухайгаа дуулгав. Дунд хүүдээ нутгийнхаа гарьд Цэрэнпунцагийн нэрийг өгсөн болохоор лав учиртай хэмээн бодон асуухад “Хөвсгөл нутгаас мэндэлсэн анхны аваргын нэр л дээ. Олон бөхийн дундаас ганцаараа содон, онцгойрч харагддаг хүчтэн байсан юм билээ. Түрүүлсэн түүх, туулсан амьдрал нь тун сонирхолтой, үлгэрлэмээр. 1951 оны наадмын өмнө баруун гар нь бэртэн, атгаж ч болохоо байж. Шүд зүүж өрөөсөн гараараа барилдан, хоёр аваргыг дараалан өвдөг шороодуулаад түрүүлсэн юм билээ. Аварга болохыг бэлгэшээн хүүдээ нэрийг нь хайрласан” гэв. Тэр үеэс уйлган голын хөвөөнд төрж, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн хүү Хоймор нутгаас мэндэлсэн анхны, Ардын хувьсгалаас хойшх долоо дахь аварга болсон түүх миний сэтгэлийг эрхгүй татсан юм.
Тэрбээр 1918 оны тавдугаар сарын 1-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд малчин ард Жамсрангийн ууган хүү болон мэндэлжээ. Төрийн наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, 12 удаа шөвгөрсөн алдарт аваргыг онцолж байна.
Багадаа 10-аад жил Даян дээрхийн сүмд шавилан сууж, бурханч ламын шавь байсан тэрбээр хэлмэгдүүлэлтийн ороо бусгаа үед аргагүйн эрхэнд эгэл ард болсон юм билээ. Барилдах сонирхолтой, томируун биетэй хүү Уйлган голынхоо болон Булганы Тэшигт болсон наадамд зодоглохдоо хоёуланд нь үзүүрлэн, үндэсний бөхийн спортод улам хорхойсох болжээ.
Мал эмнэлгийн цэрэг байхдаа буюу 1941 онд нэгэн наадамд зодоглосон нь түүний амьдралыг эрс өөрчилж, бөх болохоор эргэлт буцалтгүйгээр шийдэхэд нь их нөлөөлсөн гэдэг. Тэр барилдааныг үзэх, боломж олдвол зодоглох санаатай цэргийн албанаас чөлөө авалгүй очсон аварга Улаанбаатар хотын комендатын хоёр цэрэгтэй таарч, баригджээ.
Тухайн үед тус албаны даргаар ажиллаж байсан олноо “Цагдаа” хэмээн алдаршсан улсын заан Д.Содномтой (1931 оны улсын наадамд долоо давсан) уулзан, учирлаж гуйтал “За яах вэ, барилдах гэж яваа бол өөр хэрэг. Оргож ирчихээд олигтойхон барилдаарай. Тэгэхгүй бол сахилгад суулгана шүү” гээд хүч сорихыг нь зөвшөөрсөн юм билээ. Өөрийн гэсэн зодог, шууддаггүй тул цэрэг хувцастайгаа барилдаад Санжсүрэн гэдэг бөхөд унан, үзүүрлэсэндээ их урамшжээ. Ингэж Монголын алдарт бөх могой жилийн зуны эхэн сард улсынхаа том цолтнуудтай хүч сорьж эхлэхэд бас нэгэн цуут хүчтэн Дархан аварга Ж.Мөнхбат агсан хорвоод мэндэлж байв.
Оргож яваад овоо барилдсандаа урамшсан түүнд улсын наадамд зодоглох, алдарт аваргуудтай эр, бяраа сорих хүсэл төрөөд тун ч зүгээр суулгасангүй. Тэр жилийнхээ болон 1942 оны Төрийн наадамд зодоглохдоо гавьтай барилдаж чадаагүй ч бяр, чац, хүсэл гурваар амжилтад хүрэхгүй. Мэх, зориг гэж лут зүйлээр дутуугаа ухаарчээ.
Арал хүч, бяраа мэхээр сэлбэн, уйгагүй хөдөлмөрлөснийхөө хүчээр дараа жилийнх нь наадамд долоо даван, улсын заан цол хүртэж, олны хараанд өртөв. Тэр жил 512 бөх барилдсанаас наймын даваанд улсын арслан Ц.Содовт өвдөг шороодсон тэрбээр улсын начин цолыг алгасаад заан болчихлоо гэж амжилтдаа ханасангүй харин ч чамласан нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр жилийн наадамд түрүүлэх боломжоо ашиглаж чадаагүй. Б.Түвдэндорж аварга тавын даваанд унан, түрүүлсэн “Аат” хэмээх Д.Лувсанжамц (улсын арслан), үзүүрлэсэн Ц.Содов нарыг өвдөг шороодуулж дадсан байсан юм, уг нь. Цаг нь болоогүй байсан юм байлгүй дээ” хэмээн өгүүлснээс бэлхнээ харж болно. Түүний амжилтыг давтан, улсын начин цолыг алгассан долоохон хүчтэн (Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, гарьд Б.Гантогтох, заан Г.Цоодол, Б.Бадам, Д.Түвшин, Б.Соронзонболд) байдаг юм.
1944 оны улсын наадамд наймд үлдэн, шөвгөрөөд дараа жил нь Б.Түвдэндорж аваргад өвдөг шороодон үзүүрлэж, улсын арслан цол хүртжээ. Тухайн үед тэрбээр 116 кг жинтэй, 190 гаруй см өндөр байсан гэдэг. Улсад үзүүрлэсэн түүнд түрүүлэх, аварга болох ганцхан зорилго байсан нь тодорхой. Гэвч Төрийн наадмын түрүүний босго нэлээд өндөр байж. 1946 оны наадамд үзүүрлэсэн даян аварга Ц.Чимэд-Очирт наймын даваанд өвдөг шороодон, бат хүчит чимэг хүртэн “Дараа жилийн наадам даан ч хол байна даа” хэмээн хүлээхээс өөр аргагүй болжээ.
Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир аварга нар тэмцээнд оролцохоор Чех улс руу явсан тул Ардын хувьсгалын 26 жилийн ой (1947 он)-д барилдсангүй. Наадамчин олон Ж.Цэвээнравданг түрүүлнэ хэмээн таамаглаж, аварга ч олон жил зүтгэсэн зорилгодоо хүрэх нь хэмээн бэлтгэлээ чамбайруулж байв. Гэвч шөвгийн дөрөвт тухайн үед залуу бөх байсан улсын аварга Ш.Батсуурьт унан, наадмын од нь гийсэн бөх хамгийн аюултайг мэдэрчээ. Ийн тодотгосны учир нь түүнтэй тавын даваанд учраа таарсан улсын арслан Ц.Бадамсэрээжид сүүдрэвчинд амарч байгаад унтсаны улмаас барилдаанаасаа хоцорчихсон юм билээ.
Ш.Батсуурь аварга тэр жилийн наадамд шууд түрүүлж, улсын арслан цол хүртсэнийг бөхийн хорхойтнууд андахгүй. Ж.Цэвээравдан аварга түүнд дахин хоёр жилийн наадамд дараалан (хоёуланд нь наймын даваанд) унаж, санасан амжилтаа гаргаж чадаагүй. Ер нь Ш.Батсуурь аваргатай барилдаан нь таардаггүй байсан гэдэг.
1950 оны наадмын долоогийн даваанд улсын арслан С.Самданжигмэдэд өвдөг шороодон, Батлан хамгаалах яамны удирдлагуудын шийдвэрээр цэргээс халагджээ. Ахлах дэслэгч цолтой тэрбээр цэргийн алба улиран хааж байсан юм.
Наадмын дараа “Аралтай, бяртай сайхан бөх улсын наадмын түрүү бөхийн таамагт 10-аад жил багтсан ч аварга цолны босгонд бүдрээд байх юм. 33 нас хүрчихлээ. Онцгой, сайхан төрснийх нь ид шидийг үзэхгүй нь бололтой. Нэг сайхан арслан л яваад байх юм, савных нь хэмжээ юм байлгүй” хэмээн наадамчин олон ярих болж. Ж.Цэвээнравдан аварга цэргээс халагдан, ажилгүй болсон тул амьдрахын эрхэнд Борнуурын сангийн аж ахуйн зэргэлдээх “102”-ын гуанзны модны тасагт ажилд оржээ. Хар ажилд нухлагдан, мод, түлээ ачиж, буулган, өдөр шөнөгүй зүтгэсэн нь ядраах бус харин ч бэлтгэл болж.
Ардын хувьсгалын 30 жилийн ойн наадамд амьхандаа чамбай бэлтгэж байсан ч аваргын аяыг дааж, дорвитой барилдах хүн хөдөө хэн байх вэ. Наадам болохоос хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод ирж, бэлтгэл хийж байгаад “Нисэхийн” хэмээх улсын заан Д.Лувсанд баруун гарынхаа хоёр хурууг мулт татуулжээ. Юу юугүй наадам тулчихсан байдаг, өрөөсөн гартай болчихов. Бүр атгаж ч болохоо байж. Наадамчин олны хүлээлт, 10-аад жилийн хөдөлмөр гээд олон зүйл салхинд хийсэх эрсдэлтэй тулгарахад олзуурхмаар нь өнөөх бэртсэн гар нь бугуйгаасаа хойш ямар нэгэн зовиургүй байсан гэнэ. Өрөөсөн гараараа барилдаж чадах, хэр өрсөлдөхөө нутгийн бөх, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжидтэй барилдан шалгатал хэд хэдэн удаа унагаажээ.
Наадамд бүртгүүлэхээр очиход нь тухайн үеийн Бөхийн комиссын дарга Баяр “Ийм гартаа яасан ч барилдаж болохгүй. Наадам ганц биш. Гараа сайхан эдгээгээд дараа жил барилд. Бэртлийг нь бүр сэдрээн, гаргүй болох ч эрсдэлтэй” гээд хориглоход “Ганц гараараа хэд давчих байлгүй” хэмээн гүрийсээр зодоглосон гэдэг. Ингээд 1024 бөх (Ардын хувьсгалын 80 жилийн ой (2001 он) хүртэл тийм олон бөх барилдаагүй) барилдсан 1951 оны наадам эхэлж, Ж.Цэвээнравдан аварга ихэвчлэн зүүн гараараа татаж, түлхсээр төвөггүй долоо давжээ. Наймын даваанд Бадамсэрээжид арслантай тунав.
Өмнөх жилийн наадамд шөвгийн дөрөвт шалгарсан, идэр залуу хүчтэн Туулын захад гарынх нь бэртлийг сэдрээчих вий гээд худал унасан эсэхийг шалгах цаг болжээ. Ж.Цэвээнравдан түүнийг унагаачихаад дэвж явахад нь Бөхийн комиссынхон хайнцсан хэмээн дахин барилдуулахад нь дахин өвдөг шороодуулжээ. Ингээд шөвгийн дөрөвт гурван аварга (Б.Түвдэндорж, Ш.Батсуур, Ц.Чимэд-Очир)-тай хамт шалгарав.
Морины цол дуудах үеэр бөхийн барилдаан түр завсарлахад дархан аварга Б.Түвдэндоржтой хамт Лувсангомбо гэдэг айлынд очин, цай чануулж уужээ. Тэгж байхдаа “За, аварга минь есийн даваанд намайг амлабал амлаарай. Цаад хоёр чинь өнгөтэй, унагахад амаргүй харагдаж байна. Би өрөөсөн гартай болохоор түрүүлж чадахгүй байж магадгүй. Гэхдээ би танд худал унахгүй, шударга барилдана” хэмээхэд нь Түвдэндорж аварга “Ц.Чимэд-Очир намайг яаж унагах вэ дээ” гэхээс өөр үг хэлээгүй юм билээ. Түүний үгнээс үүдэн Ш.Батсуурь аваргатай тунахаа мэдсэн Ж.Цэвээнравданд бодох зүйл олон байсан нь мэдээж.
Энэ тухай тэрбээр “Гурван наадамд дараалан унаж, ганц ч өвдөг шороодуулж байгаагүй хүчтэнтэйгээ тунах амаргүй. Миний бяр, тэнхээ хариагүй, нэмэгдсэн нь лав. Батсуурийг л давчихвал түүнээс илүү бөх байхгүй. Есийн даваа эхлэхэд Батсуурь унагааж дадсан бөхтэйгаа барилдах гэж байгаа тул зоримог, өөртөө итгэлтэй өрсөн” хэмээн дурссан байдаг. Хоёр бөх барилдааны эхэнд хав дөрвөлжин золгож, наадамчин олон хэн нь давахыг сэтгэл догдлон хүлээнэ. Гурван наадамд дараалан унасан даагаа нэхэх үү, дараа жилийн наадмыг хүлээх үү гэдэг асуулт хариулт нь үл олдох оньсого мэт бөхийн хорхойтнуудын дунд өрнөж байсан нь мэдээж.
Ж.Цэвээнравдан аварга Ш.Батсуурийн сэнжигний барьцнаас атгаж байгаад зайлж гуядан татахдаа бэртэлтэй гараараа суйлах маягтай өргөн, бугуйгаараа салтаадаж цацаад давжээ. Бэртэлгүй байхдаа хүчрээгүй өрсөлдөгчөө өрөөсөн гартай барилдаад давсныг нь бөхийн өргөөнийхөн өдгөө ч домог мэт дурсдаг юм билээ. Б.Түвдэндорж аварга ч хэлсэн ёсоороо Ц.Чимэд-Очир аваргыг өвдөг шороодуулан, түүнтэй үзүүр, түрүү булаалдахаар шалгарав.
Баримтат киноныхон, гэрэл зурагчид Түвдэндорж аваргыг дэвж, шавж байгаа олон янзаар бичлэг хийн, дэргэд нь Цэвээнравдан аварга барилдахаа хүлээн зогссон нь гэрэл зургийн хальснаа мөнхөрчээ. Тэрбээр Түвдэндорж аваргын тохойноос алгадан, харцагадаж дайран, ард нь гараад давсан юм.
Улсын наадамд зодоглосноосоо хойш 10 жилийн дараа, 33 насандаа 10 даван түрүүлж, улсын аварга цолтны гэр бүлд багтсан нь тэр. Түүний амжилт булган сүүлтэй байж хоймор нутгаас улсын наадамд таван жил дараалан түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Д.Дамдин, 1961 онд үзүүрлэн арслан, 1970 онд түрүүлж аварга цол хүртсэн Ч.Бээжингээс гадна улсын арслан Ц.Бадамсэрээжид, Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, гарьд Д.Баяраа тэргүүтэй хүчтэнүүд мэндэлжээ.
Хөвсгөл нутгийн гурван аварга гурвуулаа Уйлган голын хөвөөнд мэндэлсэн нь ховор тохиолдол. Тэдний алдар, гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор хөшөөг нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд 2008 онд сүндэрлүүлсэн юм.
Д.Дамдин аварга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цэвээнравдан гуайг улсын наадамд түрүүлдэг жил би Уйлган голоос цэргийн албанд татагдан очиж билээ. Аварга шиг бөх болох сон гээд бөөн догдолсон амьтан байлаа шүү” хэмээн дурссан байдаг. Ж.Цэвээнравдан аваргыг улсын наадамд түрүүлдэг жил дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын аварга Д.Хадбаатар, арслан М.Мөнгөн нар мэндэлсэн нь ч бас ховор тохиолдол. Үүний сацуу түүнийг улсын аварга болдог жил ирээдүйн хань Намжилмаа нь Ардын хувьсгалын 30 жилийн ойн наадамд зориулсан волейболын тэмцээнээс алтан медаль хүртэхдээ рекорд цолны болзол хангасан юм билээ. Тэд 1950-иад оны дундуур гал голомтоо бадраан, дөрвөн хүүхэд (нэг хүү, гурван охин) өсгөжээ.
Ууган хүү Батбаяр нь Монгол Улсын Гавьяат барилгачин, том охин Отгонбаяр нь их эмч, дунд охин Эрдэнэбаяр нь гимнастикийн, бага охин Баярмаа нь байт харвааны ОУХМ цолтой. Ж.Цэвээнравдан аварга 1950 оноос “Партизан” нэгдэлд ерөнхий нягтлан бодогч, Хөдөө аж ахуйн яамны авто баазын даргаар ажиллаж байгаад 1989 онд гавьяаныхаа амралтад гарчээ. Уйлган голын ууган аварга 1993 онд 75 насандаа бурхан болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nutgiinhaa tuhai, nutgiinhaa avarguudiin tuhai unshlaa, bayarlalaa. Damdin avargiin eej Dari teeviitei ih oir baisan hun bn aa. Bayaraa garidiig TsagaanUuriinhen Monhoodoi l gedeg baisan.
Монгол эрсийн магнай юм даа. Дээр үеийнхээр бол түүчээ гэхүү дээ.
Нутгийн ууган аваргынхаа тухай сайхан дурсамж уншлаа.Энэ жил хоймор нутгаас аварга төрөх болтугай.
Moнгол эрсийн манлай болсон данагар аврагууд
Сайхан нийтлэл бичсэн Б.Буянд�##�ай сэтгүүлчид баярл�##�аа. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голын бөхчүүд ч монгол бөхийн түүх, домог юм даа. Энэ жилийн наадмаар Хөвсгөл нутгаас АВАРГА төрөх болтугай. Мөн олон сайхан цолтой бөхчүүд төрөх нь дамжиггүй.
Ийм сайхан нийтлэл бичсэн сэтгүүлчдээ баярл�##�аа. Тун ховор зургуудын дор тайлбар хийсэн бол маш сайхан болох байлаа. Гэхдээ баярл�##�аа.