Нийгэм мэдээ

Дуут сум: Цасны зузаан нэг метр хүрч, мал бэлчээрт гаралгүй 8 хонолоо

Энэ сарын 03-наас орж эхэлсэн цасны улмаас Ховд аймгийн сумдад хүндрэл үүсээд байна. Дуут суманд энэ хавар 300 малчин өрхийн 128 мянган толгой мал хаваржиж буй. Өнөөдрийн байдлаар цас тогтсон, бэлчээр дээр 60 см -1 метрийн зузаантай тогтсон цас хайлж дуусаагүйн улмаас мал бэлчээртээ гарч чадалгүй 7-8 хонож байна. Сумын нөөц болон малчид базаасан өвс, тэжээлээ энэ их цасны эхний өдрүүдэд дууссан байна.

Бэлчээрлэж чадахгүй, хашаа саравчдаа өвс тэжээлгүй мал ноосоо идэж, үүнээсээ болж олноор хоргодож эхэлжээ. Бид Дуут сумын холбогдох албаны хүмүүсээс нөхцөл байдлыг тодруулан асуухад "Байдал үнэхээр хүнд байна. Онцгой байдал, цэргийн ангийн бүрэлдэхүүн, машин тэрэгтэйгээ ажиллаж байгаа ч уул, даваа ихтэй болохоор өдөрт нэг л зүг рүү зам гаргаж малчдадаа хүрч байна. Очиж чадаагүй, нөхцөл байдал нь ямар байгааг мэдээгүй олон айл бий. Тийм ч учраас хорогдсон малын тоог нэгтгэж чадахгүй л байна" гэлээ.

-Д.Батцэнгэл: Ховдод ногоо гараагүй, 64 мянган мал хорогдсон-

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлтэй тус аймгийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

-Аймгийн хэмжээнд цаг агаар, орчны нөхцөл байдал хэр байна вэ?

-Аймгийн уулархаг хэсгээр цас, бусад нутгаар бороо орлоо. Цаг агаарын энэ үзэгдэл дөрөв хоногийн турш үргэлжилсэн. Хамгийн их хүндрэл Дуут суманд тулгарсан. Тус газарт нөөцийн тэжээл, өвсний дутагдалтай байлаа. Өнгөрсөн өдрүүдэд малчдад аймгийн төвөөс өвс, тэжээл хүргэхээр явсан дөрвөн иргэн цасанд боогдож, төөрснийг аварсан. Тухайн газарт 13 малчин өрхөд шаардлагатай нөөцийг бүрдүүлэн өглөө. Нийт 4.5 тонн тэжээлийг хүндрэлтэй малчдад хүргэсэн. Аймгийн нөөц дууссан тул Улсын онцгой комиссоос шаардлагатай өвс, тэжээлийн нөөцийг татан авлаа. Одоо 150-200 тонн тэжээлийг малчдад хүргэхээр ажиллаж байгаа.

-Эрэн хайж байсан иргэдийг олсон шүү дээ. Биеийн байдал нь хэр байна?

-Биеийн байдал нь сайн байгаа. Төөрсөн гэх иргэд цасанд боогдсон ч айлын өвөлжөөнд эсэн мэнд байсан. Тухайн газар нь сүлжээтэй байсан тул төв рүүгээ холбогдож мэдээлсэн юм.

-Энэ сарын цаг агаарын төлөв хэр байгаа вэ. Дахин энэ удаагийнх шиг их хэмжээний цас орох төлөвтэй байна уу?

-Энэ сард гурван удаа их хэмжээний хур тунадастай байсан. Сүүлийн их хэмжээний хур тунадас 15-ны үеэр байгаа гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

-Малын хорогдолт хэр байна вэ?

-Хавар салхи шуургатай, ногоо гараагүй. Мал ногоонд цадахгүй байгаа. Тиймээс малын хорогдолт их. Тэр дундаа зүүн бүсээр малын хорогдолт өндөр байна. Он гарснаас хойш 64 мянган мал хорогдсон гэх тооцоотой байгаа. Ихэнх суманд өвс тачир байгаа нь малын хээлтүүлэгт нөлөөлж байна. Тодруулбал, энэ хавар төл мал бага хүлээж авлаа. Энэ хавар нэг сая төл хүлээн авна хэмээн таамаглаж байсан ч 600 мянган төл хүлээн авсан.

Ховд аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрч буй сумдад хандив цуглуулж, тусламж хүргэх ажил өрнөөд байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button