Ярилцлага

ЗОРИЛТОТ СУРВАЛЖИЛГА: Нямка, Сайхнаа хоёрын хичээлдээ явдаг нохойтой, согтуу “том” ах нартай зам

Нямка, Сайхнаа хоёр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Баянхошуу чиглэлийн нэгэн сургуулийн бага, дунд ангид суралцдаг. Тэдний аав ээж машинтай хэдий ч ажлын цаг нь таардаггүй тул гэрээс сургууль орох замд ихэвчлэн ганцаар алхана. Нямкагийн гэрийн ойролцоогоос автобус олдоггүй тул 3 км гаруй газарт алхана, харин Сайхнаа хоёр буудал газар автобусаар зорчиж байж сургуулийнхаа ойролцоо ирдэг аж.

Энэ удаа бид бага, дунд ангийн сурагчдыг автобустай болгох зорилтот контентын хүрээнд ... сургуулийн 5 дугаар ангийн сурагч З.Нямхүү, 6 дугаар ангийн сурагч Б.Дэлхийсайхан нарыг хэрхэн хичээлдээ явж ирж буйг сурвалжлан хүргэж байна. Даргын хүүхдүүд төрийн унаагаар дулаан, аюулгүй зорчиж сургуульдаа очдог бол, бидний хүүхдүүд ийм зам туулж, хичээлдээ ирдэг.

НЯМКА: СУРГУУЛЬДАА ЯВАХ ЗАМД ТААРДАГ БҮХ НОХДЫГ ТАНИНА, САЯХАН НЭГЭНД НЬ ХАЗУУЛСАН

Нямка тавдугаар ангийн сурагч, ирэх жил дунд ангид дэвшин суралцах гээд сэтгэл догдлон хүлээж байна. Нямкагийн нэг өдөр өглөө эртлэн босож, гэр орноо цэвэрлэж, аягаа угаагаад, цайгаа уухад хичээлийн цаг болчихно. Нямка ихэвчлэн 13:30 цагийн хичээлд 12:30 гээд гэрээсээ гардаг. Дунджаар 25 минут алхаж байж сургууль дээрээ очдог ч үүндээ түүртдэггүй.

Өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр огцом хүйтрэхэд Нямкагийн чих хөлдчихсөн гэнэ. “Өглөө нь гайгүй болохоор нь малгайгүй гараад гүйчихсэн чинь орой нь “аймар” хүйтэн болчихсон шүү дээ” гэж тэр үүнийгээ үнэнчээр учирлав.

Бас “Надын хамгийн их айдаг юм бол нохой. Бусад нь асуудал биш гэлээ”. Хамтдаа гэрээс нь сургууль руу алхаж явахад айл бүрийн хашааны нохдыг нэг бүрчлэн мэдэж байна. “Эдний хашаа байнга онгорхой байдаг, гэхдээ нохойгүй учраас битгий ай. Өө, харин эдний нохой дуугүй явж байгаад гэнэт дайрдаг. Тээр, тэр харагдаж байгаа нохой байна шүү дээ, тэр ногоон хашаатай айлынх” гээд бүгдийг нь нүдэлчихэж.

Үнэхээр л хүүгийн алхаж яваа зам хүүхдэд ээлгүй юм. Ноход бөөн бөөнөөрөө давхилдана. Зарим нь золбин, зарим нь ч эзэнтэй, оосортой юм. Хэзээ мөдгүй дайрах ирэх вий гэж хүүхэд бүү хэл, том хүн ч зүрх алдмаар тийм гудмаар Нямка алхана.

“Би хоёрдугаар ангиа төгсөөд л гуравдугаар ангиасаа л бие даагаад сургууль руугаа явдаг болчихсон шүү дээ. Би өөрөө л ганцаараа явмаар санагдсан юм чинь чадна шүү дээ. Аав ээж хоёртоо ч тусалж байна гэж боддог. Гэхдээ саяхан нэг нохойд хазуулснаас хойш нохойтой таарахаараа жаахан айгаад байдаг болчихсон. Гайгүй хазуулсан л даа, нэг соёо нь л орсон. Гэхдээ хичээлдээ явж байгаад биш тоглож байгаад хазуулсан шүү. Нэг ах чулуу шидэж холдуулсан. Харин сүүлд яг хичээлдээ явж байхад нэг нохой дайраад, аз болж агаа хүүхдээ салхилуулж сууж таараад хөөчихсөн” гэж тэр хэвлүүхэн ярив.

Нямка гэрээсээ гараад гурван замын аль нэгээр нь сургууль руугаа явна. Нэг нь тойруу боловч нохой багатай, нөгөө хоёр нь ойрхон боловч хашааны ноход нь догшин. Хүний бараа харагдахгүй бол ихэвчлэн л тойруу замаараа гүйчихнэ.

НОХОЙ ДАЙРВАЛ ЗУГТАЖ БОЛДОГГҮЙ ЮМ, ХАМГИЙН ОЙР БАЙГАА ТОМ ЧУЛУУГ АВААД СУУ

Одоо өвөл болж, хүүхдүүд хичээлээ тарахад хэдийнэ харуй бүрийтэй золгочихсон байна. Нямка мөн л энэ замаараа буцна. Яах билээ. Орой харанхуйд энэ замаараа бушуухан гүйгээд явчихдаг биз дээ гэж асуутал “Үгүй ээ, юу гэж гүйх юм, алхаад л явна шүү дээ” гээд намайг тоосончгүй.

Учир нь энэ хавийн томчууд Нямкаг дээрэлхэж, айлгаж чадахгүй учраас тэр гэнэ. “Манай гэрийн энд атаман гэж том ах нар намайг дээрэлхдэггүй. Би чинь 23 настай том ахтай. Тийм болохоор хүмүүс намайг дээрэлхэж чаддаггүй юм. Одоо агаа маань хоёр ихэр хүүхэдтэй, эрэгтэй, эмэгтэй хоёр шүү. Би заримдаа хоёр дүүгээ харж өгөөд, аав ээж хоёр нь усанд явдаг” гэж бахархангуй, инээмсэглэн ярив.

Зарим нохойг хашааныхаа цаанаас хуцаж байна даа гэж бодохоор гэнэтхэн л хашаагаа даваад гараад ирдэг. Нохой дайрах юм бол зугтаж огт болохгүй. Шууд доошоо суугаад том чулуу хай гэж хөмсгөө зангидан ярих Нямка надад зөвлөнө. Гэрийн ойролцоогоос сургуулийн автобус явдаг болчихвол ч гоё шүү, айхгүй, дулаан, хурдан сургууль дээрээ очно. Манайх гэр хороолол дунд байдаг, хар замгүй болохоор автобус явдаггүй юм гэлээ.

Нямка заримдаа ааваараа хүргүүлнэ, харин заримдаа ээжийнх нь ажлын цаг таарвал сургууль дээрээ хүлээж байгаад хамтдаа харьчихдаг. Нөгөө ангиудаас ганц л хүүхэд нэг зүгт байдаг ч хичээлийн хуваарь өөр учраас төдийлөн хамт явах боломж олдоггүй аж.

Нямхүү урлагийн үзлэгтээ ордог, заримдаа гимнаистикын дугуйланд ч явдаг нийгмийн идэвхтэй хүү. Бүжиглэнэ, дуулна, шүлэг уншина гээд чадахгүй зүйл үгүй. Номын санд боломж олдвол суудаг. Хамгийн сүүлд Хөөрхөн хар нэртэй ном уншсанаа бидэнд ингэж ярьж өгөв. “Эхлээд эзэндээ дасахгүй байж байгаад, дараа нь дасаад, дасчхаад үхчихдэг. Эхлээд өвөө нь хүүхдийг нь тэжээж байдаг юм. Хүүе тэр хүүхдийн автобус гэж явж байна, уг нь ийм автобусанд суудаг бол тэ?” гэж үлгэрээ таслав.


САЙХНАА: ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМД ОЛОН СОГТУУ ХҮН ТААРАЛДДАГ, САЯХАН НАМАЙГ ХӨӨСӨН

“Уулаар явбал нохой нь хэцүү байдаг. Ялангуяа  их гулгадаг. Нохойноос би аймар айдаг. Зам нь эвгүй. Нохойнд би зөндөө хазуулж үзсэн болохоор тэр. Нохойтой таараад дайрах юм бол шууд суух хэрэгтэй. Суугаад том чулуу хаана байна, том чулуу аваад л шиднэ дээ. Зугтаж бол болохгүй, ардаас гүйгээд хазчихна. Суух нь ихэнх нохойнд үйлчилдэг” гэж Сайхнаа ярив. Тэдний нохойтой таарах үедээ ашигладаг, зөвлөдөг арга нэг аж.

Сайхнаа бол номын санчийн хүү. Цүнхэнд нь үргэлж л ном явах бөгөөд хичээлийн бус цагаараа үлгэрийн, гадаад уран зохиолын ном унших дуртай. Хичээл нь мөн л өдөр ордог учраас аав ээжийнх нь ажлын цаг таардаггүй, цайны цагаараа гэртээ очоод хүүгээ аваад гараад хүргэх гэсээр амжихгүй тул угаасаа л Сайхнаа ганцаараа явж таарна. Ганцаараа явах үедээ зайлшгүй “эцсээр” буюу гэрээсээ гараад 2 км орчим алхаад, автобусны буудлаас автобусанд сууж, хоёр буудал яваад бууна. Тэндээсээ сургууль руугаа алхана. Харин хашаандаа хамт байдаг ах, эгч нарынхаа хамт явбал уулаараа алхаад явчихдаг.

Сайхнаа хааяадаа өглөө ээжтэйгээ хамт гэрээсээ гарна. Тийм өдрөө хичээлээ ортол номын санд сууж байгаад хичээлдээ ордог гэлээ.

Хүү өдөр гэрээсээ 12:20 цагийн үед гараад 12.45 цагийн үед очдог. “Автобус хүлээхээр заримдаа ирэхгүй удаан хүлээнэ, 20 минут ч болдог учраас хүйтэн өдөр дэлгүүр дотор ороод зогсдог. Дэлгүүрийн цонхоор автобус ирэхийг хүлээж зогсдог. Яах гэж байгаа юм гэж хааяа асуухаар нь “Автобус хүлээж байна” гэхээр юм хэлдэггүй. Заримдаа дүүгээ авах шаардлага гарвал энэ хооронд 2,3 удаа явна. Дүү энэ жил нэгдүгээр ангид ороод оо. Ээжтэй хамт явчихдаг юм, аав, агаа хоёр хэрэв завгүй таарвал авах ч тохиолдол гарна шүү дээ” гэж хэвлүүхэн, хариуцлагатай хүү хариуллаа.

СУРГУУЛЬ РУУ ЧИНЬ ХҮРГЭЖ ӨГЬЕ ГЭСЭН ТАНИХГҮЙ ХҮНТЭЙ ХАМТ ЯВЖ БОЛОХГҮЙ

Сайхнаагаас сургууль руугаа ганцаараа явахад хамгийн хэцүү зүйл юу вэ? гэж асуухад “Согтуу хүнтэй их таардаг. Согтуу хүн заримдаа намайг “Нааш ир” гэдэг. Би очихгүй шүү дээ. Ээж аав намайг танихгүй хүнтэй битгий яриарай, сургууль руу чинь хүргэж өгье гэсэн ч хамт явж болохгүй, гарцаар гарч хэвшээрэй гэж захисан. Энэ эцсийн буудал дээр чинь согтуу хүн их. Тэд нар зун болохоор квас авч уучхаад ахиад үнэгүй уух гээд зүтгээд байдаг. Том ах нар намайг юм уу, жаахан хүүхдүүдийг ирж байхыг хүлээж байдаг байхгүй юу. Заримдаа тэд нар тамхи татаж байгаад “Гал байна уу” гэж асуудаг. Бид нарт ямар юмных нь гал байх вэ дээ. Дээр хэдэн том ах нар хөөгөөд би энэ зах руу ороод, явахыг нь хүлээж байгаад гарсан” гэв.

Согтуу хүн аюултай. Гэхдээ биеэ даачихсан энэ хүүхдүүд ямар хэрсүү, ямар ухаантай болох нь харагдана, тэдэнд дөнгөлөгдчихгүйхэн явчих сэргэлэн. Хотын төвийн хүүхдүүд ихэвчлэн л аав, ээжээрээ хүргүүлдэг, авахуулдаг. Үгүй юм, гэхэд олны хөлийн газар яваа. Энэ орчимд кино театр ч байхгүй, тоглоомын төв ч үгүй. Ер нь тэд түүгээр ч дутаагүй. “Цэвэр агаарт гараад л тоглочихдог доо” гээд тоодоггүй. Гэхдээ байвал тэд баярлаж л таарна. Энэ гэхдээ хоёр дахь асуудал. Юуны өмнө тэд аюулгүй, дулаан унаагаар сургууль руугаа ирж, очих ёстой. Учир нь тэд 10,11-хэн настай жаалууд. Аав ээж нь ажлаа таслаад хүргэхгүйгээс хойш төр хүүхдүүдээ хайрлах ёстой.

Дэлхийсайхан: “Автобусанд уг нь зургаадугаар ангид орчихсон учраас картаараа суух ёстой. Би гэхдээ үнэгүй явчихдаг юм. Зарим жолооч нь суулгахгүй болохоор нь хойд хаалгаар нь орчихдог юм. Автобусныхаа 500 төгрөг дээр 200 төгрөг нэмээд нэг пирошкины мөнгө босгочихно шүү дээ” гээд инээв.

Сайхнаа сургуулийнхаа урлагийн үзлэгт ордоггүй. Гэхдээ урлагт хайртай. Даруухан, мэдрэмтгий, хайр түгээсэн хүү. Эмээ нь олон хүүхэдтэй байгаад саяхан 30 гаруйхан настай, залуухан ах нь тэнгэрт хальчихсан тухай яагаад ч юм надад ярив. Тэгснээ цүнхээ ухаж, ухаж нэг ном гаргаж ирсэн нь яруу найргийн товхимол байна. “Ах минь надад шүлэг зориулж бичсэн, би өдөр болгон уншдаг, та унш даа, гоё байгаа биз” гэв.

ТЭР ШҮЛЭГТ:

...Дэгжин дээшлэх хүүхэд насаа

Дурсамж дүүрэн жаргалтай өнгөрүүлж

Дуурсаж явах нэрээрээ гайхуулж

Дэлхийсайхан минь цэнгэлтэй яваарай гэжээ.

Ах гэрийнхэндээ бүгдэд нь зориулж шүлэг зохиосон. Харин хойшоо нь ахын хайрын тухай, хүмүүсийн тухай шүлгүүд бий. Яруу найраг унших гоё, яагаад ч юм гоё санагддаг гээд бидний яриа цааш үргэлжилсэнгүй.

Сайхнаагийн аав хоёр машинтай, гэхдээ хөдөө ажлаар явчихдаг тул төдийлөн хичээлдээ хүргүүлж чаддаггүй. Мэдээж боломжтой үедээ аавынхаа машинд суугаад хичээлдээ явах сайхан.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2019-11-24 11:31

Хүүхэд минь бэрхшээлийг даваж сайн л сур. Зовлон бэрхшээл хүнийг хэрсүү, тэвчээртэй болгодог. Би 8 настайгаасаа Алтайн хадтай ууланд хонь явган хариулж хэрэндээ л зүдэрч өссөн минь надад тэвчээр суулгасан. Санасандаа хүрэхийн төлөө тэвчиж зүтгэхээс өөр арга байхгүй. Хүмүүний орчлон амаргүй шүү.

A
A
2019-11-25 13:00

Huurhii doo. Huuhduud yasanch ih zovdiimbe dee. Ystoi huuhded eelgui uls shuu manai Mongol.

MatFuse
MatFuse
2020-01-16 18:32

Viagra No Perscription Effects [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Viamedic Viagra Propecia Nebenwirkungen Mudigkeit

LesOrdiff
LesOrdiff
2020-01-16 22:34

Cialis 10 Efectos Secundarios [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Propecia Spain Disfuncion Erectil Com Kamagra In Linea

LesOrdiff
LesOrdiff
2020-02-03 00:31

How to buy isotretinoin Riverside http://viacialisns.com/#144 - Buy Cialis Keflex 500 Mg Cialis Dog Amoxicillin Vomitting

StevSlarie
StevSlarie
2020-02-03 08:27

Viagra En Ligne Ou Acheter http://ggenericcialisle.com - Cialis Effexor Buy Online Cialis Propecia Generic Drug

Холбоотой мэдээ

Back to top button