Нийгэм мэдээ

Швейцарын томоохон үзэсгэлэн яармагийн талбайд монгол гэр баригджээ

Швейцарын Холбооны Улсад зохион байгуулагддаг хоёр дахь том үзэсгэлэн "Валэгийн үзэсгэлэн яармаг" (Foire du Valais)-ийн "Хүндэт зочин"-оор Монгол Улс оролцож, монгол өв уламжлал, соёл урлаг, Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчилж байна.

Валэ мужийн Мартини хотод есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 06-ныг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэн яармагт ССАЖЗЯ, ЖДҮГ, АЖМХолбооны оролцоо дэмжлэгтэйгээр Монгол Улсын ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 12  аж ахуйн нэгж, аялал жуулчлалын зургаан компанийн нийт 40 орчим төлөөлөгч оролцож байна.  64 дэх жилдээ болж буй тус үзэсгэлэн нийт 50 мянган м2 хэмжээтэй томоохон талбайд, 400 гаруй компани, аж ахуйн нэгж оролцдог, жил бүр 200-300 мянган хүн үзэж сонирхдог байна.

Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсыг сурталчлах зургаан ханатай монгол гэрийг 10 хоногийн турш байрлуулж, монгол ёс заншил, соёлыг танилцуулах, монгол бүжиг, шагайн харваа, бөхийн барилдааны үзүүлбэр зэрэг соёлын арга хэмжээг явуулж байгаа аж.

Энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хоёр улсын хооронд худалдаа эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button