Нобел 2024: Химийн салбарт уургийн талаар нээлт хийсэн гурван эрдэмтэн шагнал авлаа

Даваа гарагаас /2024.10.07/ энэ оны Нобелын шагналыг гардуулж эхэлсэн. Тэгвэл лхагва гарагт /2024.10.09/ Шведийн хааны шинжлэх ухааны академи Химийн салбарт Жон М. Жампер, Демис Хассабис болон Дэвид Бэйкер нарт хоёр хуваан шагналыг олгосон байна.
Дэвид Бэйкер бол 1962 онд АНУ-д төрсөн, Сиатл дахь Вашингтоны их сургуульд профессороор ажилладаг юм. Нобелийн комисс шагналыг гардуулахдаа “2024 оны химийн салбарын Нобелын шагнал нь амьдралын амин чухал химийн хэрэгсэл болох уургийн тухай. Химийн салбарын шагналыг хүртсэн Дэвид Бэйкер нь цоо шинэ төрлийн уураг бүтээн бараг боломжгүй зүйлийг хийсэн хүн” гэжээ.
Тэрбээр шагнал хүлээн авсныхаа дараа “Энэ нь нэр хүндийн эрэг, миний өмнө байсан эрдэмтдийн мөрөн дээр зогсон нээлтийг хийсэн” хэмээсэн байна. Бэйкер нэмж “Хамт ажиллагсад нь уургийн дизайныг гаргах боломжтой гэдгийг илтгэсэн шинж тэмдгүүдийг аль хэдийн харуулсан байсан. Тиймээс би энэ салбарын бусад хүмүүс болон хамт ажилласан хүмүүсээс үнэхээр их урам зориг авсан” хэмээсэн юм.
Шагналын нөгөө хэсгийг Демис Хассабис болон Жон М. Жампер нар хамтран авч буй. Хассабис нь 1976 онд Лондон хотноо мэндэлсэн, одоо “Google DeepMind” компанийн захирлаар ажилладаг. Жампер 1985 онд АНУ-ын Литл Рок хотноо төрсөн “Google DeepMind” компанийн ахлах судлаач юм. Тэд хамтдаа хиймэл оюун ухаан ашиглан бараг бүх уургийн бүтцийг урьдчилан таамагласан байна. Нобелийн комисс “Демис Хассабис болон Жон М. Жампер 50 гаруй жилийн түүхтэй нууцыг тайлсан” хэмээсэн байна.
2020 онд Хассабис, Жампер хоёр “AlphaFold2” нэртэй хиймэл оюун ухаан танилцуулсан юм. Тус хиймэл оюун ухааны тусламжтай тэд судлаачдын тодорхойлсон 200 сая гаруй уургын бүтцийг урьдчилж таамагласан байна. Танилцуулагдсан цагаасаа хойш “AlphaFold2”-ыг 190 гаруй орны хоёр сая орчим хүн ашиглажээ. Тус хиймэл оюун ухааныг шинжлэх ухааны олон зориулалтаар ашиглаж болно. Жишээ нь антибиотикийн тэсвэржилт болон хуванцар задлах ферментийг дүрслэх боломжтой юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.