НИЙГЭМ

Утаанд зарцуулсан хэдэн их наяд алга болж, амиа алдсан иргэдийн тоо л цаасан дээр үлдэв

Жилээс жилд Улаанбаатар хотын утаа нэмэгдэж, дагаад агаарын бохирдлыг бууруулж, утааг багасгах төсвийг ч нэмсээр ирэв.

Хачирхалтай ч иргэд утаанд өнгөрсөн онуудад төсөв тавигдсаныг санаж байгаа ч яг хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй. Энэ талаар цагаан дээр хараар буусан баримт ч алга. Харин зарим мэдээллийн сайтуудад бичигдсэн албаны эх сурвалжийн мэдээллүүд л үлджээ.

-Утааг бууруулахаар хийсэн ажил, төсвийн тайлан хамгийн сүүлд 2020 онд шинэчлэгджээ-

Тухайлбал, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын мэдээллийн сангуудад тайлан мэдээлэл, шилэн дансны мэдээлэл хамгийн сүүлд 2019, 2020 онд шинэчлэгдсэн дүр зурагтай байна.

2024.12.07-ны байдлаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэдээллийн сан

Тайлан мэдээлэл болон төсвийн мэдээлэл ил тод байх буюу Төсвийн тухай хуулийн 5.1-т “Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад ил тод байдлыг хангасан байх зарчмыг баримтална” гэж заасан. Гэвч энэ үйл явц утааны төсөв дээр далд, нууцлаг байгаа нь анхаарал татав.

Эндээс харахад, жил бүр утаанд зарцуулсан улс, нийслэлийн төсөв, гаднын санхүүжилтийг тусгаж үлдээдэг тайлан байхгүй. Төсөвт суусан мөнгөөр хэдэн зуух айлуудад тарааснаас өөр барьж авах зүйлгүй. Ямар ч тооцоолол тоон баримтгүй утаанд зарцуулсан хэдэн их наяд алга болж, утаа, угаарын улмаас амиа алдсан монгол иргэдийн тоо л үлджээ.


-Утааны төсөв дээр аудит хийгдэлгүй, нам жим өнгөрүүлжээ-

Уг нь 2018 оны аравдугаар сард Үндэсний аудитын газар агаарын бохирдолд зарцуулсан дотоод, гадаадын хөрөнгө оруулалтад шалгалт оруулж байжээ. Улмаар тухайн үед “Цэвэр агаар сан” болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажилд аудит хийхэд 547.3 тэрбум төгрөг зарцуулсан нь тогтоогдсон байгаа юм.

Тодруулбал, 2008-2016 онд Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин олон улсын байгууллагуудаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосныг тогтоож байжээ. Тиймээс агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй гэдэг тайланг Үндэсний аудитын газраас гаргасан байдаг.

Мөн үүнээс хойш утааны төсөв дээр аудит хийгдээгүй байна.


-Утаагаар ашиг олж ологчдыг барихаар хүчний байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж байжээ-

Мөн агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн зэрэг нь утаагаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниуд олширсон байж болзошгүй гэх хардлага төрүүлж 2017 онд эрүүгийн хэрэг үүсгэн АТГ, ЦЕГ хамтарч ажлын хэсэг байгуулж байсан.

Энэ үед  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд дараах мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх нэрийдлээр олон зуун тэрбум төгрөгийг улсын төсөв болон гадаадын хандив тусламжийн хүрээнд зарцуулсан. Утаагүй зуух, түлш зэрэг аар саархан зүйлд олон зуун тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөдөр агаарын бохирдол нэмэгдсээр байна" гэсэн байдаг.

Гэхдээ мөн л уг ажлын үр дүн тодорхойгүй үлджээ.

Учир ийм тул өнөөдрийг хүртэл утааны жил жилийн төсвийг, хийгдээгүй ажлыг ярьж, нэхэх хүн байхгүй. Төв талбайд жагсаж байгаа иргэд нь ч жилээс жилд утааны төсөв нэмэгддэг гэхээс өөр тоон мэдээлэлгүй байна.


-Жил тутам утаа тойрсон төсөв өсөж ирсэн-

Иймд бид өнгөрсөн жилүүдэд утаанд зарцуулсан улс, нийслэлийн төсвийн мэдээллийг хүргэж байна.

Энд нэг учир дутагдалтай зүйл нь зарим жил улс утаанд хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүйн дээр утааг бууруулахаар байгуулсан газар, агентлаг, ажлын хэсгийн төсөвт тавиулсан зардал далд тул дараах мэдээлэлд оруулаагүй болно.

Тухайн онуудад албаны эх сурвалжаас авсан мэдээллүүдээс нягтлахад зөвхөн нийслэлийн төсөвт утааг бууруулахаар,

  • 2021 онд 30.9 тэрбум төгрөг,
  • 2022 онд 34.5 тэрбум төгрөг,
  • 2023 онд 39.2 тэрбум төгрөг,

Үүнээс, энэ хамгийн сүүлийн мэдээллээр 2023 онд төсөвлөгдсөн 39.2 тэрбум төгрөгийг 2021 онтой харьцуулахад 8.3 тэрбум төгрөгөөр харин өнгөрсөн онтой харьцуулахад 4.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин энэ онд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 60 тэрбум 460 сая төгрөгийг нийслэлийн төсөвт тусгаад байгаа билээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Тэгвэл Засгийн газар утааг бууруулахад:

  • 2011-2015 онд 93 тэрбум төгрөг,  
  • 2017-2020 онд нийт 456 тэрбум төгрөг,
  • 2021 онд 53 тэрбум төгрөг,
  • 2022 онд 43.66 тэрбум төгрөг,
  • 2023 онд 27.2 тэрбум төгрөгийг тус тус төсөвт тусгажээ.

-Утааны төсвөөр өнөөдрийг хүртэл 100 гаруй мянган зуух тарааж, сурталчилгаа л хийсэн байна-

Харин үүнээс ил тод хийсэн ажил гэвэл гэр хорооллын айлуудад утаагүй зуух тараах, олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, постер видео болон угаарын хий мэдрэгч тараах үйл ажиллагаа л байна.

Энэ хүрээнд 2014 онд 45 мянга, 2023 онд 80 мянган утаагүй зуух тараажээ. Харин хамгийн сүүлийн байдлаар 28 тэрбум 296 сая төгрөгөөр 32 мянган ширхэг ахуйн зуух худалдан авч, гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдэд тараах тендерийг нийслэл зарлав. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.


Утааг бууруулна гэж байгуулагдсан агентлагууд утааны төсвөөс тусдаа өндөр дүнгээр санхүүждэг байжээ

Түүнчлэн өнгөрсөн онд Агаарын бохирдолтой тэмцэх албаны зардалд 1 их наяд 248 тэрбум 578 сая 600 мянган төгрөгийг зарцуулсан. Харин утаагүй Улаанбаатар хөтөлбөрт 38 тэрбум 167 сая 760 мянган төгрөгийг зарцуулсан тоон мэдээлэл байна. Мөн утааг бууруулах “Цэвэр агаар сан”-г 2010 онд байгуулж, тус сан 2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

Утааг бууруулахаар гаднаас авсан зээл тусламжууд хаачив

  • Монгол Улс 2008-2016 онд утааг арилгахад гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан.
  • Мөн 2017-2020 онд утааны эсрэг төсөл хэрэгжүүлэхээр Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-ын зээлээр 168.9 тэрбум авчээ.
  • Харин 2008-2023 онд утааг бууруулахад төсвөөс гадна нийт 500 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан тоон мэдээлэл байна.
    .

Энэ бүхэнээс зөвхан утаанд зарцуулсан гэх төсөв, санхүүжилтийн дүнг нэгтгэж үзэхэд 1 их наяд 506 орчим тэрбум төгрөг болж байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Эдгээр мөнгө хаашаа орж, хэн улсынхаа ирээдүйгээр хөрөнгөө зузаалсан нь мэдэгдэлгүй алга болжээ.

Үр дүнд нь Улаанбаатар хотын PM2.5 тоосонцрын хэмжээ өнгөрсөн өвөл ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс 6.4 дахин их, агаар нь хамгийн их бохирдсон хотуудын 4-т жагсаж эхэлсэн юм.


-Угаартаж амиа алдсан иргэдийн тоо цар тахлын үед амиа алдагсдын тооноос илүү байна-

Харин төсөв нь алга болж, ажил хийгдээгүйн үр дүнд монголчууд амиа алдсаар цар тахлын үед Корона вирусийн халдварын улмаас нас барагсдаас угаартаж нас барсан иргэдийн тоо зарим өдөр хол давж байсан харамсалтай тоон баримт бий.

Тодруулбал, 2021 онд хийсэн тоон судалгаагаар сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаартаж нас барсан. Жил бүр 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг. Угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас бардаг гэх тоог албаныхан мэдээлж байв. Харин энэ оны эхний 11 сарын байдлаар л гэхэд Нийслэл хотод 1968 хүн угаарын хийд хордож, 35 хүн нас барсан байна. Үүнээс гурав нь 0-18 насны хүүхэд байгаа юм. Бидний энэ талаар бэлтгэсэн цаг үеийн сурвалжилгийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 7, 2024 11:50

Эрх баригчид нь хязгааргүй баяжиж хөлжиж, ард иргэд нь ядуу тарчиг амьдр�##�тай бас амьсг�##�ах агааргүй хортой утаагаар хордож угаартаж үхсээр л!

Иргэн
Иргэн
12 сар 7, 2024 17:33

Баян ходоод болоогүй учир тоохгүй манай уяачдын холбооныхон

Холбоотой мэдээ

Back to top button