Ж.Гантулга: Гэртээ асуудалтай хүн ажил дээрээ юу ч болоогүй мэт, өөр хүний сэтгэлзүйгээр ажиллах боломжгүй

Хаврын улирал хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар СЭМҮТ-ийн их эмч, сэтгэл засалч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Хаврын улиралд хүмүүсийн бие махбодын хувьд бусад улиралтай харьцуулахад их ядарч, сэтгэл зүйн хувьд ч тогтворгүй болог гэлцдэг. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Манай орны тухайд эрс тэс уур амьсгалтай шүү дээ. Дан ганц хүн гэлтгүй мал амьтад хүртэл өвлийн хатуу цагийг туулахдаа өөрийн энергиэ шавхаж, хавартай золгохдоо эцэж цуцдаг. Бас ядардаг. Хэдийгээр бид суурин иргэншилд шилжсэн ч хавар, намрын улиралд хүмүүсийн сэтгэл санаа өөрчлөгдөх, ялангуяа сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн өвчин сэдрэх байдал ажиглагддаг. Гэхдээ эл улирлуудад “яг ийм зүйл болдог” гээд тогтоосон зүйл байдаггүй. Иймд хавар, намар гэлтгүй бүхий л улиралд хүмүүсийн сэтгэлзүйдээ хэрхэн нөлөөлж байгаа нь онцгойлон анхаарах шаардлагатай асуудал боллоо.
Мэргэжлийн эмч нарын хувьд ямар тактиктай ажилладаг вэ гэвэл, хавар намрын улиралд сэтгэлзүй хэлбэлзэж, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс “дахилт” өгдөг бол үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэж зөвлөдөг.
-Энэ үеэр хүмүүсийн гаргаж буй нийтлэг алдаа, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
Ер нийгэм эдийн засгийн байдал, өдөр тутмын амьдралын хэв маяг, ковид гэх зэрэг олон зүйл хүний сэтгэл зүйд нөлөөлснийг бид харлаа шүү дээ. Ингэснээр хамгийн чухал нь эм бэлдмэл хэрэглэхийнхээ урьдаар хүмүүс өөрийнхөө сэтгэл зүйг танин мэдэх шаардлага үүссэн. Өөрийгөө ямар тохиолдолд уурлаж бухимдаад байгааг, ямар үед жаргалтай болж буй, юу стрессээс гаргаж чадаж байгааг анзаарч байх нь чухал. Харин болохгүй байгаа зүйл ажиглагдах юм бол мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө авдаг байх нь чухал юм. Хүмүүсийг ажиглаад байхад нийтлэг гарч буй нэг алдаа байдаг. Өөрийнх нь сэтгэлзүйд өөрчлөлт мэдрэгдсэн ч ямар нэгэн алхам хийхгүй явсаар цаг, хугацаа алддаг. Асуудлаа хүндрүүлдэг, ужигруулдаг. Миний хувьд донтох эмгэгийн чиглэлээр ажилладаг. Гэтэл манайд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь өвчнөө хүндрүүлчихсэн ирдэг. Жишээ нь нуруу өвдсөн хүн босож чадахгүй болтлоо хүндрүүлснийхээ дараа эмнэлэгт хандаж байна шүү дээ.
Ер хүний бие махбод эрүүл байх шалтгааны 50 хувь сэтгэл зүйн байдалтай шууд хамааралтай. Тийм учир хүн юу идэж уух, стресс бухимдлаа хэрхэн тайлдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг үү, ямар нөхцөлд ажилладаг, тухайн ажил олгогч байгууллага ажилчныхаа сэтгэл зүйг сайжруулахад ямар арга хэмжээ авч ажилладаг зэрэг яригдана. Иймд хавар болохоор сэтгэлзүйдээ анхаараад байх бус өдөр тутамдаа хэвшүүлэх нь чухал болсон гэсэн үг.
Бас нэгэн сонирхолтой судалгаа бий. Нарны таталцлын хүч хавар намрын улиралд өөрчлөгддөг хэмээн физик, газарзүйн чиглэлийн эрдэмтэд судалсан байдаг. Ангаахын салбарын дүгнэлт биш хэдий ч энэ судалгаанд үндэслэн нарны таталцал өөрчлөгддөгөөс хамаарч хүмүүсийн сэтгэлзүй хувьсан өөрчлөгддөг байж магадгүй гэдэгт олон эрдэмтэд санал нэгдээд байна.
Хүн биеийн хүн, энергийнхээ 70 хувийг ашиглаад явдаг, харин 30 хувиа нөөцөлдөг гэх судалгаа бий. Гэсэн ч тэрхүү нөөц хэзээ шавхагддаг вэ гэвэл, нойргүй удаан явахад. Залуу хүмүүс энэ байдалтай дасан зохицоод яваад байдаг тал ажиглагддаг. Улмаар архаг ядаргаанд орж, биеийн хүч сулардаг. Энэ үед сэтгэлзүй мөн л уналтад ордог. Гэтэл бие өвдөж байгааг сайн анзаарч эмчилгээ хийгээд явах ч доройтсон сэтгэл зүйгээ өөд татаж гаргаж ирэх тал дээр алдаад байна.
-СЭМҮТ-д аутизм, ядаргааны шалтгаанаар хүүхдүүд ихээр ханддаг-

-Хүмүүс өвчнөө хүндрүүлснийхээ дараа ирэх нь элбэг байгаа тухай та дээр дурдлаа шүү дээ. Эмчид хандахаас зайлсхийж буй шалтгааныг юу гэж харж байна?
-Нийгэмд буй буруу ойлголтоос шалтгаалан эмнэлэгт ирэхгүй байгаа нь ажиглагддаг. Эмнэлэгт хандахаасаа урьтаж үзмэрчид ханддаг, уул овоонд очиж мөргөх гэх мэт. Болохгүй зүйлгүй ч мэргэжлийн эмчид хандах нь илүү дээр сонголт.
Нөгөө талаас харахад сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон нэгнээ ичээж, үл тоож, гадуурхаж болохгүй. Харин мэргэжлийн эмнэлэгт хандахыг нь зөвлөж, замчлах нь чухал болоод байна.
-Хэр удаан, чанартай нойр авснаас үүдэж тухайн хүний өдөр хэрхэн өрнөх нь тодорхойлогдоод байх шиг харагддаг л даа. Ер хүний сэтгэлзүйд нойр хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?
-Тэгэлгүй яах вэ, тухайн хүн тэр өдрөө эсвэл тэр долоо хоногт, магадгүй тэр улиралд яаж амарсан, хэрхэн өөртөө анхаарал хандуулсан зэргээр сэтгэлзүйн хүч, дархлаа тогтдог. Гэтэл хүмүүс нойрыг чухалд тооцож, анхаардаггүй. Унтахгүй явж болоод байгаа юм чинь энэ цагаар өөр ажлаа амжуулъя гэх зэргээр биеийн хүчээ сулруулдаг. Гэтэл хаврын улирал өөрөө оюутан, сурагчдын хувьд шалгалт ихтэй, нийтлэг хүмүүсийн хувьд ачаалал ихтэй улирал шүү дээ. Ачаалал амралт хоёрыг зохицуулж чадахгүй л бол хэвийн сэтгэлзүйтэйгээр яагаад ч давах боломжгүй.
-СЭМҮТ-ийн оочер дараалал нэмэгдсэн тухай хүмүүс хэлж байна. Дийлэнхдээ хэдэн насныхан, ямар шалтгааны улмаас үзүүлж байна?
-Манай эмнэлэгт хүүхдүүдийн ирэлт нэмэгдсэн. Ялангуяа хичээл сургууль амрах үеэр хүүхдээ нэг үзүүлье гэх зэргээр ханддаг. Бид орон тоо, эмчилгээний тасгаа өргөтгөсөн ч ачааллаа дийлдэггүй. Өмнө нь цаг аваад үзүүлэхэд нэг өдөр л хангалттай байдаг байсан бол одоо хэдэн хоногийн оочер хүлээх шаардлага үүссэн. Энэ нь нэг талаараа хүмүүс сэтгэлзүйдээ анхаарч, мэргэжлийн байгууллагад хандаж байгаа боловч, нийтлэг өвчлөл их байгааг илтгэж байна.
Хэвшмэл ойлголтын хүрээнд бид ядаргаа гэдэг настай хүний л өвчин гэдэг байсан бол манай эмнэлэгт энэ өвчлөлөөр хүүхдүүд ирэх нь элбэгшсэн. Мөн аутизмийн зөвлөгөө, үзлэг олширсон.
“Ажил амьдрал хоёроо ялга” гэх хандлага бий шүү дээ. Гэртээ, аль эсвэл ажил дээрээ асуудалтай байлаа гэж бодоход нөгөө талд хэвийн сэтгэлзүйтэй байх боломж бий юу?
-Боломжгүй. Гэртээ асуудалтай байгаа хүн ажил дээрээ юу ч болоогүй мэт, өөр хүний сэтгэлзүйгээр ажиллаж, хөдөлмөрлөх боломжгүй. Гэхдээ бясалгалыг тогтмол хийж, амьдралын хэв маягтаа оруулж ирэх юм бол энэ заагийг гаргах боломжтой гэж судлаачид үздэг.
Мөн тухайн ажилтнаа аз жаргалтай, илүү бүтээмжтэй ажиллууъя гэвэл ажилтныхаа сэтгэлзүйд анхаардаг байх хэрэгтэй. Манай оронд нийтлэг байдаг нэг хандлага бол нэг хүнээр олон хүний ажил үүргийг зэрэг биелүүлэх хандлага. Энэ нь шууд харахад болоод байгаа мэт боловч хэзээ ч бүрэн гүйцэтгэлтэй байдаггүй. Тухайн ажилтнаа ч туйлдуулдаг.Иймд цалин, цаг, хүний нөөц, ажиллах орчин тал дээрээ анхаарах шаардлагатай байгааг хэлмээр байна.
Видео:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.