ОУВС Трампын нөлөөнөөс болж дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг багасгалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны түншүүддээ тавьсан өндөр гаалийн татвар нөлөөлж эхэлснээр дэлхийн эдийн засгийн гарц удааширна гэж Олон улсын валютын сан (IMF) мягмар гарагт /2025.04.22/ мэдээлжээ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай улсад орж ирж буй бараанд тавих гаалийн татвар сүүлийн зуун жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн тул “IMF” 2025 онд дэлхийн эдийн засаг 2.8 хувь өснө гэж хэтийн төлөвөө бууруулсан байна. Энэ нь ковидийн цар тахлаас хойш үзэгдсэн хамгийн сул хэтийн төлөв болов.
Трамп худалдааны түнш болох 59 оронд оноосон арван хувиас дээш хариу гаалийн татвар хэрэгжиж эхлэх хугацааг долоодугаар сар хүртэл хойшлуулсан байгаа. Энэ хугацаанд дэлхийн удирдагчид АНУ-тай тохиролцоо хийхээр яаралтай ажиллана. Хэдийгээр Трамп 59 оронд ногдуулах өндөр татвараа хойшлуулаад байгаа ч АНУ-ын гаалийн татвар Трампаас өмнө дунджаар 2.5 хувь байснаа одоо 27 хувь болсон байгаа. Энэ нь сүүлийн зуун жил үзэгдээгүй өндөр хэмжээ юм.
Гаалийн татварыг бууруулах хэлэлцээг эхлүүлэх ажил хурдацтай явагдаж байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролин Левитт хэлэхдээ одоогийн байдлаар 18 улсаас санал хүсэлт ирсэн гэсэн юм. Трампын баг энэ долоо хоногт 34 улсын төлөөлөгчтэй уулзаж тарифын талаар хэлэлцэх төлөвтэй байна. БНХАУ-тай хийх хэлэлцээний үр дүнд гаалийн татвар их хэмжээгээр буурч, зах зээлд дэмжлэг болж чадна гэж бодож буйгаа Трамп илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп