Top StoriesУРЛАГ

Рэвью: Ц.Балдорж хуучирсан уу, Э.Ёндоншарав шинэдсэн үү

Зохиолч, найруулагч хоёр нэг бол нэгэн цагт, эс бөгөөс 100 жилээр тоологдох удаан хугацааны наана, цаана амьдарч гэмээнэ уран бүтээл төрдөг юм болов уу?

Хааяадаа нэг салбарын хүний хийсэн, бүтээсэн зүйлс ойр, алдаж оносон ч өмгөөлж өмөлзмөөр санагддаг нь үнэн. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж бол нэрт сэтгүүлч. Тэр бас надад холын санагдах нь үнэн, түүний амьд ахуй цагт сэтгүүл зүйн салбарт ажиллаж, идэвхтэй бичиж байсан үед нь сонин гарчиглаж явах хувь дутсан билээ. Тийм ч болохоор “Шөнө буусан аадар”-ын зохиолыг уншаагүй, 2004 оны тавилтыг үзээгүй.

Харин нөгөө талаас, “Мөрөөдлийн театр”-ын хамт олон, найруулагч Э.Ёндоншаравын хэлбэрээр гуравдугаар сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болгож буй “Шөнө буусан аадар” жүжгийн рэвью Ц.Балдоржоос чөлөөлөгдөх тусмаа үнэн болж болох тул, шуудхан энэ тухайгаа бичиж эхлүүлэхээр шийдвэй.

Хөнгөн сэтгэгдэл гэвээс “Солонгос драм”

“Шөнө буусан аадар”-ын үеэр, инээмээргүй хэсэгт хүмүүс инээгээд л байна. Хаана ч байдаг л үзэгчид дээ. Гэхдээ энэ өдрийнх шиг “Өө, арай арай”, “Нээрэн үү”, “Дуус, дуус” гээд толгой сэгсэрч байхыг бага үзсэн.

Учир нь “Шөнө буусан аадар”-т захын хүн солонгос драмтай жишихүйц орооцолдсон үйл явдлууд бий, эцэст тэр бүгд нь зүгээр л зохион байгуулсан адын санаа болж таарч буй. Ингэхээр өнөөдрийн үзэгчид эдгээр үйл явдлыг таашаах нь бага. “Ямар гээчийн холион бантан бэ” гэж хэлнэ. Гэхдээ зохиол 20 жилийн өмнө бичигдсэн. Тэгэхээр түүнийг 20 жилийн дараах орчинд авчрах хэрэгтэй болох болно. Ингэхээр сэдэв шууд зохиолтой холбогдож байна.  

20 жилд зохиолын санаа хэв хэвээрээ, хэлбэр нь хуучирчээ

-За, жүжгээ үзчихэв үү?

-Үзлээ. Бас л... Арай л галзуу үйл явдлуудыг нэг дор чихчихжээ.

-Зохиол нь угаасаа тийм байдаг юм аа.

Жүжиг дууссаны дараа өрнөсөн ийм яриа чихэнд хадагдаж үлджээ. “Зохиол нь угаасаа тийм юм аа”...

Зохиолч зохиолыг тэгээд биччихсэн бол, өөрөөр хэлбэл үхсэн болж жүжиглэсэн хүнийг хараад бүгдээр хамтаар айн цочиж, шууд нэгнийгээ алуурчин болгохоор зүтгэж, оноон цоллож, тэгээд булсан булхайгаа шил даран тоочиж эхлэх ийм үйл явдлыг тэгээд л биччихсэн бол найруулагч түүнийг нь эвтэйхэн үзүүлэхээс өөр яах билээ.

Ээж нь аавынх нь найзтай нь, найз нь охинтой нь, өвөө нь бас яасан ч билээ, гэрийн үйлчлэгч нь аавтай нь бас найзтай нь, тэгж байтал тэр өөрөө өөр хүний хүүхэд болж таараад, атал гэр дотор тог тасарч, гэрэл унтраад, утасны сүлжээ барихгүй ч байх шиг, ингэж явтал охин үнэнээ хэлнэ, нөгөө үхсэн гэж санасан аав нь гараад ирнэ... гэх мэт.

Үйл явдал нь ийм л дээ. Тэгвэл санаа нь юу байсан бэ. УИХ-ын гишүүн Тэрбиш уг нь мөнгөний үнэрт шунаагүй, зураач залуу байсан. Харин найз Төмөр нь бизнесийн мөнгөөр түүнийг дэмжиж, УИХ-ын гишүүн болгосон. Эргээд уул уурхайн лиценз олгох зэрэг Засгийн газрын томоохон шийдвэр, тендерүүдэд өөрийнхөө компанийг оруулахаар төлөвлөж, лоббигоо Тэрбишээр хийлгэнэ. Энэ хооронд Тэрбишийн эхнэр, хүүхэд, гэр бүлийн үйлчлэгчтэй Төмөр хувийн харилцаатай болсон байх төдийгүй... гэсэн ерөнхий агуулгатай.

Энэ бол сэтгүүлчийн нүдээр шинэ цагийн Монголын нийгэм, улстөрийн амьдралыг хараад эмзэглэсэн эмзэглэл мөн юм. Ц.Балдорж агсны үед архины ширээний ард шийддэг улстөр ид хүчээ авч, тэр заримыг нь нүдээр ч үзэж явсан. Тэр үед, тэр цагтаа энэ үйл явдлын шийдэл, дүрүүдийн илэрхийлэл өөрөө хүмүүст нэн хүчтэй хүрч, цочоож, сэтгүүлч Б.Энхцэцэгийн бичсэнээр дараагийн 20 жилдээ сэрүүлэгтэй дарь тавьсан гэж үнэн болов уу.

Ц.Балдорж “Ийм болчихлоо. Ийм юм руу явж байна шүү” гэдгийг яг үнэн мэдрэмжээрээ, “Өнөөдөр” сонины нүүрэн дээр биш уран бүтээлч орчиндоо бичиж үлдээжээ. Тэр монгол хүнийн мөн чанарын эвдрэлийг эр хүнээс ч, эм хүнээс ч, нөхөрлөлөөс ч, настан буурлуудаас ч, бүр хүүхдүүдээс ч олж харсан учраас “Шөнө буусан аадар”-ыг бичжээ.

Харин өнөөдөр найруулагч хэдий зарим өөрчлөлтийг дур мэдэн хийсэн, өөрөө түүнээсээ айж байна хэмээсэн ч бүх зүйл зүгээр л зохион байгуулсан ажил болж таардаг, дүрүүдийн үнэн мөн чанар илчлэгдэхдээ хэтийдтэл өөр хүн болон хувирч, өөрчлөгдөж буй зэрэг зарим хэлбэр нь үзэгчдийн хүлээж авах сэтгэлгээнд хуучирчээ. Энэ бол хоцрогджээ биш хуучирчээ гэсэн үг. Одоо “панаалтай” байх тусмаа л бүтээлээс зай барьдаг хандлага давамгайлж байна. Тийм болохоор үзэгчид огцом хувирал, үсрэлт бүр дээр нь “Өө, арай арай” гэж хэлээд байгаа юм. Гэхдээ, зүгээр л драмын, эмгэнэлт жүжиг болгоод, утга уянга урсгаад хийсэн бол бас тэгж санагдахгүй байж болох юм. Уламжлалт хэлбэрээрээ байсан бол шүү дээ. Харин Э.Ёндоншарав тэрсэлсэн учраас зохиол 20 жилийн дараа үл ойлгогдох, үл үнэлэгдэх эрсдэл улам өндрөө авч, найруулагч өөрөө тэр өндөрт фундаментын хамт зүүгдэх гэж хичээх амаргүй байсан болов уу.

Одоо найруулагч руу.

“Би өөрөө ч айж байна” – Э.Ёндоншарав яг юунаас айв

Э.Ёндоншаравтай ярилцах үеэрээ “Та хэр өөрчлөв?” гэж асуусан юм. Энэ асуулт, хариултыг ярилцлагадаа оруулаагүй. Тэр “Маш бага өөрчилсөн. Өөрчилбөл өөрчилмөөр юмс олон байсан. Гэхдээ Ц.Балдорж саяхны хүн. Хүндэтгэх ёстой зүйл байдаг юм байна. Адаглаад охин нь ирж үзнэ, өчнөөн олон найзууд нь байгаа” гэж хариулсан.

Жүжиг эхэллээ, Э.Ёндоншарав тайзан дээр үзэгчид рүү урт гэгч хөлөө унжуулан сууж байгаад “Зохиол дээр хоёр давхар байшин гэж байна, энд алга. Буйдан гэж байна, алга. Гэх мэтээр явбал аль нь ч байхгүй болчхож мэдэхээр байна, би өөрөө сүүлдээ айж байна” гэлээ. Тэр “Өөрчилсөн шүү” гэдгээ л хэлээд байгаа байх. Энэ яах вэ, ажлаа хийж явсан зүйл зүйлийн үзэгчдэд бол нэг их хүртээлгүй. Харин өмнөх тавилтад ажилласан ахмад уран бүтээлчдэд болон Ц.Балдоржийг мэдэх хүмүүст хандаж хэлсэн, өөрийгөө ойлгуулах гэсэн үг болов уу.

Харин тэр үүнээс айх хүн биш. Тэгвэл юунаас айв. Энэ бол өөрийнхөө өмнө бүтэлгүйтлээс айх айдас байх магадтай. Учир нь, өмнөхөн хэлсэн шиг “Шөнө буусан аадар”-ыг “Шөнө амталсан нулимс”-аар нь (Аадрыг нулимс болгоход өнгө аяс нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ, яг түүн шиг) тавьж, уламжлалт драм хийсэн бол харин эсрэгээрээ, бүтэлгүйтэх магадлал бага байх байсан. Гэтэл эхнээсээ гольфийн талбай дээр найруулагч алхаж яваад өөрөө Төмөртэй таарч, “Та Энхээгийн төрсөн өдөрт яваад дэмий байх шүү” гэж захиад эхэлмэгц л үзэгчид цоо шинэ юм хүлээчихсэн. “Алсан” юм хүлээчихсэн. Гэтэл үйл явдал нь орооцолдоод, солонгос драм шиг болоод ирэхээр зөрчилд орсон. Тэгээд ойлгохоо больж, дургүй нь хүрч, босож хараймаар болж (нээлтийн үзвэр гэхэд завсарлагааны үеэр олон хүн хувцсаа аваад явсан), эсвэл огт залхуу нь хүрч суусан. Тэгэхээр ийм зөрчил рүү үзэгчдийг аваачих вий, бүтээлд нь хэлбэр ба агуулгын үл нийцэх байдал үүсэх вий гэдгээс л Э.Ёндоншарав айсан болов уу.

Э.Ёндоншарав өөрийн хэв маягийг эрж хайж буй шинэ цагийн найруулагч. Хэдий “Мөрөөдлийн театр”-ынхан түүнд санал тавьсан ч тэр өөрийнхөөрөө л хийнэ. Учир нь түүнийг “Сычуанийн сайн хүн”-ийг тавьсан шигээ, энэ жүжгийг цоо шинээр нээгээд өгөөч гэж хүсээд л санал тавьсан байж таарна. Тийм учраас тэр өөрийнхөө онцлогоор ажиллах нь мэдээж. Тэгэхээр “Шөнө буусан аадар” дээр их л төвөгтэй юм болж дээ. Зохиолч, найруулагч хоёр нэг бол нэгэн цагт, эс бөгөөд 100-гаар тоологдох удаан хугацааны наана, цаана амьдарч гэмээнэ уран бүтээл төрдөг юм болов уу?

Гэхдээ өөрчлөлтүүд нь гарцаагүй байсан. Охин аавынхаа найзтай унтсан байдаг бол хүү болж хувирсан. Төмөр найзынхаа хүүтэй “бавалцсан” болж таардаг (энэ үгийг дүр өөрөө хэлсэн юм шүү). Энэ нөгөө, хүнийг цочоож, өнөө цагийн хүний мөн чанарыг эргэн нэг харахад хүргэх ёстой хурц, орооцолдсон үйл явдлуудын хүчийг нэмж, 20 жилийн хойно авчирч тавьж буй хэлбэр мөн, эсвэл оролдлого мөн. Цаг үеийн шаардлага. Гэхдээ гей хүн хүйсээ солиулна гэж боддоггүй, бас дуртай үедээ бэлгийн чиг хандлагаа өөрчилчхөж чаддаггүй гэдгийг 20 жилийн хойно хүлээн зөвшөөрцгөөж байхад “Шөнө буусан аадар” дээр нэг тиймэрхүү юм болох нь ч болсон. Гар утсанд донтсон, гэр бүлтэйгээ ярилцдаггүй, ганцаардмал хүүг хэлд оруулахдаа харин тэр яг цаг үеэ мэдэрч чадсан шүү.

Тэгээд тайз засалт байна. Зохиолын өөрийнх нь хоржоонтой ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг, гэр бүл дотор зохион байгуулалттай нэг юм өрнүүлээд, түүнийг нь алсаас хэн нэгэн үзээд бах тав нь ханаад ч байгаа юм шиг уур амьсгалыг найруулагч тайзыг тэгж абсурд зассанаараа л бүрдүүлжээ.

Хүү реп хийх давгүй байсан байх. Харин орос эмэгтэй Adele-ийн дуу дуулах хэсэг ёстой хэнд ч хэрэггүй, ямар ч авцалдаагүй, үнэлэмж шууд доош татсан санагдаж буйг энд тэмдэглэж үлдээгээд, жүжигчид рүү оръё.

Хайр хүрмээр, тэвэрмээр хандлага

Анх бэлтгэл эхлээд удаагүй байхад нь Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайтай уулзаж, ярилцсанаар л уран бүтээлчдийн хайр хүрмээр, тэвэрмээр хандлагыг мэдэрч эхэлсэн билээ. Г.Мягмарнаран театрын шинэчлэл, сэвэлзсэн шинэ салхийн талаар ярьж, түүнийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн гэдгээ мэдэгдэж байв. Энэ үеэр Г.Алтаншагай, Л.Сөрөлт, Г.Эрхэмбаяр нар клипний зураг авалтыг хянаж байсан. МУГЖ Д.Ганцэцэг цангинатал инээгээд, гүйж байсан.

Жүжиг нээх үеэр тэр мэдрэмж улам нэмэгдсэн юм. Учир нь жүжгийн дуу дуулагдаж байх үеэр Л.Сөрөлт алгаа хавсарч, хуруунуудынхаа нийлсэн үзүүрийг уруулдаа хүргэж, хачин автсан, сэтгэл догдолсон, сандарсан, эсвэл зохиолынхоо агуулгыг санаад хямарсан, ямартай ч их л сонин орчинд орсон байртай дуулж, займчиж байлаа. Хошин урлагийн продакшнд олон жил ажилласан Л.Сөрөлтийг жүжгийн өмнө ийм биеийн хэлэмж үзүүлнэ гэж огт санаагүй. Түүний хажууд Г.Эрхэмбаяр зогсож байсан. Инээгээд л зогсож байгаа хүн боловч түүний нүднээс сандрал ч юм уу эргэлзээ харагдаад байсан. Г.Алтаншагай бүх юм нь ил, үүгээр түүгээр дүүлээд л.

Жүжгийн үеэр мэдээж анаж байсан юм бол, “Тэд хошин тайзан дээр зогсож сурсан маньераа хадгалах нь уу, өөрчилж чадах нь уу” байсан билээ. Гэтэл Л.Сөрөлт хэчнээн ижил хүйстэн болж, зальхай авирлаж, уруулаа будаж байгаа боловч хөлийнх нь тавилтаас ч хошин шог олж хараагүй ээ. Түүнийг хүүгийн хувиар Төмөр лүү агсарч эхлэх эхний үес нь шууд сэтгэлд хүрээд байсан. Тэр яг бодит байж чадсан. Тавилт бүр дээр ийм хийгүй, мэргэжлийн драмын жүжигчин шиг байгаасай. "Хошин шогийн жүжгээ хийж байгаа юм шиг л зогсоно лээ" гэж бодох боломжийг нэг ч өдрийн тоглолтод бүү бий болгоосой.

Г.Эрхэмбаярыг ч үүний ижил дүгнэж болно. Г.Алтаншагай харин сүүл хэсэгт Тэрбишийн дүрээр орж ирэхдээ арай залуу, арай томоогүй, арай эргэлзээ дүүрэн дүрийг үзүүлчих шиг болсон. Гэхдээ л алхаа гишгээ, харц, сандал татаж авчраад тавьж буй зэрэг нь ер хийгүй, шууд зүрхэнд хүрэхээр, хүчтэй байлаа. Үнэн байсан учраас хүчтэй байсан. Бас төгсгөлд нь тэд 2004 оны тавилтад ажилласан уран бүтээлчдээ үзэгчдийн суудлаас хүндэтгэж байсан нь заавал бичиж, тэмдэглэм сайхан хандлага юм.

Өөрөөр хэлбэл “Мөрөөдлийн театр”-ынхныг жүжигт ингэж тоглоно, уран бүтээлд ингэж хандана гэж ер бодож явсангүй. Тэд сайн багшийн сайн суурьтай уран бүтээлчид юм байна. Ийм байгаад нь баяр хүргэе!

Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай зүгээр л байгаагаараа тэнд дүрийг бүтээж байв. Харин Соёлын төв өргөө микрофоноо янзалж, тэр хүний үгийг, үгээ хуваарилж буй нюансыг үзэгчдэд илүү сайн сонсуулах ёстой шүү.

Гавьяат Д.Ганцэцэг дүр ямар гарах ёстой, яг түүгээр нь гаргасан мэт бүтэн, өөгүй мэдрэмж төрүүлсэн. Түүний яг юуг өөлөх боломжтой байсан бэ! Жүжгийн туршид дүр бүр л унаж боссон. Тэр бүгдэд эхэнд байсан А дүр төгсгөлдөө Б болоод хувчирчих шиг санагдсан нь хэд хэд. Харин Д.Ганцэцэг Энхээгийн дүр дээр ажиллахдаа, сэтгэл зүйн зөрчилд орж, өөрөө өөрийгөө танихаа байж, онхи ондоо зан араншин гаргаж, хэдэн хоромд хэдэн удаа өөрчлөгдөж байгаатай нь хамт, өөрөөр хэлбэл сэтгэл доторхыг нь хүртэл хамт бүтээчихжээ. Энхээ төдий биш, өөрөө өөрийгөө танихаа байсан Энхээ. Гэхдээ гаднаасаа Энхээ гэж харагдсаар байх болно. Энд жүжигчний нарийн ур, туршлага хэрэгтэй биз ээ.

Ерөөс тайзан дээр тусдаа нэг амьдрал өрнөж, түүнийг нь үзэгчид хөндлөнгөөс харж байгаа гэх юм бол, "Энд амьдрал байна, хөөх, биднийг харахгүй байгаа юм байх даа" гэж дуу алдталаа үнэмшим бодит байдлыг Д.Ганцэцэгийн тайзан дээр тасралтгүй амьдарч, унан тусаж, хашгирч, чарлаж, инээж, уйлж буй нь хамгийн ихээр бий болгож байлаа.

Театрын шинэчлэл бүрд хамт байгаа танд баярлалаа.

20 жилийн өөрчлөлт

Эцэст нь Ц.Балдорж агсны жүжиг 20 жилийн хойно шинэ салхи сэвэлзэж буйн баталгаа болчихлоо. Үе солигдсоныг, үзэгчдийн сэтгэлгээ өөрчлөгдсөнийг, шинэ хүмүүс гарч ирж буйг, мөртлөө сэдэв хуучраагүйг харууллаа. 20 жилийн өмнөх, дараахыг өдгөө холбон уулзуулснаар тэмдэглүүштэй үйл явдал тохиолоо.

Харин ямар нэг айдас одоо ч Э.Ёндоншаравт байгаа болов уу.

Г.Мягмарнаран гуайд ч байна билээ. “Олон гарамгүй л санагдаж байна” гэж тэр жүжгийн дараа үг хэлсэн юм.

Үзэгч та өөрийн бие, сэтгэлээр л таашаана уу. Тэд айх хэрэгтэй эсэхийг бодолцож үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
baбыб
baбыб
3 сар 5, 2023 17:40

Ямар утга авц�##�даагүй бичвэр вэ. Уг нт Тэнгисийг үнэлээд өмнө нийтлэлүүдийн уншдаг байлаа ЭНЭ бичивэр арай бишээ.

Нямаа
Нямаа
3 сар 9, 2023 07:27

Маш сонирхолтой дүгнэлт

ринчинболд
ринчинболд
3 сар 11, 2023 19:25

Ц.Б�##�дорж ямар гээчийн утга учиргүй бодитоор байж боломгүй хачин ёс суртахуун зан заншилд байгаагүй хачин зохиол бичиж үлдээсэн юм,Зохиолыг жүжиг болгож найруулсан Ёндоншарав нь яасан ч болхи,гол дүрүүдэд нь хэдэн �##�иа с�##�бадай нар тоглож нүүр амаа янз бүрээр будаж үрчийж арчийж,орилж чар�##�ж хүн инээлгэх гэсэн ядарсан үзүүлбэрүүд нь үзэгчдийг з�##�хааж энэ бүхнийг бичсэн Тэнгис хэмээх сэтгүүлч ёстой жинхнээсээ г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл бичжээ.Гайх�##�тай урлаг их "хөгжжээ"

Холбоотой мэдээ

Back to top button