Трампын эхний 100 хоног: Дэлхийн дэг журмыг өөрчилсөн алхмууд

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сарын 20-нд албан тушаалаа хүлээн авч, хоёр дахь бүрэн эрхийнх нь эхний 100 хоног эхэлсэн. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний 100 хоног нь Франклин Д.Рузвелтийн анхны бүрэн эрхийн үед ач холбогдолтой болсон байна. Одоо эхний 100 хоногийг ерөнхийлөгчийн амжилтыг тодорхойлох үзүүлэлт хэлбэрээр ашигладаг болсон.
Трампын хоёр дахь бүрэн эрхийн эхний 100 хоног ихээхэн дуулиантай өнгөрлөө. Тэрбээр дэлхийд урьд өмнө нь үзэгдэж байгаагүй хэмжээний олон улсын худалдааны дайныг эхлүүлж, АНУ-ын гаднын орнуудад олгодог тусламжийг царцаан, ДЭМБ, Парисын гэрээ гэх мэт олон улсын нийгэмлэгүүдээс улсаа татсан. Трамп АНУ-ын Украины дайны асуудлаарх бодлогыг тэр чигт нь өөрчилж, НАТО-гийн холбоотнуудаа сандарган Москвад ээлтэй алхмууд хийгээд байгаа. Дээрээс нь Гринландыг улсдаа нэгтгэж, Канадыг 51 дэх мужаа болгон, Панамын сувгийг эргүүлэн АНУ-ын эзэмшилд авна гэсэн нь барууны орнуудаас шүүмжлэл дагуулсан юм.
Дотооддоо Трамп олон сая хууль бус цагаачийг албадан гаргах ажлыг эхлүүлж, холбооны засгийн газрыг танах эрх мэдлийг Илон Маскт өгч, Харвард, Колумб зэрэг шилдэг их сургуулиудыг бодлогоо өөрчлөхийг шаардан дарамт шахалт үзүүлж, шүүх засаглалтай сөргөлдөж буй. Эхний 100 хоногийн дотор түүний бодлогыг эсэргүүцсэн 200 гаруй зарга шүүх дээр үүссэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Вашингтон босгоход тусалсан дэлхийн дэг журмын заримыг Трамп хоёрдугаар бүрэн эрхийн хугацаандаа өөрчиллөө. Ерөнхийлөгч Роналд Рейган, Жорж Бушийн захиргаанд ажиллаж, Трампын эхний бүрэн хугацаанд Иран, Венесуэлийн асуудал эрхэлсэн тусгай элч байсан Эллиот Абрамс “Одоогийн Трамп найман жилийн өмнөхөөсөө хамаагүй радикал үзэлтэй болсон. Би үнэхээр гайхширсан” гэжээ.

“Америк нэгт” гэх уриатай Трампын мөрийн хөтөлбөр холбоотон орнуудаа холдуулж, дайснуудыг нь зоригжуулж байна. Тэр олон улсыг сандаргасан бодлогоо хэр хол явуулахыг хүсэж байгаа нь томоохон асуулт болж буй. Түүний бодлого болон тодорхой бус байдал нь засгийн газруудыг түгшээж, 2028 онд шинэ ерөнхийлөгч сонгогдлоо ч гэсэн гаднын орнуудыг эргүүлж засахад хялбаргүй алхам хийхэд хүргэсэн.
Ардчилсан болон Бүгд найрамдах намын захиргаа дор Ойрх дорнодын хэлэлцэгчээр ажиллаж байсан Деннис Росс “Дэлхийн үйл явдалд асар их үймээн самуун үүсээд байгааг бид харж байна. Одоо юу өрнөж, дараа нь юу болох талаар хэн ч тодорхой мэдэхгүй” гэж хэлжээ.
Трампын хийсэн алхмуудын үр дүн урт хугацаанд үргэлжилж, арга барилаа зөөлрүүлсэн ч гэсэн засах боломжгүй гэж олон хүн үзэж буй. Тэр хэд хэдэн зүйл дээр аль хэдийн эргэж буцсан байгаа. Тухайлбал гаалийн татвар хэрэгжиж эхлэх өдөр, татвар ногдуулсан бараа бүтээгдэхүүн гэх мэт зүйлсэд Трамп өөрчлөлт оруулсан.
Гэхдээ Трамп бодлогодоо томоохон өөрчлөлт хийх магадлал бага гэж хүмүүс үзэж буй. Ийм учир улс орнууд АНУ-тай харилцах харилцаандаа байнгын өөрчлөлт гаргана гэж шинжээчид үзэж байгаа юм. Зарим орнууд аль хэдийн өөрчлөлт хийж эхэлжээ.
Жишээлбэл зарим Европын орнууд АНУ-аас зэвсгийн тал дээр хамааралтай байдлаа багасгахын тулд батлан хамгаалахын үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр зорьж байгаа. Мөн БНСУ-д өөрсдийн гэсэн цөмийн зэвсэг хөгжүүлэх тухай мэтгэлцээн сүүлийн үед хүч авах болсон. Канад эдийн засгийн хувьд АНУ-аас хамааралтай байдлаа бууруулахын тулд шинэ газрын тосны хоолой барихыг улстөрчид нь уриалж байгаа. Дээрээс нь Канад эдийн засгийн хувьд Европтой илүү холбоотой болохыг зорьж байна.
Мөн Трампын бодлогууд АНУ-ын холбоотнуудыг эдийн засгийн хувьд БНХАУ-тай ойртоход хүргэж болзошгүй гэсэн таамаг дэвшээд буй. Энэ завшааныг ашиглан Трампын худалдааны арга барилд дээрэлхүүлж буй улс орнуудад Бээжин өөрсдийгөө шийдэл мэтээр сурталчилж эхэлсэн. Мөн БНХАУ АНУ гадаад тусламжаа зогсоосон үед гарсан орон зайг нөхөж, нөлөөллөө нэмэгдүүлэхээр эрмэлзэж буй.
Цагаан ордон Трамп АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэх яриаг няцааж, Жо Байдены дэлхийн тавцан дахь унхиагүй манлайллыг цэвэрлэх шаардлагатай байгаа гэсэн юм.
Ирэх 100 хоног
Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ нэмж олон алхам хийнэ, тэсрэх бөмбөг мэт бодлогууд байгаа гэсэн байна. Тэдгээр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэх тушаал ашиглана гэж тэр албан тушаалтан хэлсэн юм. АНУ-ын түүхэнд гүйцэтгэх тушаалыг онц ноцтой үед л хэрэглэдэг байсан бол Франклин Рузвельтийн үеэс гүйцэтгэх тушаалыг их хэмжээгээр ашиглах болсон. Жорж Буш жилдээ дунджаар 41, Билл Клинтон 45, Барак Обама 34, Жо Байден 40 гүйцэтгэх тушаал гаргадаг байсан юм. Харин Трамп одоогийн байдлаар 139 гүйцэтгэх тушаал зуржээ. Нэрээ нууцалсан Цагаан ордны албан тушаалтан хэлэхдээ гүйцэтгэх тушаалууд яг л уулын уруу уруудаж буй цасан бөмбөг шиг үргэлжлэх болно хэмээсэн юм.
Тэр албан тушаалтан хэлэхдээ Трамп зарим орны иргэд АНУ-руу зорчихыг хориглохоор ажиллаж байгаа гэжээ. Өөр нэгэн албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ Трамп дараагийн 100 хоног худалдааны гэрээ болон энхийн тохиролцоонд анхаарч ажиллана гэсэн байна. Трампын захиргаа долоодугаар сараас өмнө худалдааны олон арван түнштэйгээ тохиролцоонд хүрэх зорилготой байгаа. Гэхдээ мэргэжилтнүүд ийм хугацаанд олон оронтой тохиролцоонд хүрэх магадлал маш бага гэж үзэж буй. Одоогийн байдлаар тэр нэг ч худалдааны тохиролцоонд хүрээгүй байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хошного Трамп