НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол кинонд 2 тэрбум төгрөг харамлаж, соёлын төвд 340 тэрбумыг төсөвлөв

Монголын кино урлагийг дэмжих сангийн 2027 оны төсөвт тусгасан хоёр тэрбум төгрөгийг бүхэлд нь хассан атлаа сумдын соёлын төв, спорт заал барих 78 төсөлд 340 тэрбум төгрөг төсөвлөжээ. Соёлын салбарт барилга байгууламж барихад ийм хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн хэрнээ тэдгээр төвөөр дамжуулан түгээх үндэсний кино, урлагийн бүтээлийг санхүүжүүлэх мөнгийг танасан нь төрийн соёлын бодлогын уялдаа, тэргүүлэх чиглэлийн талаар асуулт дагуулж байна.

Найруулагч Ц.Хүсэлбаатар энэ асуудлыг шүүмжилж, Монголын кино урлагийг дэмжихэд 660 сая төгрөг төсөвлөсөн атлаа сумдын соёлын төвүүдэд 340 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг онцолсон юм. Түүний үзэж буйгаар кино урлаг бол зөвхөн үзвэр үйлчилгээ бус, үндэсний өв соёл, түүх, хэл, амьдралын онцлогийг дэлгэцээр дамжуулан хойч үедээ өвлүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах чухал хэрэгсэл юм.

Үнэхээр ч соёлын төв барих нь соёлын бодлогын зөвхөн нэг хэсэг. Харин тэнд тоглох жүжиг, үзүүлэх кино, зохион байгуулах урлагийн арга хэмжээ, ажиллах уран бүтээлч байхгүй бол хэдэн зуун тэрбумын хөрөнгө оруулалттай барилга ч эзгүй хоосон байгууламж болон үлдэх эрсдэлтэй.

Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилт сүүлийн хоёр жил дараалан танагдсан байна. 2026 оны төсвийн тодотголоор тус санд төсөвлөсөн дөрвөн тэрбум төгрөгөөс 3.3 тэрбумыг хасаж, 700 орчим сая төгрөг үлдээжээ. Үүний улмаас хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар шалгарсан уран бүтээлчдийн зарим нь санхүүжилтээ авч чадахгүй, бүтээлээ хийх төлөвлөгөө нь хойшлох нөхцөл үүссэн байна. Харин 2027 оны төсөвт тусгасан хоёр тэрбум төгрөгийг бүхэлд нь хасаж, яамны урсгал зардалд байсан соёл, урлагийг хөгжүүлэх 899 сая төгрөгийг ч танасан аж.

Энэ нь зөвхөн кино уран бүтээлчдийн санхүүжилтийн асуудал биш. Нэг кино бүтэхэд зохиолч, найруулагч, жүжигчин, зураглаач, гэрэлтүүлэгч, дууны инженер, зураач, нүүр хувиргагч гээд олон хүний хөдөлмөр шингэдэг. Үүнээс гадна тээвэр, хоол, байр, тоног төхөөрөмжийн түрээс, эвлүүлэг, компьютер график зэрэг олон салбарын бизнес, ажлын байрыг давхар дэмждэг бүтээлч үйлдвэрлэл юм.

Кино урлагийг зөвхөн тасалбарын орлогоор хэмжих боломжгүй. Ялангуяа хүүхдийн кино, түүхэн болон баримтат бүтээл, үндэсний өв соёлыг харуулсан уран бүтээлүүд нь арилжааны ашиг гэхээс илүү нийгэм, соёлын үнэ цэн бүтээдэг. Монголчуудын амьдрал, түүх, зан заншил, байгаль, өв уламжлалыг дэлгэцээр үлдээх нь ирээдүй хойчдоо үлдээж буй оюуны өв юм.

Найруулагч, жүжигчин Ц.Хүсэлбаатарын дурдсан нэг жишээ анхаарал татахаар байна. Тэрбээр 2023-2025 онд Кино урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа санд өмнө нь төвлөрсөн 2.5 тэрбум төгрөгийн хүрээнд уран бүтээлчдийг дэмжиж ажилласан бөгөөд “Сэр сэр салхи”, “Цагаан хадны өнгө”, “Зогсоол”, “Ханын зураг” зэрэг олон улсын кино наадмуудад Монголын нэрийг гаргасан бүтээлүүд тус сангийн дэмжлэгээр төрсөн гэж мэдээлжээ. Энэ нь харьцангуй бага хэмжээний санхүүжилтээр ч олон улсын түвшинд өрсөлдөх бүтээл бий болгох боломж байдгийг харуулж байна.

Мэдээж улсын төсвөөс кино урлагт мөнгө хуваарилахдаа хяналт, шалгуур, хариуцлагыг орхигдуулж болохгүй. Ямар бүтээлийг ямар үндэслэлээр сонгосон, хэдий хэмжээний санхүүжилт олгосон, бүтээл нь ямар үр дүн гаргасан зэргийг олон нийтэд ил тод тайлагнах шаардлагатай. Төрийн дэмжлэг нэрээр чанаргүй бүтээлд мөнгө зарцуулах нь зөвтгөгдөхгүй. Гэхдээ хяналтгүй санхүүжилт байж болохгүй гэдэг нь санхүүжилтийг бүхэлд нь танах үндэслэл биш юм.

Өнөөдөр бид сум бүрд соёлын төв барих тухай ярьж байна. Гэвч тэдгээр төвд үзүүлэх Монгол кино, хүргэх урлагийн бүтээл, ажиллах уран бүтээлчдийг хэрхэн дэмжих вэ гэдэг асуулт хариултгүй үлдэж байна. Соёлын төвийн барилгыг барихад 340 тэрбум төгрөг төсөвлөж болох атлаа үндэсний кино урлагт хоёр тэрбум төгрөг гаргах боломжгүй байна гэдэг нь хөрөнгө мөнгөний асуудлаас илүү төсвийн тэргүүлэх чиглэлийн тухай асуудал юм.

Улс орны хөгжил зөвхөн барьсан барилга, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, малын тоогоор хэмжигдэхгүй. Өөрийн түүхээ өгүүлдэг, соёлоо бүтээдэг, дэлхийд өөрийн гэсэн дүр төрхөө харуулж чаддаг байх нь ч хөгжлийн нэг хэмжүүр. Тиймээс соёлын төв барих, кино урлагийг дэмжих хоёр нь хоорондоо өрсөлдөх бус, нэг бодлогын салшгүй хэсэг байх учиртай.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Sum bvriin soyoliin tөwd bair barina geed 340 terbum tsatsaj baihaar yaj kinog ni demjhee bodmoor yum

Зочин
Зочин

Baishin saw baritsgaaj mungugaar togloj baigaa ene tur засгийнханд хэлэх үг алга аа

Зочин
Зочин

Kino urlagaa demjihgui bj ymar turin soyoliin bodlogo yriad bgan bee

Зочин
Зочин

340 terbum gej baahan shashir tawij baigaa ym chin tsever l idej uuh arga shd

Зочин
Зочин

Hvslelbaatar nariin ugsun shvvmllel unendee zow shu, baishin l bwal bolchihdog ymuu

Зочин
Зочин

Tөw sumuudend barisan soyoliin tөw ni dotrooo yu ch ugui ezgui hooson baishin l bolno doo

Зочин
Зочин

Mongol kino chin dahiad l mungu uguhguigeer dahij uldehgui boloh n ee

Зочин
Зочин

Uls orniihoo neriig gargaad ywj bsan kinoo hurtel mungugui bolgoj baihaar yaj dahiad ur бүтээл tordoh be

Зочин
Зочин

Buh yumand baishingaar bish tolgoigooro ajillaj surmaar yum, ymar uls turchid wэ

Зочин
Зочин

Zuvhun baishin barisan ni hugjil bish sh dee, оюуны соёлоо мартаж baigaa ni emgeneltai

Зочин
Зочин

Gadaadad unelgegdsen mongol kinoo hurtel mongoldoo uneltsgeed baihaar yaj urjij uldehiin

Зочин
Зочин

Hvnii nudend haragdaj baigaa bolgoj baishingaar l tusuw baigaa n unendee gutarmaar bna

Зочин
Зочин

Tөswiin turguuleh chiglel ni buruu zujig tawij bgaa yum shig l sanagdah yum

Зочин
Зочин

Ymar neg baishin barina l gej bwal hamgiin turuund zardal gargaad baidag gaj gawtarsan garuud

Зочин
Зочин

Sudalgaa shinjilgee alga, bas l darga nariin hajuud durlasan shashir bna daa

Зочин
Зочин

340 terbumaar bayar temdeglej baigaa ym shig l munguu salhind hiisgej baigaa n todorhoi bn

Холбоотой мэдээ

Back to top button