ДЭЛХИЙНИЙГЭМ

Зуршил боловч бүдүүлэг зан: Олны дунд биеэ хэрхэн зөв авч явах вэ

Заримдаа огт тоож, анзаардаггүй ямар нэг аар саар үйлдэл таны талаарх сэтгэгдэлийг нэгмөсөн өөрчлөх тохиолдол цөөнгүй бий.  Энэ бол хачин жигтэй зуршил, бүдүүлэг зан төрхийг хэлж байгаа юм.

Магадгүй, өөрийнхөө эвгүй хөдөлгөөн, (дур гутмаар) үйлдлээс болоод бусдад таагүй сэтгэгдэл төрүүлсэн гэдгээ анзааралгүй өнгөрдөг байж болох юм. Ямар ч муу зүйл хийгээгүй ч гэлээ, яагаад ч юм харьцахаас дургүй хүрэх тохиолдол байдаг.

Тиймээс таних, танихгүй хүмүүсийн өмнө эвгүй байдалд орж, нэр хүндээ унагахаас өмнө дараах хэдэн “элементарный” зөвлөгөөг уншаад, дагаж мөрдөхийг хичээгээрэй.

НЭГ. Чангаар олны өмнө найтаах, эвшээх, зогьсох нь маш бүдүүлэг.

Хэрэв та үнэхээр найтаах гээд байвал хуруугаараа хамраа үрээрэй. Эсвэл хоёр хуруугаараа нүднийхээ гол хавьцаа хамраа сайн чимхээд үзээрэй. Энэ арга заримдаа найтаахыг болиулдаг. Гэхдээ найтаах гэсэн үедээ найтааж байх нь эрүүл мэндэд тустай байдаг. Найтаамаар санагдсан үедээ хүмүүсээс уучлалт гуйгаад ариун цэврийн өрөө орж болно. Хэрвээ бүр ингэх боломжгүй тохиолдолд алчуураар ам хамраа дарж байгаад, найтаагаарай. Хамрын алчуур, сальфетка гарын дор байхгүй бол ядахдаа цаашаа харж байгаад найтаагаарай. Харин хүмүүсээс уучлал эрэхээ мартуузай.

Байнга хамраараа оролддог, хамраа хөдөлгөдөг хүмүүс туйлын тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг. Та үнэхээр л хамрын шуухитнаа ч юм уу, хамрын ханиад хүрсэн бол мэдээж санаатай ингээгүйг чинь хүмүүс ойлгоно. Гэхдээ, та тийм тохиолдолд байнга хамраа цэвэрлэж байх хэрэгтэй. Болж өгвөл нэг их чимээ гаргалгүйгээр. Олны өмнө чанга дуугаар, “үнэн сэтгэлээсээ” байдаг чадлаараа нусаа нийх нь маш зохимжгүй, бүдүүлэг зүйл. Энэ тохиолдолд цаашаа харах шаардлагагүй юм.

Ямар ч үед, хаана ч, хэнд ч тохиолдож болох бас нэг эвгүй зүйл бол – зогисох. Зогисохоо болихын тулд дараах аргыг хэрэглээд, туршаад үзээрэй: хуруугаараа хамраа сайн чимхээд, их ус уу – гэхдээ бага багаар тасралтгүй, амьсгаа авалгүйгээр уугаарай. Хэрэв ингээд болохгүй бол, энэ аргыг олон дахин хийгээрэй. Заавал нэмэр болно.

Харин яаж ч болдоггүй нэг зүйл бол – ханиалгах. Ханиалгахдаа харилцагчаасаа бага зэрэг холдож байгаад, амаа гараараа хааж байгаад ханиагаарай. Хэрэв хүчтэй ханиаж байгаа бол заавал амны алчуураар амаа хаагаарай. Ер нь ханиад туссан ч бай, тусаагүй ч бай хүн болгон дор хаяж амны нэг алчууртай, эсвэл салфетка биедээ авч занших хэрэгтэй.  

ХОЁР. Хамраа ухах, эсвэл хуруугаа амандаа хийгээд шүдээ ухаж байгаа хүн бусдыг үл хүндэтгэсэн, туйлын таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна үнэхээр ой гутмаар харагддаг. Ер нь хувийн ариун цэврийг байнга сахиж, муу зуршлаасаа салахыг хичээх хэрэгтэй.   

ГУРАВ. Маш олон хүмүүс хүнтэй ярьж байхдаа хувцас хунараараа оролддог муу зуршил бас бий: ханцуйгаа янзлах, халаасаа ухах, товчоороо оролдох, хувцасныхаа цахилгааныг дээш нь доош нь болгох гэх мэт. Зарим нь бүр өөрийнхийгөө биш ярьж буй хүнийхээ хувцас хунар, эд хэрэглэлээр оролддог шүү дээ. Өөр бас нэг бүдүүлэг «хувилбар» бий. Тэр нь –  хүнтэй ярьж байхдаа үс гэзгээрээ оролдох, эсвэл хуруугаараа үсээ самнах. Энэ бүх үйлдэл нь хүрээлэн буй бусад хүмүүст маш эвгүй, бүр таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Хүмүүс тэр болгон үүнийгээ хэлээд байдаггүй, дотроо таныг ямар хүн бэ гэдгийг дүгнээд л сууж байгаа хэрэг. Тиймээс та ийм муу зуршилтай байдаг бол аль болох тэрнээсээ салахыг хичээгээрэй. Гэхдээ мэдээж яаж нэг дор бүгдийг нь таягдан хаях билээ. Бага багаар хий. Та хүнтэй ярьж байхдаа гар хуруугаараа оролдмоор санагдаад, байж ядаж байвал халаасандаа ямар нэг зүйл хийгээд, гараа халаасандаа хийгээд тэрийгээ оролд. Гэхдээ үүнийгээ нөгөө хүнд мэдэгдэхгүйгээр хийгээрэй. Гараа завгүй байлгаснаар та бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийж байна аа гэсэн үг.

ДӨРӨВ. Хэрэв та хурууныхаа өндөгөөр, эсвэл хумсаар ширээ, сандал товших, маажих, мөн хумсаа харах муу зуршилтай бол эдгээр зуршлаасаа түргэхэн салах хэрэгтэй. Ялангуяа, хүнтэй ярьж байхдаа хуруу, хумсаа харах нь бусдыг үл тоомсорлосон шинж юм.

ТАВ. Хүнтэй ярьж байхдаа нөгөө хүнийхээ мөрийг алгадах, ханцуйнаас нь зуурах, тохойгоороо ёврох нь бас л таагүй сэтгэгдэл төрүүлэх бүдүүлэг үйлдэл. Хүний биед зөвшөөрөлгүй хүрнэ гэдэг соёлгүйн шинж. Хувцасанд нь наалдсан утас, тоос шороо гэх мэтийг нөгөө хүнээсээ зөвшөөрөл авч байж хүрэх хэрэгтэй.

ЗУРГАА. Ширээний ард суучихаад ширээний бүтээлгээр оролдох, аягаа эргүүлэх, аяга болон халбага, сэрээг хооронд нь харшилдуулан дуугаргах нь бас л бүдүүлэг зан. Ширээний соёлд суралцацгаая.

ДОЛОО. Ном, сэтгүүлийн хуудас гэх мэтийг эргүүлэхдээ хуруугаа шүлсдэх нь бас л маш бүдүүлгийн шинж. Хуудас эргүүлэх болгонд ном ч гэсэн бохирдоно шүү дээ.

НАЙМ. Гутлынхаа тоос шороог (өмдний шуумаг) өмдөндөө арчих нь маш бүдүүлэг, заваан, арчаагүйн илрэл. Ингэх нь хэнд хэрэгтэй юм бэ, өмд чинь ч гэсэн заваан болно шүү дээ. Гутал чинь заваан, тоос шороотой байгааг бусдад харуулахыг хүсэхгүй, таагүй байгаа бол шороотой өмдийг чинь тэд харахгүй өнгөрөөнө гэж үү? Гутлаа байнга сойздон тослож байх нь өмдөндөө арчиснаас хавьгүй дээр гэж зөвлөмөөр байна. Гутлын алчуур авч явсан ч болно шүү дээ. Тэгээд ч гутлаа байнга арчилж цэвэрлэх нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Гутлаа арчилж өмсөх нь гутал удаан элэгддэг юм.

ЕС. Гэрийн хүмүүжил сайтай, соёлч боловсон хүн гадаа гудамжинд хэзээ ч шүлсээ, идсэн чихрийнхээ цаасыг, зажилсан бохио, татсан тамхиныхаа ишийг хаядаггүй. Зарим улс оронд гудамж талбайд хог хаях, шүлсээ хаяхад өндөр хэмжээний торгууль оногдуулдаг шүү дээ.

АРАВ. Гадаа гудамжинд явж байхдаа юм идэж, уух нь тийм ч таатай зүйл биш. Ядаж л эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй шүү дээ. Гэхдээ зайрмаг, шоколад бол болно л доо. Заа, тэгээд ялангуяа нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа идэж, ууна гэдэг ёстой бүдүүлэг алхам. Автобус унаа гэнэт тоормозлох тохиолдолд бусдын хувцас хунар, эд зүйлийг бохирдуулбал яана. Олны өмнө биеэ зөв авч явах л хэрэгтэй дээ.

АРВАН НЭГ. Ямар газар вэ гэдгээс үл хамааран хаалгаар орж гарахдаа хаалга үүдээ савчин, чанга хаах нь маш зохимжгүй үйлдэл. Пүрштэй хаалга бол бүүр ч болгоомжтой харьцах хэрэгтэй. Чимээ гаргахгүйн тулд гараараа барьж байгаад аяархан хаах хэрэгтэй.

АРВАН ХОЁР. Аман дотроо байнга бувтнах нь бас л бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Эсвэл үг хэлэх болгондоо араас нь инээх нь эрүүл хүний шинж яавч биш. Бас л муу зуршлын нэг.

АРВАН ГУРАВ. Хэт чанга дуугаар инээх, уйлах нь бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Ялангуяа танихгүй хүмүүсийн дунд. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргана гэдэг тийм ч муугүй зүйл шүү. Гэхдээ л чи ганцаараа биш гэдгээ мартаж болохгүй. Амаа ангайлган инээх нь тийм ч сайхан зүйл биш.

АРВАН ДӨРӨВ. Ямар нэг тодорхой зорилгогүйгээр бусдын гадаад (өмсөж зүүсэн) байдлыг нөгөө хүндээ, ер нь бусдад анзаарагдахаар дээрээс нь доош харах нь таатай зүйл биш.

АРВАН ТАВ. Хүний нүд рүү харж ярьдаггүй (нүд нь ийш тийш гүйсэн) эсвэл тас ширтээд салахгүй байх нь нөгөөд хүнд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Хүний нүд рүү харахгүй ярьдаг хүнийг «хулгайч нүдтэй», өөдгүй хүн гэж үзэх нь ч бий. Мөн хүн худлаа ярихдаа хүний нүд рүү хардаггүй ч гэдэг. Нэг заль зааж өгье. Нөгөө хүнийхээ хоёр нүд рүү харж чадахгүй байвал, хамрын хөндөл рүү нь харж байгаарай. Нөгөө хүн чинь үүнийг анзаарахгүй, таныг нүд рүү нь харж байна л гэж бодно.

АРВАН ЗУРГАА. Гадаа гудамжинд танилтайгаа дайралдаад, хаашаа явж байгааг нь асуух тийм ч соёлтой алхам биш. Ялангуяа танил чинь ганцаараа би явж байвал бүүр ч бүдүүлэг зүйл.

АРВАН ДОЛОО. Хоол унд идэж уухдаа чимээ гаргах нь маш бүдүүлэг хүний зан. Ялангуяа, шингэн зүйл уухдаа сорох нь бүр ч бүдүүлэг. Сорж уух нь ходоодонд ч муугаар нөлөөлнө. Ходоод гэдэс чинь хийгээр дүүрнэ. Мөн бохь зажилж байхдаа чанга чанга дуугаргах нь туйлын бүдүүлэг «гудамжны» зан юм.

Даяаршин буй энэ цаг үед суурин соёл иргэншлээс суралцах нь зүйтэй юм. Хүн гэдэг амьтан муу зүйлд амархан дасаж, түүнийг маш хурдан сурдаг шигээ сайн, сайхан өөрт хэрэгтэй зүйлд, арга ухаанд, соёлч боловсон занд аажим аажмаар суралцаж, дэлхийн бусад улс орны олон олон үндэстэн, ястангуудтай хөл нийлүүлэн алхаж, арагшаа биш урагшаа хөгжих цаг нь ирсэн.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
7 сар 10, 2021 18:19

Bugdeeree mongol hunii esreg zuil baina. Mongol hun uuniig murdvul nar baruunaas garna.

Zochin
Zochin
7 сар 11, 2021 00:14

Odoo niigemshih heregtei

zochin
zochin
3 сар 21, 2024 14:00
Reply to  Zochin

tim shuu

Холбоотой мэдээ

Back to top button