НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Х.Цагаанбаатарын “Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ” номыг таван орны хэлээр хэвлүүлнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, жүдо бөхийн анхны дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар “Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ” номоо өлгийдөн авч, өнөөдөр нээлтийг нь хийлээ. Монголын спортын тэр тусмаа жүдогийн түүхэнд олон, олон бахдам амжилтын эзэн тэрбээр номоо өнөөдөр нээсэн нь учиртай. Өнөөдөр Олон улсын жүдогийн өдөр тохиож байгаа билээ.

Номын нээлтэд УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат, үндэсний бөхийн улсын аварга С.Мөнхбат, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй алдартнууд, спортын хүрээнийхэн хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Эл төслийг Олон улсын зохицуулагч Б.Батбаатар санаачилж, “Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ”-ийг спортын сэтгүүлч Г.Баярсайхан бичин, спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат зөвлөж, Б.Батсайхан редакторлан, дизайнераар нь Э.Билгүүн-Оргил ажиллажээ.

Х.ЦАГААНБААТАР: АНХНЫ НОМОО ГАРГААД СЭТГЭЛ ИХ ХӨДӨЛЖ БАЙНА

Номынхоо нээлтийн үеэр Х.Цагаанбаатар “Ялалт, ялагдлын бүхий л цаг үед надтай хамт байж, намайг түшдэг, хурцалдаг монгол түмэндээ баярлалаа. Энэ сайхан Монгол орондоо монгол хүн болон мэндэлж, ийм амжилт гаргаад өнөөдөр номынхоо нээлтийг хийгээд зогсож буйдаа баяртай байна. Анхны номоо гаргаад сэтгэл их хөдөлж байна. Тамирчин бүхэн амжилт гарган, эх орныхоо төрийн дууллыг ямагт эгшиглүүлэхийн төлөө зүтгэдэг. Энэ олон тамирчин дундаас онцгойрч, өндөр амжилт гаргахын тулд тэднээс хэд дахин илүү хөдөлмөрлөж, хичээх шаардлагатай. Тиймээс надад шантрах, нэг өдрийн ч бэлтгэлээ алгуурлах эрх байгаагүй. Шүд зуугаад л хичээсэн, амжилтаа улам ахиулахын төлөө зүтгэсэн он жилүүд байлаа.

 Их спортоор хичээллэсэн, амжилтын төлөө зүтгэсэн 28 жилийнхээ түүхийг, ялаад баярласан, дийлдээд харууссан гээд амьдралын минь бүхий л үе энэ номонд бий” гэлээ.

Н.ЦЭРЭНБАТ: ЭЛ НОМООС ОЛОН ХҮН УРАМ АВЧ, ЦАГААНААГААС ҮЛГЭРЛЭЭСЭЙ

Н.Цэрэнбат “Х.Цагаанбаатарын 28 жилийн амжилт, амьдралын замналыг бүтээлцсэн монгол түмэндээ баярлалаа. Энэ номыг уншсан олон, олон хүн, жүдочид урам зориг аваасай. Бид өнөөдөр бизнес хийхэд хэцүү байна, цар тахлын нөхцөл байдал хүнд байна гээд байгаа. Х.Цагаанбаатар амжилтын төлөө хэрхэн зүтгэж, яаж хөдөлмөрлөсний дэргэд юу ч биш. Олон, олон хүүхэд Цагаанаагаас үлгэрлээсэй. Монголын ирээдүйд хөрөнгө оруулсан, урам хайрласан ном гаргасанд нь баярлалаа. Амжилт хүсье” гэв.

 “Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ” номыг жүдо өндөр хөгжсөн орнууд болох БНСУ, Япон, Англи, ОХУ, Франц хэлээр орчуулахаар төлөвлөсөн талаар Төслийг санаачлагч Б.Батбаатар онцолсон юм. Үүний хүрээнд эхний ээлжинд 2022 оны эхээр Япон хэлээр хэвлүүлэхээр төлөвлөжээ.

Г.БАЯРСАЙХАН: НОМЫГ НЬ БИЧИХ ЯВЦДАА ЦАГААНАА ХЭЧНЭЭН ХӨДӨЛМӨРЧ, ЭРЧ ХҮЧТЭЙГ БҮР ИХ АНЗААРЛАА

Шинэ бүтээлийнхээ талаар спортын сэтгүүлч Г.Баярсайхан “Миний бичсэн анхны ном маань “Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ”. Найз, спортын сэтгүүлч С.Шижирбат маань надад санал тавихад нь “Ийм том тамирчны номыг бичиж чадах болов уу, яах бол” гэж эргэлзэж байлаа. “Юуны төлөө би “Таван цагариг” сонинд 10-аад жил ажиллан, олон мундаг сэтгүүлчээр юу заалгасан билээ. Тэрийгээ одоо сориод үзэхэд яагаад болохгүй гэж” хэмээн бодож, бичихээр шийдсэн.

Энэ номыг бичихэд гурван жил шахам хугацааг зарцууллаа. Цагаанбаатарын амьдрал их сонирхолтой, туулсан замнал нь баялаг, арвин. Тэр бүхэн нь эл бүтээлд орсноороо хүн бүхэн шимтэн унших, сонирхох ном болсон болов уу гэж бодож байна, бичсэн хүний хувьд хэлэхэд. Спорт, жүдо огт мэддэгүй хүн, бүхий л насныхан энэ номыг уншихад сонирхолтой, ойлгомжтой.

Би “Таван цагариг” сонинд ажиллаж байхдаа Х.Цагаанбаатартай ярилцлага хийж байсан, нэгнээ сайн мэднэ. Ном хамтраад хийсэн хугацаанд хувь хүн талаас нь илүү сайн анзаарлаа. Цагаанаа хэзээ ч зүгээр суудаггүй, хөдөлмөрч, эрч хүчтэй юм байна. Надтай ном хийхийн хажуугаар жүдогийн академи нээхээс авхуулаад хэчнээн их ажил амжуулав.

“Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ” номыг жүдо өндөр хөгжсөн хэд хэдэн оронд гаргах төлөвлөгөө бий. Цагаанбаатар дэлхийн бөх. Түүнийг мэддэг, сонирхдог, судалдаг хүн маш олон. Тадахира Номүра, Шохэй Оно, Эбинүма нартай хэрхэн өрсөлдөж, яаж барилдаж явсан тухай дурсамжаа эл номонд нэлээд дэлгэрэнгүй оруулсан. Тэгэхээр зөвхөн үүнийг л гэхэд япончууд яаж сонирхох нь мэдээж.

Х.Цагаанбаатар бэлтгэлдээ явахын тулд өдөр бүхэн нэг талдаа долоон км гүйж, эгэл боргил амьдралаас яаж амжилтад хүрсэн түүх япончуудад гэлтгүй бүхий л орны спорт сонирхогчдод, тамирчдад сонирхолтой.

Үүний сацуу төслийн хүрээнд гадаадад амьдарч буй монголчууддаа зориулан “Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ” номыг цахим хэлбэрээр унших боломжийг бүрдүүлнэ” гэлээ.

“Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ” ном зөвхөн Х.Цагаанбаатарын амжилт, амьдрал, ялалт, ялагдлын тухай бус Монголын жүдочдын амжилтын нууц, тамирчин хүн хэрхэн хөдөлмөрлөн, зүтгэж, ямар их золиос гарган байж амжилтад хүрдгийг харуулсан бүтээл болсныг спортын хүрээнийхэн онцолж байлаа. Ялангуяа монгол жүдочдын амжилт, амьдралын талаар ихээхэн сонирхдог, судалдаг орнуудын, тамирчдын сонирхлыг их татаж, шимтэн унших бүтээл болох мэдээж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button