ЯРИЛЦЛАГА

Г.Эрдэнэбилэг: “Тамгагүй төр” жүжигчинд бяр амтагдуулдаг, өлссөн хүнд хоол шиг амттай, хурц зохиол

Ганболдын Эрдэнэбилэг. Тэр бол Монголоо "үнэртүүлсэн" залуухан жүжигчин, бас кино найруулагч. Баригдаж, тэмтрэгдэхгүй тэр үнэр ярилцлагыг минь уншиж буй таны сэтгэлд түгэх болтугай.

Тэр бол бидний сайн мэдэх “Би чамд хайртай 2” киноны Хангай, “Үргээлэг”-ийн Хангал, “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шанью, “Гамлет” жүжгийн Лаэрт гээд тайз дэлгэцийн олон арван бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн чадварлаг жүжигчин. Мөн “Аав”, “Хийморь” тэргүүтэй дэлгэцийн бүтээл найруулж, олон улсын кино наадмуудад бүтээлээ сойж, чамгүй амжилт үзүүлээд буй.

Тэрбээр одоо УДЭТ-т тавигдаж буй “Тамгагүй төр” жүжигт Арчуг хааны дүрийг бүтээж байгаа юм. Арчуг хааны дүрийг тэртээ 1998 онд Ардын жүжигчин Л.Жамсранжав, 2019 онд дахин тавигдахад  нь МУГЖ Б.Жаргалсайхан бүтээж байсан түүхтэй.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн энэхүү жүжгийн зохиолоо бичихдээ “Арчуг хааны дүрийг Ардын жүжигчин Л. Жамсранжавт зориулав” хэмээн тэмдэглэн үлдээснийг найруулагч Ч. Найдандорж дурссан байдаг. Тайз, дэлгэцийн их мастер ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Л. Жамсранжав гуайг бурхан зүг одоход Б.Лхагвасүрэн гуай  "Тамгагүй төр" жүжиг маань Жамсранжавтай хамт авслагдлаа” хэмээн халаглаж байсан гэдэг.

Өдгөө Арчуг хааны дүрээр УДЭТ-ын тайзнаас орой бүр үзэгчидтэй уулзаж буй Г.Эрдэнэбилэгийн ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

ХҮНИЙ АМЬДРАЛ БОГИНОХОН. ЮМ ХИЙЖ, БҮТЭЭЖ БУЙ ХҮНД БОЛ БҮР Ч БОГИНОХОН

-Таван жилийн дараа театртаа эргэн ирж, алтан тайзныхаа агаарыг амслаа. Юу мэдрэгдэж байх юм?

-Сайхан байна. 1995 онд Соёл урлагийн их сургуульд найруулагч, жүжигчний мэргэжлээр элсэн орж, тайзны бүтээгдэхүүн болох гэж "чанагдсан". Их сургуулиа амжилттай төгсөөд УДЭТ-т орж, тасралтгүй 18 жил олон сайхан жүжгийн гол болоод туслах дүр дээр ажилласан. Сурсан мэдсэн зүйлийнхээ үр шимийг үзмээр санагдаад байсан тул театраасаа таван жил хөндийрсөн. Энэ хугацаанд их олон зүйлийг эргэцүүлэн бодлоо.

Театрыг гаднаас нь хэсэг хугацаанд ажиглалаа, мэдэрлээ. Эргээд тайзан дээр гарах сайхан байна. Хайртай уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн бичсэн “Тамгагүй төр” хэмээх Монголын сонгодог зохиолын нэгэн дүр нь болж, тайзан дээр амьдарч, тоглоно гэдэг хэн бүхэн олдохгүй хувь завшаан. Тэр утгаараа сүрдэж байна. Гэхдээ одоо айж сүрдээд, бодлогошроод суух нас минь биш. Өмнө нь тавигдаж байсан энэхүү уран бүтээлийг өнөөгийн үзэгчдэд дамжуулах гүүр болж буйдаа маш их баяртай байгаа. “Тамгагүй төр” хэзээ ч хуучрахгүй, мөнхийн зохиол гэдэг утгаараа олон сайхан найруулагчид барьж авч, үе үеийн залуучууд болон үзэгчдэд төр гэж чухам юу болохыг, монгол хэл ямар гайхамшигтай, тансаг болохыг ойлгуулна байх.

-Буцаад театрын хэмнэлдээ ороход хэцүү байв уу?

-Кино найруулж, тоглож, ер нь бол өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийж байгаад тайзан дээр гарч байгаа тул төсөөрч, эвгүй санагдсангүй. Жүжигчний мэргэжил цусанд минь буй, тархин дотор буцалж байгаа эрхтэн шиг минь болсон зүйл. Биеийн минь салшгүй нэг хэсэг гэсэн үг.

-Театртаа эргээд ирэхэд хэр их юм өөрчлөгдсөн байна. Эд материал, хүмүүс, үзэл бодол, хандлага гээд зөндөө л юм хэлэх байх...?

-Учиргүй холдож, олон жилийн дараа эх орондоо ирж, элгэн садантайгаа уулзаж буй биш шүү дээ. Театраараа орж, гараад л, найз нөхөдтэйгөө уулзаж, учраад явж байсан болохоор өөрчлөлт, хувирал, том эргэлттэй зүйл мэдэгдэхгүй байна.

Надад юу цочироо өгөөд байна вэ гэхээр, тайзны бүтээлд тоглоогүй байж байгаад ийм том уран бүтээлийн саналыг хүлээн авч, тайзнаа эргэн ирсэн минь л хамгийн том олзуурхууштай, зүйл. Олон сайхан уураг тархитай нэгдэн энэ том уран бүтээл дээр ажиллаж, маш их зүйлийг суралцаж байна. Энэ л миний хувьд маш үнэ цэнтэй, эргэн эрэлт минь.

-...Театрт юу ч өөрчлөгдөөгүй байдаг юм байж. Тэгвэл таван жилийн өмнөх Г.Эрдэнэбилэг өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бол?

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Хийморь” уран сайхны кино хийж, олон улсын томоохон кино фестивальдуудад явсан. Мөн гадаадын олон сайхан уран бүтээлчидтэй уулзсан. Уг үйл явдлуудаар би уран бүтээлийнхээ замд жим татсан гэж харж байгаа. Харин одоо энэ жимийг зам болгохыг хүсэж байна. Уран бүтээлч сэтгэлгээнд салхи оруулж, өөрийгөө шинээр сэрж, мэдэрлээ.

Г.Эрдэнэбилэг гэдэг хувь хүн талаасаа бол өөрчлөгдөөгүй. Уран бүтээлч гэдэг утгаараа харин шуналтай болсон. Шунал их хөдөлж байна. 

ЗҮГЭЭР ХИЙ Л ДЭЭ. ЮУНДАА АЙГААД БАЙГАА ЮМ

-“Тамгагүй төр” жүжгийг 1998 онд анх тайзнаа тавигдахад Хүннү гүрний Хаан Арчугийн дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжав, 2019 онд дахин тавигдахад  МУГЖ Б.Жаргалсайхан бүтээж байсан түүхтэй. Энэ дүртэй ямархан хувь заяагаар уулзав?

-Хүний амьдрал богинохон. Юм хийж, бүтээж буй хүнд бол асар богинохон. Тиймээс алдана гэдгээс эмээх хэрэггүй. Алдах тусмаа асар олон ололттай уулзана. Тиймээс алдахаас айхгүйгээр дайрах хэрэгтэй. Тэр ч утгаараа "Hero Entertainment" студийн найруулагч Б.Баатарын саналыг талархан хүлээж авсан. Уран бүтээлч хүн мөнхийн өлсгөлөн явах хэрэгтэй гэж боддог. Цадаж болохгүй. Тэр ч утгаараа “Цангасан заан усанд шунах мэт” гэдэг шиг л жүжгийн саналыг хүлээж авсан даа.

Дотор минь “Чадах уу, чадахгүй юу” гэх асуулт хөвөрч байсан ч энэ асуултыг зүгээр л арчиж хаясан. Тэгээд чадах ёстой, хийх ёстой гээд л дайрсан. Магадгүй 10-20 жилийн өмнө надаас энэ асуултыг асуусан бол “Айж байна, сүрдэж байна” гэх байсан биз. Одоо бол би алдахаас айхгүй байна. Дахин хэлье. Алдаа гарга. Алдаагаа ухаараад ололт болго. Ингэж л бодож хүлээж авсан. Үнэхээрийн гайхалтай сайхан байна.

Том бүтээл гээд айгаад суух нэг хэрэг. Зүгээр л хийх хэрэгтэй. Орчин цагт ярьдаг хүмүүс олон болжээ. Яриад, яриад л. Эсвэл шүүмжлээд л байдаг болж. Зүгээр хий л дээ. Юундаа айгаад байгаа юм. Аймхай, зориггүй хүмүүс их ярьдаг болжээ. Залуучууд та бүхэн өөрсдөөсөө энэ асуултыг асуугаад үзээрэй. “Чи зоригтой юу, зорилготой юу, одоо яриад суугаад байх цаг мөн үү, биш үү” гэдгийг тунгаах хэрэгтэй.

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Театр намайг хэзээд ч дуудсан би бэлэн” гэх сэтгэл зүрхтэй өдрүүд хэр олныг туулав?

-Заа, одоо үүнийг ярьж болох юм уу, болохгүй юм уу?

-За.

-Театраас би чөлөө гуйсан юм. Улсын байгууллага тул мэдээж хуульдаа захирагдана. Хуульд зааснаар бол гурван сараас дээш чөлөө өгч болохгүй байдаг. Харин миний эхлүүлэх гэж буй кино төсөлд 2-3 жил шаардлагатай байсан тул ном журмын дагуу халагдах өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдсөн. Би бол тэр халагдах тушаалыг зүгээр л чөлөө байсан гэж боддог. Хамт олон маань ч тэгж харсан байх. Театраас надад олгосон гурван жилийн чөлөөний хугацаа аль хэдийнээ дууссан /хамаг юмаа л дэлгэлээ шүү/ тул эргээд ажилдаа ор гэсэн шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ одоо “Тэнгэрийн чоно” олон ангит кино төсөл эхлүүлчихсэн явж байгаа.

Ковид, хөл хорионы цаг хугацаанд уран бүтээлч хүнийхээ хувьд хоосон байсангүй, ийм нэгэн төсөл эхлүүллээ. Цаашдаа олон улсын төсөл болгох зорилготой байгаа. Одоогоор олон ангит киноны маань зөвхөн нэгдүгээр бүлэг л бэлэн болоод буй. Дор хаяж найман бүлэг хийнэ гэсэн тооцоолж байна. Цаашдаа олон улсын төсөл болгоно гэж харж байгаа. Энэ ажлаа нэг жигдэлчхээд нь буцаад ажилдаа орно доо.

Б.ЛХАГВАСҮРЭН ГУАЙН “ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙН ЗОХИОЛ ЖҮЖИГЧИН ХҮНИЙ АМАНД БЯР АМТАГДУУЛДАГ

-Тайзнаас түр амсхийсэн, гадаадад боловсрол эзэмшиж байгаад ирсэн гээд сүүлийн хэдэн жил театрын урлагт хайртай хэн бүхний харах сан гэж хүсэж байсан жүжигчид “Тамгагүй төр”-ийн дор цуглах шиг боллоо. Ер нь ийм байдлаар УДЭТ шинээр тавих гэж буй жүжгүүддээ урилгаар жүжигчдийг авчирч, “цус шингэлж” байвал зүгээр ч юм уу гэх хүмүүс олон харагдсан...

-Жүжигчдийн сонголт бол 100 хувь найруулагчийн шийдэл. Бидний хувьд бол сайхан байна. Дандаа хамтарч ажиллаж байсан уран бүтээлчид маань. Тайзан дээр анх харьцаж буй жүжигчин байхгүй. Барилдаанаар ярих юм бол анх удаа барилдаж байгаа бөх “Тамгагүй төр”-ийн дотор үгүй. Бүгдтэй нь барилдаж, тайзан дээр ноцолдож үзсэн. Ийм сайхан уран бүтээлчидтэй эргээд тайзан дээр нэг уран бүтээл дээр ажиллаж байгаа нь сайхан байна. Хамтарч ажиллахад зовлонтой юм алга.

Өмнө нь би Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжигт Хүннүгийн хаан Модун Шаньюйгийн дүрийг бүтээсэн. Тэр дүртэй адилхан болчих вий гэж эмээсэн. Нэг ёсондоо хоёр дахь удаагаа Хүннүгийн хааны дүр дээр тоглох болсон. Тэр ч утгаараа өмнө нь Модун Шаньюй болон Арчуг хааны ялгааг нь бодож, дүр дээрээ ажилласан.

-Өөрийгөө давтчих вий гэсэн айдастай нүүр тулсан байх нь ээ?

-Тийм ээ. Тийм айдастай жүжигчин хүн бүхэн л нүүр тулдаг.

Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” жүжгийн зохиол бол өлссөн хүнд хоол шиг амттай. Жүжигчин хүний аманд бяр амтагдуулдаг, гайхалтай уран тансаг хэрнээ хурц зохиол. Хүнээр ярих юм бол зан авиртай. Текстийг нь цээжиндээ суулгахад дотроос хөвөлзөөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Ийм л гайхалтай зохиол.

-“Тэнгэрийн хүү”, одоо “Тамгагүй төр”. Түүхэн туульсын гол дүрүүдэд тоглолоо. Юу нь хэцүү, юу нь сайхан байв?

-Тэр нь хэцүү, энэ нь хэцүү гэж ярихад маш төвөгтэй. Тайзан дээр жүжигчнээс асар их энерги, ур чадвар шаарддаг. Үзэгчдийн анхаарал төвлөрөл бидэнд энерги болж ирдэг. Сургуулилт муу, бэлэн болоогүй байхдаа тайзан дээр гарсан нөхцөлд ял тулгуулж буй мэт энерги ирдэг. Ер нь жүжигчнийг төрүүлж, бий болгодог зүйл бол зөвхөн тайз. Тайзан дээр тоглож чаддаг, тайзан дээр өөрийнхөө дүр дээр амьдарч чаддаг хүнийг жүжигчин гэж хэлмээр байгаа юм.

Мэргэжлийн жүжигчин гэж тодотгомоор байгаа юм. Анзаараад судлах юм бол амьдрал дээр тийм л байдаг. Театр бол жүжигчнийг элдэж өгдөг элдүүр. Үзэгчдийн уухай, зэмлэл, харц, санаа алдалт хүртэл бидэнд мэдэгддэг. Тэр утгаараа үзэгчид бол жүжигчдийг боловсруулж өгдөг, гайхалтай энергитнүүд. Тайз айдастай хэрнээ ямар сайхан таашаал өгдөг тулааны талбар гээч.

-Тайзнаас авч буй энерги сайхан хэдий ч олон сараар бэлтгэл хийж, залгуулаад дараалсан өдрүүдэд тоглолтод их ядарч, жүжигчдийн амьд мэдрэмж ч цуцдаг юм шиг санагдсан. Танд хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Амьд мэдрэмж ч гэсэн цуцна. Хүн робот биш. Бас батерей биш. Хүн л юм чинь ядарна, бодно, тунгаана. Бид хоорондоо “Жаахан ядарч байна шүү” гэж хааяа ярина. Гэхдээ ядралаа ашигтайгаар эргүүлэх боломжууд бас байна аа.

Жишээ нь, Жүжгийн хоёрдугаар хэсгээс буурал үс, сахалтай хөгшин Арчуг хаан болдог. Тэр хэсэгт миний үйлдэл, үг ч багасдаг. Эцэж туйлдсан хааныг гаргахад ядрал минь хэрэг болж байгаа юм.

-Үзэгчид шүүмжлэл, магтаал эн тэнцүүхэн хэлж байгаа харагдсан. Та ер нь шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ. Эмзэглэдэг үү?

-Би магтаал, шүүмжлэлд өөрийнхөө байр суурийг алдагдуулах хэмжээний сэтгэл зүйтэй хүн биш. Муул, магт. Алинд нь ч би хөдлөхгүй. Авахаа авна, хаяхыг нь хаяна. Алдаан дээрээ гишгээд орилох уу, ололт дээрээ гишгээд яваад байх уу гэдгээ мэдэхтэйгээ хүн. Тэгэхээр надад зэмлэл нь ч хэрэгтэй. Магтаал нь ч хэрэгтэй. Тэдгээрийг би тархиндаа боловсруулж, дараагийнхаа нүүдлийг л бодно.

Алдахгүй амьдардаг хүн байтугай, амьтан ч байхгүй. Амьдрал тэр чигээрээ алдаа. Амьдралыг алдаагүйгээр төсөөлж чадахгүй нь. Алдаагүй амьдрал гэж үлгэрт байдаг байх. Эсвэл бурхан гэж байдаг бол бурхдад байдаг байх. Бид амьдралд алдах гэж л ирсэн. Алдааг бид дандаа муухайгаар харж болохгүй. Алдаанаас дараагийн алхам, гишгүүрээ олж авч байна. Алдчих вий гэж айж буй бол хэзээ ч амьдарч чадахгүй. Алдахаас битгий ай, алдахгүйн төлөө амьдар. Гэсэн ч жижигхэн алдаа гаргаж л таарна. Энэ бол хууль.

МОНГОЛЫГ МОНГОЛООР НЬ АВЧ ҮЛДЭХ ТУХАЙ БОДОЖ, САНАЖ Л ЯВАА БОЛ ТЭР МОНГОЛ ХҮН

-Та бол Монгол түүхэн дүрүүд бүтээж, монгол өв соёлын тухай кино хийдэг хүн. Таны хувьд монгол хүн гэж хэн бэ?

-Монгол гэдэг бол дэлхий. Монголыг Монголоор нь авч үлдэх тухай бодож, санаж л яваа бол тэр монгол хүн. Монгол бол дэлхийд цор ганц, гайхалтай баян түүх, баялаг соёл, ахуйтай нүүдэлчин ард түмэн. Тэдгээрийг мартахгүй бид тээж, үр хойчдоо үлдээж, захих үүрэгтэй. Энэ хариуцлагыг л ухамсарлаж чадаж байгаа хүн бол монгол хүн.

Цаана чинь Украиныг Украин байлгахын төлөө ард түмэн нь зэвсэг барин тэмцэж байна. Бидэнд одоогоор гай зовлон алга. Бид жаргалтай ард түмэн байхгүй юу. Ер нь Монголыг Монголоор нь авч үлдэх тухай урлагийнхан бид тэмцэх ёстой юм болов уу. Урлаг гэдэг бол маш том хүчтэй зэвсэг. Хүчтэй зэвсэг барьчхаад өнөө маргаашийн хэрэгцээний, үзэгчдийн шуурч буй зүйлийг түргэхэн хийгээд өөрөө ашиг олоод амьдрах нь чухал юм уу, өнө мөнх орших Монголын тухай бүр байг гэхэд өнө мөнхөд орших бүтээлийн төлөө яагаад зүтгэж, дуугарч болдоггүй юм бэ. Бид мөнх биш. Буцна. Тэгэхэд хийсэн бүтээсэн юм бий бол тэр маань л мөнх оршино. Монголчуудын цөсийг нь хөөргөн, тархийг нь буцалган юм бодуулах бүтээл хийж чадах юм бол миний зорилго биелж буй нь тэр.

-Та тайз, дэлгэцийн жүжигчин, найруулагч хүн. Тус, тусдаа нэршилтэй хэдий ч дотоод сэтгэлийнх нь хөг нэг байдаг юм шиг санагддаг л даа, энэ хоёр мэргэжлийн. Танд ялгаа нь хэрхэн мэдрэгддэг вэ?

-Жүжигчин бол гүйцэтгэгч. Зохиолын үгэнд баригдана. Зохиолчийн үгээр л явна. Найруулагчийн өрсөн тавилтад, хувцас, хэрэглэлд баригдана. Яг хүсэж байгааг нь хийж, дүрээ амьдруулах ёстой болохоос биш жүжигчин найруулагчийн тавилтыг өөрчилж болохгүй.

Харин найруулагч бол өөрийнхөө ертөнцөөр өрөөлийг тольдуулдаг. Өөр дээрээ жишээ татаад ярихад, гүйцэтгэгч байхыг биш өөрийнхөө дураараа байж, төгссөн мэргэжлийнхээ дотор төсөөлөл, бодлоороо уран бүтээл хийхийг хүссэн. Тэгээд таван кино найруулж үзлээ. Тэдгээртээ бол сэтгэл хангалуун байдаг. Хойшдоо ч кино найруулна. Кинонд дуртай, хайртай. Кино урлаг намайг өөртөө бүрэн автуулж чадсан. Үүнд хамгийн үндэс суурь болсон зүйл бол жүжигчний мэргэжил минь.

-Цаашид аль нэг чиглэлээр нь гадагшаа явж сурах бодол бий юу?

-Хүн насаараа суралцдаг шүү дээ. Дүү нараасаа ч суралцаад, ер нь одоо ч гэсэн суралцаад л явж байна. Гадаад руу явж туршлага солилцох хүсэл байна. Төсөл дээр хамтарч ажиллаж байж л их суралцана байх. Тэр ч утгаараа одоо хийж буй олон ангит киногоо олон улсын төсөл болгох гээд байгаа юм. Шалтгаан нь ердөө л энэ. Туршлагаа солилцмоор байна. Маш олон үндэстэн ястантай хамтарч цуг ажиллаж үзмээр байна.

-Жишээлбэл, олон улсын ямар уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсэж, зорьж буй вэ?

-Эхнээсээ хэрэгжих шатандаа орчихсон явж байгаа. Тиймээс одоо дэлгэмээргүй байна. Хамтарч ажиллачхаад бүтээлээ харуулсан нь илүү үнэ цэнтэй байх.

-Та хэр амбийцтай хүн бэ?

-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хүнд тодорхой хэмжээнд амбийцтай байх ёстой юм болов уу гэж боддог. Зөв амбийцлах чухал байх. Жишээ нь би саван, үсний шампунь, угаалгын нунтаг, шүдний оо, сойзны рекламд хэзээ ч тоглохгүй юмсан гэж боддог. Яагаад гэвэл энэ нүүр миний капитал, хөрөнгө байхгүй юу. Энэ хөрөнгөөрөө би амьдарч буй тул хөрөнгө минь миний хувьд үнэ цэнтэй. Санал тавьсан бүхнийг л зөвшөөрөөд, урьсан болгонд нь очиж тоглоод байвал би ямар ч үнэ цэнгүй. Миний сонгосон мэргэжил их үнэ цэнгүй болчих байх гэж эмээдэг.

МОНГОЛ ГЭДГЭЭРЭЭ ТЭЖЭЭГДЭЭРЭЙ

-Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ хүндэтгэлтэй хандаж буй энэ хандлагаас тань үүдээд энэ асуултыг орхиж боломгүй санагдлаа. Та зураг зурах сонирхолтой, зураач болох хүсэл тэмүүлэлтэй байсан юм билээ. Чухам яг ямар “шид” таныг жүжигчин болоод найруулагчийн мэргэжил рүү хөтөлсөн гэж боддог вэ?

-Арван жилийн сурагч байхад Хүүхдийн ордныг Монголын Пионерын ордон гэдэг байлаа. Тухайн үед арван жилийн бүх сурагчдыг Пионерын ордны дугуйланд хамруулдаг байсан. Цаас, харандаа бариад суух дуртай хүүхэд байсан болоод ч тэр юм уу, бүү мэд жил орчим уран зургийн дугуйланд явлаа. Натюрмурт зураад сууж байхад шугамын радио дуугараад л, жаахан уйтгартай. Сахилгагүйтдэг, тогтворгүй насан дээрээ тэгээд суугаад байх нь залхмаар санагдсан юм шиг байгаа юм. Завсарлагаанаар харахаар Кино драмын ангийн хүүхдүүд л бужигнаад, бараг цүнх барьж харагддаггүй, дандаа бэлтгэлийн хувцастай дасгал хийгээд, орилж чарлаад яваад байгаа харагдана. Тэд л надад их эрх чөлөөг мэдрүүлдэг байсан.

Надад том цүнх, зургийн хэрэгслүүдээ үүрээд явах нь ял юм шиг санагддаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд хэдхэн хоног кино драмын ангийн шалгалтад бэлдээд орлоо. Гэтэл хамгийн өндөр оноо аваад нэгээр жагсаад гараад иржээ. “Нуугдмал авьяасаа ил болголоо” гээд доктор, профессор С.Сугар багшийнхаа ангид орж байлаа. Сонгоноор нэг анги авч болдог гэсэн тул давхар найруулагчийн ангид элссэн. Ингэж л СУИС-тай амьдралаа холбож, жүжигчин, найруулагчаар суралцсан юм.

-СУИС-т жүжигчнээр суралцах болсон шийдвэрийг аав ээж тань хэрхэн хүлээж авч байв?

-Жүжигчин болно гэдгээ тулгаж л хэлсэн. Аав, ээж минь гайхалтай мундаг хүмүүжүүлэгч. Миний хувийн орон зай руу халддаггүй. Мэдээж надад хэлж зөвлөх юмаа бол хэлнэ. Миний шийдвэрт хориг тавьдаггүй. Оюутан болчхоод хичээлийн эхний өдөр сургууль руугаа хувцсаа өмсөөд гарах гэж байхад хаачих гэж байгааг минь асууж байх юм. Би ч “Ааваа би оюутан болсон. СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөөд тэнцсэн” гээд хэлчихлээ. Тэгэхэд аав минь “Хоолонд ороорой” гээд мөнгө өгч байсан юм.

Аав минь одоо Канад улсад байгаа. Биеийн байдлаас шалтгаалаад Канадад эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон. Одоо тархин дотроо сонсголын аппарат суулгуулсан. Харин ээж маань сая ковидын хүнд үед өвчний улмаас таалал төгссөн. Канадад бурхан болсон. Хэцүү л юм билээ. Хүний амьдралд тохиолдож болох хамгийн том гарз, хамгийн хүнд зүйл ээжийгээ алдах юм билээ. Тэр цаг хугацаа хил хаалттай үед таарсан. Ах, эгч хоёр маань Канадад амьдардаг юм. Ээжийнхээ гараас атгаад салах ёс хийж чадаагүйдээ харамсдаг. Дараа нь онгоцоор чандрыг нь авчраад ээжийгээ нутаглуулсан. Хамгийн үнэтэй зөвлөгч байсан. Хамгийн сайн найз минь байсан. Миний ажилласан бүтээлүүдийг үзээд үзэгчийн нүдээр зэмлэл магтаалаа, харамгүй хэлдэг байлаа.

-Аавтайгаа уулзаагүй хэр удаж байна вэ?

-Аав маань саяхан Канад руу явсан. Гурван сарын өмнөхөн. Удахгүй зун ирнэ.

-Та найруулагч хүн. Тэр утгаараа аавынхаа царай төрхийг ямар нэгэн уран бүтээлд мөнхжүүлж, аваад үлдчихсэн юм сан гэх шунал тээж яваа байж магад?

-Тэгэлгүй яахав. “Татар ажиллагаа” киноны нэг хэсэгт аав, ээж хоёрын маань дүрс бий. Аав ээжийнхээ дүрсийг мөнхөлж авч үлдсэн нь их сайхан үйл явдал. Дараа нь “Хийморь” кинондоо оруулсан. Харамсалтай нь тухайн дүрс кинонд оролгүй хасагдсан.

Гэхдээ би аавыгаа мөнхөлж чадсан гэж боддог. Хамгийн анх бие дааж найруулсан “Аав” гээд уран сайхны кино бий. Аав минь жолооч хүн. Тэр киноны “Миний аав бол жирийн л нэг жолооч” гэх текстийг би аавдаа л зориулсан. Уран бүтээлээрээ дамжуулж, аавдаа хайраа илэрхийлж байгаа илэрхийлэл. Учиргүй "Ганболд танд зориулав" гэж бичээд хашхираагүй ч гэсэн “Хүү нь сэтгэлдээ таныг бодож хийсэн шүү” гэдгээ жилийн өмнө хэлсэн. Ер нь бол “Аав” уран сайхны киног би аавдаа зориулж хийж байсан. Бас нэг давхцал нь тус киног хийж байх явцдаа би аав болж байсан. Хүүгээ хэвлийд нь байхад кинонд тоглуулсан. Жүжигчин Ц.Цэрэнболдын гаргаж ирж хардаг жирэмсний тест бол миний анхны баярт мөч. Түүнийгээ кинондоо мөнхөлье гээд шигтгээ болгож оруулсан. Сэтгэл хөглөгдөж хийсэн болоод ч юм уу, миний анхны кино болоод ч тэр юм уу “Аав” кинондоо их хайртай.

-“Киноны дүр бүтээж амжаагүй явна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагын үеэрээ хэлсэн байдаг юм билээ. “Би чамд хайртай” киноны Хангай монголчуудын сэтгэлд хоногшсон. Та өөртөө хэт хатуу ханддаг юм шиг ээ?

-Хатуу биш ээ. Энэ чинь уран бүтээлч хүн бүрийн зорилго. Дүр нь зүгээр л дурдагдаад өнгөрөх биш дүрээрээ овоглогдож, мөнхлөгдөх, хайрлагдах... Амьд жишээ бол Н.Сувд гуай. Н.Сувд гуайг хараад Мандухай цэцэн хатан гэцгээдэг. Яг үүн шиг л даацтай сайхан бүтээл хийх гэсэн уран бүтээлчийн шунал байна. Дэлгэцийн бүтээлд гоё дүр бүтээх зорилго бол бий. Үүнийгээ биелүүлнэ ээ. Сайн муу дүн тавих нь үзэгчдийн асуудал. Би бол өөртөө маш өндөр шалгуур тавина. Гэхдээ тэр шалгууртаа хүрчхээд байгаа юм алга. Тийм ч учраас би кинонд дүр бүтээнэ гэж яриад байгаа юм. Г.Эрдэнэбилэгт зөвшөөрөгдөх хэмжээний дүр гарч ирээгүй л байна.

-Тэгвэл бүтээх юм сан гэж хүсдэг дүр байгаа л байх нь. Нууц биш бол хэлж болох уу?

-Дэлгэцийн бүтээл дээр бодож байгаа дүр байна. Дэлгэмээргүй байна. Гэхдээ би өнөөдөр жаргалтай байна. Учир нь хэдхэн цагийн дараа үзэгчид орж ирээд суухад энэ тайзан дээр Арчуг хааны хувцсыг өмсөөд гайхалтай тансаг үгсийг хэлнэ. Энэ бол аз жаргал.

Мэргэжлийн бус шахуу хүмүүс кинонд тоглочхоод “Дүр бүтээгээд” гэж яриад байгаа юм. Монгол үгийн баялаг нь цөөхөн  байгаадаа биш байх л даа. Зоригтой яриад байгаад нь гайхдаг юм. Дүрийг бүтээнэ гэдэг асар их ажиллагаатай, зовлонтой, адармаатай, заримдаа шантармаар ажил.

Сүүлийн үед гарч буй зарим киног шүүмжилмээр санагддаг. Айлын бэлэн гэрт очоод тойрч, тойрч зураг авчхаад асар их мөнгөөр киногоо босгосон юм шигээр ярих юм. Яг үнэндээ маш хямд зардлаар маш их мөнгө ольё гэсэн зорилготой нь уншигдаад байгаа байхгүй юу даа.

-Төр засгаас урлагийн салбар тэр дундаа кино урлагийн салбарт хэр анхаарч байна гэж харж байна вэ?

-Төр дэмжиж эхэлж байна. “Каннын кино наадамд илгээх бүтээлийн бүртгэлийн төлбөрийг Соёлын яам хариуцна” хэмээн дэмждэг болж байна. Өмнө нь өөрсдөө зардлаа гаргаад л явдаг байсан. Зардлаа өөрсдөө олж, очоод киногоо өөрсдөө сурталчлаад гүйдэг байсан. Харин одоо төр дотооддоо кинонуудыг үзээд боломжийн кинонуудыг санхүүжүүлж гадагш нь явуулдаг, ядаж онгоцны зардлыг нь даадаг болж буй нь ачаанаас хөнгөвчилж буй нэг хэлбэр.

Яг л аав, ээжтэй болж байгаа юм шиг санагдаж байна шүү дээ. Өмнө нь нэг өнчин хүүхдүүд л кино хийх гээд гүйгээд байсан бол ах эгчтэй, аав ээжтэй болоод “Автобусны, хоолны мөнгө чинь энэ шүү, заа тэгээд наад юмаа үзүүлээд ир” гэж байгаа юм шиг гоё санагдаж байна. Яамны үйл ажиллагаа илүү чанаржиж, гайхалтай сайхан уран бүтээлүүдийг дэмжвэл дэлхийд гарах чадвартай залуус зөндөө байна шүү дээ, урлагийн салбарт.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Би монгол гээд цээжээ дэлдэх дургүй. Хийж байгаа юмаараа л Монгол гэдгээ харуулахыг хичээдэг. Монгол үлдээсэй гэж боддог. Яг өнөөдөр энэ зааланд өчигдрийн тоглолтын хөлс хатаж амжаагүй хувцсаа өмсөөд тоглох гэж байна. Энэ бол монгол жүжиг. Эндээс монгол үнэртэнэ. Нэг өнцгөөс нь биш маш олон өнцгөөс анализ хийж үзээсэй энэ жүжгийг. Миний хувьд монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Тэр бахархлаа уран бүтээлээрээ ямагт шигтгэж харуулах болно. Шүүмжлэл магтаал дотор сайхан сэлээд амьдарчихна. Үүний төлөө л зүтгэнэ.

Монгол Улсыг төрийн ордон гэж харж болохгүй. Монгол Улсыг зүгээр төрийн далбаа гэж хараад наадам болохоор нүүрэн дээрээ шивээд, машин дээрээ зүүж давхиад байж болохгүй. Мөнхөд зүрх сэтгэлд нь Монгол гэдэг зүйл хадгалагдаж байдаг залуучууд хэзээ ч өлсөхгүй. Хэзээ ч даарахгүй. Тиймээс Монгол гэдгээрээ тэжээгдээрэй. Бидний өвгөдийн үлдээсэн газар шороо, асар их үнэ цэнтэй, дээрээс нь асар их энерги шингэсэн зузаан түүхтэй ард түмэн шүү. Түүхийг хэн ч яаж ч ярьж болно. Гэхдээ бид оюун ухаандаа эрүүлээр авч, саруулаар сэтгэж, монгол гэдэг сэтгэлгээг л цээжиндээ хадгалж явах юм бол болно доо. Хувь уран бүтээлчийн хувьд үүнийг би ямагт үгээр биш, үйлдлээр үзүүлж явна аа гэдгээ л хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-21 08:29

Авьяас####аг сайхан жүжигчиндээ амжилт

Зочин
Зочин
2022-04-21 08:29

МУГТ авах болтугай

Зочин
Зочин
2022-04-21 09:42

Одоо гавьяат өгмөөр юм дөө, болсон болоогүй хүмүүст өгөөд л байдаг юм байсан.

гоё хэлжээ
гоё хэлжээ
2022-04-21 09:47

Би монгол гээд цээжээ дэлдэх дургүй. Хийж байгаа юмаараа л Монгол гэдгээ харуулахыг хичээдэг. Монгол үлдээсэй гэж боддог. Яг өнөөдөр энэ за####анд өчигдрийн тоглолтын хөлс хатаж амжаагүй хувцсаа өмсөөд тоглох гэж байна. Энэ бол монгол жүжиг. Эндээс монгол үнэртэнэ.

Нэргүй
Нэргүй
2022-04-21 09:47

ӨӨрийгөө эвдсэн эрс өөр жүжигт тоглоосой

Зочин
Зочин
2022-04-21 09:52

Ene tamgagui tor gej neg l battulgiin nairuulaad bga jujig shg sanagdah ym ymr ng alban tushaalaas zuurch avahgu l bol enkule shig oims ni gozognoh gd bolhoo bgd olimpiin ymr horooni darga ch gene uu tgsnee ardchilsan namiin darga boloh gd shuuhees huuli bus gd tamgiign huchintei gj avch uzehgu bolhoor tamgagui tor ch geh shig za ter ch yhw hamgiin gol ni sayhan maniin darga oyun erdeniin zovloh hgd yvjj bsn hun yah gj arechilsan namiig avah gj orolddog ym bol

Хүү
Хүү
2022-04-21 12:11

Цаанаа эг тийм хүчирхэг төрхтэй. Би чамд хайртай 2 дээрх хамгийн зөлөн дүр юм шиг санагддаг. Тамгагүй төрийн гол дүр ийм байхаас яахуу. Одоо дотооддоо биш гадаад руу хүч үзвэл овоо маажилцана даа

Зочин
Зочин
2022-04-21 18:52
Reply to  Хүү

Ха ха, ёжлоод байгаа юм уу

Bidon
Bidon
2022-04-21 12:55

Hoshin #####a tolgoin hooson mongolchuudad lag bolj haragdah geed chaahiim

Монгол
Монгол
2022-04-21 20:38

Амжилт ХҮСЬЕ Эби чиний хийж бүтээж байгаа болгоныг үзэж сэтгэл санаа минь баясаж явдаг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button
10
0
Would love your thoughts, please comment.x
()
x