Нийгмийн

Украинд амиа алдсан сурвалжлагч Брент Рено: Аюул, эрсдэлийг эрэлхийлдэггүй ч, түүх өгүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг

Өнөөдөр 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Эл өдөрт зориулж манай www.eguur.mn сайтын редакц уншигч та бүхэнд тусгай дугаарыг бэлтгэн хүргэж байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн бас нэгэн утга учир нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсгалыг хүндэтгэхэд оршдог билээ. Бид энэ удаагийн "Дэлхий" буландаа ОХУ-ын Украинд эхлүүлсэн дайны үеэр амиа алдсан хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Украинд дайн эхэлснээс хойш 12 сэтгүүлч амиа алдаж, хэвлэл мэдээллийн 17 ажилтан шархдаж, найман хүн барьцаалагдсан гэсэн мэдээг Львов хотын Хэвлэл мэдээллийн форум төслийнхөн мэдээлжээ. Украины Киев, Харьков, Винниц, Ровно, Лисичанск, Коростен, Белополье, Винаровка, Изюм зэрэг хотуудад телевизийн цамхагууд руу гал нээж, харин Херсон, Старобельск, Мелитополь хотод хэвлэл мэдээллийнхний барилга байгууламжуудыг эзлэн авчээ.

  • Гуравдугаар сарын 26-нд Херсон дүүргийн Зеленовка тосгонд долоо хоног тутмын “Вокруг Тебя” сонины сэтгүүлч Дилербек Шакиров мөн амиа алдав.
  • Гуравдугаар сарын 1-нд Оросын цэргүүд Киев хотын телевизийн цамхаг руу пуужингаар цохилт өгөх үеэр “Live” телевизийн зураглаач Евгений Сакун мөн л амь үрэгдэв.
  • Гуравдугаар сарын 6-нд Николаев хотын ойролцоо болсон тулалдаанд Украины Зэвсэгт хүчний нэг хэсэг байсан Украины цэргийн сэтгүүлч Виктор Дудар амиа алдсан.
  • Гуравдугаар сарын 11-нд Мариуполь хотод орон сууцны барилгууд руу гал нээсний улмаас “Сигма” телевизийн зураглаач Виктор Дедов амиа алдав.  Тухайн үед Виктор гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан ба тэдний байранд хоёр минад өртөж, дэлбэрсэн юм.
  • Гуравдугаар сарын 13-нд АНУ-ын сурвалжлагч, баримтат кино найруулагч Брент Рено /Brent Renaud/ Ирпинь хотод буудуулан амиа алдсан юм. Тэрээр Америкийн гэрэл зурагчин Хуан Арредондогийн хамтаар тухайн өдөр дайны хөлд үрэгдэж, сүйрсэн хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлж байгааг газар дээрээс нь сурвалжилж байжээ.
  • Гуравдугаар сарын 14-нд Киев дүүргийн Горенко тосгонд Америкийн “Fox News” телевизийн зураглаач Ирландын харъяат Пьер Закжевски /Pierre Zakrzewski/, Украины сэтгүүлч Александра Кувшинова нар амь үрэгдэв. Тэдний Британийн телевизийн сурвалжлагч Бенжамин Холлтой хамт зорчиж явсан автомашин Оросын цэргүүдийн их бууны суманд өртсөн юм.
  • Гуравдугаар сарын 18-нд Запорожье мужийн “Misto.zp.ua” вэб сайтын редактор Олег Якунин Оросын цэргүүдтэй тулалдах үеэр амиа алдсан.
  • Гуравдугаар сарын 23-нд Оросын эрэн сурвалжлах сэтгүүл зүй, баримт шалгах, улс төрийн аналитик чиглэлээр мэргэшсэн бие даасан “The ​​Insider” онлайн сонины Оросын сэтгүүлч Оксана Баулина амиа алдсан юм. Тэрээр Киев хотод сонины редакцдаа ажиллаж байх үеэрээ галд өртөн амиа алдсан.
  • Гуравдугаар сарын 23-нд Луганск дүүрэгт Попасногийн ойролцоо “24-р суваг” телевизийн зураглаач Юрий Олейник тулааны үеэр амь үрэгдэв. Тэрээр ахмад дайчин байсан ба анх 2014 онд дайнд явж байжээ. 2022 онд тэрээр сайн дурын ажилтнаар дахин дайны зурвас руу явсан байсан юм.
  • Дөрөвдүгээр сарын 1-нд Киев мужийн Вышгород дүүргийн Гута Межигорск тосгоноос гэрэл зурагчин-сэтгүүлч Макс Левиний цогцос олдов. Урьдчилсан мэдээллээр, түүнийг буудан хөнөөсөн гэж байгаа юм.
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Литвийн баримтат киноны найруулагч, Донбасс дахь дайны талаар “Мариуполь” гэх баримтат киног найруулсан Мантас Кведаравичюс Мариуполь хотод амиа алдсан. Түүний сууж явсан автомашин руу пуужин харвасан юм.

Гуравдугаар сарын 13-нд Ирпинь хотод буудуулан амиа алдсан Америкийн сурвалжлагч, баримтат кино найруулагч Брент Рено /Brent Renaud/-той Сара Ханссений хийсэн нэгэн ярилцлагыг онцолж байна.

Брент Рено бол “HBO”, “PBS”, “CBS”, “Discovery Channel”, “Discovery Times Channel”, “ESPN” зэрэг дэлхийн алдартай телевизийн сувгуудад ажиллаж, бүтээл туурвилаараа олон улсын чанартай олон уралдаан наадамд амжилттай оролцож, шагнал хүртэж байсан баримтат киноны найруулагч. Брент Рено нь дайны талаарх баримт киногоороо алдартай нэгэн байсан юм.

1995 оноос хойш тэрээр ах Крэйгийн хамтаар дэлхийн өнцөг булан бүрт, Америкийн соёлыг дэлхий нийтэд таниулан, сурталчилж байв.

2009 онд Сара Ханссен Брент Рено нар ийн ярилцаж байв.

Сара Ханссений бүтээсэн кино, видео зэрэг нь Хойд Америк төдийгүй Ази, Европ даяар алдартай. Түүний бүтээлүүд олон улсын наадмаас шагнал хүртэж байсан ба зарим нь музейд хадгалагддаг юм.

-Баримтат киноны форматаар ажиллаж байгаа талаараа, мөн ахтайгаа хамтран ажиллаж буй уран бүтээлийнхээ талаар бага ч болов ярьж өгөөч?

-Бидний хийж буй кинонуудад хар тамхинд донтсон хүмүүс, дайнд байлдаж буй цэрэг эрс, улс төрчид, тамирчид гээд ер нь хэн ч байсан гэлээ үйл явцын хувьд бүгд адилхан. Харин тэдгээр бүх үйл явдлын эзэд болох субъектуудын хөргийг гаргаж, тэдний амьдралд уусан нэгдэхийн тулд бид асар их цаг зарцуулдаг. Олон камерууд эргэлдэж эхлэхээс өмнө л үүнийгээ тодорхойлсноор үзэгчид үнэн түүхийг илүү гүн гүнзгий ойлгож, мэдрээсэй гэж бодож, итгэдэг. Хэргийн учир нь үнэн хэрэгтээ бид үзэгчдийг түүх рүү урьд өмнө байгаагүйгээр илүү ойртуулахад оршдог. Мэдээжийн хэрэг, жижиг форматтай камеруудаас гадна студийн биш жинхэнэ байгалийн гэрэлд нууцлаг байдлаар зураг авалт хийнэ гэдэг ур чадвар чухал боловч хамгийн амин чухал зүйл нь бидний дүрүүдтэйгээ буюу субьектуудтэйгээ тогтоох харилцаа илүү үнэ цэнтэй гэж би боддог.

- Нью-Йорк хотын гудамжад 18 сарын турш хар тамхинд донтсон хос хоёрын амьдралыг өгүүлсэн таны "Dope Sick Love" кино үзэгчдийн хүртээл болж, тэдний сэтгэлийг ихээр түгшээх болсон. Зураг авалт хийхэд ямар байсан бэ? Энэ бүхэн одоо ч танд нөлөөлсөн хэвээр байна уу?

-“Dope Sick Loveбол бидний 2004 онд “HBO”-д зориулж бүтээсэн кино. Кино шүүмжлэгчид таны нэгэн адил хар тамхины хэрэглээ, биеэ үнэлэлт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэгдэж буй хүмүүсийн амьдралд давамгайлсан нөлөөллийг баримтжуулсан график шинж чанараараа сэтгэл түгшээсэн гэж шүүмжилдэг. Бид энэ түүхийг өгүүлэхийн тулд Манхэттений гудамжинд бараг нэг жил гаруй хугацаанд ажилласан. Гол дүр болох субъектуудыг олоход хүндрэлтэй байдаг учир бид гэртээ ч харилгүй хэдэн долоо хоногоор тасралтгүй дүрүүдтэйгээ хамт байж, бараг тэдний нэг нь шахуу болж киноныхоо зураг авалтаа хийдэг байсан. Иймэрхүү хар тамхинд донтсон хүмүүс бол ихэвчлэн өдрийн 24 цагийн турш л хар тамхиа худалдан авах хэрэгцээ шаардлагадаа анхаардаг гэсэн үг. Тэд ажил хийх, барилга байшин барих чадваргүй, хоол ч идэж чадахгүй, бүр унтдаг ч үгүй. Тэр бол бидний хувьд маш хэцүү зураг авалт байсан ч эцсийн дүндээ хар тамхины хор хөнөөлийн талаар чухал түүхийг өгүүлсэн гэдэгт би итгэдэг.

- Үүний нэгэн адил, Ирак дахь Арканзасын үндэсний гвардын тухай таны шагнал хүртсэн “Дайн руу буцсан нь” гэх цуврал кино олон олон хүмүүсийн маш бага мэддэг ховор ертөнцийг харуулсан. Танд эрсдэл дагуулах иймэрхүү төрлийн бүтээлүүд, сэдвүүдийн чухам юунд нь та ингэж татагддаг юм бол? Тиймэрхүү аюултай нөхцөл байдлын зураг авалтын туршлага таныг үйл явцад өөрчилсөн үү?

-Бидний мэддэг зарим нэг дайны сурвалжлагч нар шиг бид адреналин ялгарахад донтогчид гэж бодохгүй байна. Бид аюул эрсдэлтэй үүрэг даалгавруудын араас эрэлхийлдэггүй. Гэвч, бид тухайн сэдэв, түүхдээ тууштай хандаад автаад эхэлчихвэл тэр түүхийг өгүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг.Off to War” /Дайны талбар луу/ бүтээлээ хийхдээ бид цэргүүд болон тэдний ар гэрийнхэнд нь анги нэгтгэлийг дайны нөхцөлд байршуулж эхлэхээс дуусах хүртэл нь үргэлж дагах болно гэж амласан. Яг ийм бүтээл урьд өмнө нь хэзээ ч телевизийн эфирээр гарч байгаагүй.  

Учир нь, тэр бол үнэхээр түүхэн үйл явдал, эгшин байсан. Бид улс орон даяар жижиг хотуудаас олон арван мянган иргэн цэргийн дайчилгаанд бүртгүүлж, харийн дайнд тулалдахаар явж байгааг дүрсээр баримтжуулах нь үнэхээр түүхэн мөч байсан. Тэдгээр дайнд явах цэргүүдийн гэр бүлүүд бидний бүтээлийн үр дагавар, ач холбогдлыг ойлгосноор бидэнд өөрсдийн амьдралын түүх рүүгээ өнгийх хаалгыг нээж өгсөн. Зураг авалтын ажилдаа орохоосоо өмнө бид зургаан сарын турш цэргүүдтэй хамт байж, дараа нь Иракт нэг жил Сунни гурвалжин дахь цэргүүдтэй, тэдний гэр бүлийнхэнтэй хамт байсан. Бид өдөр бүр цэргүүдтэй хамт тулаанд нь хүртэл дагаж явдаг байсан. Тэр үе бол Иракт маш аюултай үе байсан. Арканзасын үндэсний гвард л гэхэд цэргүүдээ байршуулах үеэр 33 цэргээ алдсан. Арван хэдхэн настай гэнэн цайлган хүүхдүүд найз нөхөд нь хэрхэн нүдэн дээр нь үрэгдэж, бас урьд өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй тйим аймшигтай зүйлсээ хийхээс өөр аргагүйд хүрсэн талаар бид харсан. Байлдаан дуусах дөхөх үеэр дахин олон цэрэг амь үрэгдсэн. Тэр явдлын дараа ангийн удирдагчдын нэг нь биднийг тулааны талбараас хажуу тийш нь дуудаж аваачаад,Залуус аа, та нар одоо намайг сонс. Та нар энд найман сар болчихлоо. Үүнээс өөр зураг авалтууд та нарт олдоно. Бүр эндэхийнхээс ч илүүг олох байх. Тэгэхээр одоо та нар гэртээ харъя гэж бодсон чинь дээргүй юу" гэж байсан. Гэвч, бидний хувьд энэ тийм ч чухал байгаагүй. Аюул эрсдэлд орох нь бидэнд чухал байгаагүй. Хамгийн гол нь түүхийг дуусгах ёстой байсан юм. Зураг авалтаа эцсээ хүртэл нь хийх явдал л чухал байв. Эргээд бодоход бидний хийсэн зүйл үнэ цэнтэй байсан гэж би боддог. “Off to War” кино бол орчин үеийн Америкийн түүхэн дэх хамгийн чухал үеүүдийн нэгийг харуулсан бараг өдөр тутмын гэж хэлж болохоор тийм түүх. Ирак руу дайтахаар явсан тэдгээр цэргүүд, тэдний ар гэрийнхэн итгэж, түүхийг нь өгүүлэх боломж олгосонд бид азтай улс.

-Харин манай “The Curator” сайтын гол зорилго бол урлагаар дамжуулан илүү сайн сайхан ертөнцийг бий болгох. Тиймээс та бүхний кинонууд үзэгчдэд хэрхэн нөлөөлнө гэж найдаж байна вэ?

-Бид үүнийг чухал гэж үзээгүй бол эрсдэлд орон барин, мөн тэдгээр түүхүүдэд асар их цаг заваа зарцуулахгүй байсан. “Off to War” болон бидний хамгийн сүүлийн үеийн “HBO”-д зориулсан “Little Rock Central: 50 Years Later” гэх кино гээд аль алиныг нь бид орон даяар цацаж үзүүлсэн. Тэдгээрийг үзсэн хүмүүсийн дунд өрнөсөн шүүмж, хэлэлцүүлэг үнэхээр гайхалтай бас чухал байсан. “Little Rock Central: 50 Years Later” киногоороо бид Колумбын Их Сургуультай хамтран судалгааны гарын авлага бэлтгэж, түүнийгээ DVD-ээр орон даяар бүх сургуулийн багш нарт түгээхэд нь тусалсан. Мөн “Dope Sick Love” киног маань улс орны хэмжээнд хар тамхинд донтсон иргэдийг эмчлэх нөхөн сэргээх төв, насанд хүрээгүйчүүдийн байгууллагууд өргөн хэрэглэдэг болсон. Бидний кино бүтээхдээ зарцуулсан цаг хугацаа үзэгчдэд тодорхой сэдэв, сэдэл, асуудлын талаар илүү нарийн ойлголтыг өгдөг болсон гэдэгт итгэдэг. Бид улс төрийн агуулгаар /захиалгаар/ кино хийдэггүй. Гэвч, бид ажилдаа өөрчлөлт шинэчлэлт оруулахыг хүсдэг. Бидний бүтээсэн кино, нэвтрүүлгүүд утга учиртай байгаасай гэж хүсдэг. Тиймдээ ч дараа дараачдаа бидний бүтээлийг үзэгчид үзсэн хэвээрээ байхын төлөө бид шаргуу ажилладаг.

Эх сурвалж: The Curator Magazine; Reform News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button