НийгмийнЯРИЛЦЛАГА

86 настай Д.Бямбаням: Урд уулыг оройлдож давхиад, адуугаа хураагаад ирлээ

Ярилцлагынхаа зочинтой уулзахаас өмнө “86 нас хүрэхээрээ юу хийж бүтээн, бусдад үлгэрлэж чадах вэ” хэмээн өөрөөсөө асуув, ер нь хэрхэх бол гэж нэлээд бодлоо, би. Энэ асуултыг уншигч та бүхнээс ч бас асууя. Олонх нь “Хийдгээ хийчихсэн, гавьяаныхаа амралтыг эдэлнэ” хэмээн хариулах болов уу.

Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг сумын малчин, өдгөө 86 настай Дамдинсүрэнгийн Бямбаням гуай залуусаас дутахгүй морь унан, эмнэг сургаж, нас бол зүгээр л тоо гэдгийг үлгэрлэж явна. 

1936 онд төрсөн түүний хул алаг морьтой давхиж яваа зураг хоёр жилийн өмнө цахим орчинд цацагдаж байв. Өдрөөс өдөрт монгол ахуйгаасаа холдсоор буй өнөө цагт морь унаж чаддаг хүн хэд билээ. Төв суурин газарт бүр ч цөөн. 86 насандаа ингээд морь унан, салхи татуулан давхиж яваа Д.Бямбаням гуайгаар олон, олон хүн бахархдаг, үлгэрлэдэг. “86 нас хүрэхээрээ би ингэж явж чадах болов уу” гэж өөрийн эрхгүй өөрөөсөө асуудаг хүн олон.

Түмний хайр, хүндлэлийг хүлээсээр яваа “сошиал од” эмээ багаасаа молор эрдэнэтэй ойр, адуунд эрэмгий өсчээ.

Таван настайгаасаа аавынхаа хамт оторт явж, адуу манан, эмнэг сургаж өссөн тэрбээр улс, аймаг, сумын наадмын цөөнгүй айраг, түрүүтэй. Түүний уясан харлаг шүдлэн 1993 онд улсын наадамд түрүүлж байжээ.

Онц тээвэрчин Д.Бямбаням гуай “Амьжиргаа цагаан”, “Приус” машинаар ёстой нэг түүртэх юмгүй жирийлгэдэг.

Сэтгүүлч Б.Буяндалай бэлтгэсэн ярилцлагаа ерөнхийд нь базаад ингэж ярилаа

Тэрбээр өөрийн долоо, ахынхаа таван хүүхдийг өсгөн, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачтан.

“Өнөөгийн малчид хонио хариулахдаа, адуундаа ч мотоциклтой явах юм. Монгол төрхөө алдаж байна. Морь унан, салхи татуулан давхих шиг сайхан зүйл үгүй. Ямар нэгэн өвчин, хуучгүй минь мал маллаж, морь унадгийн ач” гэж буй түүнтэй ярилцлаа.

Биднийг ярилцлага авахаар очиход Д.Бямбаням гуай сумын төв морьтой жирийлгэж орчихоод гэртээ дөнгөж ирээд байв.

МОРИОР СУМЫН ТӨВ ОРЧИХООД ИРЛЭЭ

-Сайхан зусаж байна уу, Та?

-Сайхаан. Сайхан зусаж байна уу, миний хүүхдүүд. Ажил төрөл нь сайн уу?

-Сайн, сайн. Сая та сумын төв рүүгээ давхичихаад ирлээ. Морин дээр удаан явахаар ядардаг уу, бие нь чилдэг үү?

-Ёстой ядардаггүй. Морьтой хэчнээн цаг давхисан ч бие чилдэггүй. Харин ч толгой тархи сэргээд сайхан байдаг юм.

-86 настай танд ямар нэгэн хууч өвчин, зовиур бий юу?

-Байхгүй. Гэдэс, толой, өвдөг, хөл гар огт өвддөггүй. Даралт хэвийн. Одоо ингээд бодоход надад ямар ч өвчин зовиур, эмгэг байхгүй юм байна. Хөдөлгөөн их хийдэг, морь унадгийн минь л ач. Морь унаж, хөдөлмөрч, залхуурдаггүй байсных. Өөр юу байх вэ.

-Та багаасаа адуутай ойр өссөн юм билээ. Аавтайгаа хамт оторт явдаг байсан, молор эрдэнэтэй амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцана уу?

Би одоогийн Алтанбулаг, тухайн үеийн Бор-Өндөр суманд 1932 онд төрсөн. Айлын ганц охин, нэг ах, нэг дүүтэй. Таван настайгаасаа аавыгаа дагаж отрын адуунд явсан. Бидний үед автомашин байсангүй. Голоороо хоёр хуваагддаг тооно, арав, аравхан уньтай гуравхан ханатай гэр ачаад явна. Ганц дээвэртэй, хоёр туургатай.

Олон адуу нэг газар олон хонох биш. Долоо, наймхан хоноод л нутаг сэлгэнэ. Адуу хаана хүрч хононо, тэнд цасыг хөлөөрөө малтаж байгаад л гэрээ барина. Тэгж нүүдэл хийн, адуугаа оторлож явдаг байсан юм. Адуунд хайртай, дуртай, молор эрдэнэтэй амьдралаа холбохын эхлэл нь тэр байлаа. Аавынхаа буянаар морь сайн уяж, уургалж, эмнэг сургаж сурсан. Би 17 нас хүртлээ хурдан морь унасан. 1977 оноос хойш өнөөг хүртэл хурдан морь уяж байна.

-Эмнэг сургахдаа “Уначих вий” гэж айсан удаа танд байгаа юу?

-Юу гэж тэгж айх вэ. Тэгж айх л юм бол мориноосоо унана, эмнэг сургаж чадахгүй. “Ойчихгүй” л гэж бодож мордвол унадаггүй шүү дээ, ер  нь. Би “Айгаад байвал та нар адууныхаа доор л орно гэсэн үг шүү” гэж хүүхдүүддээ захьдаг юм.

Эмээ нь одоо эмнэг сургахаа больсоон. Бие арай дийлэхгүй шинжтэй. Нас дээр гарахаар тамир, тэнхээ сульдаад, эмнэг адууг хүчрэхээ болилоо. Хүүхдүүд ч хориод эмнэг сургуулахгүй байгаа. Эмнэг битгий хэл үргэлж унах дуртай морьд дээр минь ч мордуулахаас цааргалах болсон. Намайг мориноос унах вий, бэртэж гэмтэх вий гэж болгоомжилсондоо тэр.

ИДЭР ЗАЛУУС Ч ХУРГАЖ БАЙСАН ЭМНЭГ АЗАРГЫГ СУРГАСАН НЬ

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд Хустайн нурууны 20 жилийн ой болж. Ойгоор газар, газрын олон хүн цугларч, бэсрэг наадам хийж л дээ. Наадмын үеэр эмнэг сургах тэмцээн хийхэд нэг азаргыг номхруулах хүн гарсангүй. Юун сургах нь битгий хэл чихдээд номхруулах хүн ч байсангүй.

“За, энэ азаргыг сургах хүн гарахгүй нь бололтой” гээд тэмцээнээ дуусгах гэж байхад нь олны дундаас Д.Бямбаням гуай гараад иржээ. Тухайн үед 74 настай байсан тэрбээр яах ийхийн зуургүй гүйж очоод “Хмм, одооны залуус уу. Та нарын насан дээр эмнэг адууг шээсийг нь гоожтол чихдэж байгаад морддог байлаа” гэжээ. Улмаар өнөөх азаргыг өөрөө чихдэж байгаад мордсон байна. Нас, бие гүйцсэн эмнэг азарга чадал заан булгихад Д.Бямбаням гуай эв, хав гайхуулан тогтсон тухай нутгийнхан нь одоо ч бахархан, бахдан ярьдаг юм билээ.

-Та долдугаар анги төгсөөд “Авдархангай” нэгдэлд тоо бүртгэгчээр ажилласан юм билээ. Дунд анги төгсөөгүй байхдаа ажлын гараагаа эхлүүлсэн нь сонирхол татаж байна. Та болзол, шалгуурыг нь яаж хангаж байв?

-Манай сум анх Бор-Өндөр нэртэй байсан. Бүр хожим, нэгдэлжих хөдөлгөөний үеэр Туул голын наад энгэрт гарч, Алтанбулаг нэртэй болсон. Тэгээд сумын сургуульд хүүхэд элсүүлнэ гэхээр нь очлоо. Тухайн үед би 15 настай байв. Гэтэл зөвхөн 9-10 настай хүүхдийг л элсүүлнэ гэлээ. Тэгэхээр нь өөрийгөө 10 настай гэж хэлээд бүртгүүлсэн, сурсан. Таван насаар эгч тул онц сурах нь тодорхой. Урлагийн үзлэгээс авхуулаад нийгмийн ажилд их идэвхтэй оролцоно.

Долдугаар анги төгсөөд шинээр байгуулсан “Авдархангай” нэгдэлд тоо бүртгэгчээр ажилласан. Тухайн үед долдугаар анги төгссөн хүн боловсролтойд тооцогддог байлаа. Хүмүүс намайг нямбай, улсын ажил цалгардуулахгүй, яс хийнэ гэж итгэсэн шиг байгаа юм.

Хүмүүсийн нийгэмчилсэн  бүх малыг зүсэлж тэмдэглэнэ. Тамга, тэмдэгнээс авхуулаад нарийн бүртгэнэ. Хэрвээ алаг адуу байлаа гэхэд ийм халзан, тэндээ тийм цагаантай гээд л бичнэ. Тэгж ажилладаг байлаа. 

Нэгдлийн цалин бага. Тиймээс амьдрахын эрхэнд Улаанбаатар руу шилжиж, амьдарсан. Өө, ёстой юм, юм хийсээн. Нэг хэсэг дэлгүүрт худалдагчаар ажилласан. “Авдархангай” нэгдлийн талхан заводыг сэргэхэд эрхлэгч, тоо бүртгэгчийн ажил хийв. Дараа нь Байшин үйлдвэрлэх комбинатад машинистаар ажилласан. Тэнд ажиллаж байхад нэг ажилтнаа жолооны дамжаанд сургах урилга манай байгууллагад ирсэн юм билээ. Үүнийх нь дагуу би сураад мэргэжлийн жолооч болсон.

-Тэгээд л тээвэрт явж эхэлсэн үү. Ихэвчлэн том оврын автомашин унадаг байв уу?

-Тийм ээ. 1966 оноос тээвэрт явж эхэлсэн. Хань минь мөн жолооч байлаа. Тухайн үед зам харгуй одоогийнх шиг биш. Олон цагаар бус олон хоногоор тээвэрт явна. Ар гэртээ хэчнээн санаа зовж, хүүхдүүдээ санасан ч холбоо барих боломжгүй. Давхиж, давхиж яваад л ирнэ. Мэндлээд сар ч болоогүй байгаа хүүхдээ машиндаа суулгаад тээвэрт явах үе ч гарч байлаа. Дулаан кабинд хүүхдээ хуурайлаад, хөхүүлээд явна.

Дугуй хагарах зэргээр машин хэр барагтаа саатахад засчихдаг байлаа. Амьдрахын төлөө тэгж зүтгэсэн, хөдөлмөрлөсөн хүн дээ, би.

ӨЧИГДӨР МОРИОР ДАВХИАД АЛГА БОЛСОН ҮХРЭЭ ОЛООД ИРСЭН

-“Амьжиргаа цагаан”, “Приус” машиныг түүртэх юмгүй унаж буй бичлэг тань цахим ертөнцөд нэлээд тарсан. Одоо машин унадаг хэвээрээ юү?

-Унахгүй байгаа. “Таны тийм бичлэг фэйсбүүкт тавигдаж” гээд хүүхдүүд хэлдэг л юм. Надад ямар фэйсбүүк байх шиг. Би өөрийнхөө бичлэгийг үзээгүй ээ.

Би залуудаа ЗИЛ-130 автомашин унадаг байлаа. Нэг “Приус-20”-ийг дөрвөн жил унасан. Ан хийдэг жиптэй хүн шиг энэ урд уулын оройгоор давхиж, апдуу эргүүлсэн. Яаралтай ажил гарвал хот руу давхичихна, хүссэн газар руугаа явчихна. Хэлэхгүй явчихаар хүүхдүүд их уурлана. Том хүү минь “Та хэчнэнэ үрэм мэддэг, машин дадмаг унадаг ч нэг согтуу нөхөр хүрч ирээд дайрчихвал яах юм бэ” гэж дургүйцээд машиныг хураагаад авчихсан байгаа. Уг нь ч би унаж чадна л даа.

-Аюулгүй байдлыг бодолцон, зөв шийдвэр гаргажээ.

-Тийм шүү. Би яах вэ, машин унах гэсэндээ уурлаж нэг, инээж нэг үзсэн. За, тэгээд явж, явж хамгийн сайхан унаа бол морь. Ёстой юу ч гүйцэхгүй, хамгийн сайхан, тэнгэрлэг амьтан.

Багаасаа морь унаж, ойр өссөн болохоор адуунд их хайртай. Мориор мал эргүүлдэг хүн ч байхгүй болсон юм байна. Хонио хариулсан ч мотоциклтой. Адуугаа туусан ч мотоциклтой. Монголоо, өв уламжлалаа алдаж байна.

Морь унаад давхиж явах шиг сайхан юм байхгүй. Би өчигдөр л гэхэд энэ урд талын Төмрийн ухааг оройлдож давхиад үхрэндээ явсан. Замд тааралдсан хүмүүс “Харанхуй боллоо. Та буцаач. Хаа гэж явах юм бэ. Настай хүн ингэж яваад морь малнаасаа унаж бэртвэл, төөрвөл яана” гэж загнаад. Би нэгэнт гарсных гээд гүрийчихлээ. Ямар ч байсан үхрээ олоод ирсээн.

-Хэдэн км явчихаад ирсэн гэсэн үг вэ?

Лав 10 гаруй км газар байгаа.

АХЫНХАА ӨНЧИРСӨН ТАВАН ХҮҮХДИЙГ ӨСГӨСӨН САЙХАН СЭТГЭЛ

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Би өөрөө долоон хүүхэд төрүүлсэн. Ах маань өөд болсноос 49 хоногийн дараа хань нь бурхан болсон. Тавын таван хүүхэд нь өнчирч хоцроход зүгээр хараад сууж яаж тэвчих вэ. Бүгдийг нь өөр дээрээ авсан. Тэгээд өөрийн долоо, ахынхаа таван хүүхдийг өсгөсөн дөө, би.

-Зах зээлийн хүнд үед 12 хүүхэд өсгөх амаргүй. Та яаж болгож байв?

-Уйгагүй хөдөлмөрөөд, зүтгээд явахад учир нь олддог юм билээ. 12 хүүхдээ өсгөх, хүний дайтай хүн болгохын тулд ёстой нэг сөхөө авах чөлөөгүй тээвэрт явсан, хөдөлмөрлөсөн. Жолоочийн цалин овоо гайгүй. Нөхөр, бид хоёрын цалин ер нь овоо хүрчихдэг байсан шүү.

1977 ОНООС ХОЙШ МОРЬ УЯСАН

-Танайх 1977 оноос хөдөө гарч, энд нутаглаж байгаа гэсэн. Эндээсээ огт холдоогүй юу?

-Ёстой холдоогүй 1977 онд энд “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйг байгуулсан юм. Тэгэхэд хань бид хоёр хэдэн үхэр авч, хөдөө гарч байлаа. Түүнээс хойш энэ нутагтаа нутаглан, аараг толгодоо дамжин нүүдэллэн амьдарч байна. Хөдөө гарснаасаа хойш би морь уяж байгаа.

-Энэ жил наадамд морь уяж байгаа юу?

-Уявал торгон жолоо өргүүлэх хэдэн сайхан морь байна, байна. Даанч унах хүүхэд олдохгүй юм аа. Манай хүүхдүүд хүүхдүүдээ харамлаад морь унуулахаа байчихсан. Унах хүүхэдгүй бол морь уяад яах вэ дээ.

“Нөхөрлөл”-д ид байхдаа нэг насандаа цөөндөө гурван морь уядаг байлаа. Сумын наадамд сойхон бүгд 18-аас дотогш ирдэг байв. Гурван охин маань миний морийг унаж өгдөг байсан юм.

УЛСЫН НААДМЫН ТҮРҮҮТЭЙ УЯАЧ ЭМЭЭ

Ингэж хэлээд Д.Бямбаням гуай хоймортоо өлгөөтэй медалиудаа үзүүлэв. Шажигнасан олон медалиуд дундаас нэгийг нь онцлоод “Улсын наадамд түрүүлсэн алаг үрээний минь медаль” гэв. Түүний уяж, хурдлуулсан алаг үрээ Ардын хувьсгалын 72 жилийн наадамд духандаа тоосгүй хурдлан түрүүлж, тод магнай, торгон жолоогоо өргүүлсэн юм. Энэ тухай ийн ярилаа.

-Уясан хүлэг нь төрийн наадамд түрүүлэх шиг сайхан зүйл гэж юу байх вэ. Бөөн баяр гүйж явснаа, хүлэг, хүүхэд хоёроороо бахархаж байснаа өчигдөр болсон мэт  тод санаж байна. Улсын наадмаас 10-аад хоногийн дараа болсон сумын наадамд миний бүх морь 10-аас дотогш давхиж байлаа.

Би үнэндээ машинаа машин тэргэн дээр ачаад, хөтлөөд хол очиж наадаж үзээгүй. Уясан морио ханийнхаа нэр дээр уралдуулдаг байлаа. Тэгээд хань минь аймгийн алдарт уяач болсон юм.

Уясан морио өөрийнхөө нэр уралдуулсан бол та аймгийн алдарт уяач болох байж. Одоо харамсдаг уу?
-Энэ талаар огт боддоггүй, харамсдаггүй. Алдарт уяач болох байж, одоо болчих юм сан гэж огт шунадаггүй. Тийм бодол төрж байгаагүй.

УЯСАН ХҮЛГЭЭ ХАНИЙНХАА НЭР ДЭЭР УРАЛДУУЛСААР АЙМГИЙН АЛДАРТ БОЛГОЖЭЭ

-Хань нь морь уядаг байв уу. Та уясан бүх морио ханийнхаа нэр дээр уралдуулдаг байв уу?

-Өвгөн минь ёстой морины сүүл ч боож үзээгүй. Гэрийн эзэн байхад би юу гэж унасан хүлгээ өөрийнхөө нэр дээр уралдуулах вэ. Ханийнхаа нэр дээр уралдуулалгүй яах вэ.

Дахиад хэлэхэд, унах хүүхэд олдохгүй байхаар нь морь уяхаа больчихоод байгаа. Хүний хүүхэд гуйгаад унуулахаар хэлснээр явахгүй юм. Морь хэчнээн сайн байсан ч хүүхдийн ухаанаар уралддаг ухаантай амьтан.

-Та өглөө хэдэн цагт босдог вэ?

-Өдөр бүр 05.00 цаг хараахан болоогүй байхад босдог. Тэгээд хэвтэх, суух завгүй гүйгээд.  Аргал түлшээ зэхнэ,  малаа бэлчээчихээд бусад ажлаа амжуулна. Үнээгээ саана. Өдөржингөө тийм ч юм, ийм зүйл хийх сэн гэж гүрийсээр явтал орой болчихно. Өнөөхөө арайхийж амжуулчихаад гэртээ орж ирэхэд 23.00 цаг болдог. Тэгээд л унд уучихаад, унтдаг.

ЭРҮҮЛ Л БАЙЯ ГЭВЭЛ ХӨДӨЛ, ХӨДӨЛМӨРЛӨ

-Өнөө цагт малчид малдаа, ойр зуурын ажилдаа ч морь унахаа байлаа. Мотоциклоор л голдуу жирийлгэдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би харамсдаг. “Арай ч дээ” гэмээр санагддаг. Өнөөгийн залуу их залхуу. Утас оролдоод суучихна, бусадтай мэндийн зөрүүгүй, амьд харилцаагүй. Өдөржин утас оролдоод суучихдаг яасан их завтай юм бэ.

Олон хүн дотор сайн бий, саар нь ч бий. Хөдөлмөрч, бүтээлч, аж ахуйч, мал сайтай айл алийг тэр гэх вэ. Гэтэл туслах малчин, хэдэн малаа харуулдаг малчин зөндөө. Хүн харахад олон малтай, мянгат малчин. Гэтэл өөрөө хонинд огт явдаггүй, гэрийн өдөр тутмын ажилд оролцохгүй. Ийм малчин гэж байх уу, та минь ээ. Ёстой санаанд багтахгүй юм.

-Залууст хандаж та юу гэж хэлмээр байна вэ?

-Бүү залхуур. Эрүүл байя гэвэл өөрийгөө хөдөлгө. Хүн эрүүл байхын үндэс нь цэвэр агаар, хөдөлгөөн.

Зурагт хараад удаан суухаар хоёр хөл эвгүй болно, бадайрна. Нүд юм харахаа болино, хараа муудна. Тэгүүлэхгүйн тулд хөдөлмөрч бай, бүү залхуур гэж өнөөгийн залууст хэлмээр байна.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-13 09:01

ямар мундаг буурай вэ. Урт нас####ж удаан жаргаара

Зочин
Зочин
2022-05-13 13:45
Reply to  Зочин

Мундаг эмээ байна .100 нас түүнээс ч өндөр наслах болтугай

Зочин
Зочин
2022-05-13 09:01

Морь унаад дхвхтад бдаг эмээ байна

Зочин
Зочин
2022-05-13 09:02

Хөөрхөн эмээ байна

Зочин
Зочин
2022-05-13 09:04

Цоглог гар юм аа

Зочин
Зочин
2022-05-13 09:10

Төв аймгин ####дарт уяач эгч байна. Урт нас####ж удаан жаргаарай

Зочин
Зочин
2022-05-13 10:27

Yostoi huurhun yumaa

Зочин
Зочин
2022-05-13 10:34

Huurhun buurai yumaa

Зочин
Зочин
2022-05-13 10:41

Buyantai buurai yumaa neeree

Зочин
Зочин
2022-05-13 10:46

Manai eejees ylga yu bhav unheer huurhun uumaa

Зочин
Зочин
2022-05-13 11:09

estoi mundag ymaa shn buurai min eruul enh bgaarai

Зочин
Зочин
2022-05-13 20:25

Машиныг нь амл####т авч байгаад өгөөч. Ядаж сумын төв орно. Хаашаа явахаа хэлнэ. Хол явахгүй гэх мэт дүрэм зохио. Насаараа жолооч байсан бол машин унах юм сан гэж бодож байгаа.

Зочин
Зочин
2022-05-13 22:40

Нутгийн зөвлөл нэг япон моцикол аваад өгмөөр юмаа.

Уншигч
Уншигч
2022-05-14 08:35

Ямар мундаг, бу######д үлгэр дуурайл#### болсон эмээ вэ? Урт нас####ж, удаан жаргаарай.

Ahmad
Ahmad
2022-05-15 13:56

Ssihan emee baina. Bi ch emee. Surah yum ih baina. Setguulchid bayarlalaa.

Zochin
Zochin
2022-05-15 15:16

Estoi gaihamshig baharhaj baina.Urt naslaarai gej eruul urgie

tsoglog emee
tsoglog emee
2022-05-17 08:42

baharhaj bn

Зочин
Зочин
2022-05-17 23:53

Нэг хотонд тоглож өссөн чамайг ийм өндөр наслаад гял####заж яваад баяр хүргэе ! 1957 онд Хар хужирт танай манайхан айл зуссан даа.
Зуу наслаж зургаадай таяг тулаарай !

Холбоотой мэдээ

Back to top button
18
0
Would love your thoughts, please comment.x
()
x