Сурвалжилга: Гэмтлийн эмнэлэгт халтирч унасан иргэд, зодолдсон хүүхдүүд, зааланд бэртсэн залуус зонхилон өдөрт 500-600 хүн ирдэг
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг 11-р хороололд Нийслэлийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн урд байрладаг. Хуучнаар Түлэнхийн төв байсан энэ эмнэлэгт гэмтлийн бүх тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлж байна. Гэвч хүмүүс зөвхөн түлэгдсэн, хөлдсөн хүмүүст л үйлчилдэг гэсэн ташаа ойлголттой байгаа аж.
Иймд энэхүү салбар эмнэлгийн үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бид тус эмнэлгийг зорин очлоо.
ГССҮТ-ийн салбар уг эмнэлэг Түлэнхийн төв, Спортын гэмтлийн төв, Ясны гэмтлийн тасаг, Нөхөн сэргээх мэс заслын тасаг, Сэргээн засах физик эмчилгээний тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Мэс заслын нэгдсэн хагалгааны тасаг, Амбулатори, Яаралтай тусламж гэсэн тасаг нэгжүүдээс бүрддэг.
-Өдөрт дунджаар 80-100 хүн яаралтай түргэн тусламж авдаг-
Уулзахаар товлосон эмч маань өнгөрсөн шөнийн ээлжинд жижүүрлэж ажилласан, Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч А.Ерлан байв. Тэрбээр ээлжит нэгэн мэс заслаасаа дөнгөж гарч ирээд буй.
-Дөнгөж сая та ямар мэс заслаас гарч ирэв?
-Цахилгаан хөрөөнд гараа зүссэн 19 настай залууд тасарсан шөрмөсийг нь залгах, сэргээх мэс засал хийчихээд гарч ирлээ.
-Өнгөрсөн шөнийн ээлжинд ажиллахад нийт хэчнээн хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэв. Гэмтэл, бэртлийн түгээмэл тохиолдол нь юу байсан бэ?
-Төв эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт өчигдрийн байдлаар 300 гаруй өвчтөн хандаж, эмчилгээ үйлчилгээ авсан бол манай дээр 100 гаруй хүн ирсэн. Өчигдрийн хувьд ирж буй хүмүүсийн ихэнх нь халтирч унахдаа гараараа тулж унан гараа хугалсан хүмүүс байсан. Мөн зааланд тоглож байгаад бэртэж гэмтсэн, хоорондоо зодолдоод гэмтсэн хүүхдүүд их ирж байна. Бас архидан согтуурч байгаад зодоон хийж, мэсийн халдлагад өртөөд бэртэж ирсэн тохиолдол элбэг бий.
-ГССҮТ-ийн салбар эмнэлэг гэхээр хүмүүс хэр ойлголттой байна?
-Салбар гэхээр хүмүүс жижиг гэж бодоод байдаг. Төв дээр чинь л үзүүлмээр байна гэх хүмүүс ч бий. 11-р хорооллын шинэ эмнэлэг дөнгөж төгссөн залуу эмч, мэргэжилтнүүдтэй гэж ч ойлгодог. Гэтэл манайх салбар эмнэлэг болохоос шинэ эмнэлэг биш. Хийгдэх ёстой бүх л төрлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж, төв эмнэлэгтэй ижил түвшинд ажиллаж байгаа. Эмч, мэрэгжилтнүүдийн хувьд ч төв эмнэлэг дээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс бий. Жишээ нь ясны тасаг, дурангийн тасагт ажиллаж байгаа эмч нар бүгд л олон жил ажилласан туршлагатай, чадварлаг эмч нар. Хотын түгжрэлд заавал ГССҮТ-ийг зорьж цаг алдаж, очер дараалал хүлээлгүйгээр ойролцоох байршлын иргэд манай салбар эмнэлэг дээр ирж гэмтлийн бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай авах бүрэн боломжтой.
Эмнэлэгт байх ёстой бүх л тасаг нэгж байгаа учир бүх төрлийн гэмтлийн тусламж үйлчилгээг эндээс эрүүл мэндийн даатгалаар үнэгүй авах боломжтой. Оёдол тавихаас эхлээд боолт хийх, гипс тавих, амбулаторийн хяналтад оруулах, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд хуваарилалт хийж хэвтүүлэхээс гадна мэс заслын ажлыг ч хийж байна.
-Бүх төрлийн шинжилгээг, яаралтай тохиолдолд 24 цагаар хийдэг-
Өчигдрийн байдлаар 140-150 хүн амбулаториор эмчилгээ, үйлчилгээ авчээ. Мэс заслын өмнөх, дараах болон бусад эмийн эмчилгээ хийлгүүлж байгаа хүмүүс шаардлагатай үйлчилгээгээ аваад цаашид хуваарийн дагуу үзүүлж болно. Мөн энд бүх төрлийн шинжилгээг хийдэг. Нэн яаралтай тохиолдолд 24 цагаар ч шинжилгээ хийдэг байна. Зөвхөн тархины гэмтэл, цээжний ил болон битүү гэмтэл, нурууны гэмтэл зэрэг хүнд гэмтлүүдийг л ГССҮТ хариуцдаг аж.
-ГССҮТ дээр хийгддэгүй зарим мэс заслыг энд хийдэг гэснийг тодруулбал?
-Мэс засал хоёр хэлбэрээр явагддаг. Нэгдүгээрт яаралтай мэс засал, хоёрдугаарт төлөвлөгөөт мэс засал ордог. Төв эмнэлэгт 80 гаруй төлөвлөгөөт мэс засал хийгддэг. Түүний 28-30 нь манай салбар эмнэлэг дээр хийгддэг. Тиймээс шаардлагатай мэс заслаа манай дээр хийлгэх бүрэн боломжтой.
-Ямар төрлийн мэс заслыг хамгийн их хийж байна?
-Ясны хугарлын мэс засал, түлэгдэлтийн үеийн мэс заслууд, нөхөн сэргээх, амбулаторийн хяналтын төлөвлөгөөт мэс заслууд түгээмэл хийгдэж байна.
-Арьс шилжүүлэн суулгах мэс заслыг яаж хийдэг вэ?
-Арьс шилжүүлэн суулгах мэс засал түлэгдэлтийн үед болон түлэгдэлтийн дараах үед хүүхэд, насанд хүрэгчид гэсэн хоёр хэлбэрээр хийгдэж байгаа. Тухайн хүний биеийн түлэгдээгүй, эрүүл хэсгээс нь түлэгдсэн хэсэг рүү шилжүүлж арьсны бөх давхарга бүрдүүлэх замаар хийгддэг. Үүн дээр анхааруулж хэлэхэд 0-5 насны хүүхдийн түлэгдэлт их байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.
-Иргэдийн хувьд анхан шатны яаралтай тусламж, үйлчилгээгээ авсны дараа гаргадаг түгээмэл алдаа юу вэ?
-Яаралтай түргэн тусламжийн тасгийн хэмжээнд ярихад, гар нь хугараад орж ирсэн хүнд чиг тавьж, гипсдлээ гэж бодъё. Үүний дараа эргээд орон нутаг, харьяа дүүргийнхээ амбулаторийн гэмтлийн эмчийн хяналтад явах ёстой байтал тэгдэггүй. Гипсдүүлчихээд л алга болчихдог. Тэгээд сарын дараа далий болчихлоо, буруу бороолчихлоо гээд ирдэг. Яс хугарсны дараа мэдээж зөөлөн эдийн гэмтлээс үүдэлтэй хаван үүсэж, үрэвсэл явагддаг. Хавантай байхад нь тавьсан гипс хаван буусны дараа сулраад ирэхээрээ хотойлт үүсэж, чиг боож тавьсан гипсний ерөнхий үүрэг нь алдагддаг. Тэр нь хугарлаараа салчихвал далий бороолох эсвэл бороолохгүй байх, шарх нь идээлэх зэрэг хүндрэлүүд гардаг. Тиймээс хэчнээн анхны тусламж авсан ч гэсэн дараагийн шатны тусламж, үйлчилгээгээ авч хянуулах хэрэгтэй байтал түүнийг орхигдуулдаг.
-Түргэний машинаар нэлээд өвчтөн ирж байгаа харагдаж байна?
-103-аар манай дээр маш олон хүн ирдэг. Мөн дан ганц гэмтлийн шалтгаантай өвчтөнүүд ирдэггүй. Зарим тохиолдолд гэмтлийн шалтгаанаар ирсэн ч архаг суурь өвчинтэй, хавдартай, манайд мэс засалд орох заалтгүй хүмүүс ч ирдэг. Тийм өвчтөнүүдэд анхан шатны шаардлагатай тусламж үзүүлж, оношилгоо, шинжилгээг нь бүрэн хийгээд харьяалал бүхий түргэвчилсэн нарийн мэргэжлийн эмнэлгүүд рүү нь өөрсдийнхөө унаагаар хүргэж өгдөг. Жишээ нь өчигдөр гэртээ халтирч унахдаа шилэн хаалганд гараа зүсээд цус алдсан, уушгины архаг өвчтэй, багтраатай, бүх эм тарианаас харшилтай хүн ирсэн. Тэр өвчтөнд оёдол тавьж шархыг нь цэвэрлээд анхан шатны эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд харьяалал бүхий дүүргийн эмнэлэг рүү нь унаагаараа хүргэж, хариуцуулж өгсөн.
Сүүлийн үед халтиргаа, гулгаа ихэссэнтэй холбоотой халтирч унан хөл, гараа гэмтээх, хугалах болон хөлдөх, осгох тохиолдол хамгийн түгээмэл гарч байгаа аж. Халтирч унаснаар хөл гараа гэмтээх, тархины гэмтэл авах, цаашлаад амь насаа алдах ч эрсдэлтэй байна.
ГССҮТ-ийн 11-р хорооллын салбар эмнэлэг 220-240 орны багтаамжтайгаас өнөөдрийн байдлаар энд хэвтэн эмчлүүлж буй 170 гаруй өвчтөн байна. Үүний 60-70 нь түлэгдэлт, үлдсэн нь ясны гэмтэл, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.
Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч А.Ерлан "Зөвхөн эрүүл мэндийн салбарынхан бус ард иргэд маань өөрсдөө урьдчилан сэргийлж чадвал яаралтай түргэн тусламжаар өдөрт гэмтэж бэртэж ирж буй 500-600 хүний тоог бууруулах боломжтой. Дулаан хувцаслаж явах, халтирахааргүй гутал өмсөх, эрсдэлтэй мөстсөн газраар болгоомжтой явах хэрэгтэй. Мэдээж хүн унаж байхдаа түүнийгээ хянах боломжгүй тул урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хөдөө, гадаа хол замд явахдаа машин техникийнхээ бүрэн бүтэн байдалд анхаарах, хурдаа тохируулж явах, гал, нүүрсний хэрэглээн дээрээ анхаарч галын аюулаас сэргийлээрэй" гэж зөвлөв.
Биднийг яриагаа дуусгаад гарахын алдад "Яаралтай тусламж шаардлагатай хоёр өвчтөн ирлээ" гэсээр нэг сувилагч сандран орж ирлээ. Ээлжээсээ буух гэж байсан эмч сувилагчийг даган "Амилахуйн тасаг" гэсэн хаяг бүхий өрөө рүү орон үлдэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kue Mon ajilsag humuus shu
Zarim ni humsaa hugalchihlaa gej orj irne ym ym uznee
Hurdan shuurhai yum bnlee mash ih bayarlaj baigaa shuu ta nartaa.
Маш их баярлаж явдаг даа