НИЙГЭМ

Ц.Одгэрэл: Монголын аялал жуулчлалын компаниудад цензур тавьдаг болох хэрэгтэй

Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ эзэлж, олны хүндлэлийг хүлээсэн компаниудын нэг нь “Тосон заамар од”.  Тус компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Цэрэндагвын Одгэрэлтэй ярилцлаа.

-Та сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн салбарт 10-аад жил ажилласан эрхэм. Мэргэжлийнхээ сайханд ид дурлаж явахдаа аялал жуулчлалын салбарт хөл тавьсан тань сонирхол татаж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

 -Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж, энэ салбарт хөл тавьсан минь ийм учиртай. 2015 онд би 1000-аад хүний хамт Итгэлт хамба руу аялсан юм. Монголын нэлээд нэр хүндтэй, аялал жуулчлалын чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж буй компаниар үйлчлүүлсэн юм, бид. Тэгэхэд хөтөч нар нь харилцааны соёлгүй, аялж яваа хүмүүст юм л бол бухимдаад байгаа нь анзаарагдсан. ОХУ руу анх удаа аялж яваа хүмүүст мэдэхгүй зүйл, хэлний бэрхшээл гаралгүй яах вэ. Тэгээд нэг юм асуухаар л ундууцна, бухимдана. Түүх дурсгалын газруудаар явахад сайхан тайлбарлаж, ийм тийм учиртай гээд хэлээд ч өгчихөөгүй. Тэр бүхэн аялж буй хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Үүний сацуу байрласан буудал гэх мэт цөөнгүй зүйл нь таалагдаагүй. Би төдийгүй бусад аялагчид нэлээд даарж, өлсөн, тухгүй яваад ирсэн л дээ. Би бусдыг шүүмжилсэндээ, ямбалсандаа ингэж хэлж байгаа юм биш шүү. Зүгээр л тухайн үеийн үнэн төрх нь л тэр. Тэр үед надад “Ийм сонин хандлагыг өөрчлөх юм сан. Би яагаад чадахгүй гэж” хэмээн бодсон. Хамт явсан эгчдээ “За, яах вэ дүү нь боломжтой болохоор энэ салбарт хөл тавина аа” гэж ярьснаа тод санаж байна. Тэгэхээр ерөөсөө ОХУ-руу аялсан анхны сэтгэгдэл маань намайг аялал жуулчлалын салбар руу хөтөлсөн гэж хэлж болно. Надад орон зай байгааг тэгэхэд анзаарсан юм л даа.

-Тэгээд л шууд ажил хэрэг болгоод ханцуй шамлан орсон уу. Эсвэл тодорхой хугацаанд нарийн төлөвлөж, бэлдэж байгаад компаниа байгуулсан уу?

-Би компаниа 2017 оны эхээр байгуулсан. Тэгэхээр хоёр жил шахам бэлдэж, төлөвлөсөн юм байна. Мэдээж аялал жуулчлалын компани байгуулахад хөрөнгө санхүү, ажиллах хүчээс авахуулаад төлөвлөх, бэлдэх зүйл их байлаа.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ. Гэнэт өөр салбарт ороход цөөнгүй хүн гайхсан байх.

-Би айлын том хүүхэд, гурван дүүтэй. Ер нь багаасаа биеэ даасан. Намайг ямар нэгэн юм хийхэд гэр бүлийнхэн маань их итгэдэг. Тийм болохоор зөв, буруу гэж ямар нэг юм хэлээгүй. “Амжилт хүсье. Чи чадна аа” л гэсэн. Нээрэн компаниа байгуулахдаа хамгийн түрүүнд бага дүүтэйгээ хамтарсан юм байна.

-Монголд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани бий. Нэрийг нь бичвэл нэлээд урт жагсаалт гарна. Тэдгээрээс танай компани юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Компаниа байгуулах болсон туайгаа би түрүүн хэлсэн. Тэр орон зайг манай компани нөхөж яваа гэдгийг нүүр бардам хэлж чадна. Мэдээж юу юунаас илүү аялагчдын аюулгүй байдалд анхаардаг. Тиймээс хаашаа ч явсан аялагдынхаа даатгалыг үргэлж хийлгэдэг. Хүмүүс яах гэж аялдаг билээ. Автобусаар улс дамжин баахан давхин, дэлгүүр хэсэх гэж явдаггүй. Тав тухай явж, түүхэн дурсгалт газар үзэн, юм үзэж, нүд тайлах гэж аялдаг шүү дээ. Манайхыг сонгон үйлчлүүлж буй аялагчидтай соёлтой харилцан, тав тухтай аялуулах нь бидний гол үүрэг. Хүн бүртэй тулж ажиллан, хүсэл, сонирхлыг нь харгалздаг. Зарим хүн аялахыг архидах гэж ойлгодог. Улаанбаатараас аялал эхлэхэд л архи уугаад буцаж ирэхдээ ч согтуу ирэх нь цөөнгүй. Би тэгж яваа хүнд “Аяллын үеэр архи битгий уугаарай. Би таныг архидуулах гэж бус аялуулах гэж авч яваа шүү дээ” гэж захидаг. Үүнээс болж үл ойлголцол гарах нь бий. Зарим хүн “Намайг яаж явахыг та нар мэдэх юм уу. Яаж явахаа, архи уух эсэхээ та нараар заалгах уу” гээд бухимддаг. Согтууруулах ундааг хэзээ ч ууж болно. Харин аялах боломж тэр бүр гарахгүй шүү дээ. Тиймээс аяллын үеэр согтууруулах ундаа уухгүй байхыг аялагчиддаа захья.

Манайхыг сонгосон үйлчлүүлэгчдэдээ аялал эхлэхийн өмнө “Та бүхэн зүгээр л хамт аялж яваа хүмүүс биш. Гэр бүлийнхэнтэйгээ, ажлын хамт олноороо, ангийнхантайгаа хамт яваа юм шиг нэг нэгнээ хүндэлж, дотно харилцаарай. Биднийг хөтөч биш төрөл саднаа гэж бодоорой” гэж захидаг. Тэгэхээр илүү гоё уур амьсгалтай аялал болдог юм л даа. Аялал дуусахад бид үйлчлүүлэгчдийнхээ ээж, дүү, найз нь болоод үлддэг. Аялагчид “Баярлалаа. Их сайхан юм үзээд, тухтай аялаад ирлээ” гэж хэлэхэд их урам авдаг.

-Аялал жуулчлалын салбарынхан эрүүл өрсөлдөж чаддаг уу?

-Ер нь боломжийн. Гэхдээ нэг нэгнээсээ өрсөн үнээ унагаадаг, тэр хэрээр үйлчилгээний чанараа муутгаж байгаа нь анзаарагддаг. Манжуур руу 120-200 мянган төгрөгөөр аялуулж буй компанийг би гайхдаг. Яагаад ч байж болохгүй зүйл. Хямдхандаа бус тийм үнээр авч яваа болохоор аялагчдын даатгалыг хийлгэхгүй байгаа шүү дээ. Тэр хэрээр аялагчдад эрчдэл учирдаг. Ямар нэгэн юм болвол яах вэ, хэн хариуцлага хүлээх вэ. Хямд л байвал тэр хэрээр үйлчилгээ муутай, амь насанд ч эрсдэлтэй байх нь ойлгомжтой. Монголоос гадаад руу хөтөчгүй явуулдаг компани байдаг гээд бод доо. Баахан аялагч суулгаад жолоочдоо найдаад л явуулчихдаг. Гэтэл замд зорчигчдод ямар нэгэн хүндрэл тулгарвал, асуух зүйл гарвал яах вэ. Адаглаад замд түр зогсоход аялагчид замын эсрэг талд гарч болохгүй гэдгийг анхааруулдаггүй.

-Танайх хэдэн орон руу аялал зохион байгуулдаг вэ?

-Манайх анхандаа ОХУ-ын Буриадын Улаан-Үдэ-Итгэлт хамба-Байгал далай-Эрхүү гэсэн маршрутаар явж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо үйл ажиллагаагаа тэлж,  БНХАУ-ын Манжуур, Бээжин, Тэнгэрийн хаалга, Шилэн гүүр, ӨМӨЗО-ны Хөх хот руу аялуулж байна. Өвлийн аялал жуулчлалыг эх орондоо хөгжүүлэхийн тулд энэ өвлөөс Хайнань руу аялал зохион байгуулж эхэлсэн.

-Олонх хүн компанидаа аялал жуулчлалтай холбоотой, дөхөм нэр өгдөг. Тийм, ийм аялал гэдэг ч юм уу. Компаниа яагаад “Тосон заамар од” гэж нэрлэв?

-Үнэнийг хэлэхэд би аливаа зүйлд нэр өгөхдөө тийм ч мэдрэмжтэй хүн биш. Би Төв аймгийн Заамар сумын уугуул. Тосонгийн голын хөвөөнд хурга, ишиг хариулж, гүү сааж өссөн хүн. Тийм болохоор ер нь компанидаа “Тосон заамар” гэдэг өгье гэж бодож байсан юм. Компаниа бүртгүүлэхээр иргэний бүртгэл рүү явж байхад таксинд манай нутгийн тухай дуу явахад их бэлгэшээсэн. Иргэний бүртгэл дээр очтол “Тосон заамар” гэдэг нэрийг өөр хүн авчихаж. Тэгэхээр нь ард нь “Од” гэж нэмүүлсэн юм. Тэгээд л компаниа “Тосон заамар од” гэж нэрлэсэн түүхтэй.

-Цаашид Монголын аялал жуулчлалд түүчээ болсон ямар, ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Маш их судалж, төлөвлөж байна. Монголд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун компани бий. Монголын гурван сая иргэн Итгэлт хамба, Манжуур руу аялаад үзчихлээ. Одоо шинэ мартрут чухал. Тиймээс бид түрүүн хэлсэн шинэ маршруутаа нэмсэн юм.

-Монголд аялал жуулчлалын чиглэрээр үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэл, бэрхшээл гардаг вэ. Өөрчилж, шинэчилмээр зүйл байх юм уу?

-Монгол Улс аялагчдыг татах маш олон зүйлтэй. Хараа цуцам уудам тал, түүх дурсгалын олон сайхан газартай. Бид л сайхан үйлчлээд, менежментээ сайн хийж чадвал гадаадын жуулчдыг эх орондоо татах боломж дүүрэн. Харин хууль эрх зүйн орчин, бичиг баримт бүрдүүлэх тал дээр үнэхээр ярвигтай. Жишээлбэл, гадаадын иргэн Монголд өөрийнхөө машин, мотоциклтой ирж, аялмаар байна гэхэд хэн зөвшөөрөл олгох нь одоо ч тодорхойгүй. Аялал жуулчлалын бүхий л компаниудын “шүдний өвчин” болсон асуудлын нэг нь энэ. Алсдаа тэгээд учир нь олдох байх. Үүнээс өмнө Монгол иргэдийг гадаад руу аялуулж буй компаниудад цензур тавьдаг болмоор байна. Зочид буудалд одоор нь зэрэглэл тогтоодог шүү дээ. Яг түүн шиг. Үүний сацуу хууль, эрх зүйн өөрчлөлтөө тэр даруйд нь танилцуулдаг байх хэрэгтэй. Аялагчдаа аваад хил дээр очиход гэнэт “Дүрэм, журманд тийм, ийм өөрчлөлт гарсан” гээд гэнэт хэлдэг. Бас зам дагуух малд цацруулагч зүүж хэвшмээр байна. Аяллын үеэр автобусаар явахдаа адуу мал дайрсны улмаас аваар гарах, хүний амь эрсдэх эрсдэл их их бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Я. Баярцэнгэл
Я. Баярцэнгэл
2019-12-02 11:54

Одгэрэл эгчдээ ажлын амжилт хүсье та чадна аа улам их зүйл бүтээж яваа мундаг эгч шүү

Холбоотой мэдээ

Back to top button