Сурвалжилга, НийтлэлУРЛАГ

“Харанга”-ын бэлтгэл дээр: Тэдний тайзны ар дахь эгэл, эр хүний төрх

ФМ-ээр “Бүсгүйн заяа” явахад ээж бид хоёр дагаж дуулна аа. Ээж ингэж ярина, “Радиогоор байнга сонсдог байж билээ. Алтайд ирж тоглоход нь би жаахан байжээ. Ингээд бодохоор “Харанга” асар урт хугацаанд оршин тогтнож байгаа биз”.

Миний ч бас ухаан сэхээ орсон цагийн эхэнд л “Харанга” дуулж байсан. “Амьдрал”-ыг сонсож сэтгэл тэнийх, “Үгүйлэн санана”-ы дараа сүүрс алдах энэ амт сайхан. Жин бан нь таарч, хамаг юм нь чинэсэн уран бүтээл сонсох огт өөр мэдрэмж л дээ.

Гэтэл өнөөдөр би “Харанга”-ынхантай нэг ширээнд тойрч суугаад, хуушуур идэж байх юм. Чука тэндээс жижигхэн халуун сав гаргаж ирээд, “Би бас гэрийн хуушуур авч ирсэн” хэмээгээд ширээн дээр тавилаа. Лхагваа “Наадам болж байгаа юм шиг сайхан байна” гээд хазална. Би хоёрыг л идэв. “Би боллоо. Жаахан байж байгаад идмээр оргивол иднэ ээ” гэвэл Лхагваа “Хөрчихнө ш дээ” гээд ярвайв.

“Харанга”-ын бэлтгэл дээр байлцах боломж олдсон маань энэ. “Харанга” бэлдэнэ гэх. Бэлтгэл хийнэ гэх. Сонин ч юм шиг. Тавдугаар сарын 13, 14-нд тэд гурван мянган хүний суудалтай “UB Palace”-т тоглох гэж байна. Үүнээс сар гаруйн өмнө бэлтгэлдээ гарчээ. Хүмүүсийн сэтгэлд “Харанга” дуугаараа л дуурсаж байгаа. Харин зүрх нь цохилж, цус нь эргэлдсэн амьд бүтээгчидтэй нь биений нь илчийг мэдэрч, ойртон ажиж суух сонирхолтой.

Зарим уран бүтээлчидтэй ингэж ойртон дотносоход халгамаар хэцүү байдаг. Тайзан дээр, эсвэл дуу бичлэгийн цаанаас бидний сэтгэлийг булаасан мөртлөө хөшигний ард болохоор гэнэ сэнэгүй бүдүүлэг авирлаж, хараал ерөөл хэлж, санаандаа багтаамааргүй байдлаар элдэв аашлах нь бий л дээ. Ийм үед бушуу зай барьж, зүгээр л дууг нь сонсоод баярладаг тэр мэдрэмжээ хадгалж үлдэхийг хүснэ. Бүгдийн л хардгаас өөр түвшин рүү, хаалттай хөшигний цаад руу нэвтэрдэг сэтгүүлчийн зарим “зовлон” ийм.

Харин “Харанга”... Тийм тулхтай, тийм хөлбөрөлтгүй, тийм нөмөр нөөлөгтэй байсанд нь би дүүрлээ. Бүгдийг таньсан аятай энэ эрчүүд элдэв ядалгүй, савлагаа чичрээгүй ажиглагдана. Тэд сэтгэлдээ бүсгүй хүнээс эхлээд бүгдийг багтаасан, ханасан, нас тогтсон, ухаан уудалсан тийм эрчүүдийг санагдуулна. Тэгсэн мөртлөө хөгжим бүтээдэг, урладаг, уянгалуулдаг, тэгж ертөнцийг аргаддаг эрчүүд. Энэ хослол их сонин: Идтэн шидтэн, цэцэн мэргэд ч юм шиг цогц дүр зургийг сүлэх юм. Ийм хүмүүс нүдний өмнө орж гарч, босож сууж, дуулж хуурдаж, цайлж хооллож байлаа.

Ц.Энхманлай. Бэлтгэлийн үеэр Я.Одсүрэн тэр хоёр хамт суусан. Ямартай ч гурван дуу дууллаа. Энэ хооронд Манлай бараг л дуугарахгүй. Ганц нэг, жижиг сажиг алдах юм. Хоёр давтдаг хэсгийг нэг давтаад орчихдог ч юм уу. Ийм үед бусад нь хэлж засна. Ингэхээр толгой дохиж, “Аан” гэчхээд дахиад тоглоно. Энэ мэт нь түүнийг дуу багатай, амирлангуй нэгэн юм байна гэж бодоход хүргэнэ.

Харин босоод ирэхэд нь харц тулбал энэ мэдрэмж их өөрчлөгдөнө өө. Ц.Энхманлайгийн харц тун гүн. Бүр холхи алсаас ширтэх шиг сонин харцтай. Үүгээрээ олон зуун нас насалчихсан юм шиг дүртэй. Хамгийн нөмөр түшигтэй энерги түүний зүгээс салхилна. Бас үзэл санааны хувьд “Харанга”-ын суурь тэмүүллүүд түүнд ихээхэн зангидагддаг шинжтэй. Хамтлагийн уур амьсгал дотор тэр халдашгүй дархан байр суурьтай нь ч илтэд анзаарагдана.

Я.Одсүрэн. Миний бодлоор тэр хамтлагийн гишүүдээс хамгийн далд байдаг нь байх. Урд гарч туг өргөх дургүй ч юм болов уу. Ямартай ч их даруу, хөдөлмөрч, бас уян зөөлөн нэгэн л гэж харж явлаа. “Харанга”-ын 30 жилийн ойгоор рок, попын одод тэдэнд гэнэтийн бэлэг болгож, “Манан”-г дуулсан. Энэ үеэр Я.Одсүрэнгийн нүдэнд нулимс гялтайтал цийлэгнэж байсан нь санаанд ороод байгаа юм.

Бэлтгэл дээр тэр Манлайгийн хамт суучхаад тоглоно. Аа, хааяа хааяа Чукад загнуулна. “Энэ хоёр одоо болчихвол гоё боллоо. Та хоёр хичээ” гэхэд нь тэд цагаахан инээлдэх. Нөгөө хоёр ч яг тэрхэн агшинд багшийнхаа үгийг сонсон буй сурагч шиг тун дуулгавартай хүлээж авна. Оогий нэг их сүржин даржин урлагийн хүний дүр төрхгүй. Нэг сайхан эзэмшсэн мэргэжилтэй, түүндээ олон жил үнэнч хөдөлмөрлөчихсөн, гэр бүлдээ айхавтар элэгтэй, “зөв” эрэгтэй гэж харагдана, хайрлаж хүндэтгэм сэтгэгдэл төрнө. Ингэж хэлж буйн шалтгаан нь түүнд урт үс, элдэв савхин хувцас алга, даруу төлөв зангаас нь л үүдэлтэй хэрэг. Гэвч яг бэлтгэл хийх үеэр түүний гитартай харьцаж буй, ноот уншиж, өнгөө тохирч буй зэрэг нь хөгжмийн боловсролтойн дээр урлагийн энэ амаргүй үйлийг өдөр тутамдаа маслотой талх түрхээд иддэг шигээ түүртэх юмгүй хийж байгаа нь харагдаж, нүд хужирлана.

Х.Лхагвасүрэн. Бэлтгэл эхэллээ, тэр “Ааааааооооооо...” гэж дуугараад, амны хайрцгаа яг А, дараа нь О үсгийн хэллэгт хувиргаад. Түшлэгтэй сандалд, миний ойролцоо суугаад бэлдлээ. Микрофоны хөлнөөс хадаг сэлтээ уяжээ. Бэлтгэл бүрийг тэр оромдоод өнгөрөөхийг бодохгүй аж. Уг нь тэр хамтлаг дотор махан хоолойгоороо дуугардаг нь. Тийм болохоор хурдан цуцаж, ядрахаар. Гэхдээ нэг дууг 3-4 дахиж давтах болоход ч тэр дуулна. Ганцхан удаа “Одоо яг хариуцлагатай явахгүй бол би бүр цуцлаа” гэж дуугарахыг нь сонслоо.

Лхагвааг хүмүүс их сүрдмээр, хүнд харизмтай гэж боддог байх. Гэхдээ нэг ширээний наана, цаана ойртож суухад их гэнэхэн ч юм шиг, нэг тийм тайвширмаар хүн юм билээ. Барагтай л үг унагахгүй, юмсыг ажиглаад л, юм бодоод л. Тэгснээ нэг жуумганачих, зүйр цэцэг үг мөр толгой холбоод хэлчих нь бий. Юухан хээхэн хийгээд л тэрүүхэн зайндаа сууна.

Дуулахтай нь юу ярих билээ. Түүний хоолой олон арван жил Монголыг, монголчуудыг, Монголын хээр талыг илэрхийлсэн. Хүний дотроос мэдрэмж гогодож, зүрхний цохилт нэмдэг хоолой л доо, түүнийх. Нүдний өмнө суучхаад тэр дүрэмгүй дууллаа. Юунаас ч үл айсан, юунд ч үл баригдсан, цэл өөрийнхөөрөө нэгэн эр хүн дуулж байна.

Ц.Чулуунбат. Чука хамгийн романтик нь. Бэлтгэл бүрийн ард сэтгэгдлээ илэрхийлж, ингэж тэгж өөрчилмөөр байна гэж ярина. Эсвэл яг дундуур нь зогсоогоод, “Пүүжээ. Бөмбөр чинь яг нэгэн хэвийн яваад байна. Өөр өөр болгоод үз дээ” гэх ч юм уу, даралтат хөгжим дээр суугаа залууг “Наадах чинь ииииииннннн! гэж эхлэх ёстой. Зэвүүн эхэлнэ. Нялга авна. Чөлөөтэй тогло. Чи зөөлдөөд л байна шүү” гэх жишээтэй.

Ерөнхийдөө дууг хэдэн удаа бэлдэх, ямар засвар оруулах, юунд анхаарах зэргийг Чука барилаараа удирдаад явчихдаг бололтой. Нэг харахаар “Харанга”-ын хамгийн буурь суусан нэгэн нь ч юм шиг. Дахиад нэг харахаар хамгийн романтик, хөөрүү дэвэргэн нь ч юм шиг. Бидний хоёр жилийн өмнө хийж байсан ярилцлагын гарчиг “Тийм романтик, яг л урлаг шиг амьдраасай”.

Н.Пүрэвдаш. Хээгүй хүн юм аа. Бөмбөрөөс буугаад дүүхэлзтэл алхаж, биеэ засчхаад ирж байгаа нь тун догь. Амьдралаас кайф авч чаддаг хүн бололтой. “Таны гар өвдөх үү” гэж нэг асууж үзлээ. “Юу асуучхав” гэсэн шиг нүүрээ ойртуулж, амаа хагас ангайж харснаа “Хөөе. Чи хана руу хадаас огт зогсолтгүй, толгойг нь далд ортол хадаад үз. Тэгээд мэднэ” гэж байх юм.

Бөмбөр дээрээ очоод тэр олон жил мэдэрч жаргасан мэдрэмжтэйгээ шууд уулзан золгож байлаа. Оргил хэсгүүд дээр асар их хичээнэ. Заримдаа ганц нэг цохиураа алдвал хэлээ гаргаж, ихээхэн сандарна. Ихэнх хэсэгт нь тэр бөмбөрийн цохилт дундаа өөрөө уусаж, хээрийн замаар хурдтай давхих шиг маналзаж өгнө.

“Харанга” бол ардчиллаас ч удаан хугацаанд монголчуудыг дуулуулж яваа хамтлаг. Тэд яах ч аргагүй од. Од гэх тодорхойлолт байх бол “Харанга” хамгийн түрүүнд энэ зүүсгэлийг зүүх ёстой хүмүүсийн нэг. Социализмын үед, намын үзэл суртлын хяналт дор л тэрсэн дуулж эхэлсэн тэдний түүх энэ 33 жилд Монголын хөгжлийг бичилцэж байлаа. 33 жил хүний амьдралыг, хүний сэтгэлийг, бүсгүй хүнийг, хайр дурлалыг, эх орныг, байгалийн сайхныг рок хэлбэрээр, гэхдээ монгол салхи сэнгэнэсэн цээж дүүрэм агуулгаар дуулсан тэдний бүтээсэн зүйл яндашгүй, үнэлж баршгүй л юм.

Ийм удаан дархлагдаж буй “Харанга” гэдэг нэр, имижийн цаана байх зүгээр л энгийн хүмүүсийг нь бэлтгэл дээр харлаа. Тийм дүрүүдтэй нь танилцах гэж хичээлээ. Ямар ч агуу үйл хэргийн эзэн энгийн л нэг хүн байдаг. Хэнээс ч бусдын л адил эгэл, жирийн зан араншинг нээн илрүүлж болно. Тэр утгаараа “Харанга”-ынхан энэ 33 жилд ийм ихийг хийсэн урлагийн хүмүүс гэхээс илүү хийдгээ хийж, амьдралд ханасан сайхан хижээл насны эрс шиг л бууж байлаа. Тийм монгол эрчүүд байдаг даа. Хэл яриа, үйл хөдлөлөөс нь суралцмаар. Хэр баргийн үг унагаад байхгүй мөртлөө жинтэй буулгачихдаг. Айхавтар энэрэнгүй сэтгэлтэй. Дурлал гэж мэддэг. Залуу халуун насны ааг ямар байдгийг бас мэддэг, тэр гал нь одоо ч унтраагүй давлин дүрэлзэж байдаг. Танд төсөөлөгдөж байна уу. Тийм л үлгэр авч, налан түшмээр монгол эрчүүдийг тэднээс олж харлаа.

Эдгээр урьтал ажиглалтуудын дараа, бэлтгэл дууссан хойно тэднээс ярилцлага авах боломж олдов. “Харанга”-ын тавтай ширээ тойрч суугаад хийсэн яриагаа хоёр дахь дугаар болгож танд хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 25, 2022 08:27

Mundag humuus shuu amjilt

Зочин
Зочин
4 сар 25, 2022 09:04

Монголын урлагын домгууд юм даа

Иргэн
Иргэн
4 сар 26, 2022 08:06

Домог болсон сайхан монгол эрчүүд

Холбоотой мэдээ

Back to top button