Ярилцлага

О.Одгэрэл: Энэ жил “Улаанбаатар” кино наадам өөр, өөрийн “хэл”-тэй 19 бүтээлийг хүртээл болгоно

“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдана. Энэ хүрээнд Францын “Сөүл рүү буцсан нь” бүтээлээр түүчээлэн, долоо хоногийн турш 19 арт киног үзэгчдийн хүртээл болгох юм.

Гадаадын кино фестивалиудын жишгийг Монголд бий болгохоор ажиллаж буй энэ наадам хүсэн хүлээдэг үзэгчидтэй, жилд нэг удаа “гялалздаг” урлаг, соёлын нэгэн үзэгдэл болон тэмдэглэгдэх болсон.

Энэ жилийн наадам ямар онцлогтой болох талаар зохион байгуулагч байгууллага болох “Монголын урлагийн зөвлөл”-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй ярилцлаа.

ОЛОН УЛСЫН ЗОЧДЫГ ЦАР ТАХЛЫН ДАРАА УРЬЖ, ОРОЛЦУУЛЖ БАЙНА

-Кино наадам жил бүр зохион байгуулагдсаар оролцохыг хүсэн хүлээдэг үзэгчидтэй болжээ. Энэ жилийн тухайд яг юугаараа онцлох болох вэ гэсэн энгийн асуулт тавья?

-Эхний онцлог гэвэл, олон улсын зочид урьж буй. Цар тахлын үеэр гадаадын зочдоо онлайнаар оролцуулах шаардлагатай тулгарсан бол энэ жил урьж, авчрах юм. Нээлтийн киноны продюсер, Франц улсаас найруулагчийн сургалт хийх эмэгтэй зэрэг есөн зочин ирж буй.

Хоёрт нь, арай өргөн хүрээнд зохион байгуулагдах болов уу гэж үзэж байна. Учир нь анх удаа 19 кино дэлгэж байгаа. 18 бүрэн хэмжээний, нэг богино кино бий. Богино богинодоо Венецийн кино наадмаас шилдгийн шагналыг авсан П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас”-ыг үзүүлнэ.

Үүнээс гадна, бид жил бүр “Үзэхийн хязгаар” хэсэгтээ 20-р зууны шедевр монгол бүтээлийг онцолдог. Энэ жил “Хань” УСК-г үзүүлнэ. Хальсыг нь файл болгож, хадмал орчуулга тавиад өргөн дэлгэцээр үзүүлэх боломжийг бий болголоо.

-Зардлын хувьд мэдээж тэлсэн байх?

-Тийм, Швейцарийн хөгжлийн агентлаг санхүүжилтийн бараг 40 хувийг гаргасан. Мөн Кино урлагийн зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөрт төслөө өгсөн. Монгол Улс Кино урлагийн тухай хуультай болсноор энэ тэтгэлэгт хамрагдах боломж нээгдлээ.  . Нийслэлийн ЗДТГ, “Номадиа пикчерс” ХХК зэргээр дэмжигч байгууллагуудаа нэрлэж болно.

-Тэднээс өөрийн боломжид хэтийдсэн хэмжээгээр сэтгэл зориулан тусалж буй онцлох байгууллагыг нэрлэж болох уу?

-Швейцарийн хөгжлийн агентлагт талархал илэрхийлж, онцлон дурдмаар байна. Хэрэв зарим санхүүжилтийг хүлээсэн бол энэ жилийн наадам болох боломжгүй байлаа. Харин дөрөвдүгээр сараас Швейцарийн хөгжлийн агентлаг тэтгэлгээ өгч эхэлснээр бидний бэлтгэл ажлаа хангах боломжийг бий болгосон. Кино урлагийн зөвлөл ч тэтгэлгээ оновчтой хуваарилж өгч чадвал цаашид Монгол талын санхүүжилтээр наадмын бэлтгэл ажлыг хангаж эхлэх нөхцөл бий болох болов уу гэж харж байгаа.

-“Улаанбаатар” олон улсын кино наадам жил бүр зохион байгууллагддаг шалтгаан, амин сүнс нь юу байдаг вэ. Энэ нь өнөө жил юугаар илэрч буй вэ?

-Кино урлаг хамгийн хүчтэй хэлтэй. Дуу хөгжим, дүр дүрслэл, драм гээд бүх урлагийн төрөл энд нэгддэг. Иймд дэлхий ямар хэлээр ярьж байна, бид дэлхийн хаана явж байна вэ гэдгийг энэ наадам харуулдаг болов уу. Жишээлбэл, энэ жил олон улсын 19 кино дэлгэж байна. Өөр, өөрсдийн хэлтэй энэ уран бүтээлүүдийг Монголын үзэгчид хүлээж авах нь. Энэ бол бид дэлхийтэй нэгэн цэгт зэрэгцэн алхаж буйн шинж. Хүн бүр гадаадын фестивальд оролцох боломжгүй шүү дээ. Иймд энэ боломжийг олон нийтэд олгохыг хичээдэг.

Өөрийн чинь дурдсанчлан энэ наадам үзэгчидтэй, хүсэн хүлээдэг хүмүүстэй болсон маань кинонд дуртай, сүнс нь ойрхон олон нийтийг татаж чадсаныг илэрхийлж буй болов уу. Арилжааны бус кино сонирхдог хүмүүсийн тоо Монголд маш их нэмэгдэж байгаа.

-Олон улсад кино фестиваль гэдэг зохион байгуулагдаж буй хэлбэр, агуулгын хувьд жишигтэй байдаг. Энэ утгаар, дэлхийн жишигт нийцүүлэхийн тулд хэрхэн ажиллаж буй талаар сонирхуулна уу?

-Бид хийнгээ суралцаж л явна. Өөрсдөө ч олон фестивальд явж үзэх хэрэгтэй болдог. Миний оролцож байснаас хамгийн сэтгэлд үлдсэн нь Берлиний кино фестиваль. Оролцогчид нь тасалбар авахын тулд үүрээр босон дугаарладаг. Гурван кино сонгоё гэхэд хоёр нь дууссан байдаг ч юм уу, сонголт хийх шаардлагатай болж байх жишээтэй. Энэ бүхэн ихээхэн адал явдалтай сэтгэгдэл төрүүлдэг шүү.

Кино наадамд оролцоно гэдэг миний хувьд кино үзэхтэй л агаар нэг байлаа. Гэвч зохион байгуулалт талаас нь ажиглах тусам уран сайхны удирдагчтай, тэр нь доороо багтай зэргээр бүтэн систем ажиллаж буй нь анхаарал татсан. Бид 20 хүрэхгүй хүний хамт хичээж байгаа. Засаглалын хувьд эрүүл маягаар ажиллаж, суурийг нь зөв тавьж өгөөд л, дэлхийн фестивалиудын жамаар өргөжихийн тулд хичээх, хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Үүний тулд маш их дэмжлэг хэрэгтэй нь мэдээж. Өдгөө зөвхөн “Тэнгис” кино театрт бид кинонуудаа дэлгэж байна.

ФОРУМААР ХЭЛЭЛҮҮЛЭГ ӨРНҮҮЛЖ, ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

-Үзэгчдийн асуудал мөн анхаарал татдаг. Арилжааны бус кино сонирхогчдын тоо нэмэгдэж байгаа ч үзэгч, оролцогчдын хүлээн авах чадвар гэх үү, боловсролыг хэрхэн хардаг вэ?

-Анхны наадмуудад заал дүүрдэггүй, тасалбар ч зарагддаггүй байсан. Тасалбараа зарвал бөөн баяр болдог байлаа. “100 тасалбар зарагдлаа” гэж баярладаг. Харин одоо дуустлаа зарагддаг болсон. Үүнээс үзэгчдийнхээ цар хүрээг тэлсэн гэдгээ олж хардаг. Үзэгчдийн чанарын хувьд би сэтгэл дүүрэн байдаг.

-Тэдний үзэх боломжийг энэ жил хэрхэн тэлж байгаа вэ. Хүртээмж, тасалбарын үнэ зэргээр ч юм уу?

-“Тэнгис” кино театртаа гаргадаг хэвээр байгаа нь төдийлөн тэлж чадаагүй гэсэн үг. Тасалбар ч тус кино театрын үндсэн киноны тасалбарын үнэтэй ижил байгаа.

Нээрэн сонирхуулж ярихад, түрүү жил кино наадмын дараа асуулт, хариулт явуулахад бүх киног бүрэн үзсэн хүүхэд 23-р сургуулийн сурагч байсан. Түүнийг энэ жилийн наадмын бүх киног үнэгүй үзэх эрхээр шагнах юм. Гэх мэтчилэн үзэгчид ихээхэн тэлж бас залуужиж байгаа.

-Наадмын хүрээнд “Хангарьд” монгол киноны уралдаан зохион байгуулагдах юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн жил уралдаант хэсгээ зохион байгуулаагүй. Харин энэ жил зарласан. Гурван шилдэг киног шүүгчид маань шүүж, дөрвөн номинацад тодруулна. Тодруулбал, олон улсын хоёр, Монголын таван шүүгч нийлсэн баг 10 киноноос шүүснээр энэ гурвыг өрсөлдүүлэхээр болоод буй.

-Мөн форум болох нь анхаарал татсан. Онцлог нь юу юм бэ, ямар асуудал хэлэлцэх вэ?

-Аливаа наадам тодорхой үр өгөөжтэй байх нь чухал. Тэр ч утгаараа жил бүр форум ба сургалтыг зохион байгуулдаг. Үүгээр дотоодынхоо кино урлагийн мэргэжилтэн, сонирхогчдын чадавхыг дээшлүүлэх, олон улсын хэмжээнд харилцаа тогтоох бүх боломжийг нь бий болгохыг зорьдог. Энэ жил форумаа “Лакарно” кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулна. “Нээлттэй хаалга” хөтөлбөрөөс хоёр зочин ирэхээс гадна тус хөтөлбөрөөс тэтгэлэг авч байсан Непал, Пакистан, БНСУ-ын найруулагчид ирнэ. Сэдэв нь “Богиноос бүрэн рүү”. Богино хэмжээний киноноос бүрэн хэмжээний кино хүртэлх замналыг хэлэлцэнэ. Үдээс хойш нь тэдэнтэй ганцаарчлан уулзах боломжийг олгож буй.

-Сургалтыг ч мөн тодруулъя?

-“Creative Director” буюу “Туслах найруулагч гэж хэн бэ” сэдвээр сургалт хийнэ. Францаас ирсэн нэгэн туслах найруулагч эмэгтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцана. Бүртгэл манай Фэйсбүүк хуудаст нээлттэй явагдаж буй.

НААДМЫГ ЗААВАЛ БИД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБАГҮЙ

-Олон жил хийгдсэн фестиваль үзэгчдээ ангилж эхлэх хандлага байдаг. Кино наадмаар жишээлэхэд, нийт массаас арай өөр “түвшний” кино мэдлэгтэй хүмүүст зориулж эхлэх ч юм уу. “Улаанбаатар” кино фестивальд ийм хандлага ажиглагддаг уу, цаашид ажиглагдах уу?

-Үгүй. Гүнзгий эргэцүүлэл шаардсан, академик кино ч бага гардаг. Бид үзэгчдээ бэлдэж буй гэж ойлгодог. Харин оройн үзвэртээ 16-аас дээш насныхныг үзүүлэх ганц л цензур тавьж байгаа.

-14 удаа гэдэг Монголдоо цөөндөө орохгүй тоо. Нэг баг олон удаа зохион байгуулах тусам вакумжих тал бий. Энэ хэрээр зохион байгуулагчид өөрсдийгөө элитист хэлбэрээр өргөмжлөх хандлага ажиглагддаг. Үүнийг хэрхэн хардаг талаараа хуваалцаач?

-Тийм ээ, “Улаанбаатар” кино фестивалийг зөвхөн манайх зохион байгуулах албагүй. Менежментийг хийж ирсэн нь, олон улсын хэмжээнд өргөжүүлсэн нь л бид юм. Нээлттэй, ил тод байдал, хамтын удирдлагын системийг хэрэгжүүлсээр ирсэн нь давуу талтай. Ийм байхад хэн зохион байгуулах нь чухал биш гэж боддог. Өөрөөр хэлбэл ил тод байх, бусдыг оруулах, хамтрах хүрээ нь тэлж байвал эрүүл байна гэсэн үг шүү дээ. Манайх нээлттэй бодлогоор үйл ажиллагаа явуулдаг тул оршин тогтнодог болов уу. Ашгийн бус байгууллага тул ашиг харж, орлого хөөцөлддөггүй учраас ч тэр. Дараа, дараагийн жил дэх тогтвортой хөгжил, хамтын ажиллагааныхаа дүрмийг тодорхой гаргаж тавьсан. Ийм жигд системээр урагшилж буй тул одоохондоо ийм хандлага ажиглагдахгүй байна.

-Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхээ чиглэлд киног нэлээд чухалчилж байх шиг санагдсан. Төрийн зүгээс бий болгохоор ажиллаж буй орчин нөхцөл нь та бүхэнд мэдэгдэж эхэлсэн үү?

-Тийм. Түрүүнд ярьсанчлан, Кино урлагийн зөвлөл байгуулагдаад удаагүй байгаа ч тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан, бид төслөө өгчхөөд байгаа. Дэмжинэ гэж найдаж байгаа. Дараа, дараа жилээс энэ мэтчилэн төрийн бодлого илүүтэй тусах, өргөжих болов уу гэж хүлээж байна.

-Урлагийн зөвлөлийн өнгөрсөн хугацаанд хийсэн, тэр бүр олон нийтэд мэдээлээгүй шинэлэг ажлуудын талаар асуумаар байна. Мөн цаашид ямар ажлууд хийж, хэрэгжүүлэхээр зорьж байгаа вэ?

-Манай байгууллагын 20 жилийн ой тохиож буй. Энэ бол бага хугацаа биш. Байгууллагын үйл ажиллагааг таниулахаас илүү, энэ салбарт ямар тамга тэмдэг үлдээснээ эргэн харах, тэмдэглэх жил өнгөрч байна. Ойн хүрээндээ хамтарч ажилласан уран бүтээлчидтэйгээ ойр дотно байх, дэмжих тал дээр анхаарч, контентуудаа бэлдэж байгаа. Цаг хугацааны нэгэн хэрчим ард үлдэж байна. Цаашид хэрхэн энэ хэрчмийг үргэлжлүүлэн авч явах вэ гэсэн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, зөв чиглэлд залж явах нь чухал болоод байна. Илүү соёл урлагийн чиглэлд бодлого тодорхойлогч байх, нөлөөлөгч байх чиглэлд ирээдүйгээ харж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button