Ярилцлага

Философийн доктор А.Баярцэцэгтэй ярилцлаа: Итэвоны үйл явдал, Ч.Маралмаагийн осол

А.Баярцэцэг ХБНГУ-ын Мюнхений их сургуульд, Философийн салбарт докторын зэрэг хамгаалаад байгаа юм. Диссертаци дээрээ ажиллаж байхад нь холбогдож, ярилцлагын санал тавьж байлаа.

Германд философийн доктор хамгаалсан хоёр дахь монгол хүн, бас анхны монгол эмэгтэй. Энэ ч утгаар түүнийг сошиал орчноос ажиж явдаг. Ярих сэдэв, хэвлүүлэх ном нь хүрээлэлдээ нэгэнт хүлээлт үүсгээд буй.

Харин нэг орой тэр Германаас 10-20 минут ямар нэг сэдвээр ярилцах уу. Заавал ярилцлага байх албагүй. Өнөөдөр Германд амралтын өдөр тохиож байна” гэж бичлээ. Оройн 22.00 цагт таарч байсан ч түүнтэй холбогдож, сүүлийн хугацаанд монголчуудын дунд анхаарлын төвд орсон хоёр сэдвийн талаар чөлөөтэй хөөрөлдье, үүнийгээ буулгаад хүмүүст уншуулъя гэж бодлоо.

Ташрамд, А.Баярцэцэг орчин үеийн шинэ, шинэлэг шинжлэх ухааны мэдлэгүүдээр баталгаажсан философийн салбарт буюу нейрофилософийн судалгааны төвд докторын ажлаа бичжээ. Аристотель, Платоноос эхлээд Кант, Хегелийн философиудыг тархи судлал, сэтгэл зүй, биологи гээд шинжлэх ухааны шинэ нээлтүүдээр дахин шалгах бололцоо бий болсон нь үүний онцлог гэж А.Баярцэцэг тайлбарлаж байна.


-Цөөн хоромд багтаагаад хоёр л сэдвийн хүрээнд бодлоо солилцъё. 

-За, тэгье.

-Энэ долоо хоногийн топ сэдвүүдийн нэг Итэвон дахь үйл явдал байлаа. Яг дунд нь байж, ухаан алдаад сэргэсэн монгол хүнтэй холбогдсон юм. “Монголчуудад олон хүн бөөгнөрч, шахцалдсанаас болж үхдэг гэдэг ойлголт байхгүй. Тийм учраас их цочирдон хүлээж авч байна” хэмээж байсан. Нээрэн л энэ үйл явдал хачирхам мэдрэмж төрүүллээ. Харамслаа илэрхийлсэн монголчууд ч цөөнгүй байлаа.

-Хүмүүст тухайн контекстоос гажсан, өмнө нь төсөөлж байгаагүй, гэнэтийн үйл явдалд цочирдол, харамсал төрүүлдэг. Нэг шүлэг санаанд орлоо. Яг энэ контекстийн тухай. Нялх хүүхэд хөөрхөн ч эзгүй хээр, шөнө хажууд чинь уйлвал ямар вэ дээ. Хэзээ, хаана, хэрхэн гэдэг контекст чухал гэсэн санаа юм. Жишээ нь, дайны талбар дээр хүн амиа алдвал тухайн контекстдээ тохирсон магадлал бий тул хүмүүс төдийлөн хүндээр хүлээж авч, цочирдохгүй. Гэтэл баярын үеэр, тэр дундаа залуу хүмүүс ийм олноороо амиа алдана гэхээр яах ч аргагүй контраст үүсгэнэ. Ихэнх монголчууд автобуснаас өөр газар бараг л шахцалдаж үзээгүй байх. Өмнөд Солонгос шиг иргэншсэн газар хүмүүс араатан амьтан шиг бие биенээ шахаж гишгээд, аминд нь хүрнэ гэхээр хачирхмаар санагдаж буй болов уу.  Энэ үйл явдалд шинжлэх ухааны тайлбар юу байж болох талаар авч үзье л дээ.

Маш хуурай, шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад хүн бол биологийн амьтан. Шавж, загас, шувуу гэх мэт амьтад олноор сүрэглэн нягтрах үед “Сүрэг” гэсэн биологийн бие даасан систем үүснэ. Энэ систем доторх агент бол системийн нэгэн нэгж, маш энгийн хэдхэн механик үйлдэл хийх чадвартай. Нэг шавж, нэг загас, нэг шувуу ямар ч бодох төлөвлөх чадваргүй боловч сүрэг маш нарийн төвөгтэй, рационал гэмээр үйлдлүүд хийдэг шүү дээ. Термит шавжны уран нарийн хийцтэй ордон шиг үүр барьдаг, жижиг загасны сүрэг махчин загаснаас хамгаалах маневр хийдэг гэх мэт. Өөрөөр хэлбэл, сүрэг гэдэг биологийн систем нь сүрэг доторх нэгж агентаас тусдаа, өөрийн гэсэн динамиктай. Сүргийн динамикийн энэ ойлголтыг шинжлэх ухаан идэвхийлэн судалж байна. Тэр дундаа Social Psychology буюу нийгмийн сэтгэл судлалын салбар их анхаарч байна.

Монголчуудын тухайд яг энэ шинжлэх ухааны нэршлийг хэрэглэж хэвшээгүй ч гэсэн сүргийн динамикийг маш сайн ойлгодог ард түмэн болов уу гэж боддог. Мянга, мянган хонин сүргийг тууж явдаг улс. Сүргийг чоно үргээхэд ямар хариу үйлдэл гаргадгийг сайн мэднэ. Харин хүн өөрөө амьтан. Хүн бас сүрэг байж болно гэдэг ойлголт л монголчуудад шинэ бууж магадгүй. Монголчууд сүргийн динамикийг цэргийн стратегидээ ч гарамгай ашигладаг байсан тухай судлаачид бичсэн байдаг. 

Иймд БНСУ-д баярын үеэр залуус нас барсан нь л цочир мэдээ болохоос сүргийн динамикийг малчин ард түмэн мал сүргийнхээ хүрээнд сайн ойлгодог болов уу. 

-Хүний иргэншлийн түүхэнд олноор шахцалдсанаас болж амь үрэгдсэн кэйс олон байдаг юм билээ. Үүнийг “Биологийн амьтан юм болохоор” гэхээс илүү хүний нийгмийн хөгжил дагасан асуудал, түүний сүүдэртэй талтай холбон бодож байлаа л даа. Уруу гудамд, дээр дээрээсээ шахцалдан орж ирсээр ийм нөхцөл байдал үүснэ гэдэг.

-За, хүний нийгмийн хөгжлийн сүүдэртэй талаас болж хүмүүс амиа алдсан гэж  үзэхийн тулд  эхлээд хэд хэдэн суурь нөхцөлийн талаар ярих хэрэгтэй.

Эхнийх нь: Хүн амьтнаас эрс ялгаатай гэсэн суурь нөхцөл үнэн үү гэдгийг шалгах шаардлагатай.

Дараагийнх нь: Хүний нийгмийн зохион байгуулалт амьтны сүргийн зохион байгуулалтаас ялгаатай юу гэдгийг нягтлах.

Гуравт нь: Хүний нийгэм хөгжих хэрээр, амьтны зохион байгуулалтаас онцлог дүрэмтэй болсоор, хүний коллектив гэдэг биологийн сүргээс эрс ялгаатай систем болж хөгжиж байна уу гэдгийг нягтлах.

Эхний хоёр урьдчилгаа нөхцөл буруу, гурав дахийг нь тодорхой хэмжээнд зөвшөөрч болно.

Нэгдүгээрт, хүн амьтнаас эрс ялгаатай юу. Ялгаатай, гэхдээ тас цавчсан мэт зааг ялгаа байхгүй, уусмал шинжтэй. Хүн амьтнаас ялгарах гол ялгаа бол оюуны чадвар ба рациональ бодох чадвар. Гэтэл шимпанзег лабораторид сургахад 7-8 насны сургуулийн хүүхэдтэй дүйцэхүйц чадвартай байгааг нотолсон. Ойр зуурын үг уншиж, тоо бодож чадаж байсан. Зөвхөн сармагчин төдийгүй, гахай, дельфин хэрээ, заан гээд боломжийн оюуны чадвартай амьтан бас байна.  Нөгөө талдаа хүмүүс дотор наад захын юм ойлгохооргүй оюун ухаантай хүмүүс ч байж байдаг. Цаашилбал, хүн бас өглөөнөөс орой хүртэл өдөржин ухаантай байдаггүй. Өглөө сэргэг гэрээсээ гарсан бол архи уучихаараа юм уу уур нь хүрчихээр “мал” болчихдог. Өөрөөр хэлбэл, тодорхой нөхцөлд, хэт айлгаж цочроож, амь тулсан нөхцөл байдалд оруулснаар хүнийг бараг амьтан болгож болдог байх жишээтэй.

Итэвоны үйл явдал дахь гэнэтийн нөхцөл байдлыг тэгэхээр сүргийн динамиктай холбон ойлгох боломжтой. Өөрөөр хэлбэл солонгосчууд муу хүмүүс болохоор тэгчхэж байгаа юм биш. Тухайн нөхцөл байдал, механик өгөгдлийг дэлхийн хаана ч үүсгэсэн ижил үйл явдал болох байсан болов уу. Харин ийм эмгэнэлд хүргэх нөхцөл бүрдсэн нь тохиолдлоор  байв уу, тусгайлан төвөвлөсөн гадны нөлөө байв уу гэдгийг одоо ид судалж байгаа юм билээ.

-Үүний дараа жигтэй санагдсан мэдрэмжээ эргэж бодлоо. Өмнөд Солонгосыг бид өндөр хөгжилтэй орон гэж харж явдаг. Тэгсэн мөртлөө хүмүүс нь нэг тийм, амьтанлаг ч гэмээр хэлбэрээр гэнэт нас барсан нь л “Хүний нийгмийн хөгжил дагасан сүүдэр...” гэсэн агуулгаар бодогдсон бололтой.

-Харин тийм. Хүн наад зах нь өлсөхөөр л уур нь хүрээд явчихдаг. Инстинктээрээ янз бүрийн амьтанлаг, хяналтгүй үйлдэл гаргадгийг мартаж болохгүй. Хүн амьтны зааг тас цавчсан гүнзгий ангал мэт биш. Мөн хүн олон нийт дунд орохоороо өөр өөр үйлдэл хийж эхэлдэг нь ч бий. Группийн сэтгэл зүйн энэ асуудал ч их сонирхолтой судлагдахуун шүү.

-Хэчнээн өндөр зохион байгуулалтад орсоор байгаа ч “Бид биологийн амьтан хэвээр л шүү дээ” гэдгийг сэрхийтэл харуулсан үйл явдал болсон юм даг уу даа.

-Аанхан.

Би жишээ нь, монголчуудыг моралгүй муу хүмүүс гэж боддоггүй. Орчны нөлөө.  Улаанбаатарт хүн стрессгүй, тайван бөгөөд сайн хүн байх боломж өөрөө бага. Ийм агаараар амьсгалдаг, ийм хоол хүнс иддэг, ийм битүү бетонон, төөрдөг байшин шиг орчинд ийм тооны хүмүүс, машиныг шахаад үз л дээ. Компьютер дээр симулац хийгээд үз л дээ. Харин ч өдий зэрэгтэй байгаа нь маш хүлээцтэй номхоны шинж байх. Хаашаа л харна модтой, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайтай газраас ирсэн хүнд бол наад зах нь бухимдмаар, эмзэг хүнд бараг депресст орохуйц хүнд тусаж мэдэхээр шүү дээ.

-Итэвоны үйл явдалд бас нэг хандлага анзаарагдсан л даа. Хэллоуиний баярт дургүй хүмүүс шалтгааныг заавал баярт нь тохох гэж, тэр үеэр ямар нэг хортой чихэр тараагдсан мэтээр тайлбарлах гэж зүтгэж байлаа. “Олон хүний бөөгнөрлөөс шалтгаалан...” гэж бичихэд “Шалтгаан нь биш байна, гарчгаа засаач” гэж уурлаж байх жишээтэй.

-Хүнийг сэтгэлийн амьтан гэдэг шүү дээ. Дандаа логикоор бодож, нягталж, рационал байх боломжгүй. Хүмүүс анхны бодсон өөрийнхөө сэтгэгдэл, татсан совин, санагдсан зүйлээ батлах гэж хичээдэг л дээ. Батлах факт хайдаг. Тиймээс зөвхөн сонсъё гэснээ л сонсдог, харъя гэснээ л хардаг, саная гэснээ л санадаг. Өөрт таагүй санамжийг зүгээр файл устгаж байгаа юм шиг л устгачихдаг. Эсвэл бүр өөртөө тохируулаад, санамжаа өөрчилж, засаад хадгалчихдаг. Нэг жишээ гэвэл 10 жилийнхэн уулзаад багын дурсамжаа ярих үед шал өөр өөр санамж тээгээд явж байгаа нь мэдэгддэг шүү дээ. Хүн болгон харъя гэснээ л хараад, түүгээрээ өөрт тохирсон санамж бүтээсэн байдаг. Сайн, муу гэж дүгнэх гэсэнгүй, зүгээр л хүний тархи ингэж ажилладаг. Үүнийг шинжлэх ухаанаар нэгэнт баталж.

Хүн ер нь рациональ амьтан биш юм байна, интуиц, сэтгэгдэлдээ хөтлөгддөг юм байна гэдгийг сүүлийн 20 жил идэвхийлэн судалсны дүнд баталж байна. Метафор маягаар тайлбарласан байдаг. Хүний ухамсаргүй, рациональ биш хэсэг нь том заан гэсэн үг. Тэр зааныг залж чадахгүй. Харин заан хаашаа явна, тэр бүрийг зөвтгөх үүрэгтэй жижигхэн хэсэг нь л рациональ ухамсар нь юм гэж. Урьд нь Платоны метафор өөр байсан. Хар, цагаан морь хөлөглөсөн морин тэргийг хүн жолооддог. Нэг нь ухамсартай, нөгөө нь ухамсаргүй. Алийг нь залахаа өөрөө шийдэж чадна гэж. Харин өдгөө хүн аль алийг нь удирдах чадвартай морин тэрэгний жолооч биш юм, харин рациональ бус зааны “үйлчлэгч” маягийн жижигхэн хэсэгт л ухамсар үүргээ гүйцэтгэх юм байна гэсэн онол батлагдлаа.

Нэгэнт биологийн амьтан тул амьтны үйлдлийн систем буюу авто удирдлага ажиллаж байдаг. Урдаас хүн хараад эвшээвэл чи эвшээнэ. Эвгүй үнэр гаргавал сэжиг хүрнэ. “Эвшээхгүй”, “Сэжиг хүрэхгүй” гэж удирдаж чадахгүй ч  нойрмоглодог хүнтэй уулзах уу, сэжиг хүргэдэг хүнтэй уулзах уу гэдгээ харин өөрөө сонгох шийдэх боломжтой.

-Ярилцах цаг нэгэнт өнгөрчихсөн ч дахин нэг үйл явдал ярилцах уу?

-Тэгье ээ.

-Итэвоны үйл явдлын өмнө нэг авто осол нийгмийн сэдэв болсон. Осолд өртсөн охид нас бараагүй ч гэмтсэн. Жолооч нь автомашин жолоодох эрхгүй байсан. Сошиалд хүмүүс хариуцлагыг их идэвхийлэн нэхлээ.

Олон хүн нас барсан, илүү их хохиролтой, аймшигтай ослуудад ингэж ханддаггүй байсан л даа. Осол гаргасан иргэний нэр, зураг, ажил мэргэжил бүгдийг ил дэлгэсэн. Шүүх эмнэлэг бэртлийн зэргийг хөнгөн гэж тодорхойлсон талаар мэдээлэхэд “Худал мэдээллээ, заавал хүнд бэртсэн байж таарна” гэх мэтээр уурлаж байлаа. Мэдээж ослын бичлэг сэтгэл эмзэглүүлэм байсан.

Өөр талаас нь харахад, осол гаргасан хүн харьцангуй үнэтэй автомашин унадаг, жолооны үнэмлэхгүй байсан зэрэг л нөлөөлчих шиг. Өөрөөр хэлбэл хүмүүс тэгш бус байдалд л илүүтэй уурсав уу гэж харсан.

-Итэвонд хүмүүс бие биенээ шахаж, дарж амь насанд нь хүрсэн. Сошиалд ч яг ийм зүйл болж байгаа. Сошиал ертөнц дэх сэтгэл зүйн дарамтыг тайлбарлахдаа Итэвоны үйл явдлыг метафор болгож ярих ч боломжтой шиг харагдаж байна.

Хүнийг амь насанд нь заналхийлж дарамтална гэхээс илүү хөрөнгө чинээгээр гайхуулахын дарамт ч хүчтэй нөлөөлж байна. Монгол ядуу, буурай орон. Ийм оронд амьдарч байж баян, тансгаараа гайхуулах нь өөрөө бусдад дарамт үзүүлдэг. Уг нь хангалуун, сайхан байгаагаараа баярхан гайхуулдаг энэ хандлага өөрөө Corrupt буюу ялзрал болчхоод буй л даа.

Миний бодлоор монголчуудын сайхны тухай ойлголт өөрөө хоцрогдоод байх шиг. Германд баян тансаг байдлаа гайхуулах нь эсрэгээрээ бурангуй, муухай харагддаг. Амьтны гаралтай үсэн эдлэл зэргээр гоёх тухайд бүр ч ярилтгүй. Хэдийгээр амьжиргаа нь дээгүүр, хангалуун хэмжээнд хүрсэн ч чамирхах, гангалахыг сайхан гэж бодохоо больчихсон. Юу сайхан харагддаг вэ гэвэл энгийн цэвэрхэн, байгал орчинд ээлтэй, өндөр ухамсартай байх. Тиймээс монголчууд бид сайн, сайхан гэдэг ойлголтоо шинээр харах хэрэгтэй болж байна.

Ослын тухай сэдэв өөрөө хэдэн цаг ярих том “бялуу” боллоо л доо.

Миний ажигласнаар манайхан их уйддаг юм уу даа. Ярих, хэлэлцэх, оюунлаг гоё сэдэв багатай. Харин цаг үеийн, сенсацтай үйл явдлын асуудлаар байр сууриа илэрхийлж, цагаа өнгөрөөдөг юм шиг. Урагш тэмүүлсэн, бүтээлч сэдвүүд дээр шийдэл хайх биш. Нөгөө талаас хөрс нь тиймхэн байна л даа.

Ослын тухайд гэвэл хэд хэдэн төрлийн сэтгэл зүйн шалтгаан явсан байх. Хамгийн нэгдүгээрт, бид бүгдээрээ үр хүүхэдтэй, дүүтэй. Осолд өртсөн хүүхдийг найз шигээ, өөрийн охин шигээ бодож байгаа. Тийм өрөвдсөн, харамласан сэтгэл байгаа байх. Заримд нь мөнгөтэй хүнийг үзэн ядсан хорсол ч байх шиг. Эсвэл жолооны үнэмлэхгүй байж автомашин жолоодсон хариуцлагагүй, шударга бус байдалд дургүйцсэн нь ч бий болов уу.

Гадаад орчноос мэдээ орж ирэхэд бид боловсруулаад, үлдэгдлийг нь янз бүрээр “гадагшлуулдаг”. Хоол боловсруулахтай ойролцоо гэх үү дээ. Зарим нь зүүдээр, зарим нь уураар. Харин зарим нь сошиалд гарч байна. Нийтийн сэтгэл зүйн боловсрол доогуур учраас, “Миний ийм сэтгэлийн асуудал ингэж илэрч гараад байна” гэдгээ тэр бүр мэддэггүй. Үнэндээ өөр дотоод шалтгаанууд байгаагаа анзаардаггүй, боддоггүй. Өт хатгахаар атирдаг шиг тохиолдол бүрд хариу үйлдэл үзүүлчхээд л байж байдаг гэлтэй. Гэхдээ үүнийг буруу ч гэж бодохгүй байна. Хүн юм хойно. Нэг талаас орчин нөхцөл ямар билээ, сэдэв ч гэсэн шилж сонгоод байх тийм их сонголттой биш харагдсан. Ялангуяа монголоос өөр хэл дээр мэдээлэл авах боломжгүй бол бүр ч сонголт алга.

Мөн сошиал дахь алгоритм их чухал нөлөө үзүүлж байгаа. Алгоритмаар дамжуулж хүмүүсийг сэдвээр нь хөөрөгдөөд байдаг. Энэ мэт цаад асуудлуудыг олон нийт сайн анзаарч байх хэрэгтэй. 

Ослын тухай нарийн мэдэхгүй. Аливаа хүний зураг, хувийн мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүй дэлгэж, идэвхийлэн түгээх нь мэдээж ноцтой асуудал. Гэхдээ өнөөдөр технологийн боломж ийм байхад зарим зүйлийг хязгаарлах, зохицуулах хэцүү л болж байна. Хүн бүр интернеттэй, гар утастай нөхцөлд хориглох боломж нь өөрөө хязгаарлагдмал. Буруу, зөв гэж яаран дүгнэхээс өмнө яагаад, цаана нь ямар учир шалтгаан, сэтгэл зүйн яг ямар “механизм” ажиллаад байна вэ гэдгийг ойлгох нь чухал байх даа.

Ингээд бидний хөөрөлдөх хугацаа дууслаа. Дээрх хоёр үйл явдлыг философийн үүднээс шинжилж ярилцахад ийм байна. А.Баярцэцэг цаашлаад залуусыг “Хэн нэг хүний хэлсэнд, бодсонд, бичсэнд үнэмшиж болно. Гэхдээ тэрхүү үнэмшсэн зүйлээ үнэхээр баталгаатай, үнэхээр үнэн эсэхийг, жинхэнэ мэдлэг мөн эсэхийг шалгаж сурахыг хичээгээрэй. Кант байна уу, Хэгэл, Маркс байна уу хэнд ч сохроор үнэмшиж болохгүй. Тэгвэл мухар сүсгээс ялгаагүй” хэмээсэн юм. Ингэхдээ “Харанхуй агуйд гарт хатуу зүйл тааралдлаа. Чулуу ч байж мэднэ, алт ч байж мэднэ. Алт гэж бодоод итгэж ч болно. Шалгахын тулд гэрэл л хэрэгтэй. Тэгэхээр өөртөө гэрэл тусгаж байгаарай, гэрэлд гарч хараарай” хэмээн метафор зүйрлэлээр захисан юм.

Хожим А.Баярцэцэгтэй илүү цэгцтэй, өргөн хүрээнд нүүр нүүрээ харан ярилцана гэж итгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 5, 2022 09:33

Сайхан нээлттэй ярилцлага болжээ.

Зочин
Зочин
11 сар 5, 2022 09:35

З�##�уусд нэг цэг дээрээ зогсохыг бус үргэлж урагшилж өөрийгөө байнга сорьж байгаарай гэх утгыг мэдрэв. Баярл�##�аа

Зочин
Зочин
11 сар 5, 2022 09:35

Mundag bolowroltoi ohin shvv saihan yriltslaga boljee

Зочин
Зочин
11 сар 5, 2022 10:27

Apparat tekniiig medeej under hugjiltei ornuudaas avchirch baigaa uchraas chanar n chadal n deed zereg bdag. Mongol darga nar tehnikiin ajiltan ingineeruuddee hairgui uchraas ter mundag apparatuudaa udahgui evdeed hayachihdag. Mongol darga nar yag ailiin erh huuhed shig goyo togloom avaad udahgui uidaad evdeed hayachihdag huuhed shig Mongol darga nar archaagui 7chid. Eur yuch bish. Ard tumnii mungeer uls ornooroo toglood suuj baidag novchnuud Yalanguya MAN iinhan. Apparatuudiig sain zuv archilj baij urt ashiglah n medeej. Getel engineer tehnikch n baihgui Darga l bgaa Darga tegeed l evdeed hayana

Зочин
Зочин
11 сар 5, 2022 11:18

Сонирхолтой ярилцлага болсон байна.Ярилцлага авсан,өгсөн хоёуланд нь ажлын амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button