Тээвэрчдийн хувийн өмч, хөрөнгийг ашиглан татаас нэрээр дарамт учруулдаг компани олон гэв

Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбооны төлөөлөл өнөөдөр (2026.10.16) мэдээлэл хийлээ. Уул уурхайн тээвэр болон бусад туслан гүйцэтгэх үйл ажиллагаанд улстөрчид, тэдгээрийн хамаарал бүхий компаниуд оролцож, ажилчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх болсон талаарх асуудлыг хөндсөн юм.
Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбооны төлөөлөл "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, иргэдийн амьдрал доройтож байна. Салбар бүрийнхэн тулгамдаж буй асуудлаа ярьж эхэллээ. Бид тээвэрчдийн амьдрал, ажиллах нөхцөл, ар гэрийн байдлыг сайн мэддэг хүмүүсийн хувьд дуугарахаас өөр аргагүйд хүрч байна. "Ковид-19"-ын үед бид үйл ажиллагаагаа эрчимжүүлж, тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх тодорхой гарц гаргалгааг эрэлхийлж байсан. Тухайн үед тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг жигдрүүлсэн байсан ч энэ зохицуулалт одоо байхгүй болсон. Сүүлийн үед хамгийн их тулгамдаж буй асуудал бол тээвэрчид ажлаа хийж, тээвэрлэлт гүйцэтгэж байгаа ч олсон орлого нь ар гэрийнх нь амьдралд хүрэлцэхгүй байгаа явдал. Тээврийн хөлс дундын зуучлагчид болон тээврийн компаниудын эздийн халаасанд үлдэж буй нөхцөл байдал үүсээд байна" хэмээн ярилаа.
Тавантолгой, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги зэрэг боомтын чиглэлд нүүрс тээврийн 500 орчим компани бий гэсэн тооцоо байдаг. Эдгээр компанид 25 мянга орчим шланз маркийн ачааны машин бүртгэлтэй. Монголд уул уурхайн борлуулалтын дараа ордог томоохон бизнес бол тээврийн салбар бөгөөд энд 110 мянга гаруй иргэн хүнд даацын автомашин, механизм ашиглан амьжиргаагаа залгуулж байна. Тэдний цаана 400-500 мянган хүний амьжиргаа, өрхийн орлого хамаарч байдаг атал улс төрийн хамаарал бүхий хүмүүс, хэсэг бүлэг компани тээвэрчдийн хувийн өмч, хөрөнгийг золиос болгон ашиглаж, татаас нэрээр дарамт учруулдаг тухай онцоллоо.
Г.САНСАР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.