АНУ-ын Ерөнхийлөгчийг тээвэрлэхэд минутад 2614 ДОЛЛАР зарцуулдаг

Аливаа улс орны хамгийн чухал хүмүүсийн нэг бол удирдагч нь билээ. Тэгвэл дэлхийн хамгийн том эдийн засагтай орныг удирддаг эрхэмийг аюулгүй, түргэн зорьсон газарт нь хүргэх хэр чухал вэ гэдэг нь мэдээж. Тийм учир Цагаан Ордон АНУ-ын Ерөнхийлөгчийг тээвэрлэх гэж жил болгон 350 сая ам.доллар зарцуулдаг аж. Энэ нь Цагаан Ордны жилийн төсвийн 25 гаруй хувь юм. АНУ-ын Ерөнхийлөгч нийслэл Вашингтоноос Нью-Йорк хот руу очих гэж минутад 2614 ам.доллар зарцуулдаг. Тэгвэл одоо дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болох АНУ-ын Ерөнхийлөгчийг тээвэрлэх хэрэгслүүдтэй танилцацгаая.
Зорьсон газар болон хэр хурдан очих шаардлагатай байгаа вэ гэдгээс хамааран АНУ-ын Ерөнхийлөгч хувийн онгоц болон нисдэг тэрэгнүүд, тусгайлан тоноглосон машинуудтай цуваагаар зорчдог аж.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦУВАА

АНУ-ын Ерөнхийлөгчийн цуваа нь 40-өөс 50 машин болон 100 гаруй хүнээс бүрддэг юм. Цувааны эхэнд цагдаагийн машин явдаг, ардаас нь 20-оос 30 ширхэг мотоцикл даган Ерөнхийлөгчийн цуваа явах замыг чөлөөлдөг аж. Эдгээр мотоциклууд нь хурдны зам дээр явж байхдаа уулзвар дээр очин зогсож зам чөлөөлдөг. Харин хотын орчин зам чөлөөлөх мотоциклууд ихэнхдээ “V” хэлбэр үүсгэн явдаг юм. Зам чөлөөлөх мотоциклуудын ардаас цувааг чиглүүлэх машин явдаг бөгөөд үүний дараа орон нутгийн цагдаагийн албаны машинууд явж өнгөрнө.
Тус цагдаагийн албаны машинуудын дараа “Аюулгүй багц” нэртэй цувааны хамгийн чухал хэсэг явдаг юм. “Аюулгүй багц”-ийн машинууд Ерөнхийлөгчийг хамгаалдаг бөгөөд халдлагын үед тус хэсэг цуваанаас салан бие даан ажилладаг аж. Тухайн хэсэг дэх хамгийн чухал машин нь Ерөнхийлөгчийн лимузин. Цуваанд хоёр ширхэг Ерөнхийлөгчийн лимузин байдаг, ингэснээр Ерөнхийлөгч аль машинд байгааг баттай мэдэх боломжгүй болгодог юм. Энэ хоёр лимузин нь усны дусал мэт ижил, адилхан улсын дугаартай явдаг аж.

Ерөнхийлөгчийн лимузин нь 6800-аас 9000 килограмм жинтэй бөгөөд янз бүрийн халдлагаас хамгаалахад зориулагдсан бүтэцтэй. Машин бүхэлдээ сум нэвтэрдэггүй биетэй бөгөөд 12 сантиметр зузаан цонхтой юм. Зөвхөн жолоочийн талын цонхыг л онгойлгож болдог аж. Ерөнхийлөгчийг химийн бодисоос хамгаалахын тулд машиныг бүхэлд нь агаар оруулахгүйгээр битүүлсэн байдаг.
Машин дотор пуужингаар ажилладаг гар бөмбөг, шөнийн дуран, буу, савласан хүчилтөрөгч, Ерөнхийлөгчид сэлбэх цус авч явдаг.
“Аюулгүй багц”-ын урд хэсэгт алсаас тэсэлдэг бөмбөгнөөс хамгаалах АНУ-ын Нууц албаны машин явдаг аж. Тус машины дээрх хоёр том антен радио долгион ялгаруулж тэсрэх бөмбөг дэлбэлэх дохиог саатуулдаг байна. Ерөнхийлөгчийн лимузины ардаас цэргийн зөвлөхүүд болон эмч тээвэрлэсэн машин явдаг. “Аюулгүй багц”-ийн ар хэсэгт АНУ-ын Нууц албаны ажилчид тээвэрлэсэн хоёр машин байдаг. Нууц албаны ажилчдын машинууд арын цонхоо нээлттэй байлгаж халдлага болох үед яаралтай гал нээн хамгаалдаг аж. Үүний дараа хэвлэл мэдээллийн ажилчид агуулсан машин явдаг. Цувааны сүүл хэсэгт хими, цөмийн, биологийн халдлага болох үед ажиллах мэргэжилтнүүд, хэвлэлийн ажилчид агуулсан машин, цувааны харилцаа холбоо хариуцсан машин болон эмнэлгийн тэрэг гэх мэт тээврийн хэрэгслүүд байдаг ажээ. Энэ цуваа нь явж буй газрын орчин нөхцөлөөс хамаарч бүрэлдэхүүнээ өөрчилдөг юм. Мөн дээд талдаа 30 минутын турш явж очих зайтай байршил руу Ерөнхийлөгчийг тээвэрлэх үед л цуваа ашигладаг гэнэ.
“MARINE ONE” НИСДЭГ ТЭРЭГ

Цуваа ашиглан явах нь хэцүү бөгөөд зардал их учир боломжтой бол “Marine One” нисдэг тэргээр Ерөнхийлөгч тээвэрлэдэг аж. Гэхдээ “Marine One” нь нэг тусгай нисдэг тэрэгний нэр биш юм. Ерөнхийлөгч Тэнгисийн цэргийн албаны нисдэг тэрэгт суусан л бол “Marine One” гэсэн нэртэй болдог аж. Тэнгисийн цэргийн алба 35 ширхэг нисдэг тэргийг Ерөнхийлөгчид зориулж “Marine One” болгон ашигладаг юм байна. Тус 35 ширхэг нисдэг тэрэгнүүд дэд ерөнхийлөгч болон Засгийн Газрын албан тушаалтнуудыг ч гэсэн тээвэрлэдэг юм. Дэд ерөнхийлөгч дотор нь буй нисдэг тэргийг “Marine Two” хэмээдэг.
АНУ-ын Ерөнхийлөгч “Marine One” нисдэг тэргийг ашиглан ихэвчлэн Нисэх хүчний“Andrews” бааз руу очдог. “Marine One” хэзээ ч ганцаараа нисдэггүй бөгөөд яг ижил загвартай тав хүртэл тооны нисдэг тэрэгтэй хамт нисдэг аж. Тэдгээр нисдэг тэрэгнүүд нисэх замдаа байршлаа солбидог ажээ.
“AIRFORCE ONE” НИСЭХ ОНГОЦ

“Andrews” бааз дээр Ерөнхийлөгчийн тээвэрлэх Нисэх хүчний онгоцнууд байрладаг. “Airforce One” нь мөн адил нэг тусгай нисэх онгоцны нэр биш. Ерөнхийлөгчийн суусан Нисэх хүчний онгоцыг “Airforce One” хэмээдэг. Ихэнхдээ хоёр ширхэг тусгайлан тоноглосон Боинг 747 онгоцыг “Airforce One” болгон ашигладаг байна. Тус онгоцны хаалгаар Ерөнхийлөгч үргэлж хамгийн сүүлд ордог.
Одоо тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийг нэг цагийн турш тээвэрлэхэд хэдэн доллар зарцуулдгийг харцгаая. Үүнд жишээ болгон Цагаан Ордноос Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв хүртэл явах зардлыг бодож олох болно.
Эхлээд Цагаан Ордноос “Marine One” нисдэг тэргээр Нисэх хүчний “Andrews” бааз руу найман минут явна. Үүний зардал ойролцоогоор 3180 ам.доллар байдаг аж. Дараагаар нь “Airforce One” онгоцоор Нью-Йорк хотын “JFK” нисэх буудал руу 30 минут явж очно. Энэ нислэгт 103,619 ам.доллар ашигладаг гэнэ. “JFK” нисэх буудлаас Нью-Йорк хотын төв рүү “Marine One” нисдэг тэргээр долоо гаруй минутын дараа очно. Дараагаар нь цуваа ашиглаж НҮБ-ын төв оффис руу явна. Цувааны машиныг Нью-Йорк хот руу “C5 Galaxy” ачааны онгоцоор хүргэдэг бөгөөд үүнд 50,417 ам.доллар зарцуулдаг аж.
Ингээд Цагаан Ордноос НҮБ-ын төв оффис руу очих нэг цагт нийтдээ 156,820 ам.доллар буюу минутад 2614 доллар зарцуулдаг юм байна
Минутад 2 мянган ам.доллар хэтэрхий их мэт санагдаж болох ч дэлхийн хамгийн хүчирхэг улсыг удирдаж буй эрхмийг аюулгүй тээвэрлэх нь чухал билээ.
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.