УЛС ТӨР

Б.Дэлгэрсайхан: Үе, үеийн парламент ШЕЗ, ШСХ-г өөрсдийнхөөрөө байгуулдаг болчихвол яах вэ

Өнөөдрийн /2021.05.06/ УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн. Өмнө нь Хууль зүйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцээд, хүлээж авахгүй байх нь зүйтэй гэж үзсэн юм.

Мэдээлэл өгөхөд, дөрөвдүгээр сарын 28-нд Үндсэн хуулийн цэц Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж, уг 03 дугаар дүгнэлтийг гаргасан. Үүгээр Шүүхийн тухай хууль дахь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, УИХ томилно гэсэн агуулгатай заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн.

Тус дүгнэлттэй энд дарж танилцана уу.

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Дэлгэрсайхан гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийлсэн юм.

“Би энэ дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэдэг байр сууриа байнгын хороон дээр ч илэрхийлсэн. Анх шүүх эрх мэдлийг улс төрөөс ангид байлгая гэдэг үзэл баримтлалаар уг хуулийг хийсэн. Гэтэл улс төрчдөөр томилгооны асуудлыг шийдвэрлүүлнэ гэж үзээд буйг ойлгохгүй байгаа юм. Би цэцийн шийдвэрийг зөв гэж хараад байна. Энэ байдлаараа явахаар шүүх эрх мэдэл УИХ-аас хамаарах болчхоод байгаа юм. Нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ гээд байгаа нь бүрхэг.  Цаашид шинэ бүрэлдсэн үе, үеийн парламент нь ШЕЗ, ШСХ-гоо өөрсдөө байгуулдаг боломжийг л нээж өглөө гэж харж байна. Хуучны засаглал хуваах зарчмаараа уг асуудлыг зохицуулах нь зөв гэж бодож байна”.  

Харин Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг ахалж ажилласан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

“Б.Дэлгэрсайхан гишүүн ээ. УИХ шүүгчдийг 100 хувь томилдог болчихсон юм шиг ярьж байна. Бүх шатны шүүгчийг Ерөнхийлөгч томилдог хэвээрээ байгаа. УИХ бол ШЕЗ ба Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг зөвхөн томилно, харин нэр дэвшүүлэхгүй. Цэцийн энэ дүгнэлт нь өөрөө алдаатай. Бидний баталсан Шүүхийн тухай хуульд, УИХ томилох болохоос нэр дэвшүүлэх тухай нэг ч өгүүлбэр байхгүй. Харин цэц байхгүй зүйлийг байгаа мэт дүгнэсэн. Тэгэхээр ҮХЦ-ийн их суудал хуралдаж, алдаатай дүгнэлтээ залруулах байх гэж бодож байна” хэмээн хариу тайлбар хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр ҮХЦ-ийн 03 дугаар дүгнэлтийг хүлээж авсангүй.

https://www.youtube.com/watch?v=ENrs6Mr_EfQ

Өчигдрийн ХЗБХ-ны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мөн энэ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ үеэр “Бид мөнх энэ парламентад байхгүй шүү дээ. 2024, 2028 оны сонгуулиар УИХ-д сөрөг хүчин олонх болчихвол энэ хуулиар шүүх эрх мэдлийг өөрсдөдөө давуу байдлаар ашиглаад явчих эрсдэлтэй харагдаж байна. Ирээдүй, алсаа харсан уу” гэж ярьсан.

Харин Б.Энхбаяр гишүүний хувьд ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүдийг УИХ зөвхөн томилох болохоос нэр дэвшүүлэхгүй. Энэ утгаараа УИХ-ын шууд нөлөөлөл орох боломжгүй гэж тайлбарлаад байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-05-06 16:41

Дэлгэрсайханы зөв

ylgarchee
ylgarchee
2021-05-06 17:57

yum.uzsenhumuus iim uur bgg yum.unuu margaashaa harsan atskanuudaas ylgarchee

зөв
зөв
2021-05-06 17:58

УИХ эрх мэдлээ өөртөө давуу байд�##� үүсгэснийг цэц буруу гэсэн. Хүлээж авахгүй байх нь зөв

Холбоотой мэдээ

Back to top button