Сурвалжилга, Нийтлэл

СОЁЛЫН КРИТИК №2: Биднийх боловч биднийх биш ХӨӨРӨГ, түүний нууц

Критик гэдэг нь шүүмж гэсэн утгатай. Харин шүүмж бол эргэлзэх, асуух, тодруулахын нэр.

Тэр шилэн хоргоноос хэд гурван чулуун хөөрөг гаргаж тавиад, тав алхмын зайнаас нэг ширтсэнээ “Сайхан амьтан байгаа биз” хэмээгээд шүүрс алдав. Энд худалдаалж буй хамгийн үнэтэй хөөрөг 75 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Харин дуучин Д.Болдын цуглуулга дахь цагаан хаш хөөрөг 500 саяд хүрдэг гэх. Ер эртний хийцтэй чулуун хөөрөгнүүдэд үнэлгээ гэж байхгүй хэмээн хөөрөг цуглуулагч бидэнд ярилаа.

Монголчуудын дунд хөөргөөр мэндэлж, хүндлэхийн сацуу хөөргийг цуглуулж, чамирхах соёл ч нэгэнт тогтжээ. Уламжлалт ахуй соёл гэхээс илүү үнэт эдлэлийн шинжтэй болсон хөөрөг чухам хаанаас гаралтайг багахан судалж үзвэл мөн л зах баримжаагүй таамаглал дунд живэх ажээ.

Үүний өмнө шанз буюу саншиан хөгжмийн үүсэл гарвалыг хөөх үес мөн ийм дүр зурагтай ажилласан. Судалсан сурвалж бичиг цөөн, хожмын ном сурах бичгүүд тэднээсээ эш татсан, шууд хуулсан байхын дээр судлаачид нь эргэлзэх, асуухаас илүү “Энэ манай соёл” гэж зүтгэх нь давамгайлж байлаа гэлтэй.

“Соёлын критик” цуврал контентын хүрээнд “Бидэнд монгол тодотголтой олон соёл байна. Гэвч яг аль нь биднийх юм бэ. Түүхэн он цаг хугацааны явцад алийг нь бид өөриймшүүлж авсан юм бэ” гэдэг асуултыг тавьж буй. Ингэснээр нэгэнт бий болгосон соёлоо үгүйсгэн татгалзах бус, язгуур соёлоо эгэн судлах нь өдгөө ямар чухал болсныг харуулахаар оролдож байгаа билээ.


ХӨӨРӨГ МОНГОЛД ҮҮССЭН ҮҮ: ӨВӨР МОНГОЛЧУУДЫН ТААМАГЛАЛ

Хөөрөг. Хөөрөгний үндсэн зориулалт нь хамрын тамхи агуулах. Анх ийм зориулалтаар үүсжээ. Гадаадын орнуудад энэ зорилгоороо өнөөг хэр ашиглагдаж буй бол гагц Монголд мэндлэх, хүндлэх харилцааны соёлын хэрэглэгдэхүүн болж хөгжсөн онцлогтой байна. Гэвч нүүдэлчин монголчууд хөөргийг өөрсдөө бий болгож, үе уламжлан хэрэглэж ирэв үү. Эсвэл гаднын соёлыг нутагшуулсан уу гэдэг нь хөндөж буй асуулт юм.

Харин “Хөөрөгний түүх ярихад их хэцүү. Барим тавим байдаг учраас зоригтой дуугарах хүн олддоггүй” гэж хөөрөг цуглуулагч бидэнд ярив. Энэ үнэн байлаа. Түүх, археологийн эрдэмтэд хийгээд хөөрөг хийдэг, цуглуулдаг цөөнгүй хүнтэй холбогдовч цааргалсан нь анхаарал татна. Харин тэдний олонх нь нэг эрхмийн нэрийг зааж өгсөн нь А.Пунсаг гуай.

Доктор, дэд профессор А.Пунсаг орой шөнийн цагаар ч биднийг ихэд уриалгахан хүлээж авлаа. Тэр ӨМӨЗО-нд төрж өссөн бөгөөд 37 настайдаа энд иржээ. Өдгөө Түүх, угсаатны зүйн хүрээлэнд 30 жил ажиллаж байна. Тэр хөөргөө барин тамхилангаа хэсэг хуучлав.

“Энэ их маргаантай сэдэв. Хөөрөгний гарал үүслийг баримтаар яг таг нотолсон хатуу байр суурь гэж үгүй. Нэг хэсэг эрдэмтэд хөөргийг нүүдэлчин монголчуудаас үүсэлтэй гэж таамагладаг. Харин нөгөө хэсэг нь Европод үүссэн соёл урд хөршөөр дамжин, дундад зууны үед манайд нэвтэрсэн нь энэ гэж үздэг. Аль нь ч бай, хөөргийг харилцааны өндөр соёл болгож хөгжүүлсэн нь ганцхан монголчууд. Үүн дээр би хамгийн хатуу зогсдог” хэмээн тэр ярьж байна.

Ямартай ч эртний монголчууд хөөрөг хэрэглэдэг байсныг батлах археологийн олдвор өнөөдрийг хүртэл олдоогүй гэдгийг түүхчид онцолсон. Харин А.Пунсаг гуай “Хөөргийг монголчууд үр хойчисдоо үе уламжлан үлдээдэг, өвлүүлдэг. Хамгийн сайн, сайхан энерги хөөргөнд шингэж үлддэг гэж үзэцгээдэг. Иймд эртний монголчуудыг хөөрөгтэй нь хамт оршуулна гэдэг миний хувьд буруу логик. Энэ үүднээс археологийн олдвор олдоогүй гэдэг шалтаанаар хөөрөгний үүсэл, гарвалыг тодорхойлно гэвэл анхдагч санаа нь буруу” гэлээ.

Хөөргийг өвөр монголчууд хөхүүр гэж нэрлэдэг аж. Үгийн хувьд эмэгтэй хүний хөхтэй нэг үндэстэй. Хөөрөгний толгой ч мөн мээмний толгойг санагдуулам. Түүнчлэн, монголчууд хөөргөндөө тамхи гэлтгүй эмийн ургамал хийж, эмнэлэг домнолгод ашигладаг байсан тухай сурвалж бий. Иймд эх, хүүхдийн нандин харилцаанаас энэ хөхүүр буюу хөөрөг гэдэг үг үүссэн, тэр үүднээс монгол ахуйн соёлоос гаралтай байж мэднэ гэдэг өнцгийг Өвөр Монголын эрдэмтэн дэвшүүлсэн байдаг ажээ. Энэ нь “Хөөрөг Монголд үүссэн” гэдэг үзэл санааны тайлбар гэдгийг А.Пунсаг тайлбарлаж байна.


АМЕРИКААС МАНЖ ХҮРТЭЛ: ХАМРЫН ТАМХИНЫ СОЁЛ МОНГОЛД ҮҮСЭЭГҮЙ

Харин баримт, сурвалжтай мэдээллийг хөөж үзвэл хөөрөг хамгийн анх Америкийн уугуул индианчуудын ахуй соёлтой тулж очно. Тэд тамхины ургамлыг нүдэж, нунтаглаад үнэртэж хэрэглэхдээ ясан бортго саванд хийдэг байсан нь батлагдсан байна. Үүнийг түүхч, археологич А.Энхтөр бидэнд товч мэдээлэл өгөхдөө мөн баталж байсан юм.

Тэгвэл индианчуудын соёл яван явсаар Монголд нутагших болсон зам жим нь Кристофер Колумбын их аялалтай холбоотой гэж тэмдэглэгдсэн байна. Тухайлбал, 1500-аад оны үед Колумбын аяллын гишүүн, номлогч Рамин Пане Карибын тэнгисийн арал дээрх уугуул иргэд хамрын тамхи татаж буйг харжээ. Ингээд Испанид буцаж ирэхдээ уг соёлыг түгээн дэлгэрүүлснээр Европ дахинд хамгийн анх тамхи татах соёл нэвтэрсэн гэж үздэг байна.

Уугуул америкчуудын хэрэглэдэг байсан хамрын тамхины сав. Одоогоор хөөрөг.

16-р зуунд ер нунтаг тамхины үйлдвэрлэл Европ даяар цэцэглэн хөгжсөн нь түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэгвэл нэгэн эх сурвалжид бичсэнээр, Мин улсын үед Италийн нэгэн номлогч Маттео Ричи Өмнөд Хятадад газардахдаа Ванли хаанд ховор хамрын тамхи бэлэглэсэн байна. Үүнээс хойш Хятадын ард түмэнд хамрын тамхи ер өндөр язгууртнуудад өгдөг бэлгийн дээж болсон бөгөөд хэрэглээ нь ихэд түгэн  дэлгэрчээ. Энэ нь 1600-аад оны үеийн явдал юм.

Харин доктор А.Пунсаг хамрын тамхи Мин биш Юань улсын үед Европоос нэвтэрсэн хэмээж байв.

Хөөрөг барьсан хятад эрэгтэй, 18-р зуун.

Тэгвэл 1700-аад онд Манж Чин улсад хамрын тамхийг агуулах сав буюу хөөрөг үнэт чамин хийцтэй болон хөгжиж, төрөл бүрийн материалаар хийгдэх болсон байна. Өөрөөр хэлбэл, хамрын тамхийг анхлан гоё ганган агуулах савтай болгосон нь тэд гэлтэй. Шил, шаазангаар эхэлж хийж байсан бол сүүлдээ үнэт чулууг ашиглах нь түгээмэл болсон талаар гадаадын нээлттэй эх сурвалжууд дээр бичиж тэмдэглэжээ. Явсаар 1800-аад оны үед хөөрөгний урлал Манжид дээд түвшиндээ хүрч, хөгжжээ.

Нөгөө талаар, Европын орнууд, тэр дундаа Орост ч хүртэл яг 19-р зуунд элдэв хийцтэй хөөрөг хэрэглэгдэж байсан түүхэн сурвалж бичгүүд тэмдэглэгдэн үлдсэн байгаа юм.

Улмаар 1800-аад оны үед энэ соёл Монголд ихээхэн хээнцэр, чамин өнгө хэлбэртэйгээр нэвтэрсэн гэж зарим судлаачид үзэж байна. Тэр үеийн хаад ноёд, язгууртнууд хөөрөг хэрэглэх болж, хожим нь шашны мяндагтнууд хийгээд бадарчдын үргэлж барьж явдаг эд өлгийн зүйл болсон талаар түүхчид онцолж байгаа юм.

Ямартай ч, хөөрөгний салшгүй нэг хэсэг болсон хамрын тамхи Монголд гаднаас орж ирсэн нь хөдөлшгүй баримт болдог ажээ.


ӨНӨӨДӨР: ХАМГИЙН САЙН НУТАГШУУЛСАН НЬ МОНГОЛЧУУД

Тэгвэл өдгөө хөөрөг ашиглан хамрын тамхи татдаг үндэстэн гэвэл цөөн байна. БНХАУ-д энэ соёл ихээхэн хэмжээнд уламжлагдаж ирсэн бөгөөд тэд өдгөө шаазан хөөргөн дотор уран зураг зурах маягаар урлагийн өв болгож хөгжүүлсэн байна.

Хятад хөөрөг, 19-р зуун.

Европын орнуудад, тэр дундаа Их Британид харин хөөрөг гэхээс илүү хамрын тамхи татдаг соёл нь үлджээ. Тэд дотооддоо хамрын тамхийг төрөл төрлөөр нь үйлдвэрлэж байна. Харин ХБНГУ-д хамрын тамхийг хөөрөг ашиглан татах соёл өнөөгийн байдлаар “амьдарч” байгаа нь мөн анхаарал татдаг. Тэд өөрсдийн үйлдвэрлэсэн шаазан хөөргийг ашиглаж байна.

Герман хөөрөг.

Мөн өдгөө “Олон улсын хятад хөөрөг цуглуулагчдын нийгэмлэг” гэсэн байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэд хөөрөг болон хамрын тамхины үүсэл гарвалыг судлахаас гадна орон орны хөөрөг цуглуулагчидтай хамтарч, жил бүр үзэсгэлэн гаргадаг уламжлалт тогтсон байна. Үүнд нь зөвхөн Хятад гэлтгүй Европын, тэр дундаа Германы цуглуулагчид ихээхэн идэвхтэй хамрагддаг мэдээ байна.

Харин Монголд хөөрөгний хийц өөрчлөгдсөнөөс гадна харилцааны соёл болж хөгжсөн нь А.Пунсаг гуайн онцолсноор ихээхэн өөриймшүүлж, нутагшуулсан хэлбэрт тооцогдож байна. Монголчууд хөөрөг зөрүүлэн амар мэнд мэдэхдээ дохионы хэл ашигладаг уламжлалтай. Толгойг нь хатуухан дарж, хааж мэндэлж буй хүндээ баривал ямар нэг ёс бус, уй гашуут үйл явдал тохиолдсоныг илтгэдэг. Мөн хулгайч, худалч эсвэл баян тарган хүнтэй хамт яваагаа ч энэ байдлаар дохиолон илэрхийлдэг.

Жил бүр Цагаан сарын баяраар монголчууд хөөрөг зөрүүлэн мэндчилдэг нь өдгөө дэлхийд ганц гэхэд болохуйц соёл болжээ. Мөн даалинд хадгалж, авч явдаг болгосон нь монголчуудын хөөрөгний соёлд нэвтрүүлсэн нэгэн шинэ онцлог. Тодруулбал, хөөргийг тусгай уут саванд хийн хадгалдаг хэлбэр дэлхийн өөр улс орнуудад байхгүй байна.

Хөөргийг монголчууд дотооддоо үйлдвэрлэдэг. Хамрын тамхины ургамал ч ургах боломжтой гэж А.Пунсаг гуай онцолж байсан. Гэхдээ одоогийн байдлаар Энэтхэг болон Англид үйлдвэрлэсэн хамрын тамхийг бид импортоор оруулж ирэн хэрэглэж байна. Гэхдээ энэ бүхнээс нэгэн дүгнэлт урган гарч ирж буй нь, монголчууд хөөргийг хамрын тамхи агуулах, татах хэрэглэгдэхүүн гэхээс илүү харилцааны хэрэглүүр, цаашлаад үнэт эдлэл цуглуулах хобби маягаар хэрэглэж байна.

Түүнчлэн мана, хаш, усан болор гэх мэт байгалын чулуугаар хөөрөг хийх энэ хийцийг монголчууд хөгжүүлжээ. Энэ нь нүүдэлчин монголчууд чулуун саванд эмийн ургамал хийж, хадгалж явдаг байснаас үүдэлтэй байх бололцоотой талаар А.Пунсаг онцолж байна.

ТЭГЭЭД ХЭРХЭХ ВЭ: СОЁЛ СУДАЛГАА ОРХИГДЖЭЭ

Гэвч хөөргийг ахуй соёлтойгоо хамгийн сайн уясан ард түмэн нь монголчууд гэлтэй байгаа ч хамгийн бага судалсан нь мөн бид болж таарч байна. Хөөрөгний үүх түүх, сурвалж бичгийг нэхэн хөөсөн судалгааны ажлууд Европод болон БНХАУ-д маш их хийгдсэн байдаг.

Харин Монголд хамгийн үнэтэй, эртний он цаг үед хамаарах чухал хөөргүүдийг багтаасан каталоги хэлбэрийн хоёр ном хэвлэгдэж байсан. Яг судалгаа талдаа бичигдсэн “Хөөрөгний тухай өгүүлэхүй” хэмээн жижигхэн улаан ном л номын сангаас олдох юм. Энэ ном анх 2003 онд хэвлэлтээс гарч байжээ.

Хэрвээ Х.Ариун-Эрдэнэ, О.Ширчинжав нар тус номыг бичиж хэвлүүлээгүй бол үнэт чулуун хөөргөнд ихээхэн үнэ цэн өгдөг, цагаан сарын баяр бүрээр хөөрөг зөрүүлэн мэндэлдэг манай ард түмэнд хөөрөгний гарал үүслийн талаар бичсэн нэгээхэн ч ном, бүтээл байхгүй байхаар.

Энэ үүднээс эргээд соёлдоо критик хийх буюу эгэн судлах шаардлага бидэнд тулгамдсаныг илтгэж байгаа юм. Хамгийн нийтлэг түгсэн, өвлөн уламжлагчид нь хэдэн зуун мянгаар тоологдох, түүнчлэн харийн орноос нэвтрэн нутагшсан байж болох хөөрөгний соёл ийм хэмжээнд судлагдаж байгаа бол яг эртний нүүдэлчин монголчуудын үед бий болсон бидний жинхэнэ, дахин давтагдашгүй соёлын өвөө бид ямар түвшинд судалдаг вэ гэсэн асуулт тавигдах билээ.

АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ:

  • "Хөөрөгний тухай өгүүлэхүй”, Х.Ариун-Эрдэнэ, О.Ширчинжав - 2003 он.
  • "The History of snuff bottles and snuff”, International Chinese Snuff Bottle Society
  • "Хөөрөг, даалингийн товч түүх”, Ж.Баярсайхан

ТАЛАРХАЛ: Гэрэл зургуудыг эртний эдлэлийн "D Art Gallery” дэлгүүрийн хөөрөгний цуглуулгаас авав. Тус дэлгүүрийн фэйсбүүк хуудастай энд дарж танилцана уу.


ӨМНӨХ КОНТЕНТ: Шанз буюу саншиан хөгжмийн ЭЭДРЭЭТ ХӨГЖИЛ

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-24 12:59

Соёлын критик цувр�##�ын хувьд монгол хүн бүрийн эргэцүүлж бодууштай сэдвийг хөндөж байгаан зэрэгцээ их баялаг агуулгатай нийтлэл болсныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Дараа дараагийнх нь нийтлэлүүдэд амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button