ЯРИЛЦЛАГА

С.Мядагсүрэн: Гадаадад бус Монголдоо чөмөг шилжүүлж, цусны хорт хавдрыг эмчлэхээр бэлтгэж байна

Хөгжингүй орнуудад өндөр үнэ өртөгтэй хийдэг донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад хийх боломжийг бий болгохыг зорьж байна. Тодруулбал, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хүрээнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг дотооддоо хийх бэлтгэл ажлыг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг хийж байна.  Эхний ээлжинд тус эмчилгээг насанд хүрсэн хүнд, цаашид хүүхдэд хийх бэлтгэл ажлыг хийж байна. Тэгвэл цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, түүнийг эх орондоо хийх бэлтгэл ажлын талаар Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга, АУ-ны магистр С.Мядагсүрэнтэй ярилцлаа.

-Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг хийхээр болоод буй. Бэлтгэл ажлын талаар яриагаа эхлүүлье?

-ЭМЯ, УНТЭ-ийн захиргаа, Үүдэл эс шилжүүлэн суулгах баг донороос үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болох асуудал дээр анхаарлаа хандуулж байна. Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг дотооддоо хийнэ гэдэг амар ажил биш тул бэлтгэл ажил маш их шаардаж байгаа. Одоогийн байдлаар өвчтөнөө сонгон, урьдчилаад намжмал байдалд оруулах хими эмчилгээ хийх, өрөө, багаж тоног төхөөрөмжийн хангамж, эмч, мэргэжилтнүүдийн сургалт зэрэг ажлуудыг хийж байна. Түүнчлэн ЭМЯ-аар дамжуулан хамтран ажиллах гадаад улс орнуудын эрдэмтэн профессоруудтай харилцаа тогтоохоор ажиллаж байгаа.

Өөрөөс өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх төсөлт ажлыг 2010 оноос хийж эхэлсэн. 2014 онд анхны тохиолдлоо хийснээс хойш 27 дахь хүндээ хийж буй. Харин энэ жилийн тухайд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийхээр зорьж байгаа юм. Өөрөөс өөрт үүдэл эсийг шилжүүлэн суулгаж буй энэ тохиолдолд бие өөрийнхөө эсийг танихгүй байна гэсэн тохиолдол байдаггүй учраас хүндрэл арай бага. Харин донороос үүдэл эс шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд цус, дархлааны системүүд танихгүй байх тохиолдол гардаг. Донор 100 хувь тохирсон байсан ч дараа дараагийн хүндрэлээс сэргийлэх болон түүнийг хэрхэн хянах, суулгасан эсийг харийн эс хэмээн бие махбодид урвал явагдсан тохиолдолд ямар эмчилгээ хийх зэрэгт бэлтгэл ажлуудыг хийгээд явж байгаа гэж ойлгож болно.

-МОНГОЛ УЛС ДОНОРЫН САН БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ-

-Манай улсад үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай хэчнээн өвчтөн байна вэ?

-Хэд хэдэн өвчтөн бий. Гэвч донорын олдоц манай улсад асуудал үүсгэж байна. Монгол Улсад донорын сан байхгүй. Бусад улс орнуудад өөрийнх нь төрөл төрөгсдөөс донор олдохгүй тохиолдолд тухайн улсынхаа аль эсвэл олон улсын донорын сангуудаас донороо хайдаг. Тэгэхээр гадны улсаас донор хайна гэдэг нь өртөг өндөр болно л гэсэн үг. Өөрийнх нь садан төрлөөс донор таарвал их амар. Гэхдээ баттай таарна гэдэг 0-25 хувийн л магадлалтай. Одоо өвчтөний сонголт хийгдэж байгаа. Тухайн сонгогдсон өвчтөн хими эмчилгээнд намжмал байдалд орсон тохиолдолд шилжүүлэн суулгах эмчилгээнд орно.

-Донорын асуудал үүсэж байна гэлээ. Эл асуудлыг манай орны нөхцөлд хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Гадаадын улс орнуудад үүдэл эсийн донор болох боломжтой хүмүүс эд нийцлийн шинжилгээ өгдөг. Донор болохыг хүссэн хүний мэдээлэл болон эд нийцлийн шинжилгээний хариу сан байдлаар үүдэл эсийн банканд хадгалагддаг. Ингэснээр төрөл төрөгсөд дотроос донор олдоогүй тохиолдолд тухайн банкны мэдээллийн санд хандан тохирох донорыг хайх үйл ажиллагааг явуулж болно.

-Донор болоход тухайн хүний эрүүл мэндэд ямарваа нэгэн сөрөг нөлөөлөл, эрсдэл бий болох уу?

-Яг одоогийн байдлаар донор болсон хүнд гаж нөлөө гарна гэсэн судалгаа байхгүй. Харин ч харьцангуй аюулгүй. Эрүүл хүнээс авч буй эс гэсэн үг шүү дээ. Ингэхдээ эс авсан ч цаашдаа амьдралынх нь туршид тэтгээд явах эрүүл эс үлдэнэ гэж үздэг.

Харин яг ажилбарын үед гардаг бага зэрэг асуудлууд бий. Эс авахын тулд төвийн венийн гуурс тавьдаг. Энэ үед цус алдах гэх мэт ажилбартаай холбоотой хүндрэлүүд гарч болно. Донор болмоор байгаа хүн эхлээд шинжилгээ л өгөөд, мэдээллээ хадгалуулчих хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт донортой эд нийцлийн шинжилгээгээр тохирсон, өвдөж зовсон хүн гарахад тэр хүнд маш том буян хүргэж чадна.

-Ясны чөмөг суулгах эмчилгээг ямар оноштой хүнд хийдэг юм бэ?

-Заалтын хувьд нэгдүгээрт, цусны бүх төрлийн цочмог хавдар, ясны чөмөгний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст хийнэ. Хоёрдугаарт, дархлаа дутал болон зарим цусны болон цусны бус хавдар, бодисын солилцооны эмгэгүүд гэх мэт олон өвчний үед донорын үүдэл эсийг шилжүүлэн суулгадаг.

-Танай багийн эмч нарын бүрэлдэхүүнийг гадны өндөр хөгжилтэй улсад бэлтгэгдсэн гэж сонссон. Ур чадварын хувьд мэргэшсэн баг гэж ойлгож болох уу?

-Эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах тал дээр анхаарсан. Манай эмч нар 2012 оноос хойш өөрөөс нь өөрт болон донороос үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлд суралцсан. Тодруулбал, БНСУ-ын Католикийн их сургууль, тус улсын Асан, Самсунг эмнэлэг, Хятадын цэргийн 307-р эмнэлэг болон Япон, Энэтхэг зэрэг улсын эмнэлгүүдэд цусны, лабораторийн эмч, сувилагч, лаборант, инженер, эм зүйч зэрэг мэргэжилтнүүдээ сургасан. Одоо ч ургалтууд үргэлжилж байгаа.

-ӨВЧТӨН ХЭВТЭХ ӨРӨӨНИЙ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛДЭГ, НЭГЖ КУБ АГААР ДАХЬ НЯНГИЙН ТООГ 1000 БОЛТОЛ ЦӨӨРҮҮЛДЭГ-

-Манай улс бохирдол, тоосжилт ихтэй. Хэдийгээр вакум орчны эмчилгээ хийлгээд гарсан ч ахуйн нөхцлөөс хамаарч халдвар авах магадлал өндөр. Энэ тохиолдолд яаж эмчилгээний гам барих вэ?

-Манай эмнэлэг дээр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хими эмчилгээний хэсэг байгуулагдсан. Есөн ортой, агаарыг цэвэршүүлдэг, нэгж куб агаар дахь нянгийн тоог 1000 болтол цөөрүүлдэг хепафильтрээр тоноглогсон гурван өрөө байгаа. Тэгэхээр тухайн өрөөний агаарын урсгалыг нь зөв болгохын сацуу нянгийн тоог бууруулж өгсөн гэж ойлгож болно. Тухайн өрөөнд хэвтсэн өвчтнүүдийн аюулгүй байдлыг хангаж өгсөн. Хими эмчилгээ хийлгэхэд дархлаа унаж халдварт хялбар өртдөг бол энэ эрсдлийг бууруулж өгдөг.

Ямар ч үүдэл эсийг хүний биед хийхэд хавдар намжмал байдалд орсон байх ёстой. Халдварын хүндрэл гарахаас сэргийлэх зорилгоор үүдэл эс шилжүүлэн суулгах гэж байгаа өвчтний өрөөний агаар дахь нянгийн үзүүлэлтийг 100-гаас бага болгож шаардлагатай. Ийм нөхцөл боломж ч бүрдсэн байгаа.

-Үүдэл эс шилжүүлэх эмчилгээний дараа хүндрэл хэр гардаг вэ?

-Олон төрлийн хүндрэл гарч болно. Учир нь үүдэл эс шилжүүлэн суулгахын өмнө өндөр тунтай химийн эмчилгээгээр тухайн өвчтөний ясны чөмгийг бүрэн хоосолж, гаднаас донорын эсийг хүлээж авах боломжтой болгодог. Эсгүй болох учраас тухайн өвчтний дархлаа эрс суларч, халдвар авах магадлал ихэсдэг. Суулгасан эс маань яг өөрийн болж, өсч үржээд ажиллаж эхлэх хүртэл цаг хугацаа их шаарддаг. Тиймээс өвчтөнийг маш цэвэрхэн, вакум орчинд эмчлэх шаардлагатай.

-ЦУСНЫ ХАВДАР МАРГААШ Ч СЭДЭРЧ МАГАДГҮЙ. АЛЬ ЭСВЭЛ ХЭЗЭЭ Ч СЭДРЭХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ-

-Өмнө ярихдаа өөрөө өөрөөс нь үүдэл эс суулгасан 27 хүн байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр үр дүнгийн талаар хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье?

-Хүмүүс өөрөөс өөрт үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн тохиолдол 100 хувь эдгэнэ гэж ойлгодог. Ганцхан манай улсад цусны өвчтэй хүмүүс эндэж байна гэвэл үгүй. Дэлхий нийтэд цусны өвчний эмчилгээ маш хэцүү. Цусны өвчтэй хүмүүсийн амьдрах хугацааг уртасгаж чадаж байгаа улс орны анагаах ухааны салбарын хөгжил өндөр байгааг илтгэдэг. Цусны архаг хавдар бол эдгэдэг хавдар биш эмчлэгддэг хавдар. Нэг ёсондоо намжмал байдалд ордог гэсэн үг.

Нэг Солонгос эмч манай өвчтөнд хандаж “Наад өвчин чинь маргааш ч сэдэрч магадгүй. Аль эсвэл хэзээ ч сэдрэхгүй байж магадгүй” гэж хэлээд явуулсан байсан. Үүдэл эс шилжүүлэн суулгаснаар магадгүй маргааш сэдрэх байсан хугацааг хойшлуулж байгаа хэрэг. Эмчилгээ бүхэн 100 хувь болно гэсэн ойлголт биш. Анагаах ухаанд 100 хувь гэсэн ойлголт байхгүй. Харин ч манай улсад хийсэн үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ олон улсын статистик дүнтэй харьцуулахад ойролцоо 88 хувьтай байгаа. Шилжүүлэн суулгалтын дараа сэдэрсэн цөөн тохиолдол бий.

-Цусны хавдартай хүүхэд, том хүмүүс манай улсад олон байна. Гадаадын улс орнууд руу эмчилгээ хийлгэхээр явах гэхэд төлбөрийг нь дийлэхгүй асуудал ч гарч байна. Цаашид эх орондоо энэ асуудлыг бүрэн шийдэх боломжтой юу?

-Монгол улсдаа уг эмчилгээг нэвтрүүлснээр тэрхүү урсгалыг зогсоохын тулд бид ажиллана. Тийм ч учраас маш их бэлдэж, судалж байна. Монголчуудын хувьд сонголт л болчихсон. Зарим боломжтой хүмүүс эмчлүүлэх улсаа, эмнэлгээ сонгох хүмүүс нэлээд болсон.  

-Дотоодод хийх эмчилгээний үнэ төлбөр ямар байх вэ. Бусад улсуудад дунджаар л нэг тэрбум болоод байх шиг байна. Эх орондоо хийгдэж байгаа гэдэг утгаараа хямд байж чадах уу?

-Шууд хэлж мэдэхгүй юм. Эдийн засагч нар тооцоогоо хийж байгаа. Гэхдээ гадаад руу явж эмчлүүлснээс л хямд төсөр тусна. Даатгалд багтаах эсэх асуудлуудыг ч цаашид хэлэлцэж шийдвэрлэх байх.

-Цусны өвчин их болсон талаар манайхан ам уралдан хэлэх болсон. Тэгвэл цусны хавдраар өвдөхөд нөлөөлж буй гол шалтгаан нөхцлийг та юу гэж харж байна вэ?

-Өвдсөн үед шалтгааныг тогтоох хэцүү. Гэхдээ судлаач нар уг өвчинд нөлөөлж буй зарим хүчин зүйлүүдийг судлан илрүүлсээр байна. Тэдгээр хүчин зүйлүүдийг дурьдвал, нэгдүгээрт, физикийн хүчин зүйл буюу цацраг туяа. Дараагийн нэг хүчин зүйлд химийн бүхий төрлийн бодисуудыг, эмийн бэлдмэлүүд ордог. Түүнчлэн вирүс, нян, мөөгөнцөрийн халдварууд, тэр дундаа Эпштейн-Барре вирүс, цитомегаловирүсийн халдварууд уг өвчнийг үүсгэгч хүчин зүйл гэж үздэг. Мөн удмын хүчин зүйл, хавдрын урьдал эмгэгүүдийг харгалзан үзэх шаардлагатай. Сүүлийн үед бидний амьдарч буй орчин нөхцөл, бохирдол, хүнсний аюулгүй байдал, стресс зэргээс шалтгаалан өвчний тохиолдол нэмэгдэж байгаа.

-Ярилцсанд баярлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 09:15

Хэн бүхэнд л хэрэгтэй байгаа юмдааа. Монголдоо хийдэг болчихвол ядахнаа л зардлын мөнгөө хэмнэнэ шүү дээ

Зочин
Зочин
2022-06-22 09:15

Үүн дээр анхаарах. ёстой хүмүүс нь анхаараад өгч болдоггүй юм байх даа

Зочин
Зочин
2022-06-22 09:15

Donoriiin santai l bolmooor bna

Зочин
Зочин
2022-06-22 09:16

Ervvvl mendiiin iim chuhal asuudal deeer gargalgaa gargaj ogdog uls torchtei baihsan

Зочин
Зочин
2022-06-22 09:17

Хэдэн эмч нараа муу хэлээд л байдаг чадвар нь байгааад төхөөрөмж орчин нь бүрдэхгүй юм гэж их байна. Дэмждэг улс төртэй бол бид нар уухаан тас хүмүүсд тус####маар байна

Зочин
Зочин
2022-06-22 09:52

Монгол эмч нар чадлаа юу, хохохо. Хөөрцөн оркууд. Гараа угаачихаж сур####гүй төгсдөг эмч нэртэй ##########, архичин, өлөнчингүүд сайхан бүлтэрхиймаа.

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x