Top StoriesЯрилцлага

Э.Ган-Очир: "Учрыг нь олох" гэж чухал үг шүү. Кино урлагийн учрыг олох гээд л явж байна

Найруулагч Э.Ган-Очирыг уншигчдадаа танилцуулж байна.

Түүний "Дасгалжуулагч" УСК энэ жилийн "Улаанбаатар" олон улсын кино наадамд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийн охин Н.Майдартай хамтран тус уран бүтээлийнхээ зохиол дээр ажиллажээ.

Өмнө нь баримтат кинон дээр цөөнгүй жил ажилласан туршлагатай тэрбээр сүүлийн хугацаанд арт хаус уран бүтээлд хүч үзэж байгаа юм.


“NTV” ТЕЛЕВИЗЭД АЖИЛД ОРСНООР 28 ТҮҮХЭН НАЙРУУЛАГЧИЙН ҮГИЙГ СОНСОХ БОЛОМЖ ОЛДСОН

-Найруулагчийн нэгэн амьдралыг сонгох болсон шалтгаан тань юу юм бол. Багадаа энэ зам мөртэй амьдралаа холбоё гэж бодож байсан уу. Энэхүү хувь тохиолыг хэрхэн харж явдаг вэ?

-Би өсвөр насандаа найруулагч гэж мэргэжлийн талаар төдийлөн бодож байгаагүй. Багадаа Оросын байлдаантай кино үзэж, үйл явдлаар нь зураг зуран гэрийнхээ хананд наагаад “Энэ миний үзэсгэлэн” гэж тоглодог байсан удаа бий л дээ. Гэхдээ аав минь эхэлж намайг уран зохиолд хайртай болгосон. 1990-ээд онд наймаа панз гэж явахдаа надад уран зохиолын номууд авчирч өгдөг, тэдгээр нь гүн сэтгэгдэл үлдээдэг байлаа. Би чинь угтаа “Монголын нууц товчоо” утга зохиолын дээд сургуулийн төгсөгч шүү дээ. Яагаад энэ сургуульд элсэх болсон шалтгаанаа ярьчих уу?

-Тэг л дээ?

-“Хүрэл тулга” гэж яруу найргийн уралдаан болдог шүү дээ. Би 10 жилийн сурагч байхдаа Завхан аймгийн Тэс сумаасаа энэ уралдаанд оролцон шалгарсан юм. Ш.Сүрэнжав гуай уралдааныг шүүж таараад, надад “Монголын нууц товчоо” утга зохиолын дээд сургуулийн урилгыг өгсөн. Би тэр хүний номыг уншиж, шүлэг гэдэг юмтай танилцан, уран зохиолтой бага багаар гүн дотноссон л доо. Тэр хүнээсээ дээд сургуулийн урилга авна гэдэг гайхалтай зүйл шүү дээ. Энэ үед ойр тойрныхон зохиолч, яруу найрагч болоод яаж амьдрах юм гэж гайхаж байсан. Харин аав “Миний хүү юу хүсэж байна, түүнийгээ л хий. Аав нь ямар насаараа дагаж амьдрах биш” гэж хэлсэн. Энэ үг миний амьдралын философи болсон байж магадгүй. Яах ч аргагүй огшоод ирж байна, тэ.

Сургуулиа төгслөө. Дараа нь “NTV” телевизэд ажилд орох хувь тохиол таарсан. Ингэхдээ Д.Батнягт найруулагчтай танилцаж, монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойд зориулсан нэвтрүүлэгт ажилласан. Анхны нэвтрүүлэг маань гэсэн үг. Гэтэл нэвтрүүлэгт уригдсан зочин маань мөн л Ш.Сүрэнжав гуай байж таарсан шүү. Хожим Л.Ванганы тухай баримтат кино хийж явахдаа Ш.Сүрэнжав гуайтай уулзсан. Энэ бидний сүүлчийн уулзалт. Яг чиний асуусан шиг хувь ерөөлөөр Ш.Сүрэнжав гэж хүнтэй амьдрал минь ийн холбогдсон.

22 настай "NTV" телевизэд ажилд орон, редактораар ажиллаж эхэлсэн тухайгаа жаахан ярих гэсэн юм. Монтажны ширээний ард Х.Өлзийбаяр найзтайгаа хамт өсөж, баримтат киноны амин сүнсийг ойлгох чиглэлд их зүйл сурсан даа. Үүнээс ирээдүйд найруулагч болох хүслээ олж, өөрийгөө бага багаар бэлдэж эхэлсэн. Өнөөдөр яг өөрийгөө баримтат кино хийсэн гэж хэлж чадахгүй л байгаа. Ер нь бидний өмнөх үеийнхэн хэн байсан юм бэ гэдэг ойлголтыг авахын тулд би баримтат кино хийж эхэлсэн. Хийх тусам найруулагчийн амьдралд илүү татагдах болсон л доо.

Азтай нь гэвэл, “NTV” телевизэд Ц.Зандраа, Д.Жигжид нарын түүхэн 28 найруулагчийн тухай цуврал нэвтрүүлэгт редактораар ажиллах боломж надад олдсон юм. 28 найруулагчтай ийн танилцах хувь тохиол тохиосон байхгүй юу. Тэдний их урт яриаг би сонссон. Энэ бүгд кино хийх хүслийг өнөө хэр бадрааж явдаг.

Харин 2014 онд бид тусдаа гаран “Босго” фильмийг байгуулж, баримтат киноны учрыг олъё гэж шийдсэн. Учрыг олно гэдэг их сонин үг шүү. Сэтгүүлч М.Буянбадрах Н.Жанцанноров гуайгаас нэгэнтээ “Б.Шарав та хоёр хөгжим арай л өөр байх юм. Учир нь юунд юм бэ” гэж нэгэнтээ асууж. Тэр хариулахдаа “Б.Шарав бол морин хуурын учрыг олчихсон. Би уртын дууны учрыг олчихсон шиг байгаа юм. Юмны учрыг олно гэж их чухал зүйл байгаа биз” гэж л дээ. Энэ үг надад кино урлаг, киноны хэлний учрыг олохын төлөө амьдрахад түлхэц болсон. Тэд "юм"-ны учрыг олоод хийж, бүтээж шүү дээ.

-Үргэлжлүүлж яримаар сайхан сэдвээр хариулт дууслаа. Үүнээс өмнө мухарлан асуухад, та яагаад зохиолч болж болсонгүй вэ?

-Би шүлэг бичих авьяасгүйгээ мэдээд л больсон.

-Гаднаас нөлөөлсөн үү, өөрөө мэдэрсэн үү?

-Өөрөө мэдэрсэн. Миний үеийн авьяастай залуус ч олон. Бичдэг байхаас уншдаг байхыг сонгосон. Төгсөөд нээрэн юу хийх вэ. Шүлэг бичиж, ном хэвлүүлээд авьяасгүй би нэг их хол явахгүй юм биш үү. Магадгүй би О.Цэнд-Аюуш биш, магадгүй Я.Баяраа биш учраас... Тэгээд өгүүллэг бичье ч гэж үзсэн. Долоон ч өгүүллэг бичиж үзлээ, нэг л сайн болдоггүй. “Өнөөдөр” сонинд дадлага хийж байгаад хөөгдөж ч явлаа. С.Батбаатар эрхлэгч миний мөнөөх долоон өгүүллэгийг уншаад “Чи сонины хүн биш юм. Гэхдээ яаж хөөж явуулах вэ дээ” гэж байлаа. Долоон хоногийн дараа “Өнөөдөр” сонинд ажилд орох тушаал гарах гээд. Гэтэл манай багш залгаж, “NTV” телевиз хүн хайж байгааг дуулгасан юм. Нөгөө л долоон өгүүллэгээ уншуулсан, сарын дараа гэхэд ажиллахаар болсон байсан. Тийм ерөөлөөр би телевиз рүү орсон. Энэ нь ч миний найруулагчийн амьдралыг сонгох үүтгэл шалтгаан болсон.

БАРИМТАТ КИНО БОЛ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЗЭВСЭГ

-Хэсэг зорьж, амьсгалж яваад авьяасгүй гэдгээ, үүнд заяагдаж төрөөгүй юм гэдгээ мэдрэх ямар байх вэ. Уналтад орсон уу?

-Үнэхээр болохгүй байгаа юм чинь.

-Шууд л хүлээн зөвшөөрсөн үү?

-Тэгсэн. “Би болчхож” гэдэг өнцгөөр биш, “Би юун дээр болохгүй байна вэ” гэдгээ хүлээн зөвшөөрөх их чухал шиг. Надад нэг юм байсан нь, телевиз рүү оронгуутаа уран зурагт яагаад ч юм татагдаж эхэлсэн. Мөн гэрэл зураг. Энэ нь явж явж кино урлагт сэтгэл татагдах шалтгаан болсон. Мэдээж энэ хүрээнд мундаг оператор, эвлүүлэгчидтэй хамтарч ажиллана. Үнэхээр л телевизэд ажиллах хугацаандаа өмнөх үеийн найруулагчидтай уулзан ярилцаж, энэ мэтээр кино урлагт хайртай болсон. Хайртай болсон зүйлдээ дурлахын хэрээр мэдрэмж хөгждөг юм шиг. Хайрлаж, дурлаж, түүндээ бүх зүйлээ золиосолж...

-Бидэнд их сургуулийг нь төгсөж байж л “Мэргэжлийн” тодотгол авна гэдэг ойлголт байна л даа. Та бол энэ утгаар “Мэргэжлийн” хүн биш юм байна. Дипломгүй. Харин телевизэд олон найруулагчтай ажил хэргийн шугамаар уулзаж, үгийг нь сонсох боломжоор баялаг байжээ.

-Аз. Чиний асуудгаар хувь ерөөл.

-Энэ тэдний яриаг сонсон хөгжих боломжуудыг атгасан, бэлэн будаа идсэн дүр зурагтай ойр сонсогдож байна. Ийм утгаар өөртөө ойлгож, эргээд дутуу үнэлэх мэдрэмж авч байсан уу?

-Ер хийсэн бүхнийхээ араас ямар нэг харуусалтай байх юм. Магадгүй чиний хэлдгээр бэлэн будаа идээд явж байгаа ч хүн байж болох юм. Мэдрэмжээ зөв үедээ үнэнчээр асгаж чадаж байвал тэдгээр найруулагчийн үгийг сонсож явсныхаа үр дүнг гаргах юм болов уу.

-Гэвч уран бүтээлч хүнд хэний ч зааврыг үл даган өөрийнхөөрөө туурвих эго бий. Сүүлийн үед бусдын юмыг бага үзэж хар, зүгээр л өөрийгөө сонс гэж ярьж, бичих боллоо?

-Тийм биш байх аа.

-Агуу найруулагчидтай уулзах тусмаа өөрийгөө улам хайрцагласан юм биш биз?

-Хөөрч баясаад л явсан хэрэг. Үүнийг автоматаар буулгаж, тусгах нэг өөр хэрэг. Харин өөрийнхөөрөө хувиргаж, зэрэгцүүлэн мэдрэмждээ үнэнч байх нь мөн өөр хэрэг байх аа.

-Дээр үеийн монгол кинонууд муу гэж шуудхан хэлэх залуу найруулагчидтай ярилцаж байлаа. Бусдыг шүүмжлэх хандлага хэр гүн суув?

-Үзэхэд үнэхээр жүжигчдээ буруу сонгосон, драматург дутуу хийсэн зэрэг өнцгийг хараад, шүүмжилмээр санагдах нь бий л дээ. Бид ер өөрсдөдөө шударга хандах цаг нь болсон. Алдаа, оноо бүхнээ шударгаар ярих ёстой боллоо. Зүгээр нэг хоосон хүмүүс юмыг шүүмжилдэг гэж боддоггүй. Хэтрүүлэгтэй, хурц шүүмжүүд анзаарагддаг ч энэ уншигчдаа татах ямар нэг арга хэрэгсэл байж болно.

-Одоо ч өөрийгөө баримтат кино хийсэн шиг хийсэн гэж боддоггүй хэмээлээ. Дутуу үлдсэн зүйл болон таны сэтгэлд жин дарж байгаа юу, эсвэл?

-Яг одоо санхүүжилт байхгүйгээс болж зогссон баримтат киноны хоёр төсөл байгаа. “Солонго”, “Өвгөн шувуу”. Нэг нь Н.Норовбанзанд гуайд “Уяхан замбативийн наран” дууг анх зааж өгсөн хүний тухай. Үүнийг үзээд энэ агуу их өв соёл тээж буй хүмүүсийг өнөөдөр л хайрлахгүй бол бүхнээ тээгээд орхиж одох нь гэдгийг ойлгох болов уу.

Нөгөө нь “Солонго”, малчны зургаан настай хүүхэд сургуулийн дотуур байранд  хэрхэн амьдарч буй тухай. Зургийг нь хоёр жил авсан. Дэлхийд байхгүй цор ганц дүр харагдангуут нь шууд л зураг авалтаа эхэлсэн. Цар тахал гарсан ч яаж ийгээд очиж, энэ цаг үед хэрхэж байгааг нь буулгаж үлдээсэн. Гэтэл энэ зөвхөн Солонго гэж охины тухай сэдэв биш бололтой. Түүнийг 12-р анги төгстөл нь зураг аваад, малчны хүүхэд яаж сурч, боловсорч, амьдралаа шийдэх мөчид хүрч байгааг нь харуулъя гэж бодсон. Үүнд малчны өв соёл байна уу, байна. Эмээ нь яаж орой бүр гороолдгийг, яаж хонь холбодгийг, “Зу зу” хэмээн амлуулдгийг харж болно. Үүнийг өөртөө маш хүчтэй төсөл болох болов уу гэж бодож байна.

Энэ хоёрыг гүйцээж байж л өөрийгөө сая тоох, баримтат киноны учрыг олоход дөхлөө гэж хэлэх боломж бий болох байх. Санхүүжилт хайж хэсэг яваад үнэхээр ийм ажил хийж чадах хүн биш юм байна гэж бодлоо. Халтуурны ажил орж ирсэн ч санхүүжилтийг нь эдгээр ажилдаа нөөцөлж байна.

-Энэ хоёрыг сэтгэл дүүрэн дуусгалаа гэхэд дахин баримтат кино хийх хүслээ хадгалсаар байх уу?

-Баримтат кино хамгийн хүчтэй зэвсэг. Хүмүүс “Бид ямар баримтат кино хийж байгаа биш” гэх мэтээр үл ойшоосон хандлага гаргах нь бий л дээ. Харин ч эсрэгээрээ, энэ хамгийн хүчтэй зэвсэг. Ямар ч илүү дутуу, зохиомол зүйлгүй. Энэ төрлөө орхихгүй, зэрэгцүүлэн авч явахыг эрмэлзэнэ.

“ДАСГАЛЖУУЛАГЧ”-ИЙГ ҮЗСЭН ХҮН БҮР ЯМАР НЭГ БАЯР БАЯСАЛ МЭДРЭХ БОЛОВ УУ

-Уран бүтээлчдийн анхны юм их муу, эсрэгээрээ дахин давахааргүй хамгийн сайн нь болдог ч юм шиг. Үнэлэхэд их төвөгтэй. Та анхны уран сайхны киногоо өөртөө яаж үнэлж байв?

-Айдас. Зохиол бичиж эхлэхээс эхлээд л айна. Камераа зоолоо, оператор, жүжигчид бэлдлээ, гэрлүүд зоогдлоо. Яг энэ үес “Мотор!” гэж хэлэхэд айдас төрж байсан. Би зориудаар асар хүчтэй хэлсэн. Айдастай буйгаа багийнхандаа мэдэгдүүлэхгүйн тулд. За, дараа нь анхны үзэгчиддээ үзүүлэх ч айдас. Айдсаар дүүрэн байсаар дууссан. Анхны киноныхоо мөрөөр KBS телевизийн нэгэн төслийг найруулах урилга авсан нь олзуурхууштай хэрэг болсон. Ажиллахад шинэ зүйл их олж харсан. Нэг жүжигчний характерийг тодорхойлохдоо дээших таван үеийнх нь түүхийг хавсаргаж бичсэн байхыг харсан. Дахиад л хувь тохиолоор гэдэг шиг. Нөгөө л хувь заяаны тохиолоор ивээгдээд яваа мэт байгаа биз.

-Яагаад тэгж айсан юм бол. Тэр айдсыг юу гэж ойлгосон бэ?

-Ер нь бол...

-Чадахгүй юм биш биз гэсэн айдас юм уу?

-Яг тэр чинь. Хүний нэг адын араншин бий дээ. Эго. Үнэхээр муу юм хийчихвэл би л муу хэлүүлнэ биз дээ. Хогийн байгаа биз. Хүний өмнө бардам юм хийчих юм сан гэсэн айдас. Мөнгө санхүүтэй ч холбогдоод ирнэ. Ер нь нэг арт хаус кино хийе гэж тэр үед зорьсондоо хожсон бас алдсан. Алдсан гэдэг нь санхүүгийн хувьд л даа. Манай багийнхан ч дэмжсэн. Есөн олон улсын кино наадамд гарсан, Тайванийн кино наадмыг нээсэн. Казанийн кино наадмаас шилдэг кино зохиолын шагнал авсан. Мөн KBS-ийн төслийг найруулах, багаараа орж ажиллах урилга авсан. Энэ бүхэн надад дараагийн хаалгыг нээсэн. Яг “Дурсаж яваарай” гэдэг нэр шигээ.

-“Дурсаж яваарай”-г муугүй кино болсон гэж үздэг. Анхных гэхэд “Би чадчих юм байна” гэж нисмээр үйл явдал болсон гэмээр. Та тэгсэн үү. Дараагийн бүтээлд илүү бага эрч хүчтэйгээр орсон уу?

-Тэгчих байж, ингэчих байж гэсэн юмтай олон таарсан. Хар монтажаа үзчихээд “Юу л болчхов доо” л гэж бодсон. Гэтэл эвлүүлэгч маань “Бид арай өөр кино хийчихлээ, тэ?” гэж хэлсэн. Тэр үг л надад ташуур болсон байхгүй юу. Өөртөө итгэх итгэл болсон гэх үү дээ. Ийн дараа нь “Дасгалжуулагч”-ийг хийлээ.

Цар тахлын үед надад захиалга орж ирсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг хүмүүсийг нийгэмд зөвөөр ойлгуулах чиглэлд зохиол бичиж өгөөч гэж. Яах ч аргагүй урьдчилгаа мөнгийг нь авчихсан учраас би хийж эхэлсэн л дээ. Гэтэл цар тахал ч гарж, эдийн засаг хүндэрсэн. Анх захиалга өгсөн продюсер маань больсон.

Тэр үед найз маань “MEGA FILM” студи байгуулж, тусдаа гараад байлаа. Надаас уран бүтээл болгох зохиол байгаа эсэхийг асуусан л даа. Би нөгөөхөө үзүүлсэн. Арай арт хаус байна, жаахан Commercial болгож өөрчлөхийг зөвлөснөөр зохиол дээрээ дахин ажиллаж, энэ кино хийгдэх болсон юм. Дахиад л хувь тохиол мэт юм даа. Ингээд зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийн охин Н.Майдартай хамтран зохиол дээрээ суусан. Өмнө нь түүний ээж Д.Оюунчимэгийн “Усгал” романыг 10 цуврал дэлгэцийн бүтээл болгоход зохиол дээр нь ажиллаад байлаа. Энэ миний арилжааны кино зах зээлд хөл тавьж үзэх алхам байсан. Мэдэхгүйгээсээ болж алдсан олон л зүйл анзаарагдаж байна. Гэвч үзсэн хүн бүр баяр баясал аваад гарна гэдэгт яагаад ч юм итгээд байна.

-UBIFF-ийн хүрээнд “Хангарьд” уралдаанд тунасан гурван киноны нэг шүү дээ. Нөгөө хоёрыг нь үзэв үү?

-Үзсэн. “Trio”-ийн хувьд дауны синдромтой хүүхдүүдийн тухай сэдвийг хөндсөн. Иймд энэ жилийн UBIFF буюу “Улаанбаатар” олон улсын кино наадмын монгол киноны хоёрт нь энэ агуулга хөндөгдөж байгаа нь онцлог юм болов уу гэж харсан. Яг үүгээрээ энэ жилийн наадам онцлогтой зохион байгуулагдаж байна.

Мөн юу гэдэг юм дээ, залуу найруулагчийн хувьд Р.Анхням эгч, Лхагваа ах хоёр зохиолыг маань уншиж, уриалгахан дэмжин орж ирсэн нь намайг сэпхийтэл өргөсөн. Найруулагчдаа өгдөг жүжигчин гэж байдаг юм билээ. Тэдний ажлын өрөөнд орж үзэн, би дахиад л залуу хүний хувьд суралцсан. Үүний зэрэгцээ “Дасгалжуулагч” шиг кинонд санхүүжүүлэгчээр орж ирнэ гэдэг тэр бүр продакшнууд хөдлөх зүйл биш. Энэ ч утгаар би дахин дахин урам орсон. Тэд бүгдийн өгсөн итгэл их чухал нөлөөлсөн.

-Итгэл даах гэдэг сонсоход энгийн юм шиг боловч амьдралд, тэр дундаа бүтээж туурвих амьдралд хамгийн жинтэй ойлголт байж магадгүй. Бусдын итгэлийг алдахгүйн тулд хичээх, ямар нэг үүрэг хариуцлага үүрэх гэдэг эсрэгээрээ их том зүйл байж магадгүй?

-Хамгийн эхлээд л аав, ээжийнхээ итгэлийг алдаж болохгүй. Дараа нь ойр, дотнын хүмүүсийн итгэл чухал шүү дээ. Уран бүтээлч хүнд нэг зовлон байдаг юм болов уу гэж чамайг асуухад бодож байна. Үзэгчдийнхээ итгэлийг алдахгүй байх гэдэг их том даалгавар оноогддог бололтой. Гэлээ гээд нэг зүйлд хэт баригдаж болохгүй. Хэн нэгний итгэлийг алдахгүй юм сан гэж хичээх тусмаа өөрт буй зүйлээ алдсаар байж магадгүй.

Өнөө цагт сайн сайхныг түгээх дүр гэдэг ойлголт их ховор болчихсон юм болов уу гэж бодож “Дасгалжуулагч” киногоо хийсэн. Энэ үзэгчдийн итгэлийн тухай бодолцсоных л юм.

-Аль аль талаа барих, тэнцүүлэх гэдэг уран бүтээлч хүний ухааны асуудал юм уу даа?

-Магадгүй. Нөгөө талдаа мэдрэмжийн асуудал ч байж магадгүй. Юу бодсоноос юу мэдэрсэн нь илүү чухал. Хэн нэгэнтэй яриад сууж байхад түүнээс ямар нэг зүйл авч л байдаг. Тэр мэдрэгдсэн зүйлийг бодолдоо нэрж, нэрэхдээ мэдрэмжээ алдалгүй зөв нэрэх хэрэгтэй гэж. Тийм болохоор би бодол гэдэг зүйлийг хоёрдугаарт байдаг болов уу гэж боддог.

МЭДРЭМЖ НЭГДҮГЭЭРТ, БОДОЛ ХОЁРДУГААРТ

-Медиа гэдэг үзэл санаа түгээх арга хэрэгсэл болох тал нь дийлэх шинжтэй. Ер нь кино хийх зорилго, эцсийн эцэстээ үзэгчдэд өгөх зүйл нь юу байх юм бэ. Санхүүгийн, улс төрийн ашиг сонирхлын дагуу арга хэрэгсэл болгон ашиглаж байгаа тохиолдол ч байна л даа?

-Тэдний кино хийх гэсэн анхдагч хүсэл, зорилго бүрээс шалтгаалдаг байх л даа. Магадгүй уран бүтээлч хүн бүрийн хувь зам мөрийн асуудал. Надад хувь хүний эмзэглэл чухал санагддаг. Тэр эмзэглэл хаана ч байж болно. Өнгөрсөн дурсамжид, яг энэ мөчид ч байж магадгүй. Тэр сэтгэлд үлдсэн эмзэглэл эргээд сэргэхдээ өгүүллэг ч юм уу, яруу найраг болоод үлддэг байх л даа. Харин тэр эмзэглэлээ хэзээ мэдрэх вэ, мэдэрснээ хэзээ биежүүлж гаргах вэ гэдэг л сонин.

-Зураач Ж.Мөнхцэцэг уран бүтээл гэдгийг өөрөө өөрийнхөө сэтгэлийн хаалгыг татах “урилга” хэмээж байсан. Өөрөөр хэлбэл уран бүтээл гэдэг уран бүтээлчийнхээ хувьд илаарьших явц байдаг байж мэднэ. Танд илаарьшмаар дурсамжууд бий юу?

-Би хожуу ч З.Фройд, А.Адлер нартай танилцаж байна. Энэ хэрээр хүүхэд ямар гэр бүлд өсөх, өсвөр насаа хэрхэн туулах зэрэг нь амьдралд маш их нөлөөлдгийг ойлгож байна. Өөр дээрээ харсан ч яг ийм. Үхлийн тухай бодоход гуравдугаар ангид тохиолдож байсан найзын маань гэнэтийн осол санагдах. Өвөөгөө нас барсныг хатавчаар харж байсан тэр агшин ч санагдах. Сумын халуун усанд саваагүйтэж байгаад анх удаа нүцгэн эмэгтэй хүнийг харснаа дурсах. Тэдний нэг нь киноны сцен болж үлдэх жишээтэй. Маш чухал зүйл бидний дурсамжид байна. Эмзэглэлд байна. Дурсамжаа л ухах асуудал юм биш үү. Хүн эмзэглэлээ тээгээд л яваад байдаг.

-Найруулагч багаа өөрийн үзэл санаанд чиглүүлэн базаж, зөвхөн өөрийн үзүүлье гэснээ дэлгэцээр илэрхийлэхийг оролддог. Эцсийн дүндээ, улс төр, санхүүгийн шалтгаанаар кино хийж буй хүмүүс ч, ер бүгд энэ нэг цэгт зангидагдаж байх шиг санагдаж байна. Үзэгчдэд сөрөг үр дагавар байх уу. Уран бүтээлч “Ийм л юм үзүүлнэ” гэж өөрийнхөө хүслээр загнахад?

-Үзэгчдэд бэлэн хоол өгч, тулган хүлээлгэж л болохгүй. Бодох, мэдрэх эрх чөлөөг нь өгөхгүй бол буруу болно.

-Энэ нь орчин үед дэлгэцийн бүтээлүүд улам минимал, уран сайхны гоёчлолгүй болж буйн шалтгаан уу?

-Юм бүр илүү амар болоод байх шиг. Ирээдүйн үзэгчид магадгүй бүр богино бичлэгүүд үзэж, авах зүйлээ авдаг болох байх. Ирээдүйн үзэгчдээ яаж бэлдэх вэ гэдэг асуудал үүнээс урган гарна. Бид яг одооноос л үүнд хичээх, эрэл хайгуул хийж эхлэх ёстой гэж харж байгаа. Гэхдээ би нэг юманд итгэдэг. Нийгэм янз янзын хэлбэрээр оршдог юм байна. Харин хүний мөн чанар гэдэг зүйл хаана ч, хэзээ ч өөрчлөгддөггүй бололтой. Иймд уран бүтээлчдийн нэг айх айдас үгүй болж байгаа биз. Учир нь хүний мөн чанар хэвээр. “Одоогийн хүүхдүүд” гэж ярьдаг. Уг нь бүх цаг үед нийгэм хөгжиж, залуужиж бас хөгширч л байсан шүү дээ. Энэ бүр давтагдсаар буй мөн чанарын цикл.

-Таны аав “Би үргэлж дагаж явах биш, яг хүссэнээ л хийж амьдар” гэж хэлж байжээ. Аав нь одоо байгаа юу?

-Аав, ээж хоёр одоо ч яг хэвээрээ. Тэд минь хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөөд л... Яг энэ тухай ярихад их огшдог оо. Таван талхны түүх бидэнд бий. Бид эхээс долуулаа. Ардчиллын хүнд үеүдийг аав, ээж хоёр талх хийдэг, түүнийгээ зардаг байсан. Бид үзэж үзээгүй. Ээж “Хотод баар гэж нэг муухай зүйл байдаг гэнэ, тийш л оров доо” гэж хэлсэн нь үргэлж чихэнд сонсогддог. Одоог хүртэл баар орох гэхээр чихэнд сонсогдоод байдаг. Аав одоо ч “Гол нь худлаа хэлж болохгүй. Нэгэнт нас биед хүрч, тусдаа гарсан хүн. Өөрийнхөөрөө яв” гэж хэлдэг.

Бага насан дахь тэр таван талхны үнэр одоо ч надад үнэртдэг. Энэ бүр дурсамжид хадгалагдаж байгаа нөхцөлд буруу, хазгай гишгэх эрх надад байхгүй шүү дээ.

-Харин одоо уран бүтээлийн амьдрал, ахуй амьдрал хоёр зааглагдаж байна уу. Энэ асуудал хэр ачаа болон дарж байна вэ?

-Эхнэр маань намайг киногоо л боддог гэдэг. Гэхдээ л өнөөдөр чи бид хоёрын ууж байгаа кофены мөнгийг шилжүүлж, машинд бензин хийж байгаа. Айл гэрээ авч явах үүрэг хариуцлага автоматаар эхнэрт маань шилжчихдэг. Мань мэт их өвчигнүүр шүү дээ. Гавьяатай юм шиг л. Энэ нэг ёсондоо бооцоо шүү дээ. Хүн үзэх үү, үзэхгүй юу гэдэг асуудал шд. Эцсийн эцэст хүн үзэхгүй байвал яах вэ, миний гэр бүл юу идэж амьдрах вэ. Энэ утгаар эхнэр маань хэдий “Чи киногоо л боддог” хэмээдэг ч надад асар их итгэдэг, ард минь түшиг тулгуур болдог. Хүүхдүүдийнхээ аз жаргалтай мөчүүдэд би ихэвчлэн байж чаддаггүй. Нэг ёсондоо аймаар аминч үзэлтэй, хогийн эр хүн юм шиг санагдаж байгаа биз, шууд утгаараа. Гэхдээ би энэ зам мөрийг эрсдэл гарган, амьдрах гэж л сонгосон. Үзэгчдийг ч, өөрийгөө ч хуураад яах вэ.

Яг ингээд ярихад хамгийн том хохирогчид нь миний гэр бүл л бололтой.

-Та хохирогч гэдэг үгийг ашиглалаа. Гэхдээ уран бүтээлч хүн юмаа л хийхийг адган хүснэ. Аминч энэ мэдрэмжийг өөртөө хэрхэн цайруулдаг вэ?

-Хогийн эго гэдэг юм энд харагдаж байгаа биз. Өглөө эхнэрээ хүргээд өгье, орой ажлаас нь авчихъя гэх мэт зорилтуудыг тавих хэрэгтэй юм билээ. Энэ бүрийг зохицуулах л хэрэгтэй, зохицуулах нь үүрэг юм чинь.

-Энэ ярилцлагыг таны аав, ээжээс эхлээд гэр бүл, найз нөхөд гээд итгэл хүлээлгэсэн бүх хүнд талархал болж хүрээсэй гэж бодож байна.

-Баярлалаа. Ард байдаг найзууддаа ч баярлалаа гэж хэлмээр санагддаг. Тэд маань ч миний адил гэр бүлээ, ахуй амьдралаа золиослоод уран бүтээлийн төлөө явж буй. Өнөөдөр гоё өдөр байна. Машинаа хол тавьчхаад наашаа алхаж ирэх, замдаа ажилдаа яарч буй хүмүүсийг харах сайхан байлаа. Өглөөг сайхан эхлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-19 10:24

Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэж энэ дээ

Зочин
Зочин
2022-10-19 10:25

Тийм шүү. Аливаа юмны учрыг олно гэдэг өөрөө их том ухаан л даа. ИЛүү том амжилт хүсий

Зочин
Зочин
2022-10-19 10:25

Кино урлаг гэдэг айхтаар том ертөнц шүү. Таньд ажлын амжилт хүсий

Зочин
Зочин
2022-10-19 10:26

Сайхан яриа болжэээ. �##�иваа мэргэжил бүр л харахад амар байдаг хэрнээ яг л ийм учиртай байдаг даа тиймээс нэгнийхээ эрхэлдэг ажлыг хүндэлдэг хайрладаг баймаар байгаа юмдаа

Зочин
Зочин
2022-10-19 10:27

Amjilt bro

Зочин
Зочин
2022-10-19 11:57

Эмзэглэл бүтээл болон төрдөг байх

Зочин
Зочин
2022-10-19 22:31

Ямар мундаг юм бэ. Ингэж шимтэж уншиж байсангүй.амжилт

Зочин
Зочин
2022-10-19 23:33

saihan yria boljee bugdiin unshlaa.saihan gr buld osson zaluu shuu.ajildn iluu ih amjilt amidrald n eruul enhiig husey.

Зочин
Зочин
2022-10-20 09:06

Saihan yariltslaga boljee...

Холбоотой мэдээ

Back to top button