Нийгэм ярилцлагаТанд хэрэгтэй

Д.Алтантуяа: Ажлын байрны стресс удаан үргэлжлэх нь ажлаас халшрах хам шинжийг үүсгэдэг

Ажлаас халшрах хам шинж” сэдвийн хүрээнд “Ганзориг” бизнес сургуулийн гүйцэтгэх захирал, Д.Алтантуяатай ярилцлаа. Бидний нэрлэдгээр "Z" үеийнхэн сэтгэл зүйн эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ажлаасаа их гарчээ.

-Ажлаас халшрах шинжийг сэтгэлзүйн хувьд цуцах, хувь хүний сөрөг хандлага, бүтээмж буурах гэсэн гурван бүрэлдэхүүнээр тодорхойлдог-

-Ажлаас халшрах хам шинж гэх ойлголтоос яриагаа эхлүүлье?

-Хүмүүсийн харилцаа болон эрхэлж байгаа ажлаас үүдэлтэй, хэвийн ажиллах боломжгүй нөхцөл байдалд дасан зохицох гэсэн хүний хариу үйлдлийг ажлын байрны стресс хэмээн үздэг. Энгийнээр тайлбарлавал ажлаас халшрах хам шинж нь ажлын байрны стресс урт хугацаанд үргэлжилсний дүнд бий болдог. Энэ хам шинж нь урт хугацаанд үргэлжилсэн учир тухайн хүний зан үйл, дадал зуршил, бүтээмжид нь гүн нөлөөлдгөөрөө стрессээс ялгаатай.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэмжээнд ажлаас халшрах хам шинж (burnout) хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг албан ёсоор “хам шинж” хэмээн үзсэн бөгөөд энэ үед сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатайг зөвлөдөг. Судлаачдын хэлж байгаагаар бидний зарим нь анх шинэ ажилд ороод л төсөөлөл болон бодит байдлын ялгаатай байдлаас үүдэн ажлаас халшрах хам шинжид өртөж эхлэдэг.

-Хам шинжид өртсөн байна гэдгийг хэрхэн мэдэж, тодорхойлох боломжтой вэ?

-Хүмүүс өөрийгөө мэдэхгүй яваад байх тохиолдол элбэг. Ажлаас халшрах хам шинжийг ихэвчлэн асуумжаар тодорхойлдог. Маслах, Жэксон нарын боловсруулсан Маслахын халшрах шинжийн асуумж нь өргөн хэрэглэгддэг арга л даа. Энэ арга нь халшрах шинжийг сэтгэлзүйн хувьд цуцах, хувь хүний сөрөг хандлага, бүтээмж буурах гэсэн гурван бүрэлдэхүүнээр тодорхойлдог. Үүний дараа халшрах хам шинжийг хэмжих хэмжүүрийг (BM- Bournout measure) Пайнес, Аронсон нар боловсруулсан байна. Энэ арга нь бие махбодын, сэтгэл санааны, оюуны цуцах шинжийг хэмждэг ба үүнийг ажил эрхэлж байгаа эсэхээс үл хамааран бүх хүмүүст хэрэглэх боломжтой гэж үздэг.

-Дэлгэрүүлбэл?

-Халшрах шинж нь гурван бүрэлдэхүүнтэй. Үүнд:

  • Хувь хүний халшрах шинж: Хувь хүний халшрах шинж нь тухайн хүнд мэдрэгдэж байгаа биеийн болон сэтгэл зүйн ядаргаа, цуцалтын түвшингээр тодорхойлогдоно.
  • Ажлаас халшрах шинж: Энэ шинжийг тухайн хүний эрхэлж байгаа ажилтай холбоотой илрэх бие махбодын болон сэтгэл зүйн ядаргаа, цуцалтын түвшингээр тодорхойлно.
  • Үйлчлүүлэгчээс халшрах шинж: Үйлчлүүлэгчид үйлчилж буй ажил үүрэгтэй нь холбоотойгоор тухайн хүнд мэдрэгдэж буй бие махбодын болон сэтгэл зүйн ядаргаа, цуцалтын түвшингээр тодорхойлдог.

-Ажил үүргийн тодорхойгүй байдлаас үүдэж энэ хам шинжид өртөх тохиолдол өндөр байна-

-Эдгээрт нөлөөлж буй шалтгаан хүчин зүйлүүд мэдээж бий байх?

-Ажлаас халшрах хам шинжид дөрвөн хүчин зүйл нөлөөлдөг.

Нэгдүгээрт, бие хүний хүчин зүйлс. Байнга өөрчлөгдөж байдаг нас, гэр бүлийн байдал, ажлын зэрэглэл зэрэг нь ажлаас халшрах хам шинжид төдийлөн нөлөөлдөггүй байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдийг бодвол ажлаас халшрах хам шинж нь илүү эрчимжих хандлагатай байдаг. Судлаачид ажлаас халшрах хам шинж нь мэдрэмтгий, өрөвч, хүнлэг зөөлөн, тогтворгүй, дотогшоо чиглэсэн хүмүүст ихэвчлэн илэрдэг хэмээн тодорхойлсон. Мөн дарангуйлах хэв маягийн харилцаатай хүмүүст ихэвчлэн илэрдэг гэж үзсэн байдаг.

Хоёрдугаарт, ажил үүргийн хүчин зүйлс. Үүнд ажил үүргийн тодорхойгүй байдал, ажлын ачаалал хэт их эсвэл хэт бага байх, ажил үүргийн харьцангуй, тодорхойгүй хуваарилалт нөлөөлдөг.

Гуравдугаарт, байгууллагын хүчин зүйлс. Тодруулбал, тодорхойгүй зохион байгуулалт, хэрэгцээтэй хэрэгсэл дутах, хүнд суртал гаргах, олон цагаар ажиллах, ажилчин- удирдлага хооронд мөн ажилчдын хооронд зөрчил үүсэх, ажлын орчин зэрэг нь нөлөөлдөг.

Дөрөвдүгээрт, үйлчлүүлэгч ба харилцагч нарын хүчин зүйлс гэж бий. Тухайлбал, ажлаас халшрах хам шинж бий болоход төвөгтэй, ойлгомжгүй, харилцахад хүндрэлтэй үйлчлүүлэгч ба харилцагч нар ихээхэн нөлөө үзүүлдэг.

-Эдгээр хүчин зүйлсээс үүдээд ажлаас халшрах хам шинжид өртөх боломжтой юм байна. Өртсөн тохиолдолд хөнгөн эсвэл хүнд хэлбэрийн аль шатанд яваа бол гэдгээ мэдэх боломжтой болов уу?

-Тодорхойлох боломжтой. Тухайлбал ажлаас халшрах хам шинжийн үе шатууд гэж бий. Энэ үе шатыг зургаа хувааж үздэг.

1.Урьдчилан сануулах үе

Энэ үе нь хэт их оролцоо, туйлдах гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Хэт их оролцооны үе нь хэт их идэвх, ажилтай холбоогүй бусад хэрэгцээнээс татгалзах, өөрийн ухамсраас азгүйдэл, урам хугаралтын шаналлыг зайлуулах, нийгмийн харилцаанаас хөндийрөх зэргээр илэрдэг. Туйлдах нь ядрах нойргүйдэх, азгүй тохиолдолд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

2. Хувийн оролцооны түвшин багасах
Энэ үе нь хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгчтэй хандахад, харилцахдаа, бусад хүмүүст хандахад, мэргэжлийн үйл ажиллагаанд хандахад, шаардлага өндөрсөх зэргээр илэрдэг.

3. Сэтгэл хөдлөлийн хариу үйлдлүүд хүчтэй илрэх
Энэ үед депресс буюу сэтгэл гутралд ордог бөгөөд байнга буруутайн мэдрэмж төрөх, өөрийн үнэлэлт буурах, хэнэггүй хайнга болох, үндэслэлгүй айдас түгшүүрт автах зэргээр илэрдэг. Мөн уур уцаартай болж бусадтай эв зүйгээ олохгүй, хардамтгай болж эргэн тойрныхонтойгоо зөрчилдөж эхэлдэг

4.Зан үйл гажуудах үе
Энэ үед оюун ухааны хүрээнд, сэдлийн хүрээнд, сэтгэл хөдлөл нийгмийн хүрээнд зан үйл гажуудаж эхэлдэг. Анхаарлын төвлөрөл буурах, сэтгэхүйд өөрчлөлт гарах, төсөөлөл муудах, хувийн санаачлагагүй байх, үйл ажиллагааны үр өгөөж буурах, даалгаврыг зөвхөн зааврын дагуу гүйцэтгэх, бусдыг үл тоомсорлох, ажлын сэдвээс зайлсхийх, хувиа хичээх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг

5. Психосоматик хариу үйлдлүүд ба дархлаа буурахад сэтгэл санааны хямралаас гарах өөрчлөлтүүд
Энэ үед чөлөөт цагаараа амарч чадахгүй болох, нойргүйдэх, бэлгийн ажил муудах, даралт ихсэх, толгой өвдөх, нуруу нугас өвдөх, гэдэс ходоод хямрах, никотин, кофеин, согтууруулах ундаанаас хамааралтай болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

6. Урам хугаралт ба амьдралын сөрөг хандлага

Энэ үед арчаагүй байдалд байгаа мэт, амьдрал утгагүй мэт мэдрэмж төрөх, дотоод хоосрол автах гэх мэт шинж тэмдгүүд тус тус илэрнэ.

-Ажилдаа дургүй ч цалин авахын тулд ажилладаг хүн байгууллагад олон байна-

-Өртөхөөс эсвэл дээрх үе шат гүнзгийрэхээс хэрхэн сэргийлэх вэ. Мөн даван туулах?

-Энэ асуудлаар сүүлийн үед албан байгууллагууд сургалт их авдаг болсон. Эдгээр сургалтын явцад ажилтны ажил үүргийн хуваарь ойлгомжгүй, тодорхойгүй буюу хийх ёсгүй зүйлээ нэмэлтээр хийдэг байдал нь энэ хам шинжид өртөхөд нөлөө үзүүлдэг тал ажиглагдсан. Мөн шууд удирдлагын арга зүй нөлөөлдөг. Тодруулбал, хүмүүсийн ажлаас гарсан шалтгаан нь шууд удирдлагын мэргэжлийн бус харилцаа, удирдах чадварын асуудал байдаг юм байна. Учир нь тухайн компанийн гүйцэтгэх захирал ч юм уу удирдаж буй дээд хүн нь хэчнээн мэргэжлийн хүн байгаад хангалтгүй. Харин дунд шатны удирдлага ч мөн адил мэргэжлийн арга зүй өндөртэй байхыг энэ нийгэм шаардаж байна. Мэргэжлийн бус удирдагч ажиллаж буй нь доод шатны хүмүүстэйгээ ойлголцохгүй, ажил ахицгүй байх зэрэг сул талуудыг бий болгодог гэж ойлгож болно. Ажлаас халшрах хам шинжээс сэргийлэхийн тулд хувь хүн болон байгууллага талаас анхаарч хэрэгжүүлж болох зүйлс гэж бий. Тодруулбал, хувь хүн талаасаа:

  • Сэтгэл зүйн ачааллыг хөнгөвчлөхийн тулд ажлын завсарлагыг зохион байгуулах
  • Ажлын цаг болон амралтыг зохистой ашиглах
  • Тайвшрах аргад болон сэтгэл зүйн таатай нөхцөл байдлыг бие даан үүсгэхэд
    суралцах
  • Амжилттай харилцаанд суралцах
  • Өөрийн чадамж потенциалыг бодитоор зөв зохистой тооцоолон ажиллах
  • Нэг үйл ажиллагаанаас өөр ажил руу шилжиж сурах, хэт удаан нэг зүйлийг хийхээс
    татгалзах
  • Ажил дээрх зөрчилд тайвнаар хандаж сурах
  • Үргэлж хамгийн шилдэг нь байхыг оролдохоос татгалзах, шаардлагатай нөхцөл
    байдлыг сонгох
  • Өөрийн сэтгэл зүйн ачааллыг хөнгөвчилж байхыг зөвлөдөг.

Харин байгууллага талаасаа:

  • Ажлын байрны тодорхойлолтыг илүү боловсронгуй болгох
  • Ажлын байрны нөхцөлийг сайжруулах
  • Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан мэргэжлийн хүнийг томилон ажиллуулах
  • Мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах
  • Мэргэжилтнүүдийн хоорондын уялдаа холбоог хангах.

-Байгууллагуудад энэ асуудлаар сургалт ордог гэлээ. Давтагдаж буй нийтлэг шалтгаан, асуудал нь юу байна?

-Ажилтан хоорондын уялдаа холбооны асуудал л нийтлэг юм байна лээ. Жишээлбэл, миний хийж буй ажил энэ хүнтэй яаж холбогдож, уялдах юм. Энэ ажлаа амжилттай явуулахын тулд ямар ямар хүнтэй хамтарч, баг болж ажиллах билээ гэдэг ч юм уу. Эдгээр мэдээллийн урсгал хоорондоо зөрүүтэй болоод ирэхээр стрессдэж эхэлдэг. Энэ нь удаан хугацаандаа ажлаас халшрахад хүргэдэг байх жишээний. Үүнээс байгууллага талаасаа сэргийлэхийн тулд ажилтны ажиллах орчин, тав тухтай байдал зэргийг хангах чухал. Хамгийн наад зах нь ажилтан ямар сандал дээр, ямар ширээний ард суух вэ гэдэг хүртэл нөлөө үзүүлдэг. Мөн хувь хүн өөрөө өөртэйгөө ажиллах чухал. Нөгөө талаас тухайн хүн анхнаасаа өөрийн дуртай, сонирхсон чиглэлээр мэргэжлээ сонгож ажилд орох нь чухал ач холбогдолтой гэдгийг сайтар ойлгодог байх нь зүй. Байгууллагуудад би дургүй хэрнээ зүгээр л энэ ажлыг цалин авахын төлөө хийдэг гэж хариулдаг хүмүүс олон байна.

-Хар ухаанаар бодоход мэргэжлээрээ нэг газар олон жил ажиллачихсан хүн л ийм хам шинжтэй болох магадлалтай гэж санагдах ч бодит байдалд үгүй шүү дээ. Үүний шалтгаан?

-Мэргэжлээрээ удаан ажиллах, нэг газраа олон жил байх зэрэг нь ажлаас халшрах хам шинжид өртөхөд нөлөөлөх гол хүчин зүйл биш л дээ. Жишээлбэл, шинэ ажилтан төсөөллийн зөрүүгээс болж өртөж эхэлдэг. Ажилд орохын өмнөх төсөөлөл орсны дараах бодит нөхцөл байдал хоёрын ялгаатай байдлаас үүдэх зүйл гэсэн үг.

Сонирхолтой судалгаанаас дурдвал, 2021 онд бидний нэрлэдгээр "Z" үеийнхэн сэтгэл зүйн эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаасаа их гарсан байгаа юм.

-Z үеийнхэн цалин мөнгөний төлөө ажилладаггүй. Тэдэнд ажлынх нь утга учрыг ойлгуулах чухал-

-"Z"-үүд гэж нэрлэгдээд байгаа энэ бүхэл бүтэн үеийг заавал ойлгож, арга эвийг нь олж ажиллуулах хэрэгцээ, шаардлага манай нийгэмд үүсчихсэн юм уу. Тэднийг өөр гэж ондоошуулаад байгаа онцлог зүйлсийн тухайд та юу хэлэх вэ?

-Ийм хэрэгцээ шаардлага үүссэн үү гэвэл тийм. Энэ үеийг хөшүүрэгдэж ажиллуулах гол зүйл нь ерөөсөө л ажлынх нь утга учрыг ойлгуулах. Тэд ажлын утга учир, үнэ цэнээ ойлгосон тохиолдолд л хөдөлж байгаа юм. Зээт үеийнхэн өмнөх үеийнхэн шиг энэ ажлыг хийгээд цалин мөнгөтэй, орлоготой л болж байвал гэж асуудалд ханддаггүй онцлогтой. Нөгөө талаас тэдэнд удирдсан, захиргаадсан удирдлага тохирохгүй. Тэд ажлаас зөвхөн утга учир буюу өөрийг нь аз жаргалтай болгох, сайн сайхныг мэдрүүлэх зүйлийг л хүсдэг гэсэн үг. Мөн энэ үеийнхний анхаарал төвлөрөх байдал сул. Иймээс тэднийг утга учир, сонирхол дээр нь л үндэслэж хөдөлгөнө.

-Байгууллагад ажлаас халшрах хам шинжид өртсөн нэг хүн байлаа гэхэд бусдадаа нөлөөлж, "халдааж" эхлэх боломжтой юу?

-Их Британи улс энэ төрлийн хам шинжтэй хүмүүсийнхээ тоон судалгааг нэгдсэн байдлаар гаргасан. Ингэхдээ ажлаас халшрах хам шинжид өртсөн бүх хүнийхээ тоог гаргаад мөнгөн дүнгээр илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл тухайн улс эдийн засгийн алдагдалд ордог гэсэн санаа л даа. Үүнээс юуг ойлгож болох вэ гэхээр байгууллага ч мөн адил алдагдалд орж эхэлдэг гэдгийг харж болно. Энгийнээр бол нэг хүний ажлын бүтээмж буурахад байгууллага алдагдалтай ажиллаж эхэлдэг гэсэн үг. Цаашлаад улсын эдийн засгийн үзүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Байгууллагад нэг ийм хүн байснаар бусдадаа сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл бусад ажилчид барьцаж эхэлнэ. Энэ хүн үр бүтээмжгүй ажиллаж байгаа хэрнээ адилхан цалин авдаг. Би ч бас ийм байж болох юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ нь хувь хүний сэтгэл зүйн асуудал мэт юм шиг боловч хортой учир үүн дээр байгууллагын хүний нөөц мэдрэмжтай хандаж, ажиллах үүрэг хүлээх учиртай.

Борлуулалтын ажилтан байлаа гэж бодъё. Энэ хүн өдөрт 30 бүтээгдэхүүн борлуулдаг байсан бол ердөө 10 ширхгийг л борлуулдаг болчих нь өөрөө анхаарах, асуух, ярилцах ёстой байгааг нь илтгээд өгнө. Хүний нөөц энэ шатнаас л ажиллаж эхлэх мэдрэмжтэй байх хэрэгтэй. Үгүй бол нэг байсан хүн байгууллагад 10 болж нэмэгдэх боломжтой юм л даа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1213
1213
2023-03-23 08:49

mani neg ym heli haa gazarin alban gazar neg 75 -85 ontoi awgai nar bna shineer ajild orson zaluusd halgaatai hel am ni diildehgui . erchuud ni shine ohiduugig eldweer oroldoj zalusin arhind gvilgeed bhaar yaaj hvn togtoh we de

1234
1234
2023-03-23 17:35
Reply to  1213

1213 yg tgdeg deereesen tm avraga iim zerge tsoltoi chi nadaas iluu bh ymar ch bolomjgui gh meteer il neg dald neg solioroh... MGL tsalin baga daramt ih bdg jisheen hunii nuuts burdeegui gaj garuud ih orchind tohirson tsaasaa sungaj ajluulana. Tgd gants amrah udur ni huraltai esvel ih tserlegeetei irhgui bol tsalintai chin yrina gh met ulun zan gargana. Mun zarim ajiliin bair ajiltandaa 15 min amrah bolomj gargahgui 8-10 tsag ajiluuldag jishig mongold ih bii. Iim bhd hen ajil hiih uram zorig turuh be deereesen heden avgai huuhnuudiin hel amn diildehgui buguuleg bolovsrolgui er suvten buhenteigee hardan bugd tsussan oirtchihson ym shig den dun eruul bus ajilchidtai baiguulguud zunduu bna. Yg ene bdl burbugshirsan umhii namag shig bolj. Z ueiihen dotor bs evgui ulun garuud ih biii... hulgai hiine gh metees ehleed esun shid ni burdchihsen bdg!!!

Зочин
Зочин
2023-03-30 17:22

үүнийг тэр нэг мэдрэл хүүхэн уншихгүй байх. Уншихаасай ч гэж бодож байна. Нэг хэлтэс нь олон хүнтэй болбол тэр нь нэг хүн ажилладаг �##�бан туша�##�ын хүнээ барьж идэх гэж хичээнэ. Бүүр өөрөөс нь илүү байхаар тэрэндээ бүх зүйлээрээ ялагдчихсан мэт аашлаад хохирогч дүртэй хүчирхийлэгчид. Тэгснээ бөөнөөрөө нийлж нэгнийгээ доош нь хийж ялгаварлан гадуурхангуутаа зүгээр тоглоом болгож байна шдээ гэх шиг б�##�иар сэжгийн. Гэхдээ үйлийн үр гэдэг үсний ширхэг шиг тоологддог болохоор энэ биед нь биш юм аа гэхэд эргэх орчлон хариуг нь өгдөг байх гэж боддог. Үнэндээ удирдлага биш хүний олон л хүнийг ажлаасаа х�##�шрах хам шинжийг их өгдөг шиг санагдсан. ер нь бол хам шинж бол зүгээр л зүгээр л зүгээр л ил гаргаж ирэх гэж хичээсэн нь эсхүл бугшсан зүйлийг өөрчлөх гэж хичээсэн нь эсэргүүцэлтэй тулгарахаас л үүсэлтэй байх даа

Холбоотой мэдээ

Back to top button