Нийгэм ярилцлага

Cүүн будаг үйлдвэрлэгч Д.Дарьсүрэн: Зэс аягатай сүүг 180 хоног газарт булж, 7-10 төрлийн өнгө гаргадаг

Д.Дарьсүрэн УБДС, Намын дээд сургууль, ОХУ-ын Томск хотын багшийн их сургуулийг тус тус дүүргэж бага ангийн багш, ЕБС-ийн удирдах албан тушаалтан, МСҮТ болон дээд сургуулийн багшийн ажлуудыг хийж ирсэн. ИЗОУИС-ийн ДУТИС-ийн дэд профессор.

“Монголын бэлчээрийн мал аж ахуйн түүхий эдийг ахуйн нөхцөлд боловсруулж сургах нь” сэдвээр Томскийн багшийн их сургуульд сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

“МАА түүхий эд боловсруулах технологийн сургалтын стандарт”, "Бэлэг дурсгалын зүйл урлаачдын стандарт"-ыг тус тус боловсруулж батлуулсан.

“Гар нэхмэлийн бэлдэц бэлтгэх арга ухаан”, “Сүүн будаг үйлдвэрлэх арга” бүтээлээр тус тус оюуны өмчийн патент авсан юм. Түүний гар урлалын 5 бүтээл соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн, 2020 онд “Уламжлалт арга ухааны өвлөн уламжлагч”-аар тодорч, 2018 онд Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд “Монгол ахуйн соёл ба инноваци” сэдэвтэй илтгэл тавьж, сүүнээс будаг гаргах уламжлалт технологийг Олон улсад танилцуулсан байна. 

Өөр ч түүний нэрийн өмнө бичих маш олон тодотгол бий. Д.Дарьсүрэн 2004 онд тэтгэвэрт гарч, түүнээс хойш өнөөг хүртэл амьдрах ухааны багшаар ажиллаж, 3000 гаруй хүнд насаараа суралцаж яваа бүхнээ хуваалцжээ. Тэр “Миний шавь нар их сайхан явдаг. Аймгийн шилдэг 11 ААН нэгж шалгаруулахад 9 нь миний шавь байсан. Гэхдээ би өөрсдөө сурч мэдснээ хөгжүүлээд амжилттай яваа хөөрхөнүүдийг миний буянаар өдий хүрсэн гэж ярих, нэрлэх тун дургүй” гэв.

Д.Дарьсүрэн өдгөө Булган аймгийн Сайхан сумандаа суурьшин амьдрахын зэрэгцээ бакалавр, магистрын оюутнуудад өөрийнхөө  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлагаасаа заан сургаж, сүүн будгаа бага насны хүүхдэд зориулсан тоглоом хэрэглэгдхүүн, хувцас болон зөөлөн материалд ашиглан хэрэглээнд нэвтрүүлж, эдгээр бүтээгдэхүүндээ зохиогчийн эрх авах зорилготой ажиллаж байна.  Мөн түүний нэг хүсэл бол сүүн будгийн үйлдвэр бий болгох юм.

Түүний яриаг хүлээн авна уу.

-Сүүн будаг гар ажиллагаа ихтэй, өртөгийг нь тооцоход нэг грамм нь 5000 төгрөг-

-Та зэс ашиглаж сүүн будаг гаргаж авахаар хориод жил судалжээ. Бодит ажил болгосон нь хэзээ вэ?

-Монголчууд эртнээс сүүн будаг гаргаж түүнийгээ амьдрал, ахуйдаа хэрэглэж байсан түүхтэй. Миний хувьд жараад оны үед ааваасаа энэ тухай сонсож байлаа. Мөн аав, ээж хоёр маань модны холтосноос будаг гаргаж хөдсөн дээл хээлдэг байсан. Өөр ч бас будаг гаргадаг зүйлсийн тухай сонсож байсан. Энэ бүхэн сурсан, мэдсэн бүхэнтэй маань нийлж үр дүнгээ үзсэн нь 2021 он юм.

Сүүний бүтцээ нэлээд судалсан. Тэгээд хонины сүүг зэс аяганд хийж газарт 45-60 см-ийн гүнд булж 108 хоногийн дараа гаргаж авсан. Миний аав сүүнээс янзын гоё ногоон будаг гардаг гэж ярьдаг байсан нь шууд санаанд орсон доо. Ногоон өнгө гайхамшигтай төрөл бүрээрээ гарна. Үүнийгээ хатаагаад, хатаасан нунтгаа нүдээд будгаараа ноос, ноолуур, эсгийгээ будаж хувцас, эд хэрэглэл хийж байна. Сүүн будгаар будсан оймс, бээлий, малгай, ороолтод хүмүүс их дуртай.

Би 90 настай хүнд хувцас хийж өгөхөд гурав хоногийн дараа хаван нь буусан. Жаахан хүүхдэд сүүн будгаар хийсэн оймс, тоглоом өгөхөд ээж, аав нь хүүхдээ сайн унтаж амарч байгаа гэж хэлдэг. Хонины ноос нь өөрөө ланолинтой учир хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Хүний биед 0.2 хувийн зэс байдаг. Зэс нь багадахад үе мөч, бүдүүн гэдэс өвддөг. Тэгэхээр ерөөсөө аль аль талаасаа маш ач холбогдолтой. Одоогийн байдлаар химийн ямар ч найрлагагүй сүүн будагнаас байгалийн 7-10 өнгийг гаргаж байна. Цаашид бол 64 төрлийн будаг гаргах боломжтой.

-Үйл явц нь их удаан юм байна, үнэ өртгийн хувьд та хэрхэн тооцоолсон бэ?

-Сүүний 90% нь ус учир 10 % нь л будаг болно. Олон хоног газарт булж боловсруулдаг учир хугацаа их шаардана. Гар ажиллагаа ихтэй. Өртгийг нь тооцоход 1 гр нь 5000 төгрөг болдог. Одоогоор худалдаанд их хэмжээгээр гаргаагүй байгаа. Сүүнээс гарч байгаа ногоон, цагаан, ногоон шаргал, цайвар ногоон бүдэг ногоон гэх мэт 7-10 төрлийн өнгөө хүрэн манжин, холтос гэх мэт бусад бүтээгдэхүүнтэй хольж завсрын олон өнгө гаргадаг.

-Та үүнээс гадна МАА-н түүхий эдийг боловсруулах стандартыг батлуулжээ. Энэ талаараа ярьж өгөхгүй юу?

-Бага ангийн багшаас эхлээд МСҮТ, их дээд сургууль гээд боловсролын байгууллагын бүх шатанд ажиллалаа. Багшийн их сургуулийн багын сурганы анги төгссөн багш гэдэг чинь технологи,  биеийн тамир гээд бүх хичээлийг заадаг байсан. Ингээд явж байхад салбар болгоны мэдлэгийн суурь нь тавигддаг юм билээ. Нөгөө талаас би чинь өөрөө малчин хүний хүүхэд. Багаасаа мал ахуйн түүхий эд материалыг боловсруулахыг аав, ээжээсээ хараад сурчихсан. Айлын том учраас арьс элдэнэ, гутал хийнэ, дээл оёно, эмээл хүртэл хийнэ. Энэ аав ээжээсээ заалгасан ур мэдлэг дээр ухаан, судалгаа нэмээд ирэхээр мэдлэгтэй болчихдог юм байна. Тэрийгээ цааш нь улам гүнзгийрүүлээд л судалж яваа хүн дээ. Булган аймгийн МСҮТ-д гар урлал, нэхмэл, онол дадлагын багш хийж байлаа. Тэр үед МСҮТ-үүдийн улсын уралдаан гэж болдог. Тэрэнд багаараа “МАА түүхий эд боловсруулах технологийн сургалтын стандарт” боловсруулж манай аймаг түрүүлээд шинэ стандарт гаргаж байлаа. Энэ чинь 1997 он. Дараа нь 2011 онд “Монголын бэлчээрийн мал аж ахуйн түүхий эдийг ахуйн нөхцөлд боловсруулж сургах нь” сэдвээр ОХУ-д докторын зэрэг хамгаалсан. Хар нялхаасаа ахуй байдалдаа ашиглаж ирсэн тэр зүйлүүдээ лавшруулаад судлаад, шинжлээд улмаар нотлоод яваад байна л гэсэн үг.  Малын түүхий эд хүний эрүүл мэндэд асар их ач холбогдолтой байдгийн учир шалтгаан байгал дэлхий. Монголчууд чинь байгальдаа ээлтэй, хүндээ ээлтэй өв дамжигдаад ирчихсэн ийм сайхан соёлтой ухаантай улс.

-Та энэ чиглэлээрээ олон улсын эрдэмтэдтэй хамтран ажилладаг гэсэн?

-Би үргэлжийн судалгаа л хийж байдаг. Олон төрлийн ургамал, цэцэг, жимс ногооноос будаг гаргаж үзээд судлаад явж байтал 2013 онд Германы нэг доктор олон улсын хэмжээнд хамтарч хээрийн судалгаанд явья гэж урьсан. Итали, Швед, Герман гэх мэт олон улсын эрдэмтэдтэй Ховд аймагт очиж судалгаа хийсэн. Ингэхдээ сүүн будагаа судлахын зэрэгцээ ноосоор гудас, эмээл, ширдэг хэрхэн талаар аймгуудад, гадаад мэргэжилтнүүдэд сургалтаа өгөөд явсан. Мөн Булган аймгийн Сайхан сумын ямааны ноолуурыг тэр үед ноос ноолуурын эрдэм шинжилгээний туршилтын төвд дэд доктор н.Надмидтай судалгаанд оруулж, Сайхан суманд эмэгтэйчүүдийг нэгтгэээд үйлдвэрлэл эхлүүлсэн. Тэр үед нэг Франц хүний хүсэлтээр тэмээний ноосоор нэхмэл пальто хийж өглөө. Энэ үеэс эхлээд ноолууран хөнжил, алчуур гээд нандин гоё бүтээлүүд гаргаж үүнийг маань гадны хүмүүс ихээхэн сонирхож, зорьж хэрэглэх болсон доо.

-Хог дээр хаядаг нэхийг 200 мянган төгрөг болгох арга ухааныг бусдад зааж өгдөг-

-Амьдрах ухааны багшаар энэ үеэс ажиллаж эхлэв үү?

-Булган аймгийн МСҮТ-д  багшилж байгаад 2004 онд тэтгэвэртээ гарсан. Тэгээд малын түүхий эдээр юу хийж болохов тэр бүхнийг зааж сургаж эхэлсэн. Эсгий гутал, бойтог, монгол буриад гутлын дотор оймс, ширмэл ширдэг, эмээл, сур харваачдын хагсуурга, ноос, ноолуур, хөөврөн сүлжмэл бүтээгдэхүүн гээд л хүнд хэрэгтэй бүхнийг зааж эхэлсэн.

Амьдрах ухаан гэж нэрлэдэг нь бас учиртай л даа. Хог дээр хаяад байгаа нэхийг үсийг нь хэрхэн зумалж арьс болгохов гэдгээс эхэлнэ. Зумалсан арьсаа гандаад, элдээд, будаад эмээл, сур харваачдын хагсуурга хийчихнэ. Ингэхэд хог дээр хаядаг нэг арьс 200 мянган төгрөг болдог. Гэх мэтээр амьдрах ухаанд сургадаг. Шавь нартаа “Зээл битгий тавь, өр тавьж өөртөө зовлон битгий үүсгэ, шөнө унтаж чадахгүй сэтгэлийн өвчтэй болно. Монголд бүх боломж байна. Жимсээ түүж ирээд хониныхоо ноосыг будаад бүтээгдэхүүн хийхэд улам үнэтэй болно” гэж хэлдэг.

Нэг үхрийн шир, нэг ямааны арьс, хоёр хонины арьсаар хоёр гөлөм хийнэ. Нэг гөлөмийг 14 хоногт гаргахад шүдлэн адуу, үхрээр сольчихдог. Гандаад будаад монгол аргаараа яаж хийхийг заагаад л өгнө. Амьдралын боломж тааруу хүмүүстай их ажилласан. Тэд надад сургалтын төлбөр өгч чаддаггүй. Гэхдээ та нар мөнгөө олоод ир гэхээсээ илүүтэй аргыг нь олж болдог. Жишээ нь, багш нь та нарт мэддэг юмаа заагаад өгье, дээрээс материал өгье. Нэг бүтээлийг өөртөө ав, нэг бүтээлийг багшдаа өг, гурав дахийг нь зараад мөнгө болгоод дараагийнхаа юмыг хий гэх мэтээр ажиллана.

Амьдрах ухааны сургалт их өргөн хүрээнд явагддаг даа. Би Булган аймгийн насан туршийн боловсролын төвийн зөвлөх багш. Хүүхэд эрүүл амьдрах ухааны сургалтыг мэргэжлийн байгууллагуудад ордог. Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүдний өвчлөл маш их болсон учраас "Аягатай монгол хүн" аян зарлаж гурван цагийн хичээл заасан. Ноос, сүүн будгаа ашиглаж аяганы уут хийлээ, гарын авлага гаргалаа. Үзлэг хийхэд 5 настай хүүхдүүдийн 12-16 шүд өвчтэй байна шүү дээ. Тийм учраас "Аягатай монгол хүн" аянаа хэрэгжүүлж ЗГХЭГ-аас зарласан эрүүл амьдрах ухаан эрдэм шинжилгээний хуралд энэ сэдвээрээ илтгэл тавьсан.

-Амьдрах ухааны сургалтад хамрагдсан хүмүүс маань тэр чиглэлээрээ ажиллаж байна уу?

-Одоогийн байдлаар сургалтад 3000 гаруй хүн хамрагдаад байна. Зөвхөн ажилгүй, орлогогүй зорилтот бүлэгт заадаггүй. Цэцэрлэгийн багш нарт сүүн будгаараа будсан ноосоор хүүхдийн тоглоом, сандлын олбог хийхийг заасан. Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд сургалт авна. Энүүгээрээ хоолоо олж идэж байгаа хүмүүс их бий. Нөгөө хөөрхөнүүдээ амьдрах ухаан сураад сайхан явахад миний буянаар ийм болсон юмшүү гэж нэр ус дурьдах дургүй. 2009 онд Булган аймаг 11 шилдэг байгууллага шалгаруулахад 9 нь миний шавь байсан. Миний сургалтын гол онцлог бол өөрсдийнх нь мэдэхгүй байгаа зүйл дээр тулж ажиллаж, арга технологи эзэмшүүлдэг. Долоо хоногийн сургалтад суугаад бүх хувцсаа хийж сураад явдаг.

Би өртөөчилсөн сургалтын аргын нэвтрүүлсэн. Таван хошуу малын нэрээр таван өртөө болгоно. Өртөөд зэрэгцэн оршин өөр өөр зүйлийг суралцана. Энэ аргыг олон улсад баримтат кино хийж гаргасан. Үүгээрээ бас нийгмийн энтрепренер болж байлаа.

Эгч нь одоо 74 настай, долоон хүүхдийн 36 ач зээтэй хүн. Гэхдээ би нэг ч ач, зээ хараагүй. Хүүхдүүддээ ирээдүйд та нарт хэрэгтэй учраас би эрдэм номын ажлаа хийнэ, хүүхдээ өөрсдөө харнаа гэж сургасан. Манай хүүхдүүд эр, эмгүй ээжийнхээ хийдэг бүхнийг эзэмшсэн.

-Та гэр бүлээ танилцуулаач. Хүүхдүүддээ энэ бүхэнд хэрхэн сургав?

-Манай гэр бүлийн хүнийг Нувааны Чойсүрэн гэдэг. Бид хоёр нэг нь жолооч, нөгөө нь бага ангийн багш мэргэжилтэй хүмүүс танилцаж, амьдралаа холбож байлаа. Бид хоёрт ижил чанар байдаг нь суралцах, цаг үргэлж шинийг сурч мэдэхэд ач холбогдол өгсөөр ирсэн. Тийм ч учраас нөхөр маань эдийн засагч мэргэжлээр сурч, төгссөн.

Бид нэг хүү, зургаан охинтой. Бүгд гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж төгсөхийн зэрэгцээ ээж, аавынхаа хийдэг бүхнийг өвлөж, суралцсан. Бидний хамгийн уран охин мал маллахын зэрэгцээ бүхнийг хийдэг. Манай нөхөр шаргуу хөдөлмөрлөдөг, үүнийг нь тэд дуурайсан. Би харин амьдрах арга ухаан сургахад илүү анхаарсан болов уу. Нөхөр маань одоо 17 төрлийн жимс, ногоо хашаандаа тарина. Судар бичиг их судална. Гэртээ байхаараа хоёулаа судалж байгаа зүйлсээ ярилцаж, эмээл, гөлөм зэргээ хамт хийнэ. Хүүхдүүд биднийг харж л суралцсан. Бид хоёр хоёулаа сургуульд сураад манайх хотод байсан. Хүүхдүүд их жаахан. Тэгсэн хажуу айл нэг өдөр хэлж байна. Танай хүүхдүүд том нь наймын хувин, бага нь шанага гээд өөр өөртөө таарсан сав бариад шороо зөөж хаяагаа маначихлаа. Ямар сүрхий юм бэ гэж билээ.

-Та хүмүүст хандаад юуг хэлмээр байна вэ?  

-Би бол ерөөсөө аливаа бүхний учир шалтгааныг олох гэж яваа хүн. Энэ чинь би хэн юм бэ, юу чадах вэ, юу чадахгүй вэ гэдгээс эхэлдэг. Өөрийгөө шүүмжилж, дайчилж урамшуулж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд боломжийг байнга эрэлхийлдэг бай. Өөрөө өөртөө эзэн, өрөөлд дэм болж тэнгэр бурхандаа талархаад явахад мөн ч сайхан даа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-27 12:35

Хэт дэлгэрэнгүй тайлбарлах хэрэггүй. Зохиогчийн эрхээ аваагүй бол. Авсан ч өрсөлдөгчөөс айж уг нь хүн нарийн мэдээлэл өгдөггүй.

Уншигч
Уншигч
2023-10-27 20:35

Энэ будаг бол цагаан идээгээр хийсэн болохоор хоргүй байх аа. Цэцэрлэг, бага ангийн хүүхдүүд урлаж бүтээхдээ ашиглаж болох юм.

Зочин
Зочин
2023-10-27 20:45

Энэ будгаар цэцэрлэг сургуулийн хана тааз, ширээ сандлыг будмаар юм байна даа.

Zochin
Zochin
2023-10-27 21:41

Saihan medee bn. Bayarlalaa urticaria naslaarai ta 2 mini eruul enhiig husie

Зочин
Зочин
2023-10-28 06:13

z##luuldaa manai mongolchuud tsailgan genen humuus yumdaa.Gadaadiinhand hamag yumaa uuruu zaagaad ugchihsun yum bna shee.hyatad enetheg solongos japanuud bol hajuud n 10- 20 n jil tusalj baigaa hundee patent nuutsaa heldgui yum bolee.Tegj baij l zah zeeld amid uldene.Es buguus dampuuraad guilgachin bolno.

Zochin
Zochin
2023-10-28 06:26

ГАЗАРТ БУЛСАН БУЛААГҮЙ ЗЭС САВАНД ХИЙСЭН ШИНГЭН БҮХЭН ӨНГӨӨ ХУВИРГАДАГ ЮМ ШҮҮДЭЭ

Үнэн үг
Үнэн үг
2023-10-30 19:55
Reply to  Zochin

Чи нэг будаг хийгээч хөгшөөн, чадахгүй бол чацга царайлаад дуугай л хүний сайн сайханд баясаж сур хүмүүсын сайн явааг харах сайхан байдаг юм, зөвхөн атаархагчид л үүнийг тэвчиж чаддаггүй

Зочин
Зочин
2023-10-29 16:50
Reply to  Zochin

Доторхыг нь унш, нэг л их мэддэг гарууд

Зочин
Зочин
2023-10-29 19:34
Reply to  Зочин

ХАРИН ТИЙМ ЭЭ ЧАДДАГ Ч ЮМ ШИГ

Zochin
Zochin
2023-10-28 22:06

Үнэхээр бахархмаар эмэгтэй юм. Эрүүл эко будагны үйлдвэртэй болохыг хүсье. Амжилт .

Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
2023-10-29 02:59

Ийм сайхан юмыг улс анхаар�##�даа авч дэлгэрүүлэхгүй байгаа нь их хачин шүү. Худлаа шагн�##� өгсөн болоод дарчихдаг

Цагаач
Цагаач
2023-10-29 06:18

Сайн байна уу шинийг снаачлагч найздаа амжилт бүтээлийн дээдийг хүсье

бүсгүй
бүсгүй
2023-10-29 08:25

Технологио гадныханд битгий зааж өг маш сайн нууж сур.гитад солонгосууд хэзээд юмаа маш их нуудаг шү

Сайханчулуун
Сайханчулуун
2023-10-29 09:30

Мөн ч хөдөлмөрч, шинийг эрэлхийлдэг, дайчин эмэгтэйдээ. Энэ хүний хийж туршиж үзээгүй зүйл ховор байхаа!
Таньдаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе!!!
Таны хажууд байсан бол их зүйлийг сурч мэдэх байсандаа

Зочин
Зочин
2023-10-29 12:49

Ямар гоё хүн бэ танай гэр бүлд аз жарг�##� хүсье

ваанчиг
ваанчиг
2023-10-30 20:39

Дарьсүрэн гуайн утасны дугаар байна уу?

ваанчиг
ваанчиг
2023-10-30 20:39

Дарьсүрэн гуайн утасны дугаарыг хэлээд өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button