Ж.Төмөрсүх: “Баавгайн хөндий” кино найруулагчийн аз, 3 бамбаруушийн хувь заяа, тайга нутгийн тавилангаар бүтсэн

“Улаан тайга”-ын Ж.Төмөрсүх. Ногоон дээлтэйгээ жилийн дөрвөн улиралд тайгаа эргэж, тайгадаа аж төрдөг түүний ажил үйлсийн захаас бид гадарлана. Тэрбээр амьдралынхаа дөч шахуу жилийг байгаль хамгаалахад л зориулж яваа хүн.
Гэр нь Хөвсгөлийн Хатгал суманд, өөрөө Улаантайгын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны даргаар ажиллаж Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт захиргааны байрандаа оффислож сууна. Гэхдээ энэ нь жилдээ тоотой хэд хоног. Бусад цагт бол их тайгаа харж хамгаалах, ан амьтнаа эргэж тойрох, улирлын онцлогоос шалтгаалж тайгадаа л хийх ажлаа бүтээж явдаг хүн.
Амралтын өдрөөр бид Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх, түүний гэргий С.Наранцэцэг нарыг урьж, ярилцлаа.
2020-2021 онд Хөвсгөлийн тайга нутгаар олон жил аялаж, ажиллаж байгаа Хамид Сардар Хөвсгөлийн их тайгын байгаль хамгаалагчдын талаар баримтат кино хийх зорилготой ирснээ Ж.Төмөрсүхэд танилцуулжээ. Ингээд Улаантайгынхны амьдралыг өгүүлэх баримтит киноны зураг авалт хоёр жил дамнаж наяад хоног ажиллажээ.
Улмаар 2022-2023 онд “Баавгайн хөндий” гэх уг баримтат кино дэлхийн хэмжээний олон фестиваль, наадмаас шилдгээр нэрлэгдэж, 22 удаагийн шагнал хүртээд байгаа юм. Киноны гол дүр Ж.Төмөрсүх энэ өдрүүдэд “Улаан тайга”-аа төлөөлөн Франц улсад очиж, “Баавгайн хөндий” киноныхоо амжилтаар шан татсан олон арга хэмжээнд оролцоод ирсэн юм.
-Юуны өмнө та хоёртоо баяр хүргэе. Тайгын хар хүн дэлхийн хүн боллоо гэцгээж байна. Энэ хэдэн хоногт яг юу болов. Ерөнхий мэдээлэл өгөөч, та?
-За баярлалаа. 11 дүгээр сарын сүүлчээс эхлээд Францын нийслэл Парис хотод ARTE телевизийн таван тивийн таван байгаль хамгаалагчийн талаарх баримтат киноны гол дүр болсон байгаль хамгаалагчдыг урьж киногоо үзүүлэхийн ялдамд олон нийтийн нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах ажил хийсэн. Уг бүтээлүүдийг хийх зорилго, агуулга нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, үүнтэй холбоотойгоор таван тивд учирч байгаа аюул занал, эгэл жирийн байгаль хамгаалагчид энэ бүхэнтэй хэрхэн тэмцэж, ажил нь яаж өрнөж байдгийг хүн төрөлхтөнд ойлгуулах явдал байсан. Энэ л том зорилгынхоо хүрээнд тэр таван байгаль хамгаалагчийг ЮНЕСКО, Монокагийн ханхүү Альбертийн ой хамгаалах “Альберт” сан, АRТE телевиз хамтран урьж, киног албан ёсоор нээсэн. Нийтдээ 120 баримтат киноноос 22 кино шалгарч олон төрлийн фестивальд оролцсон юм байна. Сая яг очих үеэр бас нэг том фестивальд оролцож, тэрийг үзэх завшаан тохиолоо. “Баавгайн хөндий” гранпри болон үзэгчдийн таашаал хүртсэн өргөмжлөл цом авсан. Ерөнхийдөө ийм олон төрлийн ажлаар бид нарыг урьж аваачиж, их юм үзэж харсан, ойлгож ухаарсан урт аялал байлаа.
-Ингэж удаанаар тайгаасаа холдож байв уу. Тайгаа их санав уу?
-Би нутгаасаа их хол, хот суурин газар ингэж олон хоног явж үзээгүй хүн юм байна. Гэрээ санахаасаа илүүтэй уул ус, нутгаа санадаг юм билээ. Тайга санана гэснээс Францад киноны нээлт, уулзалт, арга хэмжээний явцад төрсөн нутаг, хамгаалж байгаа газар, сайхан байгаль хамгаалагчид, нөгөө хөөрхөн гурван бамбаруушаа бодоод жаахан огшиж, онгирч сэтгэл уярдаг юм билээ. Тэгсэн нөгөө хүмүүс намайг тайгаа, уулаа санаад уйллаа гээд Альпийн нурууны өндөр уулсыг үзүүлэхээр явуулсан. /инээв/ Үндсэндээ манай Хорьдол сарьдгийн нуруу юм билээ. Онцлог нь зам харилцаа сайн хөгжиж, суурьшил бий болж.
-С.Наранцэцэг эгчийн сэтгэгдлийг сонсмоор байна. Та нөхрөө амдаад Улаанбаатарт хүрээд ирсэн бололтой. Энэ өдрүүдэд таны сэтгэлд юу бодогдож байв?
-Байгаль хамгаалагчийн гэргийн хувьд энэ хүний 40 жилийн хөдөлмөр дэлхийн хүмүүст хүрч байгаад баярлаж суулаа. Амьдралынхаа бүх хугацааг байгаль хамгаалахын төлөө явсан. Ингэлээ гээд дэлхийн хэмжээнд нэр нь гарна гэдэг ховор тохиолдол. Манай хүнд ийм завшаан тохиолдож, тэр кинонд сонгогдсонд баярлаж, их бахархлаа. Ийм шагнал авлаа, ийм арга хэмжээнд орлоо, гадаадын иргэд хүлээн авч байгаа сэтгэл зүрхээрээ тусаллаа гээд мессэж бичих тоолонд л баярлаад уйлж суулаа.
-Хамид бид хоёр бие биенийхээ хувь тавиланг биширсээр гар нийлсэн-

-“Баавгайн хөндий” кино хэрхэн төрсөн бэ?
-Францын АRТE телевиз дэлхийн уушги болсон таван тивийн онгон дагшин газраас байгаль хамгаалагчийн кино хийх төсөл санаачилсан. Азиас Монгол улс сонгогдож, монгол улсаас “Улаан тайга”-ын байгаль хамгаалагчид, тэр дундаасаа нэг гол дүр сонгох даалгавартай учраас намайг сонгосон байсан. Найруулагч Хамид Сардар бол Хөвсгөлийн тайгад олон жил үйл ажиллагаа явуулсан, кино ч хийсэн, Хөвсгөлд ирж очиж бараг хориод жил амьдарсан тайгыг биднээс илүү мэдэх хүн л дээ. Энэ хугацаанд Улаан тайгынхны ажил Хамидад олон хэлбэрээр хүрсэн. Зарим үед ажлыг зогсоох аргах хэмжээ авч, заримдаа дэмжиж, хамтарч ч явсан түүхтэй, бид. Тэр утгаараа Улаантайгынхан хэрээрээ ажиллаад байна гэдэг дүгнэлт кино хийхээс өмнө тэр хүнд байсан. Хамидад өөрт нь ч тайгыг баялаг устсан, муу муухай бүхнээс хамгаалсан гээд сайхан, муухай дурсамжууд байсан юм билээ. Хамид над руу яриад “Монголд ийм кино хийхээр болсон. Байгаль хамгаалагчаар нь чамайг сонгосон. Ажил хийж явахад л зураг авна” гэсэн. Ирэхдээ ямар нэг зохиол гэж юм үзүүлээгүй, ганцаараа жижиг аппарат шиг камертай л ирсэн.
Гэвч энэ кино их том хувь заяа, аз завшаанаар бүтсэн. Учир нь тэр жил 10 дугаар сарын 3-нд Увс, Ховдын нутгаас баригдсан баавгайн бамбаруушийг БОАЖЯ-наас Улаан тайга руу аваачиж тавьсан. Тэгж байтал бас өөр 3 бамбарууш айлын хонь ямаа барьж хэл ам татлаад бас манайд ирлээ. Хаа холын Францад яригдсан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийж, ямар мессеж өгөх вэ гэдэг тэр төсөл баавгайн бамбарууш яагаад олноороо бууж ирэв гэдэг асуулттай уялдчихаж байгаа байхгүй юу. Сибирийн тайгын их түймрээс үүдэлтэйгээр суурин газар руу бууж ирсэн бамбаруушууд Хамид Сардарын киноных нь үндсэн сэдэвтэй шууд нийцсэн байх. Нөгөө талаас тэр жил Улаантайгын түүхэнд байгаагүй адал явдалтай, шинэ учрал тохиолтой жигтэйхэн олон үйл явдлаар дүүрэн намар болсон. Тэгэхээр найруулагчийн аз, гурван баавгайн хувь заяа, тайга нутгийн тавилан заяагаар энэ кино бүтэж, хүмүүст хүрлээ.
-Хоёр жил дамнаж 80 гаруй хоног үргэлжилсэн зураг авалтын гол дүр нь та өөрөө байсан. Тэнд таны санаа оноо, тэр хэсгээ, энэ амьтнаа харуулъя гэсэн оролцоо хэр байсан бэ?
-Эхний жил 10-11 сард дөчөөд хоног биднийг дагаж зураг авсан. Дараа нь зун явах шаардлага гараад хэд хэдэн удаа тайга руу явсан. Одоо энэ та нарын зоочихсон байгаа камер энэ тэр байгаагүй, нэг жижиг аппараттай нөхөр л дагаад гүйгээд байгаа байхгүй юу. Би дотроо жаахан голонгуй энэ нөхөр хөнгөндүү, чанаргүй л юм хийчихлээ гэж бодож байсан, зарим үед. Уран сайхны кино шиг дахиад авья гэх юм байхгүй. Авч чадвал аз, чадахгүй бол хохь нь л болно. Хамид уйгагүй л дагаж, унаж тусаж авсан ч нэг талаас аймаар, харин найруулагчид бол гоё байж болох моментуудаа алдаж л байсан. Жишээ нь, яг тэр зураг авалтын үер би хясаанаас ниссэн. Хамид хамт явсан ч яг тэр үед өөр газар байсан. Миний тэр унасан дүрс орсон бол аймшигтай. Байгаль хамгаалагчийн ажлыг хийх хүн олдохгүй, тэрийг ар гэр нь харвал дуусч мэдэхээр тийм нөхцөл байдал. Хэдий эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн би үхчихвэл хүмүүст гай болж мэдэх учир баримт үлдээе гэж бодоод зураг аваад явсан. Тэндээс кинонд орсон байна лээ. Гэхдээ л дахин хэлэхэд Хамид бол үнэхээр азтай. “Баавгайн хөндий” баримтат кино цаанаасаа бүтэх тавилан нь бүрдсэн. Камерын урдуур амьтад шууд өөрсдөө гүйж орж ирээд байсан. Хамид бурхны шашны сургууль төгссөн хүн учраас тарни уншдаг. Тэгээд би “Чиний тарни их хүчтэй юм байна” гэхэд надад зөрүүлээд “Үгүй ээ, чи бол аймаар хувь заяатай хүн байна. Яагаад гэвэл чи зэрлэг амьтадтай холбогдоод яриад байна. Би ийм зураг авмаар байна гээд хэлэхэд тэр амьтан гарч ирээд байна” гэсэн. Ингэж хоёр биеийнхээ хувь тавиланг гайхаж л яваад санаа нийлсэн гэх үү дээ.
-Гэхдээ тухайн үед киногоо ингэж алдаршина, амжилтынх нь зам мөрөөр боломжууд нээгдэнэ гэсэн төсөөлөл бол байгаагүй байх?
-Бид нарт бол ямар ч мэдээлэл, төсөөлөл байгаагүй. Бүр сүүлд Хамид Монголын кино алтан медаль авсан гэж над руу ярьсан. Анх ARTE телевизийн төслийн хүрээнд хийсэн чинь нэгэнтээ сайн бүтээл болоод тэр хүрээнээс гарч найруулагчийн хүслээр амжилттай яваа. Сая намайг наашаа ирснээс хойш бас нэг уралдаанд ороод хоёр шагнал хүртэж, “Баавгайн хөндий” нийт 22 шагнал хүртлээ. Тэр телевизийн хүмүүс манай түүхэнд нэг кино арваад медаль авч байсан. “Баавгайн хөндий” рекорд тогтоосон гэж ярьсан. Тэгээд би одоо л нээрээ мундаг кино болчихжээ гэж бодоод байгаа. Хамид ганцаараа нэг жижигхэн камертай гүйгээд байсан гэж харж байсан. Гэтэл ард нь гэрэл, дуу, хөгжим гээд бүхэл бүтэн 2-3 баг хамтран ажилладаг юм билээ. Киноны орчуулагчаар Ундрам гээд Францад амьдардаг орчуулагч эмэгтэй ажилласан. Тэр хүн өмнө нь Хамидын дөрвөн кино орчуулсан юм байна. “Баавгайн хөндий”-г 15 хоног нойргүй сууж, кинон дотроо орж орчуулсан гэж ярьсан. Хэл соёл, сэтгэлгээний ондоо байдлыг орчуулгын ур чадвараар гаргаж тэр олон үзэгчид ойлгуулж байгаа нь үнэхээр гайхамшигтай сайхан санагдсан.
-Гэргий С.Наранцэцэг: Киног үзээд би нөхрийнхөө ажлыг дутуу ойлгож явснаа мэдэрсэн-

-С.Наранцэцэг эгч өчигдөр “IMAX”-т “Баавгайн хөндий” киног анх үзсэн. Танд кино юу бодогдуулав?
-Би энэ хүний ажлыг маш сайн ойлгодог эхнэр гэж боддог байлаа. Харин кино үзээд дутуу, болоогүй байгаагаа мэдэрлээ. Уйлсан, баярласан, бахархсан. Хайрлахгүй байхаас аргагүй тайгыг үр хүүхэд, хойч ирээдүйд үлдээх гэж бүх амьдралаа зориулсан. Хүнд бэрхшээлийг даван туулж байж энэ өндөрлөгт хүрч байгаад нь бас баярлаж суулаа. Өнгөрүүлсэн амьдралаа, хань нөхрийнхөө араас санаа зовж нойргүй хоносон шөнүүд энэ хүний ажлын дэргэд юу ч биш гэдгийг ойлголоо. Энэ кинон дээр гарч байгаа хөлөө бэртээх үеэр би зүүдлээд хоносон. Өглөө нь Улаан тайгынхан руу залгахад хэн нь ч утсаа аваагүй. Тэгээд за ямар нэгэн муу зүйл болж гээд айдаст автчихсан. Тэгж байтал Төмөрөө ч сүлжээнд орлоо гээд, байгаль хамгаалагчид даргатой холбогдлоо гээд ярьсан ч гэмтсэн бэртсэн гэж юу ч хэлээгүй. Маргааш нь ярихдаа нэг л зовуурьтай дуугараад байна. Чи надаас нэг юм нуугаад байна, дуу чинь нэг л зовуурьтай байна, яасан юм бэ гэсэн чинь “хөл жаахан өвдөөд” гэнэ. Дууг чинь сонсоход жаахан өвдөлт биш байнаа гэхэд “Би 15 метрээс нисчихсэн юмаа” гэж байгаа байхгүй юу. Хурдан хүрээд ир болохгүй гэхэд ажил ихтэй гээд нөгөө үгээ хэлсэн. Арай дэндүү хатуу л даа, заримдаа. Дараа нь “Шагай мултраад хөл эргэчихсэн байсан. Тэгээд модны завсар хавчуулж байгаад мушгиад оруулаад бөгсөөрөө тэр өндрөөс буусан. Тэгэхгүй бол шөнө баавгайд идүүлэх байсан” гэж ярьсан. Гэтэл өчигдөр кинон дээр хэсэгхэн хугацааны дүрс нь гарахад сэтгэл шимшрээд уйллаа.
-Ж.Төмөрсүх: Ер нь яагаа ч үгүй. Босох гэсэн гишгэж чадахгүй уначхаад болдоггүй. Тэгсэн хөл эргэчихсэн байхаар нь хоёр модны завсар хийж байгаад мушгиад татсан шагай орчих шиг болсон. Тэгэхээр нь модоор чиг барьж футболкоо урж боогоод 400 метр шахуу газар бөгсөөрөө гулсаад буусан.
Унахдаа бол миний үхэх цаг болоогүй, хийх ажил зөндөө ажил байгаа учраас үхэж болохгүй гэж бодож байлаа. Дараа нь энд үхвэл хэн ч олж авч чадахгүй гээд доош буусан. Ер нь байгаль хамгаалагч хүн доо зовлон, жаргалаа өөрөө л шийддэг. Оффист суугаад дарга тэгсэнгүй, ингэсэнгүй гэх юм байхгүй. Байгаль хамгаалагчийн хувь тавилан өөрөө ийм онцлогтой.
-Сая Францад болсон олон улсын кино наадамд 36000 хүн оролцсон. “Баавгайн хөндий” киног дугаарлаад үзэж байгаа тухай мэдээлэл гарч байлаа. Танаас хүмүүс нийтлэгээрээ юу гэж асууж байв?
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс дэлхийгээ аврах үгийг бид нараар хэлүүлэхийг хүссэн. Бидний таван байгаль хамгаалагчийн соёл, амьдрал ахуй, асуудал нь ч өөр учраас өөр өөрсдийн өнцгөөс л үгээ хэлж байлаа. Бидний онцлог бол онгон зэрлэг байгаль юм байна. Бусад газар бол ой модны эрсдэлд орчихсон, уул уурхай эзэлчихсэн, гал түймрийн хүнд асуудалтай гэх мэтээр өөр өөр. Манайх шиг ийм онгон дагшин байгаль дэлхийг хамгаалж үлдэхэд хүн бүрийн оролцоо чухал. Бид өнөөдөр ухаалаг хэрэглээг сонгох, эрчим хүчээ хэмнэх, ой модоо тарих ёстой. Монгол улс шиг дэлхийн бөмбөрцгийн өргөргөөс хойших газар нутгаа тусгай хамгаалалтад авсан газар дэлхийн түүхэнд байхгүй. Хөвсгөл аймаг 50 дугаар өргөргөөс хойших газар нутгаа орон нутгийн хамгаалалтад авч, 44 лицензийг хүчингүй болгосон түүхэн шийдвэр, түүхэн туршлагатай ард түмэн гэх мэтээр өөрсдийнхөө онцлогийг ярьж л яваа. Нөгөө хэд маань бас л асуудал дээрээ тулгуурласан зовлон бас шийдлээ ярьж байсан. Жишээ нь, нэг маань омгийн зохион байгуулалттай ширэнгэн ой дотор амьдардаг. Бичиг үсэг бүрэн тайлагдаагүй. Гэтэл тэр ойд нь байдаг уламжлалт эмийн ургамлыг нь хүмүүс авч ойг нь сүйтгэдэг асуудал байна. Нэг нөхөр маань төсөлд санаачлан кино хийж хөрөнгө босгоод тэрүүгээрээ байгалиа хамгаалах ажил хийж.
-Байгалиа хамгаалах ажлын нөхцөл байдлыг нь харьцуулаад үзэхэд ямархуу юм байна. Манайх хамгийн хүнд нь байна уу?
-Манай хувьд дэд бүтэц хөгжөөгүй нь анхаарлаа татаж байсан. Хүмүүс манай киног үзээд гайхаад л байгаа юм. Ямар аймаар нөхцөлд ажилладаг юм бэ гэж дүгнэсэн. Бусад нь бол дэд бүтэц хөгжчихсөн, зам харгуйтай унаа машинтай, холбоо хэрэгсэлтэй энгийн нөхцөлд ажиллаж амьдардаг байна. Тэгсэн хэрнээ манайх бас асуудлаа шийдчихсэн. Уул уурхайг гаргаад, хулгайн анг устгаад, ой ашиглалтыг зогсоосон. Зэрлэг ан амьтан өсөж үржих нөхцөл нь бүрдчихсэн. Киноны найруулга, монтаж үүнийг бусдад маш сайн ойлгуулсан учраас нөгөө дөрөв маань намайг өөрсдийнхөө толгойлогч, ерөнхийлөгч гэж нэрлэж байлаа. Иргэд хоттой мал руу нь баавгай ороод ирэхэд устгаад өг л гэнэ. Харин байгаль хамгаалагч хүний шийдэл болохоор байгалийн жам ёсоор нь шийдэх ёстой. Баавгайн арга ухаан, амьдрах орчин, зан төрх бүх юмыг байгаль хамгаалагч мэдэж байж хүн, баавгай 2-ын зайг холдуулах арга хэрэглэнэ. Үүнийг нүцгэн, явган байгаль хамгаалагчид хийж байгааг киногоор харуулахаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, энэ том системийг хамгаалж болдог юм байна гэсэн урмыг өгсөн. Би чинь гурван бамбаруушаа тэжээхдээ сумын хүүхдүүдэд та нар гэртээ идэж байгаа талхныхаа талыг нь 3 баавгайд өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд хүүхдүүд аймаар хөөрхөн тал талх, нэг алим өгч байгаа юм. Энэ нь хүн байгаль зэрэгцэн орших, амьтныг хайрлах сэтгэл зүйг бий болгох ажил байсан.
-Та нээрээ гурван бамбаруушаа тэжээх гэж мачийсан байх шүү?
-560 мянган төгрөгийн цалинтай байгаль хамгаалагч хоол тэжээл худалдаж авахад хэцүү байсан. Жимсний дэлгүүрийн айлын хогийн савыг өөрөө орж ухаад хаягдлыг нь түүнэ. Ямар сайндаа Нараа чи ядаж хувцсаа солиод ухаж бай л даа гэж байхав. Аймаг руу хурал уулзалтад ороод гайгүй шиг юм өмсөнө. Буцахдаа нөгөө хувцастайгаа ялзарсан, муудсан жимс хамна. Сүүлийн хэдэн сар Австралийн амьтан хамгаалах байгууллагаас төсөв өгч, манай гурав ёстой тансаглаж байгаад явсан. Би бамбаруушуудаа байгальд нь тавихдаа мориор ачаад, үүрээд явах тооцоотой байсан чинь энэ амьтан хамгаалах байгууллага бүр нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн. Тэд байгаль дээр амьдраад эхэлэхэд бусдаас хүч тамираар дутахааргүй байх ёстой гэсэн тактикаар өдөрт идэх өндөгний зардлыг хүртэл шийдэж өгч гурван баавгайн хувь заяа олон хүний дэмжлэгтэйгээр зөв замаар үргэлжилсэн. Тандалтаар манай гурав тайгын хамгийн хэцүү балар газрыг олоод яг зэрлэг амьтныхаа тавилангаар амьдарч яваа.
-Цаашид таван тивийн байгаль хамгаалагч дуу хоолойгоо нэгтгэж ажиллана-

-Та Францад ингээд аялахдаа өнгөрүүлсэн амьдралаа ч дүгнэсэн байх. Ирээдүйгээ ч бас төсөөлсөн байх. Тэр мэдрэмжүүдээс хуваалцаач?
-Энэ удаагийн аялал бол маш том агуулгатай байлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн дээд хэмжээний удирдагчийн уулзалтад нөлөөлөх шийдвэр гаргах, тэндээс гарсан санал санаачилгыг
хэвлэл мэдээллээр түгээж байгаа процесс маш нарийн зохион байгуулалттай байсан. НҮБ дэлхийн уур амьсгалд хүн төрөлхтөн ялагдаж байна гээд хэлчихсэн байгаа шүү дээ. Ер нь бол амаргүй болсон. Цаашдаа хэцүү болох хандлагатай. Тийм учраас одоо маш хурдан хугацаанд энэ дэлхийгээ аврахын тулд дэлхийн өнцөг булан бүрд бүрд байгаа улс гүрэн, хүн бүхэн өнөөдрөөс эхэлж хичээх хэрэгтэй. Хүн бүхэн байгалиа, амьдарч байгаа орчноо хамгаалах, илүү дутуу сул хэрэглээгээ багасгах, экосистемд сөрөг нөлөөгүй үйлдвэр, үйлчилгээ хийх хэрэгтэй гэдэг мессэжийг л бид өгсөөр ирж, цаашдаа бүр илүү түгээн дэлгэрүүлэх ёстой юм байна. Таван тивийн байгаль хамгаалагчид бид цаашид яаж хамтарч ажиллах вэ гэхээр ЮНЕСКО-гийн дэргэд олон нийтийн байгууллага байгуулж хоорондоо холбоотой байх, хөрөнгө босгож нутаг орон, ой модоо хамгаалах ажлууд хийх, хамтарч ажиллах боломжуудыг эргээд ярилцаж дуу хоолойгоо нэгтгэе гэж тохирсон. Мөн Монголд урьсан. Тэд нараас гадна манай киног үзээд над Монголд ирье гэсэн хүмүүс маш олон болсон. Өнчирч үлдсэн гурван баавгайн мөр зам их өрнөлтэй, гэгээлэг, хүний хайр шингэсэн, байгал эх дэлхийгээ энэрэн хамгаалахад дэлхий нийтийн анхаарлыг татсан заяа тавилан байлаа.
Байгаль хамгаалагч хүнд нэг гоё юм байдаг. Бид ядарна, цангана мэдээж буудалд унтаад, халуун цай кофе уугаад суудагтай бол зүйрлэх юм байхгүй. Гэхдээ байгаль хамгаалагчийн аз жаргал болбол эргээд зовлон, жаргал ярьдаггүй. Яагаад гэхээр байгальдаа өөрөө баясаж, огшиж, омогшиж явдаг. Тийм учраас байгаль хамгаалагчид цалингаа нэмүүлнэ, ажил хаяна гэж цуглаан хийдэггүй. Бид 450 мянган төгрөгийн цалинтай байхдаа ч олон юм ярьдаггүй. 40, 50 градусын хүйтэнд галын хажууд хэвтэж байгаагаа бид аз жаргалтай сайхан байна гэж хэлэхгүй байх. Арай хөлдчихгүй шиг л хононо шүү дээ. Тэгээд маргааш нь буцаад харья гэж боддоггүй л байхгүй юу. Улам цаашаагаа л явдаг. Ингэж явж хамгаалсан юмаа харахаар чинь хүн өөрийн эрхгүй огшдог юм.
-Цаашдаа ингэж ажиллах нь зүйтэй юм байна гэсэн санаа оноо бас төрсөн байх?
-Олон санаа байна аа. Багахан англи ч бай, ямар ч бай нэг хэлтэй байх нь яалаа гэж бодлоо. Гадаадууд Монголын тайгад тусалчихъя гэсэн сэтгэл нь өндөлзөөд байгааг мэдэрсэн. Ийм том сэтгэлийн том хүч дэлхийн хүмүүсийн хандлагыг хүчийг тайга руугаа авахсан. Хөөрхий хэдэн байгаль хамгаалагч минь миний яалт ч үгүй хайрлах хүмүүс. Хүмүүс харахдаа байгаль хамгаалагч гээд нэг хог энэ тэр ярьсан нөхөр гэж бодоод байх шиг. Яг үнэндээ энэ албан тушаал, ажлын байр гэдэг болбол үнэхээр гайхалтай ажил шүү дээ. Өвөрмөц үнэхээр онцгой албан тушаал. Бид мэргэшсэн дээр нь сэтгэлтэй, чадвартай байх ёстой. Чадваргүй их мэдлэгтэй хүн тэнд очоод л үхэж мэднэ, хөлдчихөж мэднэ, төөрчхөж мэднэ, ус руу уначхаж магадгүй. Тэгэхээр энэ чадвартай, сэтгэлтэй, мэргэшсэн байгаль хамгаалагч нараа сэтгэл дүүрэн сайхан ажиллаж, амьдруулах чин хүсэл надад байдаг. Бид цаашдаа Францын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай хамтран ажиллана. Тайга руу ирэх жуулчдын цуваа огцом нэмэгдэх төлөвтэй болсон. Киноны маань орчуулагч Ундрам эхний аялагчдыг авч ирэх зохион байгуулалтаа хийж эхэлсэн.
-Арваад жилийн өмнө 69 машинтай, ганц хар цүнхтэй Өлийн даваагаар даваад очиж байлаа-

-Таныг Улаантайгын тусгай хамгаалалттай газрын захиргаанд анх очиход нөхцөл байдал тааруу, тайга эзэнгүйдсэн байсан гэдэг. Хэдий хугацаанд юу өөрчлөв?
-12 жилийн өмнө аравдугаар сарын эхээр тэнэг ч гэх үү, зоригтой, сэтгэлтэй ч байсан юмуу хувийн 69 машиндаа компьютерийн хар цүнхтэй Өлийн халзан даваагаар даваад орж ирсэн. УТХГ дөнгөж байгуулагдаж буй учраас амьдарчих гэр орон, ажлын байр гэж байсангүй. Бямбаа гэж айлын сургуулийн хүүхдийн гэрт өөрөө орж, Батсайхан гэж айлын байшинг түрээслэж оффис болгоод ажлаа эхэлж байлаа. Тэр үед тайга 7-8 мянган нинжа тайгыг ухчихсан, хулгайн анчид бужигнасан, хэрэг зөрчил, хулгай дээрэм гээд сум орон нутгийн амар амгалан байдлыг эвдчихсэн нөхцөлтэй байсан.
Тэгээд 2017 он гэхэд энэ бүхэн ер нь цэгцэрсэн дээ. Арваад жилийн дотор зүүд юмшиг өөрчлөгдөж зэрлэг амьтан өссөн. Ард иргэд ч үр дүнг хүлээн зөвшөөрч, байгаль хамгаалах ажлыг дэмжиж эхэлсэн. Бид захиргааны байраа барьж суурьшсан. Харин өөрөө 2018 он хүртэл контор дотроо байж байтал нэг өдөр эхнэр маань аймгаас ирээд амьдрах байшинтай болгосон.
Гэргий С.Наранцэцэг: Манай хүн Улаантайга руу томилогдоод найман жил айлаар болон контортоо амьдарсан. Сүүлдээ би хүүхдүүдтэйгээ хуйвалдаад жижигхэн байшин барьж өгөхөөр шийдэж, нэг өдөр шууд бүх юмаа ачаад ирсэн. Эхлээд хүний ачаа гэчихсэн. Хоноод өглөө нь хүний ачаа өгөөч гэхээр нь тулаад шууд хэллээ. Тэгсэн “Би байшин бариулахгүй. Эндээ кофе шоп барих гээд материалгүй байсан. Наадахыг чинь кофе шоп болгочихъё” гэнэ. Ингээд зөрөөд байхаар нь ажилчдыг нь ухуулаад нөгөө хэд нь дарга та байшинтай бол гэж шахсаар байгаад газар заалгаж аваад 4.5Х4.5 байшинг 3 хоногийн дотор бариад оруулчихсан. Хамгийн сүүлд нь хотоос хөргөгч зориулж авснаа гаргаад тавьсан чинь манай хүний аягүй сонин болсноо би ингээд хаягдаж байгаа юм уу гэсэн. Нээх өрөвдөлтэй харагдаад “Үгүй ээ, үгүй би чамайг хаяагүй. Чамайг тухтай байлгах гэж авчирсан юмаа” гэсэн. Тэрнээс хойш нэг санаа амарсан даа. Контортоо амьдарч байхдаа их тухгүй, шөнийн 1, 2 цагт онлайн байж байна. Унтаач, амраач гээд л бичнэ. Өөрөө байшинтай болсон чинь 22-23 цаг гээд унтчхаж байгаа юм чинь.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр бахархаж байна Монгол Улсаа дэлхийд танилцуулж чаджээ Монгол УЛСЫН ЁРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭЛХ ИЙД ЯРЬЖ
ХЭЛСЭНИЙГБОДИДТООР ХАРУУЛСАН. ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖЭЭ. ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХАД МОНГОЛ. УЛСЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР ЮМ.. .
Төмөр сүртэй нэгэн үед их сургуульд сур�##�цдаг байлаа. Том цагаан шүдээ гаргаад яр�##�зт�##� инээсэн төлөв даруу з�##�уу байсан. Эх орныхоо онгон дагшин байг�##�ийг хамга�##�ж яваа найзаараа бахархаж байна.
Баяр хүргэе, үнэхээр баатар хүн дээ
Бид бахархах ёстой
Egel jiriin egelgui baatar geheer hun bidnii dund amidarch bgaa n baharhmaar yum. Barimtat kinond hiisen buhen tani munhrun uldsend talarhaj bna.
Төмрөөг Нарынхаа сайхан ярилцлагыг уншаад та хоёроороо үнэхээр бахархаж байнаа.Хүн ба байг�##�ь хүйн холбоо, шүтэн барилдлагатайг харуулах баримтат киноны гол баатар Төмрөө болон түүний командынхандаа мөн киноог уйгагүй зүтгэлээр бүтээсэн аялагч Найруулагч Хамид Сардар , орчуулгыг �##�ь ч т�##�д нь чадварлагаар хөрвүүлж, мэргэжлийн өндөр ур чадвараа харуулсан Ундрам гээд орчуулагч эмэгтэйд т�##�архнам. Төмрөө андтайгаа хувь заяаны тохиолоор аймгийнхаа Байг�##�ь орчны с�##�барт хамтарч ажиллаж байсныхаа хувьд түүний жинхэнэ хариуцан хамга�##�ах нутаг дээрээ биечлэн бу�####�а үлгэрлэн зүтгэдэг мэргэжилтэн гэдгиийг мэдэхий хамт аймаг, орон нутгийн бодлогын чанартай баримт бичгүүд болох: Соёны бүс нутгийн биологийн олон янз байдлыг хамга�##�ах стратеги-2028, Янгир ямаа хамга�##�ах, Тул загас хамга�##�ах ... гэх зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, аймгийнхаа ИТхурлаар батлуулахад туршлагтай мэргэжилтэн Мягмарж�##�бууг манай газрын "Тархи толгой" болж байсан Х.Дашдэндэв ахтай маань нягт хамтран зүтгэж байсныг нь мөн мөн 50-р өргөргөөс хойших нутгийг Орон нутгийн хамга�##��##�танд авах, Улаантайгын УТХГазрыг байгуулах хэлэлцүүлгүүд өрнүүлж, холбогдох байгууллагуудын шийдвэрийг гаргуулахад оюуныхаа чадамжийг зориулж ирсэн үр дүнг нь дурсан санахад сайхан байна. Янгир ямаа гэхэд тухайн цагтаа 50 хүрэхтэй үгүйтэй байсан бол гуравхан жилийн дараа өсч, тоо толгой 100-г давж байсан нь бодит үр дүн билээ.
Баяр хvргэе. Бахархаад баршгvй. Vнэхээр мундаг байг�##�ь хамга�##�агч хvн юм. Эх дэлхийгээ хамга�##�ах vйлсэд асар их хувь нэмэр оруулж Монгол эх орноо дэлхийд сурт�##�чилан таниулжээ.Улам их амжилт хvсье.
Ийм л хүмүүс эх дэлхий байг�##�иа хамга�##�ж үлдээж бна. Гэтэл төрийн бодлого нь эсрэг байж болохгүй.
Их сайхан байг�##�ь дэлхийдээ хайртай хүн хүү нь яг шү ирвэсийн зулзага тэвэрчихсэн зураг нь гоё
Ц�##�инг нь нэмэх хэрэгтэй шдээ, бүх зүрх сэтгэлээрээ амь насаараа дэнчин тавьж ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулж байх хэрэгтэй .
Амьдрах ажиллах орчинг нь тохь тухтай хангаад өгөхөд төрөөс их төсөв шаардахгүй л баймаар....
Ийм сайхан ухаантай зөв сэтгэлтэй байг�##�ь хамга�##�агч нараа хайрлаж ц�##�ин мөнгө хангамж нэмээч маш хүнд ажил шүү дээ Амь насанд ч аюултай шүү Баяр хүргэе та бүхэнд гадаад хүн гэлтгүй би ч тэр сайхан тайгад очмоор тус�##�маар байна шүү
Найздаа баяр хүргэе
Chono baavgai zerleg amitan irvel Gants neg honio tegneriin hishig bolgood ugchihoj