Нийгэм ярилцлага

Хүнсний инженер О.Гал-Очир: Сургууль, цэцэрлэгийн хоолноос хүүхдүүд уураг, тосгүй, жаахан нүүрс ус л авч байна

Хүнсний инженер О.Гал-Очир сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний төсвийг нэмэгдүүлэх өргөдлийн санаачлан, санал асуулга авч буй. Түүнд хүүхдийн хоолын чанар, стандартын талаар эцэг эхчүүд, иргэд хандаж гомдол мэдээлэл өгсөөр 60 гаруй кэйс цуглажээ. Бид О.Гал-Очиртой  сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны агуулга, чанарын талаар ярилцлаа. 

-Та хүүхдийн хоолны асуудлаар зоригтой бас баримттай дуугарч байгаа. Энэ хугацаанд танд ямар, ямар мэдээлэл цугларсан бэ?

-Хүмүүс манай хүүхэд сургууль дээрээ ийм юм идэж байна гээд бичдэг байсан. Аав хүний хувьд анзаарахад манай хүүхдүүд  хоолоо идсэн үү гэхээр идээгүй гэдэг. Аяга, тавгаа ч авч явдаггүй байсан. Яагаад гэхээр идэхээр хоол байдаггүй юмаа гэж хэлдэг, гэхдээ би үүнийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг байж. Тэгээд аравдугаар сарын сүүлчээр  хүмүүс үдийн хоол, цэцэрлэгийн хоолны зураг явуулаад эхэлсэн чинь арай л хэтэрсэн дүр зураг харагдсан. Энэ дунд худлаа зураг, мэдээлэл байж болох учир эх сурвалжаа нууцалья, хүүхдийнхээ идэж байгаа хоолны зургийг явуулаач, хэлэлцүүлэг байдлаар явья гэхэд маш олон хүн хандсан. Эцэг эхчүүд гэхээсээ илүүтэй багш нар, сургуулийн ажилтнууд, туслах багш гээд дээд удирдлагадаа хэлж чаддаггүй хүмүүс хандсан. Бараг жараад кэйс ирсэн. Гэхдээ энэ зөвхөн төрийн өмчит сургууль, цэцэрлгээс ирүүлсэн зураг, баримтыг ярьж байгаа юм.  

-Гол асуудал нь юу байсан бэ?

-Хүүхдүүд 18 нас хүртлээ шим тэжээлийг хоол хүнсээрээ хангалттай авах ёстой. Ингэж байж бие нь өсөж, тархи нь тэлж, өдөр тутмын энергидээ зарцуулж байдаг. Гэвч 1500 төгрөгийн сургуулийн үдийн хоол,  2475 төгрөгийн цэцэрлэгийн бүтэн өдрийн хоолоор яагаад ч шим тэжээл  авч чадахгүй нь харагдаж байна. Хоол тэжээлээр уураг, тос, нүүрс ус гээд гурван том шим бодис, дээрээс нь уусдаг, уусдаггүй эслэг, аминдэм, эрдэс бодис авдаг. Гадны улс орнууд хүүхдэд өдөрт заавал рашаан ус өгч, эрдсийг нь нөхдөг. Гэтэл манайд шүүсэн ус өгдөг болохоор эрдэс нь нөхөгддөггүй.  Аминдэмийг даршилсан ногоо, шинэ жимс, ногооноос хамгийн их нөхдөг ч мөнгө нь хүрэхгүй учраас тэр бол хаалттай. Чаначихсан, жижигхэн луувангаас аминдэм авна гэж байхгүй. Тосны тухайд бол бүр байхгүй. Хоол тэжээлийнх нь шаардлага дээр шарсан, хуурсан хоол идэж болохгүй гээд тосыг хасаад хаячихсан. Уурагны тухайд өндөг хорьчихсон. Цорын ганц эх үүсвэр болох махны орц маш бага. Ингэхээр хүүхдүүдэд өнөөдөр жаахан нүүрс ус л үлдэж байгаа юм. Гурил, будаа, гоймон, мантуу, тосгүй хөөлгөсөн боорцог иймэрхүү л дүр зурагтай байна даа.

-Таныг харж байгаагаар 1500 төгрөгөөр хүүхдийг хооллох боломжгүй юу?

-Энэ асуудал дээр сургууль, цэцэрлэг гэж ангилж харах хэрэгтэй. Сургуулийн хүүхэд цэцэрлэгийн хүүхдээс том, мөнгө захиран зарцуулж чадах учраас үдийн хоолныхоо хажуугаар аав, ээж нь 3000-5000 төгрөг өгөхөд юм аваад идчихнэ. Бас 3.5-5 цаг л хичээллэх учир өглөө цайгаа уугаад гарсан бол нэг их өлсөхгүй, нэг удаа хооллоход болно. Харин цэцэрлэгийн хүүхэд өглөөнөөс орой хүртэл багш нь юу өгнө, тэрийг л иднэ. Намраас хойш маш олон сургууль, цэцэрлэгийг харлаа. Нийслэлийн хувьд үнэхээр хангалтгүй байна. Орон нутагт сайн зохицуулаад төсвөө хүргэж байгаа сайн жишээнүүд байна. Нэг өдөр сүүтэй будаа, амттай жижиг боорцог өгөөд , дараагийн өдөр нь хэмнэсэн мөнгөө шилжүүлээд сайн хооллочихдог ч юмуу. Тэгэхээр 1500 төгрөг нэг удаа идэх хоол гэдэг утгаараа маш боломжтой байхгүй юу. Энд бас нэг асуудлыг нэмж хэлэхэд олон цагаар хичээллэдэг өсгөлүүн биетэй дунд ахлах ангийн хүүхдүүд дээр хоолны төсөв байхгүй нь учир дутагдалтай. Тэд ид өсөж байгаа учраас бие нь шим тэжээл байнга нэхэж байдаг. Аав, ээжийнхээ өгсөн мөнгөөр CU, GS 25 ороод буруу хадгалсан хоол иднэ. Тийм учраас би хүүхэд болгоноо хооллоё гэсэн санал гаргасан.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэхээс өөр аргагүй. Өглөөний цай, үдийн цай, өдрийн хоол, оройн цай энэ бүхэнд 2475 төгрөгийг хүргэнэ гэдэг маш хэцүү. Бэлтгэн нийлүүлэлт буюу түүхий эдийг нь зөвхөн ӨНӨААТҮГ нийлүүлэх эрхтэй. Үхрийн мах зах зээлийн ханш хэд ч байсан  16 мянгаар бүтэн жил нийлүүлнэ. 2475 төгрөгийн талаар нь мах авч байна гэж ойлгож болно. Нэр төрөл нь бага учраас уургийн агууламжгүй, тосгүй, хэсэгхэн нүүрс ус л идэж байгаа юм. Энэ мөнгийг нэг дахин нэмэхэд өнөөдрөөс арай аятайхан хоол идэх боломжтой. Төрөөс үүнийг нэмж чадахгүй бол эцэг, эхчүүдээс мөнгө гаргадаг зохицуулалт хийх хэрэгтэй. Улсаас 2475, эцэг эхээс 2475 гаргах нь хүүхдэдээ ийм хоол идүүлж байснаас хамаагүй зөв сонголт. Нөгөө талаас эцэг эхчүүд мөнгө өгөөд эхэлбэл хяналт сайжирна.

-30 хүүхэдтэй ангийг 45 мянгаар хооллох байтал 20 мянгын өртөгтэй боов, хярам өгч байна-

-Өнөөдрийн энэ хоолны мөнгөнд баригдаж хооллож байгаа байдал хүүхдийн эрүүл мэндэд нь нөлөөлдөг үү. Судалгаа бий юу?

-Одоо л судалгаа эхэлж байна. Хоол тэжээлээр шим тэжээл, уураг, амин дэм, эрдсээ бүрэн авч байж хүүхдийн дархлаа сайн байдаг. Өвчин эсэргүүцэх чадвартай болдог. Эмнэлэг дээр овоороод байгаа ханиад хатгаа багасна. Гэтэл ийм хоолоор тав хоног хооллочхоод тэгээд ханиадны эмэнд мөнгөө үрээд байх нь зохисгүй, дунд нь хүүхдийн эрүүл мэнд хаягдаад байгаа юм. Ус нь эрдэсгүй болохоор шүд муутай, ясны буруу хөгжилтэй, аминдэм дутуу болохоор цус багадалттай гэх мэтээр хохирно. Бүх аминдэм хүүхдийн биед орж, эрүүл саруул байлгахаар “ажилладаг”, эд нарыг авч чадахгүй болохоор өнөөдөр өвчлөлд дарлуулж байна.

-Асуудал, алдаа дутагдал байгаа учраас зургууд ирээд байгаа байх?

-Нийслэлийн 52 дугаар сургууль дээр би өөрөө очиж үзлээ. Нэг ангид 4 уут боорцог, хэсэг хярам өгч байна. Бодоод үзэхээр нөгөө улсаас төсөвлөсөн 1500 төгрөгөөр 30 хүүхэдтэй ангид 45 мянган төгрөг зарцуулах байтал 20 мянгаар хооллож байна. Нөгөө өчүүхэн төсвийнх нь талыг өгөхгүй байна шүү дээ. Есдүгээр сургууль  ямар ч махгүй шөлөнд гоймон чаначихсан байдалтай. Ингэж хэлэх нь надад эрсдэлтэй хэл ам болгохгүй, онцлохгүй дунд нь хаяачихаар юу ч өөрчлөгддөггүй. Ингэж бичиж байж ядаж эцэг эх нь хараад санал гомдлоо гаргана. Ховдын 16 дугаар цэцэрлэгийн мантуут цуйван гэдэг хоолон дээр үлдэгдэл мантууг хэрчиж хийсэн үү гэдэг нь асуудал. Хүүхдийг хайнга хооллож болохгүй. Тэгтэл манай тен шатчихсрн байсан учраас гэж тайлбарладаг. Эцэг эхчүүдийг тоодоггүй, үгийг нь сонсдоггүй. 218 дугаар цэцэрлэгийн гоймонтой шөл мах харагдахгүй, аяганы баган талаар өгдөг. Гэтэл эрхлэгч нь намайг цагдаад өгчихсөн. Нийлээд аятайхан болгоё гэхээр ингэж ханддаг. Гэтэл нэг цэцэрлэгийн эрхлэгч миний тавьсан өөрсдийнхөө хоолны зургийг аав ээжүүдэд сайн шээрлээд өгөөрэй, ингэж байж бид өөрчлөгдөж магадгүй гэсэн байгаа юм.   

-Та хүүхдийн хоолны төсөв нэмэх тухай хуулийн төсөл санаачлах тухай өргөдөл гаргасан. Иргэд саналаа хэр өгч байна вэ?  

-Санал маш бага л байна.  Би өөрөө хүмүүст мэдээлэл бичиж хүргээд 3 жил болж байна. Маш их цаг зарцуулаад мэдээлэл бэлтгэхэд огт тоодоггүй. Харин эмоциороо ч юмуу хэн нэгнийг шүүмжлээд бичихээр санаанд оромгүй олон хүнд хүрдэг. Энэ өргөдөлд хүмүүс яагаад саналаа ингэж муу өгч байна вэ гэхээр хүмүүс хүнсээ сайн мэдэхгүй байна. Хүүхэд юу ч идэж уусан өсөж тос болно, юу ч идээд байх боломжтой гэж ойлгодог байх. Дан ганц печень идээд хүн яваад байж болно. Гэвч алиманд агуулагддаг зүйлийг печенээс авч чадахгүй. Хүмүүс тэрийг ойлгохгүйд учир байгаа юм.

-Хүмүүс мэдээллийг сайн шүүлтүүрдэж хэрэглэхгүй л байх шиг байна. Гэтэл та нөгөө талдаа олон дайсантай болж байх шиг харагддаг?

-Би өөрийнхөө мэргэжлээр аль нэг үйлдвэрт ажиллаж, эсвэл үйлдвэрлэл эрхлээд амьдраад явж болно. Гэвч ганцхан амьдрах энэ нас хайран байхгүй юу. Хүмүүс надаас түм буман асуулт асууна. Надад мэдээжийн зүйлийг бусад огт мэдэхгүй байна. Тийм учраас долоо хоногийн ажлын нэг өдрийг бусдад зөв мэдээлэл хүргэхэд зориулдаг. Хүнсний боловсрол мэдлэг дутуу байна. Хэн дуртай нь хүнсийг муулж байгаад хүнснээс шал өөр бодисыг биед сайн гээд зарж байна. Химийн бодисыг шууд амаар өгдөг гэж ойлгуулсан маш том бизнес явж байна. Тэгэхээр дайсантай болохоос айхгүй нэг хүнд ч гэсэн зөв хэрэгтэй мэдээлэл өгөхийг л зорьдог. Жишээ нь, алимны цуу уугаарай гээд зардаг компани нэр төрөө сэргээлгэнэ гээд намайг шүүхэд өгчихсөн. Гэхдээ би нотолж чадсан учраас тэдний нэхэмжлэлийг хүчингүй болгосон л доо. Сүрдүүлэг маш их ирдэг. Гэтэл нөгөө талд шүүмжлэлийг хүлээж аваад засья, хамтран ажиллая гээд боломж эрэлхийлдэг хандлага ч бий. Манайд ийм шинжлэх ухааны асуудлыг ойлгуулахад маш хэцүү байдаг. Цагдаа нь, хууль нь, шүүгч, өмгөөлөгч, ШӨХТГ, ЭМЯ, НЭМГ гээд ойлгодоггүй учраас би суулт хийж байж дүгнэлтээ авсан тохиолдол ч бий.

-CU, GS-25 сүлжээ дэлгүүрүүдийг нян үржих орчинд бүтээгдэхүүн хадгалаад зарж байна гэх асуудлыг сөхсөн. Тэр хэрхэн шийдэгдсэн бэ?

-Би чимээгүй шийдүүлж болно. Тухайн асуудлаа байгууллага болон хариуцах газруудад мэдээлбэл торгуулиад л өнгөрөх байх. Хамгийн гол нь үүнийг мэдээлснээр хүмүүс хоолоо яаж хадгалж идэхэд суралцана. Пирошки, тахиаг 39 градуст бактер өсгөвөрлөдөг темпаратурт зараад байна гээд гаргаад тавихад хүмүүс ойлгоно. Энэ асуудал дээр CU хүлээн авч уулзаад засч залруулаад явна гэсэн. 85 градус хүртэл халдаг шоу кэйс нь дороо устай, чийгшилтэй, хоолыг цөөн цаг хадгалаад зардаг  зориулалттай. Гэтэл зориулалтыг нь өөрчлөөд унтраагаад дотор нь хийчихдэг. GS 25 ямар ч хариу өгхөгүй болохоор нь НЭМГ-т гомдол гаргасан. Торгуулийн арга хэмжээ авч, албан шаардлага хүргээд прокурорт шилжүүлнэ гэсэн хариу өгсөн. Ороод харахад бахь байдгаараа харагдаж байна лээ. CU бол өөрчлөөд стандарт болгоно гэж тохирсон. Мэр сэр өөрчилж л байна. 

-Аав ээжүүд хүүхдээ ундаа ууж болохгүй, гоймон идэж болохгүй гээд л байдаг. Тэгсэн хэрнээ бид тийм юм аваад идчих гэж хэлэхэд бас л хэцүү байдаг. Та юу гэж зөвлөх вэ?  

-Хүмүүс өвчнөөс сэргийлэх өчнөөн төрлийн аминдэм, шим бодис хэрэгтэй гээд байгаа ч яг энэ дотор тийм шим бодис байна гэдгийг хэн ч хянаж чадахгүй. Тийм болохоор ерөөсөө идэж байгаа төрлөө олон болго, нэг юмнаасаа битгий их ид гэж зөвлөх хэрэгтэй. 5000 төгрөг өгчхөөд чипс, газтай ундаа авахгүй шүү гэж загнахын оронд чипсийг 14 хоногт нэг л удаа идээрэй гэж зөвлөх хэрэгтэй. Өөр бусад хүнсээс авч чаддаггүй шим бодисыгш чипснээс авдаг л байхгүй юу. Хорьж өөрсдийнхөө сайн гэсэн юмыг идүүлэхдээ гол биш олон нэр төрлийн зүйл идүүл. Өөр өөр эх үүсвэрээс олон төрлийн шим бодисыг авдаг гэдгийг ойлго, ойлгуул. Нэг дор олон төрлийн хоол битгий ид, хоолны араас битгий шингэн юм уугаарай гэдэг ч юмуу янз бүрийн зөвлөгөө өгөөд байх юм. Гэтэл усан орчинд хоол шингэн болж энгийн шим бодис болж задран цус руу нэвчинэ. Энэ чинь уг нь их энгийн зүйл. Ингэж төөрөгдүүлэх хэрэггүй. Үүнийг нь хүнсний компаниуд ивээн тэтгээд түгээгээд байдаг нь бүр харамсалтай. Бичиж байгаа зорилго маань нэг ч гэсэн хүн эвтэйхэн ойлгоод эрсдэлгүй яваасай гэж хүсдэг. Намайг шантаажчин гэдэг. Асуудлаа засах хүртэл нь бичиж байж л хүмүүст хэрэг болдог юм. Өнөрөө шиг дугуйны дор нь хөлөө хийгээд одоо алдаагаа зас, тэгээд хөдөл гэмээр л байдаг. Асуудлын араас явж байгаа хүмүүсээ хэмлэх хэрэггүй л гэж хэлмээр санагддаг даа

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Наранэрэл
Наранэрэл
2023-12-16 06:58

Зөв шүү хүнсний инженер танд т�##�архая

Холбоотой мэдээ

Back to top button