Top StoriesНийгэм ярилцлага

УАУ-ы эмч Г.Одонцэцэг: Хамт олноороо хов ярьж, амны билэггүй үг хэлээд байвал нийтийн үйлийн үр л нэмэгдэнэ

"Манба Дацан-Бодь сэтгэлтэн" эмнэлгийн зөвлөх, хүний гавьяат эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй цаг агаарын эрс тэс нөхцөл байдал дахь сэтгэл зүй, цас зудны аюулыг малчид сэтгэл зүйгээрээ хэрхэн даван туулах агуулгаар ярилцлаа.

Тэрбээр  “Уламжлалт анагаах ухаан дахь өвчний ангилал зүй”, “Төвөд хэлний сурах бичиг”, “Онош зүй-Уламжлалт анагаах ухаан” сурах бичгүүдийн бичсэн бөгөөд 28 дахь жилдээ эмч бэлтгэхээр багшилж, мөн уламжлалт анагаах ухаанаар анагаах эмчлэх их үйлсэд шамдаж яваа эрдэмтэн багш, судлаач, эмч юм.

-Уламжлалт анагаах ухаанд сэтгэлзүйн эрүүл мэндийг хэрхэн оношилж, тайлдаг вэ?

-Уламжлалт анагаах ухаанд хүний сэтгэл зүй эрүүл мэнд, ажил үйлс, амьдралд маш их нөлөөтэй гэж авч үздэг. Хүн аливааг бие, хэл, сэтгэлийн үүднээс үйлддэг бөгөөд бие болоод хэлний үйлийг сэтгэл, оюун ухаан удирддаг. Тийм учраас хүний биеийн эрүүл, эмгэг байдал,  ярианы билэгтэй сайн үг эсвэл муу үг хэлэх энэ болгон сэтгэл, оюун бодолтой холбоотой байдаг. Сэтгэл тэнцвэртэй эрүүл, амирлангуй байвал хүний ухаан хамгийн зөвөөр ажиллах боломжтой. Ухаан зөв ажиллаж байгаа тохиолдолд бидний бие зөв үйлдэл хийж, зөв үг яриа ярьдаг. Тийм учраас юун түрүүнд сэтгэл дөлгөөн, тэнцвэртэй, төвтэй, төвлөрсөн байвал ухаан тэгш, зөв, хурдтай зөв шийдвэр гаргах боломжтой. Сэтгэл, ухаан гээд хоёр зүйл чухал байгаа биз. Энэ сэтгэлийг их тайвшруулах хэрэгтэй. Баяр хөөр тохиолдсон ч хэт хөөрөмшиж, догдлоод байхгүй. Зовлонтой хэцүү тохиолдолд хэт доошоо живж унаад, гутраад байхгүй. Аливаа нэгэн зовлон, жаргалд дандаа төв, төвлөрсөн, амирлангуй байдлаа хадгалдаг дадалтай болчихвол бие, сэтгэлийн талаас эрүүл байх боломжтой гэж уламжлалт анагаах ухаанд үздэг юм.

-Нийтээрээ бидний сэтгэл зүй ямархуу байна. Сэтгэлийн төвөө хадгалж чадаж байгаа нь хэр нийтлэг вэ?

-Тухайн хүний амьдралын дадал, төлөвшил, сэтгэлийн төвлөрөл, төвшин байдлыг хэр дадуулсан бэ гэдгээс ихээхэн шалтгаална. Нэгдүгээрт төрөлх чанар, хоёрдугаарт гэр бүл, эцэг эхийн хүмүүжил, нийгмийн боловсрол, цэцэрлэг, бүх шатны сургуулиас олж авсан төлөвшилтэй шууд холбоотой. Зарим нь их сайхан төлөв, төвшин сэтгэлтэй. Тэр үүднээсээ өөрийнхөө оюун бодлыг удирдах чадвар суусан байна. Миний эргэн тойронд ажиглаад байхад бясалгал, сэтгэл амирлангуй байдал оршоох зүйл хийж байгаа нь их шүү. Хичээдэг, төлөв төвшин байдалтай байя, үүнд суралцъя, бясалгая гэсэн хүмүүс олон.

-Сэтгэлээ төв байлгахын тулд хувь хүн юуг анхаарах ёстой вэ. Үүнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн заасан байдаг вэ?

-Сэтгэлийн маш олон хувирал бий. Эдгээр нь юугаар өдөөгдөхөөр сэтгэл дээшээ доошоо, буруу зөрүү хазайдаг вэ. Үүнийг уламжлалт анагаах ухаанд нисванисын сэтгэл гэж нэрлэдэг бөгөөд дэлгэрүүлээд аваад үзэхээр 84 мянган муу сэтгэл байна. Харин хураангуйлаад үзвэл сэтгэлийн гурван муу төлөв бий.

Тодруулбал, өөрт тааламжтай зүйлд хүсч тачаадах сэтгэл гэж байна. Энэ сэтгэлийн төлөв байдал нэг бол хөөрөмшинө. Харин тэр тачаадсан зүйл нь олдохгүй бол гуниж гутарна. Дараах буруу сэтгэл нь өөрт таагүй зүйл, таагүй нөхцөл байдалд ороход уур хилэн нь төрөх байдал. Уурлах, ундууцах, өсөрхөх, гомдох, хонзогнох гэх мэт.

Аливаа зүйл таалагдвал хүсч тачаагаад, таатай бус бол уурлаж өсөрхөж гомдоод байгаа биз. Таатай, таагүй гэсэн хоёр төлвөөс гадна муу болоод сайн үзэгдэлд үл онох, залхуу, мунхаг сэтгэл гэж бий. Энэ гурван сэтгэл хүнд байвал бие, хэл, сэтгэлээр цогтой золбоотой байж чадахгүй. Үүнээсээ улбаалаад  84 мянган муу сэтгэл ар, араасаа яваад ирдэг. Тэгэхээр аливаа нэг юмс үзэгдлийн таатай, таагүй байдлыг хараад л ухаарчих. Тэрэнд нэг их догдлоод эсвэл өсөрхөөд уурлаад байхгүй өөрийгөө цаг минут, өдөр тутам хянаж байх ёстой.

Сэтгэлээ өглөө босоод төлөвшүүлээд бай. Таатай, таагүй зөндөө л олон юмс үзэгдэлтэй учрах учир тэр болгонд төвөө алдахгүй байх дадалтай л болох хэрэгтэй.

-Хүйтний улиралтай холбоотой сэтгэл зүйн байдлын тухай таны нийтлэлийг уншиж байсан. Цаг агаараас сэтгэл зүйн төлөв байдал хамаардаг тухайд та мэдээлэл өгөөч?

-Аливаа өвчин эмгэг маш олон зүйлээс шалтгаалан үүсдэг. Эдгээр олон нөхцөлийг ерөнхийд нь дөрвөн бүлэгт хувааж үзнэ. Үүний нэг нь “дү” буюу цаг улирал. Цаг улирлын байдал хүний өвчлөлд, сэтгэлзүй, биеийн байдалд нөлөөлнө. Цаг улирал өөрийн байх ёстой үзэгдлээсээ хэтрэх гэж бий. Хүйтний улирал л гэхэд байх ёстой зохист хэмжээнээсээ хэт хүйтэн болох, хүйтрэх атал халуун байх, эсвэл буруудах буюу өвлийн улиралд бороо, зуны улиралд цас орох. Энэ мэтээр улирлын үзэгдэл илүүдэх, дутагдах, буруудах гэсэн тэгш бус тэнцвэртэй бус байдал бий болдог. Энэ бол өвчин үүсэх нөхцөл мөн.

Хүйтэн хэмжээнээсээ хэтрэхэд олон өвчин үүсэх эрсдэл бий болно. Хүн, амьтныг амьдруулж байдаг гол хүчин зүйлийн нэг галын илчээ алдах эрсдэлтэй. Тийм учраас хүйтний улирал илүүдээд их хүйтэн болбол сайхан дулаан хувцаслах хэрэгтэй. Бас сэтгэлдээ цогтой, золбоотой, өөдрөг байдлыг алдаж болохгүй. Дотроосоо дулаан байх гэсэн үг. Дулаан, халуун бүлээн хоол унд идэх хэрэгтэй.

Сэтгэлийн төлөв байдлыг гадна орчин сав ертөнцөд хүйтэн болсон ч дотоод илчийг алдахгүй байх тал дээр их анхаарах хэрэгтэй. Бүх зүйлийг маш тайван байдалд хүлээж ав. Ер нь улирал илүүдэх, дутуудах, буруудах үзэгдэл бол сав ертөнцөд гарч байна. Сав ертөнц бол шимийн амьтад гэж бий. Энэ хоёрын шүтэн барилдлага, уялдаа холбооноос болж цаг улирлын сайн, муу үзэгдлүүд гарч ирж байгаа.

Тэгэхээр нийтийн үйлийн үр буруудвал ган, зуд, үер, үер усны аюул болно. Өвчин зовлон, халдварт өвчинд нийтээрээ хамрагдана. Тиймээс энэ газар орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн нийтээрээ их буруу үйл хийж, байгальтайгаа, сав ертөнцтэйгээ буруу харьцсаных гэж ойлгож болно. Нийтийн үйлийн үр буруудахад улирал буруудах үзэгдэл болно гээд судар номд бичсэн байдаг. Ерөөсөө л шүтэн барилдлагын хуулиар бол тийм байна.

-Нийтийн үйлийн үр гэдгийг бид өдөр тутмын амьдрал дадал үйлдэлтэйгээ хэрхэн холбож ойлгох вэ?

-Нийтээрээ буруу үйлийг хийчихсэн гэсэн үг. Монголчууд наад зах нь ээтэн хоншоортой гутал өмсөж газраа сэндийлэхээс сэргийлдэг, гадасны жижигхэн нүхийг булж газартайгаа ийм болгоомжтой харьцдаг байсан. Гэтэл одоо ухаад л байгаа шүү дээ. Энэ байгаль дэлхий гэдэг өөрсдөө эзэнтэй. Эзэнтэй лус савдаг, газрын эзэн ухаалд байхаар догширно. Тэгэхээр энэ ган зуд үер усны аюул чинь дандаа тэр лус савдгийн хилэгнэсний шинж гэж сударт байдаг. Үүнийг судалчихсан монголын ард түмэн хэдэн зуун жилээрээ хайрлах хамгаалах ухааныг мэдээд судлаад ард түмнийхээ амьдралын зан үйлд нэвтрүүлсэн. Газар, ус, байгальтайгаа зөв зохистой харьцдаг соёл байсан. Энэ соёлоо их сайхан дэлгэрүүлэх хэрэгтэй юмуу гэж эмч хүний хувьд ч, буддизм судалдаг хүний хувьд хардаг.

-Хаврын дунд сард биеийн хүч сэтгэлийн хүч дунд, тийм ч их туйлдчхаагүй байна-

-Өвчинг үүсгэдэг нөгөө гурван бүлэг нь юу байхав?

-Адын нөхцөл. Уламжлалт анагаах ухааны болон буддизмын онол судлагдахуунд адын тухай тодорхой бий. Хүний бие анх бий болохдоо л урьд урьдын төрлүүдээсээ дамжиж ирсэн муу сэтгэлийн эрхээр дотор нь адын шалтгаан байдаг. Үүнээс гадна лус савдаг гээд янз бүрийн 1080 ад зэтгэр бий. Бие сэтгэлийн муу үрээр хүн аливаа зүйлд донтдог. Дон гэдэг чинь төвдөөр ад гэсэн үг байхгүй юу. Бие сэтгэлийн муу үйл үйлдэх юмбол адтай нэгдэж, тэрэндээ хорлуулаад явдаг. 

Дараа нь идээ унд. Хоол ундыг ихдүүлэх, багадуулах, буруудуулснаас өвчин үүснэ. Хамгийн сүүлд нь явдал мөр. Бие, хэл, сэтгэлийн явдал мөрийг илүүдүүлэх, дутуудуулах, буруудуулахад өвчин үүснэ. Аливаа өвчин үүсэхдээ зөв байсан ч илүү байвал буруу. Буруу байсан ч буруудуулах юмбол өвчин үүснэ. Тэгэхээр аливаа өвчин цаг улирал, ад, идээ унд, явдал мөр гэсэн дөрвөн нөхцөлөөр өвчнийг үүсгэж байдаг байх нь.

-Улирлынхаа нөхцөл байдалтай холбоотойгоор хүний сэтгэлзүйд тодорхой онцлогтой шинж чанар бий болдог уу?

-Улирал солигдоход хий, шар, бадгана хураад хөдлөөд, амирлаад ирдэг. Яг өнөөдрийн улирлын зүй ёсны шилжилт хөдөлгөөнийг аваад үзвэл өвлийн улиралд шар усны сүв хаагдчихдаг. Тэгэхээр дотоод галын илчээ алдахгүй, бадрангуй, илүү их хүчтэй байдаг. Тийм учраас бид нар өвөл идэш хийж, мах, тослог хоолуудаа иддэг. Галын илч нь их учраас боловсруулах чадвар өндөр байдаг үе. Хүний дотоод галын илч сайн байвал сэтгэлзүй нь галтай, цогтой идэвхтэй байна. Энэ үед зөв хувцаслаж даарахгүй байх хэрэгтэй. Дотроосоо бүлээн шимтэй хоол унд иднэ. Галын илч сайн байвал сэтгэлийн цог золбоо бадарна.

Харин хавар болоход шар усны сүв аажим аажмаар нээгдсээр зуны туйл дунд сар хүрэхэд бүрэн нээгдэж бид дотоод илчээ алдаж эхэлдэг. Гадаа халуун ч гэсэн дотор хөрнө.  Дотор хөрөөд ирэхээр хоол ундаа шингээх хүч багасаж бие махбодь туйлдаа хүртэл ядардаг.

Одоо өвлийн дунд сараас хаврын сар руу шилжиж байна. Тэгэхээр хаврын дунд сард биеийн хүч сэтгэлийн хүч дунд, тийм ч их туйлдчихаагүй гэсэн үг.

-Хавар болж дулаарна гэсэн их хүлээлт маань огцом хүйтрэхээр дарамт болчхов уу. Суурин газрынхан хүртэл маш ихээр цочирч, стресстэж байна. Энэ жам ёсоороо явж буй үзэгдэл үү эсвэл бидэнд сэтгэл зүйн дархлаа муу байна уу?

-Энэ үеийг улирлын үзэгдэл буруудаж эсвэл ихдэж байна л гэж ойлго, стрессдэх огт хэрэггүй. Стрессдэх шалтгааныг хүн өөрөө л бий болгож байгаа. Жишээ нь, би гэхэд сэтгэлдээ дадуулсан учраас нэг их сүртэй хүлээж авахгүй байна. Мэдээж хүйтнээс сэрэмжилнэ. Тухайн байдлыг эрүүл ухаанаар ухамсарлаж, бүлээн шимтэй хоолоо идэх хэрэгтэй. Аливаа нэгэн эрсдэлт хүчин зүйлийг тайван сэтгэлээр ухамсартайгаар хүлээн авч, ямар нэгэн эрсдэлгүй даван туулах аргачлалаа олоод явах нь зүйтэй. Өөрийнхөө сэтгэлийн байдлыг унагах огт хэрэггүй.

-Та малчдад хандаад юуг зөвлөх вэ?

-Малчид маань хэдэн үе удмаараа уламжлаад ирсэн малч ухаантай. Жишээ нь би эмч хүн учраас ямар нэг өвчинг даван туулах арга ухаан надад бий. Яг үүн шиг малчид маань генд нь суусан мал маллах, байгальтайгаа харьцах ухаантай. Тэгэхээр энэ үед өөрийнхөө ухаанд найдах хэрэгтэй.

Би чадна, үүнийг даван туулах арга ямар арга байна гэсэн итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Зоригтой, итгэлтэй арга аргачлалыг тэд маш сайн мэдэрч байгаа. Нөгөө талаас үнэхээрийн давагдашгүй зүйл боллоо гэдгийг бас ухаарчих хэрэгтэй. Нэгэнт үүнийг давж чадахгүй юм чинь гутраад яахав. Айхтар унаж болохгүй. Үүнийг чадлаараа хийгээд ч эрсдэл их чинь тодорхой хэмжээний хэдэн малаа амьд мэнд аваад үлдчих аргаа олж тухайн нөхцөл байдалтай бодитойгоор дүгнэлт хийж, зоригтойгоор нүүр тулах нь тустай. Ингэхдээ маш зөв аргыг сонгоно. Арга байвал аваад үлдэнэ, байхгүй бол тэрийг орхих сэтгэл зүйн хүчтэй зоригтой ухаантай л байх хэрэгтэй.  

-Энэ хаврын айхтар цас шуургатай нийтийн үйлийн үрийг хэрхэн холбож ойлгох вэ?

-Нийтийн үйлийн үр муудаж, буруудах юмбол дандаа гай гамшиг, барцад садаа ирдэг. Бид нар халдварт өвчнийг яаж давсан билээ. Бүгдээрээ сэргийлсэн, сэргийлсэн ч өвдсөн. Гэхдээ энэ бол халдварт өвчин юм байна гэдэг гарцаагүй үйл явцыг ойлгосон. Зудын үед яг л ийм явцыг туулна гэдэг сэтгэлзүйн бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Нэгэнт зуд шүү дээ. Гарцаагүй учраад нүүр тулж байгаа зүйл дээр айдасгүй байх хэрэгтэй. Сэтгэлийн хаттай даван туулах ёстой. Ер нь бол хүний амьдралд дандаа л гарцаагүй туулах ёстой зовлонгууд ирдэг. Энэ зовлонгоо туулж байхдаа айдасгүйгээр сэтгэлийн төлөв төвшин байдлаар ухамсартайгаар багахан зовлонтой үүнийг яаж даван туулах вэ гэдэг дээрээ хүлээн зөвшөөрч, тэр арга дээрээ их итгэлтэй байх хэрэгтэй. Зудыг яаж туулахав, амьдралд ирж байгаа зовлонг яаж туулахав гэдэг ерөнхий нэг зарчмаар л явна.

-Малчид маань нийгмийн үйлчилгээ авч чадахгүй байгаа. Энэ үед өөрийн эрүүл мэнд, идээ унд, явдал мөрдөө хэрхэн анхаарах вэ?

-Малчид монгол хоолоо харьцангуй зохистойгоор хэрэглээд сурчихсан хүмүүс. Тэгэхээр одоо шим тэжээлтэй хонины мах, адууны мах, гурил, сонгино, сармис гээд хийг тэгшлэх, илчийг үүсгэх, сэтгэлийн бяд тамиржуулах хоол ундаа идээд, сайхан дулаахан байх хэрэгтэй. Монголчууд бид буддын шашинтай хүмүүс учраас сайхан тарни номоо уншаад, зулаа өргөх хэрэгтэй. Тэр олон мал нь үхэж үрэгдээд байгаа бол хойтын буянд нь зул өргөөд залбирах гэх мэтээр чадах чинээгээр хамгийн зөв үйлийг л хийх хэрэгтэй дээ.

-Шагайн чинээ шар тос идчихдэг, тойгны яс хүлхэх гэдэг ч юмуу ахуй нөхцөлдөө өөрийгөө арчлаад байх зөвлөгөө өгөөч?

-Өглөө өлөн гарч болохгүй. Их сандарч болохгүй. Сандрах л юмбол хүн буруу үйлдэл хийдэг. Тийм учраас өглөө маш их тайван суурин суугаад өнөөдөр яах уу гэдгээ бодох хэрэгтэй. Сайхан цайгаа чанаад шар тос хөвүүлээд уух нь дэмтэй. Тамираа барж ерөөсөө болохгүй. Хөлдөлтөөс, гар хуруугаа хөлдөхөөс сэргийлнэ. Толгой, чихээ маш дулаахан байлгах хэрэгтэй. Гутарч ерөөсөө болохгүйн дээр буруу үйлдэл хийж болохгүй шүү гэдэг сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Бид нийтээрээ хов жив, амны билэггүй юм ярьдаг болчихсон. Амны билэггүй байдал бодитой гай гамшгийг авч ирдэг-

-Цагийн хатуу байгалийнхаа жамаар улирч удахгүй сайхан цаг ирнэ. Цаашдаа бид нар нийтийн үйлийн үрийг байн байн амсаад байхгүйн тулд хувь хүн бүр дор бүрнээ яаж хичээх ёстой юм бол?

-Өнөөдөр бид мал нар мал сүйрлээ гэж ярьж байгаа болохоос биш ган зуд болоогүй байхад газрын хэвлийн хэчнээн тэрбум амьтныг устгачихсан шүү дээ.  Тэрийг үл ойшоосны гэм нүгэл байх гэж өөрсдөө бодох л хэрэгтэй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл хэзээ ирэх нь магадтай бус байдаг. Тэгэхээр цаашид бид сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яаж бэлддэг вэ гэхээр өдөр тутамдаа өөрийнхөө бие, хэл, сэтгэлээр үйлдэж байгаа үйлэндээ их сэрэмжтэй байх хэрэгтэй. Нийтийн үйлийн үр шүү дээ. Гэр бүл ч гэсэн үр хүүхэд нь зөв яриатай, зөв бодолтой, зөв төлөвшилтэй байх нь чухал. Гэр бүл, хамт олноороо бие хэл сэтгэлийн арван хар нүгэлээс ангид байхыг хувь хүн бүр хичээе. Хамт олон, найз нөхөд нийлээд ярихдаа хов жив, хүн муулах, архи дарс уух, зугаа цэнгэл хөөж ажлаа алдах буруу. Бид нар нийтээрээ хов жив, муухай амны билэггүй юм ярьдаг болчихсон. Амны билэггүй байдал бодитой гай гамшгийг авч ирдэг. Тийм учраас нийтийн үйлийн үрийг сайжруулахын тулд нийтээрээ бие хэл сэтгэлийн зөв дадалтай болох хэрэгтэй гэж бодож байна.

-Тодорхой аргууд байдаг уу. Зан үйл ч юмуу?

-Зөндөө л байгаа. Наад зах нь өглөө босоод өөрийн ариун цэвэр, ор дэрээ хураахаас эхэлнэ. Гадаад цэвэр цэмцгэр цэгцтэй байдал дотоод цэвэр цэмцгэр цэгцтэй байдлын илэрхийлэл байдаг. Бид нар өглөө босоод бие хэл сэтгэлийн ариун байдлыг эрхэмлэж байх хэрэгтэй. Тэгээд өөрийн дадуулаад байгаа гэмтэй зүйл юу байна вэ гэдгийг өдөр бүр сэрэмжилж бодож нь тустай. Өдөр болгон сайн үйлсийг хийдэг, өөдрөг санаачилгатай байх нь зүйтэй. Бусдыг сайн зүйлд уриалдаг гэх мэтээр өдөр тутам өөрийнхөө үйлийг өглөө босохоос орой унтах хүртлээ дандаа сэрэмжтэй байя. “За нэг удаа яадгийн” гэж л болохгүй байх нь. Ингэж төлөвшүүлэх эхлээд жаахан хэцүү. Нэг мэдэхэд ая зөндөө зөв төлөвшилд орчихдог.  

-Сайн жишээ олон уу?

-Би 28 жил эмч нар бэлтгэдэг их сургуульд багшилж байна.17, 18 настай хүүхдүүд орж ирдэг. Зургаан жил суралцаад төгсөхөд хүүхдүүдийн төлөвшил нүдэн дээр засарч байдаг. Тэднийг дахиад эмнэлзүй дээр сургаж дадлагажуулаад 6, 7 жил ажилласны дараа харахад төлөвшил, зан үйлд өөрийн ухамсар, хичээл шамдал, тэвчээргүйгээр тэрийг хийдэг болчихдог. Тэднийг 17 настайгаас нь 30 нас хүртэл нь дагуулаад харж байна шүү дээ, би.

Миний үйлчлүүлэгчид байна. Би одоо 28 дахь жилдээ эмчээр ажиллаж байна. Намайг жижигхэн, залуухан эмч байхаас үзүүлсэн хүмүүсийн өнөөдөр үр хүүхэд, ач гуч ирж үйлчлүүлдэг болж. Надад 20 жил үзүүлсэн хүмүүс зарим зөвлөгөөг хэлүүлэлтгүй хийдэг болчихсон байдаг. Тэр хүмүүсийн нөлөө үр хүүхэд, ач зээгээс нь харагддаг. Тэгэхэээр зөв бөгөөд сайн үйлийг эрүүл мэнд, амьдралын сайн сайхны төлөө номын ёсоор төлөвшүүлээд явж байгаа үр дүн маш их харагддаг.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-22 09:33

Манай анагаахынхан иймэрхүү судлаачидтай юм уу

100 хувь үнэн боловч итгэдггүй
100 хувь үнэн боловч итгэдггүй
2024-02-22 12:05
Reply to  Зочин

нэг эргүү тэнэгийн жишээ нь энэ хүн байна. сайн, муу зүйл олныг хийгээд одоо ч гэсэн өөрийнхөө хүчинд сайн яваа гэж боддог бол өмнөх насандаа бурханы шавь , лам, үнэнч сүсэгтэн, үнэнч шудрага, бу�####�д байнга тусладаг буянтай иргэн байсаны ач гавьяа юм. тэгээд энэ насандаа өмнөх насны буян нь дуусв�##� хорт хавдар, гай зовлонгоор шагнуулна гэж.

Зочин
Зочин
2024-02-22 09:46

Hiitiin gechijee gazar shoroo baigalaa uhsan heden l gar bgaashte morooroo bhad

100 хувь үнэн боловч итгэдггүй
100 хувь үнэн боловч итгэдггүй
2024-02-22 12:01

1000 хувь үнэн. Даанч хүмүүс ялангуяа хүмүүс олуулаа байхадаа итгэдэггүй. гэвч асууд�##�д орж бурханаас тусламж гуйгаад аврагдсаны дараа энэ бүхэнд бурхан туслаагүй , азтай байсан гэж "солиордог". энэ дэлхийд нэг ч зүйл гэнэтийн эсвэл азын гэж байдаггүй. өмнөх насанда болон энэ насандаа хийсэн учр�##�, бас бидний хамгийн их бодсон мөрөөдөл, бодлоор л болдог.

Зочин
Зочин
2024-02-22 12:02

Зөв сайхан зүйл ярьж байна даа.

Зочин
Зочин
2024-02-22 14:50

uhaantai l yarisan bna

иргэн
иргэн
2024-02-22 16:09

Ийм доктортой улс хөгжлөө юу?????

Зочин
Зочин
2024-02-22 22:58

Санаа нь зөв илэрхийлэл нь хөөрхий....уг нь ш/ ухааны л хүн шүү дээ ядуугийн зовлон юм даа

Зочин
Зочин
2024-02-23 14:18

Яг ч үгүйсгээд яахав. Батлагдчихаагүй шүү дээ. Гэхдээ байж болох хувилбар. Ямар ч байсан үхэл, өвчин маш элбэгшсэн. Хүн з�##�уугаараа хорвоог орхих нь түгээмэлжсэн. Энэ дээр бодох юм бий. Хөгшид хүртэл айхтар өөрчлөгдсөн. 80 гарчихаад ужид самуунд татагдсаар байна.

Эрднээ
Эрднээ
2024-02-24 17:12

Сайд дарга нараасаа эхлээд бүгд шун�##�д автсаны шийтгэл нь энэ. М�##�чид нь ч адил 50% гурил, өөр юу ч юм бэ хольж хатаасан харцаа 60,70 мянга болгож шийтгэлээ л амсаж байгаагаар ойлгох хүн �##�гадаа

Зочин
Зочин
2024-02-25 21:00
Reply to  Эрднээ

Их сайхан зөв юм ярьсан эмч байна баярл�##�аа аргагүй л их юм уншиж судласан мундаг багш

Зочин
Зочин
2024-02-29 12:40

Уламжл�##� анагаах ухаан бол хүнийг жинхэн утгаар нь авардаг шүү Ёвроп анагаахтай холиж ерөөсөө болохгүй шүү төр дэмжихгүй байгаа нь гүн харамс�##�тай.

Холбоотой мэдээ

Back to top button