Нийгэм мэдээ

"Эрчүүд жирэмслүүлэхээс сэргийлж үрийн сувгаа боолгох болсон"

Өнөөдөр /2024.09.26/ “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр” тохиож байна.

“Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр”-ийг 2007 оноос эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд дэлхийн 70 гаруй орны нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус 11 байгууллага дээрх үйл ажиллагаанд нэгдэн ороод байна. Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгсэлийг хэрэглээгүйгээс гарах сөрөг үр дагаварууд нь хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварт өртөх явдал юм. Энэ өдөр нь залуучуудад жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнддээ зөв шийдвэр гаргах, жирэмслэлт бүр хүссэн байх учиртай гэдгийг ойлгуулахад хувь нэмэр оруулах зорилготой билээ.

Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41 хувь буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байна. Мөн жилд 15-19 насны охидын 16 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаа бөгөөд энэ насны бүлэг дэх нас баралтын зонхилох хувийг жирэмслэлттэй холбоотой шалтгаан эзэлж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд жирэмснээс удаан хугацаанд хамгаалахын тулд спрайл тавиулахаас илүүтэй эрчүүд үрийн сувгаа боолгодог болсон талаар мэргэжлийн эмч нар хэлж байлаа.

Ган-Ач эмнэлгийн их эмч Л.Зэлэм:

Үрийн шингэн ба үрийн суваг боох (Vasectomy) мэс заслын тухай

Үрийн шингэн гэдэг нь дур тавилтын үед төмсгөнд боловсорсон эр бэлгийн эсүүд үрийн сувгаар дамжин түрүү булчирхай, үрийн цэврүү зэрэг бусад нэмэлт булчирхайн шүүрлийн хамт шээдэг сүвээр ялгарах цагаан цайвар өнгөтэй шингэн юм.

Хүний үрийн шингэн нэг удаагийн дур тавилтаар хэвийн үед 3-5 мл ялгардаг. Эрүүл нас биед хүрсэн эрэгтэй хүний 1 мл үрийн шингэнд ойролцоогоор 200 сая эр бэлгийн эс буюу сперматазойд агуулагдаж байвал хэвийн буюу үр тогтоох боломжтой гэж үздэг.

Төмсгөнд эр бэлгийн эс үүсэх үйл явц хүний биеийн дулаанаас 2-4 цельсийн бага температурт явагддаг тул төмсөг хуухнагт биеэс зайтай байрлах зохицуулгатай. Үрийн шингэний 2-5 хувь нь төмсөгнөөс ялгарч эр бэлгийн эс агуулах ба үлдсэн хэсгүүд нь үрийн цэврүү, түрүү булчирхайн, булцуут хэсгийн булчирхайн шүүрлээс тогтоно. Үрийн суваг боох мэс заслыг энгийнээр ойлгоход төмсөгнөөс ялгарч буй эр бэлгийн эсийн замыг тасалж эрэгтэйчүүдийн үр тогтоох чадваргүй болгох мэс засал гэж ойлгож болно.

Ард иргэдийн дунд мэс заслыг хийлгэснээр бэлгийн дур тавих үед үрийн шингэн ялгардаггүй гэсэн буруу бодол нийтлэг байдаг. Үнэндээ дур тавилтын үед үрийн шингэн ялгарах ч эр бэлгийн эс агуулаагүй буюу азоосперми байх тул үр тогтож жирэмслэлт явагдах боломжгүй болно. Ихэнхдээ гэр бүлийн байдал тогтворжсон хичээл насны эрчүүд дээрх мэс заслыг сонгон хийлгэдэг. Энэ мэс заслыг хийлгэсний дараа буцааж үрийн сувгийг холбох мэс засал хийхэд үр тогтоох чадвар 50 хувь сэргэх магадлалтай гэж үздэг ч эр бэлгийн эсийн үйл ажиллагаа өмнөх шигээ хэвийн байдаггүй учир эргэлт буцалтгүй шийдсэн эрэгтэйчүүд хийлгэх хэрэгтэй. Үрийн суваг боох мэс заслыг хамтран амьдрагч хостойгоо ярилцаж санаа нийлсний үндсэн дээр хийлгэхийг зөвлөж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 26, 2024 12:03

haha

Зочин
Зочин
9 сар 26, 2024 20:02

Хүүхдийн тоо гүйцсэн болно гэсэн хүний хийх ажил.

Зочин
Зочин
6 сар 4, 2025 14:14

ер нь бол сэргэхгүй гэсэн үгүү

Холбоотой мэдээ

Back to top button