НийгмийнЯрилцлага

Ё.Дамчаабадгар: “Хөөе, Дамчаа” биш “Монгол бүжигчин” гэж дууддаг болохоор дэлхийн тайз өндөр хариуцлага байдаг

Ёндонгийн Дамчаабадгар. Та бүхэн санаж байгаа бол энэ залуу БНСУ-д суралцаж байх үеэрээ метронд, гудманд бүжиглэж байсан. Дэлхийг тойрон бий биелгээ хийж буй түүнтэй уулзаж, ярилцлаа.  Ардын язгуур урлаг болох бие биелгээг орчин үеийн урлагтай хослуулан дэлхий дахинаа сурталчлан түгээж буй тэрбээр өдгөө ЦЕГ-ын “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээчээр ажиллаж буй юм.

Тэрбээр саяхан “Азийн ардын урлагийн 2021” наадамд оролцож, хүрэл цом хүртээд буй. Мөн тус наадмаас түүний шавь “Сүлд” чуулгын бүжигчидн О.Уянга, “Сүлд” чуулгын бүжигчид нэгдүгээр зэргийн диплом авсан билээ.


-Та 25 настай байх аа.

-Тийм ээ. 25 настай.

-Залуухан МУСТА байх нь. Энэ хүндтэй шагналыг хэрхэн хүлээж авч байв. Ой, дурдатгалаасаа хуваалцаач?

-2018 онд, 22 настайдаа энэ хүндтэй шагналаар энгэрээ мялааж байсан. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд”  чуулгад ажиллаж байсан. Олон улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцож, шагнал авч байсныг минь төр засаг маань үнэлсэн байх. Ер нь залуу бүжигчид шагнуулах нь ховор цаг үе байсан. Магадгүй цирк юм уу балетийнханд бол энэ энгийн үзэгдэл. Тиймдээ ч энэ шагналыг их үүрэг хариуцлага гэж л хүлээж авсан.

-Тухайн үед БНСУ руу явж нэг жил суралцаад ирчихсэн байсан юм байна. БНСУ-д мэргэжлээрээ ажиллахад хүндрэлтэй зүйл юу байв уу?

-Тэтгэлгээр нэг жил суралцсан. Хэдий тэтгэлэгт маань байр, сургалтын төлбөр багтсан ч хоолны зардлаа өөрсдөө гаргах тул ажил хийнэ. Ер нь тэгээд ажил голохгүй хийсэн. Айл нүүлгэж, зам дээр, зочид буудалд, шуудан зөөгчөөр ажиллаж байсан. Ер нь тэгээд ажлын зар харж байгаад хичээлгүй цагтаа хийж болох бүхий л ажлыг хийнэ. Ихэвчлэн шөнийн цагаар зөөгч хийж, түргэн үйлчилгээний газар ажилладаг байсан.

Түүнийхээ хэрээр маш их зүйлийг мэдэж авсан. Өөрийн байнга хийдэг зүйлээсээ түр хөндийрөөд өөр юм хийгээд үзэхээр өмнө нь харж байгаагүй их олон зүйлийг олж хардаг юм байна. “Би юу хийвэл улс маань хөгжих вэ” гэж ч бодно. Нөгөө талаасаа элэгсэг, цээжинд “монгол” гэдэг сэтгэхүй суудаг юм билээ.

-Суралцаж байх хугацаандаа мэргэжлээрээ бас ажиллаж байсан гэж сонсон. Үгүй байжээ.

-Ардын бие, биелгээгээг БНСУ-ын мөн өөр улсын иргэдэд заадаг байлаа. Мөн “July” контемпорари бүжгийн компанид дагалдан бүжигчнээр ажиллаж байсан.

-Ер нь солонгосчууд Монголын бие биелгээг хэр мэддэг, сонирхдог вэ?

-Маш их сонирхдог. Учир нь манай бие биелгээ асар баялаг хөдөлгөөнтэй. Язгуур зүйл нь үнэн байдаг. Мөн цоглог. Бүжиглэхдээ байнга инээдэг учир их дуртай байдаг. Би “Дэлхийг тойрсон биелгээ” төслийг эхлүүлж, контент хийж байх үеэрээ хүмүүс маш их сонирхож байгааг анзаарсан. Ер нь бие биелгээг заавал монгол хувцастай бүжиглэх албагүй. Яагаад өөрсдийн өмсөж байгаа хувцастайгаа, эсвэл өөрийн амьдарч буй орныхоо үндэсний хувцастай хийж болохгүй гэж. Хүмүүсийн дунд байдаг энэ мэт хэвшмэл ойлголтыг эвдэж, Монголоо дэлхийд таниулах, сурталчлах, зааж өгөх зорилго өвөртөлж энэ контентыг хийж байсан. Хажуугаар гарч буй хүмүүс бичлэг хийнэ. Зарим нь “энэ ямар бүжиг вэ, аль улсын бүжиг вэ” гэж асууна.

-Таныг монгол хүн гэж таньж ирээд Монголоор асуулт асуусан, ярилцах оролдлого хийсэн хүн байсан уу?

-ХБНГУ-д контентынхоо анхны дугаарыг хийгээд явж байхад Ази царайтай болохоор “чи Монгол уу эсвэл Хятад уу” гэж их асуудаг байсан. Харин БНСУ-д байхад хүмүүс андуурдаггүй. “Монгол хүн байна” л гэдэг. Яахав ганц нэг хүн “Хаанаас ирсэн бэ” гэж асууна. Харин зарим нь “энэ ямар бүжиг вэ. Би энэ бүжгийг яаж сурах боломжтой вэ” гэж асуудаг.

-Метронд бас бүжиглэж байсан. Ер нь бичлэг цацагдсанаас хойш олон улсын хэвлэлүүд, тухайн орон нутгийн хэвлэл таниас ярилцлага авахаар холбогдож байв уу?

-Метронд биелэхийн өмнө “Сайн байцгаана уу. Би Монголоос яваа юм. Ийм контент хийдэг хүн байгаа юм. Та бүхэн дургүйцэхгүй бол би энд бүжиглэх гэсэн юм” гэж хэлсэн. Ингэж хэлэхэд хүмүүс дургүйцэхгүй маш сайхан хүлээж авч байсан. Яахав ганц нэг хүмүүс ярвайж л байсан. Гэхдээ ихэнх нь нааштай хүлээж авсан. Бүжиглэж байхад утсаараа бичлэг хийж, дууссаны дараа бүгд алга ташсан.

Тухайн бичлэгийг цацчихаад нэг их удалгүй Монголдоо ирчихсэн юм. БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын группүүд рүү бүжгийн сургалт авах гэсэн хүмүүс маш их хандсан байна лээ. Над руу бол хандаагүй. Бичлэг маань зөвхөн Монголд цацагдаагүй. БНСУ, БНХАУ, ОХУ-ын платформуудаар цацагдсан байна лээ. Олон улсын хэвлэлүүд холбогдож байгаагүй. Харин Өвөрмонголоос, ОХУ-ын Тувагаас холбогдож байсан. “Би монгол бүжиг сонирхдог юмаа. Таны бүжгийг үзлээ. Хамтарч хийж болох уу, манай улсад заавал ирээрэй” гэсэн саналууд ирж байсан.

-ХБНГУ-аас төслөө эхлүүлж бичлэг хийсэн ч золгүй тохиолдлоор цацаж чадаагүй юм билээ. Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй газрыг сонгож, очоод бүжиглэсэн үү?

-ХБНГУ-ын Штутгарт хотноо 2019 оны хоёрдугаар сард олон улсын тэмцээн болсон юм. Контемпари бүжгийн залуу бүжиг дэглээчдийн 23 дугаар уралдаан болсон. Тус тэмцээнд монгол улсаа төлөөлж, миний бие оролцсон юм. Тэр үеэрээ ХБНГУ-ын машины үйлдвэрүүдийн өмнө очиж бүжиглэсэн. Мөн тус хотын нүүр царай болсон, хүмүүс сайн мэдэх газруудаар явж бүжиглэж байсан.

-Таны дараагийн төлөвлөгөөнд ямар улс байгаа вэ?

-Уг нь 2020 онд хөл хорио тогтоогоогүй байсан бол БНХАУ, ОХУ-д очиж, бие биелгээ хийх байсан юм. ОХУ-ын Улаан талбайд очиж, биелгээ хийнэ гээд төлөвлөчихсөн байсан ч цар тахал болон хэд, хэдэн шалтгааны улмаас явж чадаагүй. Харин одоо ихэнх орон хилээ нээж байна. Манай улс ч гэсэн хилээ нээчихлээ. Ойрын хугацаанд ОХУ, БНХАУ-д очих төлөвлөгөөтэй байгаа.

-Хилийн дээс алхаад хаа сайгүй бүжиглэж байх үед яг юу боддог байв. Сэтгэл бас л хөдөлнө биз?

-Монгол Улсаа дэлхийн олон оронд сурталчлахад миний зүгээс юу хийх ёстой юм бэ гэж бодож, эргэцүүлж байж энэ контентыг эхлүүлсэн болохоор “ямар ч байсан ч би эхний алхмаа хийж чадлаа шүү. Тийм болохоор илүү хичээх хэрэгтэй. Энэ бол Дамчаа гэдэг хүн биш Монгол өв соёл, уламжлал явж байгаа шүү” гэж бодож, өөртөө сануулж байсан. Мөн нөгөөтээгүүр орчин үеийн монгол ямар хөгжилтэй байгааг, залуучууд нь ямар боловсролтой байгааг харуулахыг хичээсэн. Тийм болохоор өөртөө итгэлтэй, бахдам сэтгэгдэл төрж байсан. Гэхдээ энэ контентыг би оюутан байхаасаа л хийх юмсан гэж бодож явсан. Яах бол, яах бол...гэсэн айдастай байсан юм. Айдсаа ялж чадсандаа их баярласан.

-Оюутан байхаасаа гэхээр...

-2013-2017 онд би СУИС-д сурсан. Нэгдүгээр дамжааны оюутан байхаасаа л ийм төсөл эхлүүлнэ гэж боддог байсан.  

This image has an empty alt attribute; its file name is damchaabadrag-2-1024x683.jpg

Уг нь би 2012 онд БНСУ руу явж сурах гээд бүх юм бүтчихсэн байсан. Гэхдээ яваагүй. СУИС-д орсон. Учир нь аав маань “монгол өв соёл, монгол уламжлалаа сайн мэдэхгүй байж, гаднын орны юмыг чи хэчнээн сураад ямар хэрэг байх юм бэ” гэж хэлж байсан юм. Тэр үгийн шидээр би СУИС-д монгол бүжгийг судлах зорилготой орж байсан. Энэ маань намайг уг төслийг эхлүүлэх хамгийн том түлхүүр болсон.

-Одоо Монголдоо ажиллаж, амьдрах уу. Эсвэл цаашдаа суралцаад, олон орноор аялах уу?

-Ер нь бол хүн байнга суралцаж байх ёстой. Суралцаж байж л хөгжинө. Тийм болохоор ажиллана. Хажуугаар нь сурна. Бололцоо байх юм бол аль болох олон жил сурна. Гэхдээ би шавь нартай. Мэргэжлийн бүжигчин болгох гээд бэлтгэж байгаа. Өөрийн гэсэн үүрэг, хариуцлага байгаа болохоор аль, алийг нь орхихгүйгээр аваад явна даа.

-Хэчнээн гарын шавьтай вэ?

-Яг одоогоор бол мэргэжлийн бүжигчин болгоно, болно гэж эцэг эх нь хандсан, өөрсдөө хандсан таван шавь байгаа. Зүгээр хүүхдэдээ бүжиг заалгая гэж эцэг эх нь хандсан 10 гаруй хүүхэд байгаа.

-Хөдөө орон нутгаас хүүхдүүд хэр холбогдож, бүжиг заалгаж байна?

-Ер нь бол миний ихэнх шавь хөдөө орон нутгийнх. Зарим эцэг, эхчүүд “хүүхдийнхээ ирээдүйг бодоод хот руу нүүх бодолтой байгаа. Та юу гэж бодож байна, багшаа” гэдэг.  Одоо бол бид онлайнаар хичээллэж байгаа. 5-13 насны хүүхдүүд байдаг.

Сургалтад хүүхэд бүртгэж авахдаа нэг насны олон хүүхдийг авдаггүй. Олон улсын тэмцээн уралдаанд явуулах гэхээр нэг насанд олон хүүхэд байхаар хэцүү байдаг юм.

-Ингэхэд та бага байхаас л Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт багшилж байсан юм билээ. Бүжигт үнэнхүү хорхойтой хүүхэд байсан бололтой дог.

-Баянцагаан сумын сургуулийн сурагч байхдаа бага зэрэг бүжиглэдэг байсан. Одоо бодохоор хөөрхөн санагддаг юм. Манай суманд ойн арга хэмжээ болохын өмнөхөн Монгол улсын гавьяат жүжигчин Ц.Алтанцэцэг бүжиг заахаар ирж байсан. Тэр үед би шалгуулахаар очиж байлаа. Багшийн биеэ авч яваа байдал надад таалагдсан юм. Бас их гоё үнэртэй ус түрхдэг байсан. Багшийг хараад л “бүжигчин хүн ийм гоё байдаг юм байна. Биеэ гоё авч явдаг юм байна” гэж бодсон. Бүжгээр хичээллэсэн хүүхэд их цэвэрч нямбай болдог болохоор тэр чанарт нь бүр их татагдсан байх. Мөн бүжигчдийн бие биенээ хүндэлж буй, хайрлаж буй байдал нь ч таалагдсан.

Улмаар Ц.Алтанцэцэг багшийн шавь болж, түүнийхээ хажуугаар хүүхдүүдэд багшилдаг болсон. Манай театрынхан их завгүй, ажилсаг хүмүүс байсан. Хавар, намартаа бүжгийн тэмцээнүүд зохионо. Маш олон хүүхэд тэмцээнд орохын тулд бүжиг заалгадаг байсан. Багш маань үргэлж хүүхдүүдэд шинэ бүжиг дэглэж өгнө. “Нэг бүжгийг олон удаа бүжиглэхээр урын сан шавхагддаг. Битгий хүний өмнө нь байсан бүжгийг бүжиглэ” гэж байнга хэлдэг байсан. Багшийн “өөрсдөө бүжгээ дэглэж тэмцээнд оролц” гэсэн зарчим бүжиг дэглээч болоход минь нөлөөлж, хамгийн том үндэс болсон гэж боддог.

Бас театрын тайзны үнэр маш гоё байсан. Дотогш орохоор бүжиглэмээр ч юм шиг, үсэрмээр ч юм шиг мэдрэмж төрүүлдэг ховстогч үнэртэй. Уран бүтээлчдийн хөлс, хөдөлмөр тэр тайзтай холбоотой болохоор тийм биз. Энэ мэт урлагийн сүнслэг чанар намайг урлаг руу хөтөлсөн.

-Анхныхаа цалингаар юу авч байсан бэ?

-120 мянган төгрөг авч байсан санагдаж байна. Гэхдээ хамгийн инээдтэй нь наадам болохын өмнөхөн цалин буусан юм. Цалингаа авчхаад бөөн баяр, банкнаас бүх мөнгөө аваад цүнхэндээ хийчихсэн. Гэтэл бэлтгэлээ хийчихээд ирсэн чинь цүнх алга болчихсон байсан. Хамгийн анхны цалингаа өөртөө шингээж чадахгүй хүнд “бэлэглэчихсэн” гэх юм уу даа.

May be an image of 1 person, standing and outdoors

-Нээрэн саяхан “Азийн урлагийн наадам”-д оролцож, хүрэл цом хүртсэн байсан. Мөн таны шавь тус наадмаас тусгай диплом хүртсэн байсан. Ер нь олон улсын уралдаан тэмцээнд ямар шалгуураар оролцдог вэ?

-Цар тахлын үеэр болохгүй юм байна гэж бодож байсан ч бүтээл хүлээж авах сүүлийн өдөр нь “Монгол арт агентлаг”-ийн захирал холбогдож, наадмын тухай мэдээ дуулгасан. Хүмүүс “Би ийм зэрэглэлийн тэмцээнд ордог, тиймд ордоггүй” гэж ярьдаг. Миний хувьд бол бүх тэмцээн том. Ямар нэгэн байдлаар сургамж өгдөг. Дурсамж үлдээдэг. Тэр тусмаа ардын урлагын наадам, тэмцээнүүдэд орох дуртай. Миний туйлын хүсэл бол ардын урлагаа сурталчлах. Ардын урлагийг яаж сурталчилж яаж залуулаг болгох вэ гэж байнга бодож явдаг. Хүмүүс ардын урлаг гэхээр хөгшин эсвэл хөдөөний хүн л сонирхдог зүйл гэж боддог.

Тэмцээн, уралдаанд оролцохдоо нэг их айхавтар цензур тавиад байдаггүй ч ганцаараа орж байгаа үедээ ямар, ямар бүжгийг төрлүүд байгааг нь, аль оронд болох гэж байгааг нь чухалчилдаг. Яагаад гэвэл бид өөрсдөө тэмцээн, уралдааныхаа зардлыг даадаг болохоор.

-Сүүлд оролцсон наадамд онлайнаар болсон гэсэн. Цаг тулчихсан байхад танд хэлсэн юм билээ. Бэлэн байсан бичлэг өгсөн гэсэн үг үү?

-Тийм ээ. Ер нь бүжигчид ямар ч олон улсын уралдаанд хамгийн эхлээд бичлэг хийж явуулдаг. Бичлэгээс сонгогдсон хүмүүст нь урилга явуулдаг. Тэгэхээр бидний бичлэг бэлэн байдаг. Шинэ уран бүтээлүүдээ бичиж аваад хадгалчихдаг юм.

-Ер нь та шагналаас кайф мэдэрдэг үү?

-Шагналын мөнгөө хадгалаад дараагийнхаа тэмцээнд хуримтлуулдаг болохоор “ашгүй дээ, ахиад нэг тэмцээнд оролцох боломжтой боллоо” л гэж боддог. Хувцас, ая гоё байхгүй бол Монголын нэр, Монголын бүжгийн урлагийн хөгжил ямар байгааг надаар төлөөлүүлж шүүгч нар хардаг болохоор чадлынхаа хэрээр хичээдэг. Бүжгийн хувцас гэхэд л нэг сая, гоё ая хийлгэе гэхэд 5-6 сая болно. Асар их хөрөнгө хэрэгтэй болдог. Зарим үед цалингийн зээл аваад явна. Ер нь тэгээд тэмцээн уралдаанд оролцож, шагнал авахдаа бол гол нь биш. Монголын бүжгийн урлагийн хөгжлийг л харуулж, мэдрүүлэхийг л эрмэлздэг.

-Эх орноо дэлхийд сурталчлаад явж байгаа, Монголыг төлөөлж олон улсын тэмцээнд оролцож байгаа уран бүтээлчдийг улсаас яаж дэмжвэл зүгээр вэ. Дэлхийд Монголыг таниулах хүсэл байвч мөнгөгүйдчихээд байгаа залуус олон бий?

-Уг нь манай төр бодлогоороо дэмждэг. Гэхдээ ганц балетын урлагийг дэмждэг. Ардын урлагаа мартчихсан. Магадгүй үүнд бүжигчдийн алдаа байгаа байх. Бид “Соёлын яам”-тай холбогдоод “Ардын урлагийн ийм наадмуудыг А зэрэглэлд оруулж, байр эзэлсэн хүмүүсийг тэдэн төгрөгөөр урамшуулна” гээд уг нь бичиг өгч болох л юм.  

-Та “тогоонд” нь байгаа хүний хувьд энэ бичгийг хүргүүлж болох юм биш үү?

-Өнгөрсөн сард Ерөнхий сайдын болоод Соёлын яамны дэргэдэх “Монголын бүжгийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл” гэж байгуулагдсан. Уг зөвлөлийн даргаар нь би томилогдож, багаа бүрдүүлээд явж байна. Ихэнх асуудлууд аль нэг даргын ширээн дээр очоод цааш хүрдэггүй байсан. Харин энэ зөвлөл бидэнд маш том гарц болж өгөх байх. Дээр ярьсан асуудлуудыг зүгээр ярих биш хийж эхэлнэ гэсэн үг.

-Та дээр бүжгийн урлагийн хөгжил гэлээ. Манай бүжгийн урлагийн хөгжил ямар түвшинд яваа гэж боддог вэ?

-Яахав миний харж байгаагаар монгол бие бүжиг язгуур зүйлээ үнэхээр сайн хадгалж яваа. Суурь сайтай болохоор хөгжил маш хурдан явагдана гэж боддог.

-Танд гадаадаас ажлын санал их ирдэг гэж сонссон. Та яагаад зөвшөөрдөггүй юм бэ?

-ХБНГУ болон Бразилаас ажлын санал ирж байсан. Энд хийх юм маш их байгаа болохоор зөвшөөрөөгүй. Надтай, надгүй хийгдэх л байх л даа. Гэхдээ өөрөө гар бие оролцохыг манлайлахыг, уриалахыг хүссэн. Хоёрдугаарт, би өөрийгөө болоогүй байна. Надаар Монголыг таних учир жаахан боловсорч байж сонголт хийе гэж бодсон. Бразил гэхээр яг үнэндээ бүжиг биш хөл бөмбөг л санаанд ордог. Харин ХБНГУ миний байх ёстой газар биш санагдсан. Учир нь дөнгөж очоод  10 хоноход аймшигтай уйтгартай байсан.

-Одоо ажлын санал ирвэл зөвшөөрөх үү?

-Одоо ажлын санал ирэх бол тухайн газраа мэргэжлийн байгууллага уу, сонирхогчийн байгууллага уу гэдгийг нь хамгийн түрүүнд харна. Мэргэжлийн байгууллага бол явна. Учир нь “Сүлд” чуулгад орохдоо би гурван жилийн гэрээ хийж байсан. Гэрээ маань дуусаж байгаа. Ажиллах хугацаандаа юу, юу хийх вэ, юунд хүрчхээд ажлаа өгөх вэ гэж төлөвлөсөн байсан. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Тиймээс гадагшаа явж ажиллаж, их юм сураад монголчууддаа зааж, түгээнэ.

-Асуух гэж байгаад мартчихжээ. Олон улсын тайзан дээр гарах Монголын тайзан дээр бүжиглэх хоёрын ялгаа нь өөрт тань хэрхэн мэдрэгддэг вэ?

-Олон улсын тайз маш том. 2017 онд БНСУ-ын тэмцээнд оролцохоор очиход тайз нь миний төсөөлж байснаас хэд дахин том байсан. Тэр том тайзыг яаж дүүргэнэ гэдэг айдас хамгийн түрүүнд ирж байсан. Тайз дүүргэж бүжиглэх тусмаа өндөр оноо авдаг. Тэгэхээр надаас асар их хариуцлага шаардаж байгаа юм. Ер нь тэгээд хилийн дээс алхлаа л бол миний нэр “Монгол”. Түүнээс “Хөөе, Дамчаа” гэж хэн ч дуудахгүй “Хөөе, Монгол оо, Монгол бүжигчин” гэж дууддаг болохоор дэлхийн тайз өндөр хариуцлага байдаг. Төрийн далбаагаа ил бариад огшихгүй ч гэсэн шагнал аваад зогсож байхдаа Төрийн дууллаа байнга зүрхэндээ эгшиглүүлж явдаг. Ер нь тэгээд би чинь Төрийн дууллаа дуулах болгондоо уйлдаг хүн шүү дээ.

-Одоо бол сандрахаа байчихсан биз дээ?

-Анх бүжиглэж сурч байхдаа их сандардаг байсан. Одоо бол харьцангуй сэтгэл зүйгээ удирдаад, бэлтгэлээ хангаад сурчихсан. Ер нь олон улсын тэмцэээнд ороход сэтгэл зүйгээ бэлдэх их чухал байдаг. Тийм ч учраас надад одоо яана аа гээд сандраад байдаггүй.

-Олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Өнөөдөр ямар нэг улсад тэмцээнд оролцлоо гэхэд маргаашнаас нь дараагийн тэмцээндээ сэтгэл зүйгээ бэлдэж эхэлдэг. Сэтгэлийн хөөрөлд автахгүй, бэлтгэлээ маш сайн хангах л чухал. Бэлтгэл дээр муу байж байгаад тэмцээн дээр “ална” гэж хэзээ ч байдаггүй л байхгүй юу. БНСУ-д болсон тэмцээний өмнө зарим улсын бүжигчид хажууд нь сүртэй, сүртэй хөдөлгөөн хийнэ. Зарим бүжигчид тэднээс сүрдчихдэг. Ингэж болохгүй. Энэ хүний дотор нэг хүн байгаа. Миний дотор нэг өөр хүн байгаа. “Миний бүжиглэхийг л хүн харах гэж байгаа болохоор би үзүүлбэрээ л сайн үзүүлэхэд болно” гэж хэлж, сэтгэл зүйгээ бэлддэг. Би шавь нартаа хүртэл хэлдэг юм. “Чиний бүжиглэж байгаа энэ бүжгийг чамаас өөр хэн ч хийж чадахгүй. Чи л хамгийн төгс хийж чадна. Харин чи үүнийг төгс хийхийн тулд өөртөө төгс итгэлтэй байх ёстой” гэж. Ер нь тэгээд өөрийнхөө Сэтгэл зүйг хурцалдаг хамгийн том зүйл бол “зөвхөн чи л чадна” гэдэг үг.

-Бүжиглэж байгаа үедээ тэгэхээр өөртөө төгс итгэлтэй байдаг байх нь. Бусад үед өөртөө хэр итгэлтэй байдаг вэ?

-Амьдралдаа, хийсэн сонголтууддаа, ер нь бүх зүйлд маш итгэлтэй байдаг. Аав, ээж маань ч багаас минь надад ингэж сургасан. Ямар нэг шийдвэр гаргахдаа аав, ээжээсээ асуухад “Хийсэн сонголтодоо хариуцлагатай бай. Өнөөдөр бид дэргэд чинь байгаа ч маргааш байхгүй байж ч мэднэ. Амьдрал бол таашгүй. Тийм болохоор бүх сонголтоо өөрөө хийх чадвартай байх хэрэгтэй” гэж хэлдэг. Эргэлзэлгүй хэлье. Би бүх сонголтондоо итгэлтэй байдаг.

-Аав, ээжийнхээ тухай яриач?

-Манайх Баянхонгор аймгийн Баянцагаан сумын айл. Аав бөх барилдана, машин жолоодно, гагнуур хийнэ. Ер нь тэгээд хийхгүй юм гэж байхгүй. Хүсэл биелүүлэгч шиг хүссэн бүхнийг минь хийж өгдөг байсан. Харин ээж маань намайг үргэлж сэтгэлээр дэмждэг. Өөртөө итгэлтэй байхыг надад үргэлж, үлгэрлэнэ. Ер нь аав, ээж хоёр минь миний хамгийн том дэмжигч, ар тал байж чаддаг. Надад хайраа өгчхөөд хэзээ ч эргүүлээд нэхдэггүй тийм хүмүүс байдаг юм.

May be an image of one or more people, people standing and outdoors

-Саяхан “Rock shoot” арга хэмжээнд оролцсон байсан. Хувцаслалт тань их анхаарал татсан. Тэр өдөрт зориулж хувцаслаж очсон уу?

-Энэ арга хэмжээнд урамшиж очих болсон нэг шалтгаан бий. Сөүлд долоо хоногт нэг удаа, эсвэл сард нэг удаа “Fashion week” нэртэй арга хэмжээ болдог. Тэр арга хэмжээнд залуус өөрийнхөө өмсөхийг хүссэн хувцсаараа гоёж ирдэг. Би тухайн арга хэмжээнд очих дуртай байсан. Мэдээж тэдэн шиг лаг ертөнцтэй байгаагүй. Ер нь хүн өөрийнхөөрөө байвал ийм гоё байдаг юм байна гэдгийг тэндээс ойлгож авсан. Тэгээд Монголд ийм арга хэмжээ болоосой гэж битүүхэн хүсэж байсан. Уг арга хэмжээний зарыг харчхаад зорин, зорин очсон. Тухайн өдөр өмсөж очсон хувцас бол миний өдөр тутамдаа өмсдөг хувцас. Зүгээр алхаж байгаа агшныг буулгаж байгаа нь гоё.

-Өөрөөрөө байгаа агшнуудыг л буулгасан гэж үү?

- Угаасаа би мэргэжлийн моделиуд шиг зогсож чадахгүй. Яг л өөрөө байгаа агшнууд гэж хэлж болно.

-Өнөөдрийнх шиг бороотой, бүүдгэр өдөр юу өмсөөд гарахыг чухалчилдаг вэ?

-Миний энгийн үедээ хувцасладаг хувцаслалт классик. Загвараа өөрөө сонгож байгаад зарим зүйлийг нь өөрийн дураар өөрчлүүлж, захиалж оёулдаг. Надад бороотой өдөр, нартай өдөр өмсөх хувцас гэж байдаггүй. Унтахынхаа өмнө л юу өмсөхөө шийддэг. Зарим хүмүүс хувцасыг хэлбэр, загвар хөөж байна гэж магад. Би өөрөө контемпорари бүжиг бүжиглэдэг, бүжиг дэглээч хүний хувьд хувцаслалтаас, өөртөө итгэлтэй байгаа хүнээс уран бүтээл хийх хүсэл тэмүүлэл, урам зориг авдаг. Өөртөө итгэлтэй байгаа үедээ уран бүтээл хийхэд илүү бүтээлч байдаг.

-Итгэл өгдөг.

-Тийм. Итгэл өгнө. Хүмүүсийн ярьдгаар бол онгод өгнө. /инээв/

-Тус арга хэмжээнээс хойш “фото моделиор ажиллаач, манайхтай хамтраач” гэсэн ажлын санал ирсэн үү?

-Үгүй ээ. Гэхдээ загварын тайзан дээр алхах нууцхан хүсэл дотроо тээж явдаг. Нэг их өндөр биш ч гэсэн фото чиглэл рүүгээ орж, өөрийгөө харуулах юмсан гэсэн бодол тээж яваа. Орчин цагт моделиуд нэгэн хэвийн байхаа болчихлоо. Контемпорари бүжгийн мэдрэмж галбирыг харуулдаг болж. Энэ нь надад давуу тал болж өгөх байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Стой жимбигэр з�##�уу байна аа

Уншигч
Уншигч

25 настай гэхэд мундаг з�##�уу байна. Юм үзэж нүд тайлсан, гадуур дотуур явсан хүн ш�##� ондоо байгаа шүү. Ододтой бүжиглэе, Войс гэх мэт зөндөө шоунд орж байжээ

Хам
Хам

Жааханы л ганган цэвэрхэн хээнцэр хүү байсымоо

Зочин
Зочин

их хөөрхөн цэвэрхэн з�##�уу. цэргийн хувцас их гоё зохино. Ган чимэг гавьяатай орсон нэвтрүүлгээр харж байсан .

bit.ly

I enjoyed this. Thank you.

Холбоотой мэдээ

Back to top button