100 буудалт шатрын холбоог байгуулсан А.Батзориг: Дэлхийн оюуны спортын төрөлд оруулах хүсэлт манайд ирсэн

Дэлхийн 100 буудалт шатрын холбоог Монголд байгуулахад оролцсон Эртний шатар судлаач Аюушийн Батзоригтой ярилцлаа. Тэрбээр Эртний шатар сэдвээр Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар болжээ.
-100 буудалт “Ишт” шатар долоон дүрстэй бөгөөд Хааны хажууд шадар цэрэг байрладаг-
-100 буудалт шатар хаана, хэзээ үүссэн бэ?
-Шатрыг яг хаана үүссэн бэ гэдэгт Шинжлэх ухааны үүднээс хариу өгөх боломжгүй. Харин ямар ард түмний өвөг дээдэс эхэлж наадаж байсан бэ гэдэгт хариулт өгч болно. Дэлхийн олон улсуудад шатрыг өөриймшүүлэх гэсэн оролдлого 150 гаруй жилийн туршид үргэлжилсэн. Бүх ном сурах бичигт 1500 жилийн өмнө Энэтхэг улсад, Чагтрунга гэх тоглоомоос үүссэн хэмээн тэмдэглэгдсэн. Гэвч анхдагч эх сурвалжуудыг бодитоор нь судлаад үзэхэд энэ мэдээлэл үгүйсгэгдэнэ.
Английн эрдэмтэн Мурей “Шатрын түүх” номдоо Чагтрунга гэх үгийн утгыг “Хиндигийн армийн бүтэц” гэж тайлбарлаж, бидний мэдэх шатартай ямар ч холбоогүй болохыг батлан тэмдэглэсэн байдаг. Энэхүү 14 жилийн судалгааны ажлаа1913 онд хэвлүүлж байсан нь хожмын таван удаагийн хэвлэлд энэ агуулга орхигдсон байдаг юм. Иймээс л шатар Энэтхэгээс үүссэн хэмээн ташаа ойлголт өнөөдрийг хүртэл явсаар байгаа нь харамсалтай хэрэг. Энэхүү Чагтуранги гэх утгыг илэрхийлдэг Махабхарата гэх сударт шатар мэт тоглоомны тухай биш Хиндигийн армын дөрвөн хэлбэрийг л бичсэн нь байна.
Манай улсаас 2000 гаруй жилийн түүхтэй шатрын олдвор олсон. Энэ нь одоогийн Монголын газар нутаг дээр амьдарч байсан бидний өвөг дээдсүүд анхдагчид байдлаар шатар тоглож байсан гэдгийг нотлох томоохон баримт юм. Тус олдворыг МУ-ын ШУА-ын археолгийн хүрээлэнгийн археологч Ч.Ерөөл-Эрдэнэ 2001 онд Архангай аймгийн Хайрхан болон Эрдэнэмандал сумын заагаас Гол Мод 1 гэх Хүннүгийн язгууртны 1 тоот булшнаас олсон. Тус шатрын хөлгийг Франц улсад он цагийг тодорхойлж үзэхэд, МЭ-ний 50 он буюу 2000 орчим жилийн настай болох нь тогтоосон.
Мөн шатрын хамгийн анхны хэлбэр нь шагайн наадгай юм. Энэ нь маргах аргагүй, нотлох шаардлагагүй үнэн.
-64 буудалт шатраас ямар ялгаатай вэ. Дүрс нэмэгдсэн гэсэн үг үү?
-64 буудалт шатар бол тэрэг, морь, тэмээ, бэрс, ноён болон хүү гэсэн зургаан дүрстэй. Харин 100 буудалтай “Ишт” шатар долоон дүрстэй юм. Сонирхол татах нэмэлт дүрс бол Хааны хажууд байрлах "Үгэчи хашиха" буюу шадар туслах цэрэг юм.
100 буудалт шатар хоёр бэрстэй, арван хүүтэй, нэмэлт шадар баатар гэх бодтой. Тэр бод нь бэрс шиг, бас морь шиг нүүдгээрээ илүү онцлогтой. Бусдаар бол эртний монгол шатрын дүрэмтэй яг адилхан. Гарааны хүүний нүүдэл нь нэг, хоёр эсвэл гурав байж болно. “Ишт” шатарт сэлгээ гэж байдаггүй. Гэхдээ орчин үеийн байдлаар бид сэлгээ хийж болно гэх дүрмийг нэмэлтээр оруулсан.
Мөн хар талаас түрүүлж нүүдэг. Яагаад гэвэл дайны сүлдтэй бүтэн шатар учраас хар нь дайсагнагч, цагаан нь газар нутгаа хамгаалагч энхийн талыг илэрхийлдэг. Ингэхдээ зөвхөн ноёны өмнөөс нүүдэг нь одоо үе оновчтой бус байсан тул энэ дүрмийг хассан гэж ойлгож болно. Хааны урдаас бус өөр нүүдлээр эхэлбэл “Хааны өмнөөс гөлөг хуцууллаа” гэх ёгт утга гарч ирдэг. Ингэж нүүх нь монгол шатрын хувьд Мэндийн гараа хэмээн нэрлэдэг байжээ.
-Тэгэхээр нүүдлийн хувилбарын тоог нэмэх юм байна шүү дээ?
-64 буудалт шатрыг дундаж хурдатгал 27 минут байдаг. Харин 100 буудалт шатар урт хөлийн олон бодтойгоос мөн гараанаасаа шууд довтолж эхэлдэг учир илүү богино хугацаанд тоглох боломжтой. Учир нь, 64 буудалт шатрын гарааны хувилбар 20 бол “Ишт” шатрынх 36 байдаг.
8х8 хэмжээт хөлөг дээрх шатрын нүүдлийн нийт хувилбар аравын 151 зэрэгтэй тэнцэнэ. Энэ нь дэлхий дээрх бүх молекулын тооноос их. Гэтэл 100 буудалт шатар үүнээс их нүүдэлтэй учраас ямар их боломж байгаа нь анзаарагдах байх.
Хамгийн том ялгаа нь 64 буудалт шатарт 66 хүч өрсөлддөг. Харин 100 буудалт шатарт 200 хүч, 100 нүдний талбайгаа булаацалдаж тоглодгоороо ялгаатай. Түүхийн эх сурвалжийн хувьд “Ишт” шатар 800 жилийн настай байж болохоор байна. “Хиа” шатрын тухайд 600 орчим жилийн түүхтэй гэх баримтуудыг олсоор байгаа. Эл шатар нь “Ишт”-ээс ялгаатай нь урамгүй шатрын хувилбараар нүүдэг 100 буудалт шатар юм.
Говь-Алтай аймгийн Шарга сумын “Хамтын хүч” баригадын шатрын хөндий, шатрын ам гэдэг газар одоог хүртэл амьдарч байгаа Т.Найдан гэх хүний удмынхан бий. Өнөөдрийн байдлаар тоолоход 1200 гаруй хүнтэй энэ удмын өндөр настнуудаас ярилцлага, угсаатан зүйн судалгаа хийсэн. Тэдний дундаас “Хөх өвгөн сахиустай, хөх модон шатрын тууль”-ийг олсон нь шатрын түүхэнд том баримт гэж ойлгож болно.. Бид одоогоор 99-н бадгаар уг туулийг эмхэтгэж, бүртгэсэн.
“Ишт” шатрыг тойром хэлбэрээр тоглодог байсан бас нэгэн баримт олдоод байна. Энэ тухай Эртний монгол шатрын нэвтэрхий толинд илүү дэлгэрэнгүй өгүүлэх болно. Шатрыг хоёр хүн тоглодоггүй, 20 хүн тоглодог гэх манай өвөг дээдсийн яриа нотлогдож байгаа юм.
-Манай улсад энэ шатрыг 10 мянган хүн тоглодог-

-Өнөөдрийн байдлаар 100 буудалт шатрыг хэдэн хүн тоглож байна?
-2019 онд ЮНЕСКО-д албан ёсоор хүсэлт гаргахад Монгол Улсын хүн амын 0.00002 (тэг арван мянганы хоёр) хувь нь мэдэж байвал мартагдах дөхсөн соёлын ангиллаар бүртгэх боломжтой гэх хариу өгсөн. Тэр үед Монгол Улсын хүн ам 3.2 сая байсан. Тэгэхээр багадаа 640 хүн энэ шатрыг тоглодог байх ёстой юм. Эдгээр хүмүүсийг бүрдүүлэх, олох эрэлд гарахад 100 буудалт шатрыг мэддэг хүн 6000 гаруй байгаа хэмээн судалсан. Тухайн хүмүүс Архангай, Хэнтий, Говь-Алтай аймгуудад мөн Улаанбаатар хотод амьдардаг.
Үүний дараагаар бид Дэлхийн 100 буудалт шатрын холбоогоо Улаанбаатар хотод байгуулсан. Одоогоор манай 100 буудалт шатрыг дунджаар 10 мянган хүн мэддэг. Одоогоор ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлж амжаагүй байна.
-Дэлхийн 100 буудалт шатрын холбоог үүсгэх юм билээ?
-Монголын 100 буудалт шатрын холбоо өнөөдрийн байдлаар албан ёсоор нээлтээ хийгээгүй. Нээлтээ хийх оновчтой цаг хугацааг бид эрж байна. Ямар нэгэн маргаангүй байлгахын тулд бүрэн гүйцэт судлахад зургаан жилийг зарцуулсан. Энэ хугацаанд 100 буудалт шатрын зохиогчийн эрхийг, мөн тамгатай хөлөгний загварын патентыг, шатрын туульсийн зохиогчийн эрхийг манай “Дэлхийн 100 буудалт шатрын холбоо” авсан.
Цаашдаа гадаадын бусад оронд патентаа алдахгүйгээр Монголдоо өөриймшүүлж, өвлүүлж үлдээх зорилготой. Бидний өнөөдрийг хүртэл хийсэн ажил бол эхлэл юм. Олон нийтэд албан ёсны үйл ажиллагаагаа удахгүй танилцуулна.
Бид дэлхийн шатрын спорт, шатар судлалын салбарт бид албан ёсоор өөрсдийн байр сууриа олохыг эрмэлзэж байгаа. Дэлхийн оюуны спортын холбоо Англи улсын Лондон хотод байрладаг. Тухайн холбооноос 100 буудалт шатрын төрлийг оюуны спортын төрөл болгох албан ёсны хүсэлтийг бидэнд илгээгээд байна.
Оюуны спортын олимпийн төрөл болгохын тулд, судалгаа шинжилгээний ажлыг төрөл бүрээр нь хийх шаардлага тулгарсан. Мөн 100 буудалтай шатар нь монголчуудын бахархалт өв соёл гэдгийг олон нийтэд зарлан тунхаглах, түүнийгээ соёлын өв болгон батлуулах зэрэг ажлуудыг хийж байна. Удахгүй үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Олон нийтийн дунд уралдаан тэмцээн зохиож байв уу?
-Шатар бол спорт, өв соёл, хүмүүжил гэх гурван агуулгыг багтаадаг. Уралдаант тэмцээн зохион байгуулна. Бид мастеруудын болон сонирхогчдын дунд цөөнгүй тэмцээн уралдаан зохион байгуулж байсан удаатай. Тэдгээр тэмцээнүүд явцуу жижиг хүрээнд болсон тул олон нийт мэдээгүй өнгөрсөн.
-Шинээр сурах сонирхол бүхий иргэд хаана хандах вэ?
-Монголын 100 буудалт шатрын холбоо Сансарын И-Март худалдааны төвийн ард, хуучин Анод банкны барилгын хоёр давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. Тус холбоонд очсоноор 100 буудалт шатрын талаарх мэдээлэл, сургалтад хамрагдаж улмаар тэмцээн уралдаанд оролцож болно. Ерөнхийлөгчийг нь н.Төгөлдөр гэдэг.
-"Хамгийн удаан хийсэн гэрийн даалгавар" ангиллаар Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр материалаа илгээсэн-

-100 буудалт шатрыг яагаад судлах болсон бэ?
-1992 онд гоц авьяастан 93-р сургуулийн есдүгээр ангийн сурагч байлаа. Тэр үед бидэнд Жадамбын Төмөрхуяг багш маань Дизайн гэх хичээл ордог байсан. Манай багш хүүхэд тус бүрд өөр өөр төрлийн даалгавар өгч ажилладаг онцлогтой. Нэг өдөр багш ангийн номын санд байсан 64 буудалтай шатрыг гаргаж тавиад "Чи энэ шатрын хүчний харьцааг тооцож ирээрэй" гэх даалгаварыг өгсөн юм. Би тэр үед даалгавраа аав, ахтайгаа хамтарсан ч хийж чадаагүй. Хожим нь би 40 гарсан хойноо тухайн даалгаврыг санаж, компьютерийн программ ашиглан, 64 буудалт шатрын хүчний болон хөлөгний харьцааг бодож гаргасан. Би нээлт хийсэн юм шиг баярлаж, хөөрч явлаа. Гэтэл маш их нууцлаг, мартагдах дөхсөн 100 буудалт шатар байсныг мэдээд "Ишт" болон "Хиа" шатрыг судлах ажил маань эхэлсэн.
Мөн хоёр жилийн өмнө "Хамгийн удаан хийсэн гэрийн даалгавар" гэх ангиллаар Гиннесийн номонд материалаа илгээсэн юм. Одоогоор судлаж байгаа.
-Танай холбоо хаанаас санхүүждаг вэ. 100 хувь эрх нь танай дээр байдаг уу?
-Дэлхийн болон Монголын холбоод аль аль нь нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага. Бид ашгийн үйл ажиллагаа эрхэлдэггүй. Өнөөдрийг хүртэл сайхан сэтгэлт найз нөхөд, өв соёлоо гэсэн хүмүүсийн тусламжаар өнөөг хүрлээ. Цаашдаа санхүүгийн боломж сайжирна гэдэгт итгэлтэй байгаа.
-Шатрын спортын багш, сурагчид нийт сонирхогчиддоо өгөх зөвлөмж мэдээлэл өгөөч?
-"Шинжлэх ухаан үнэн мэт хэвшмэл худлыг хэзэ энэгэн цагт олж залруулдаг жамтай" гэж доктор Ч.Эрдэнэ гуай хэлсэн байдаг. Шатрын түүхийн гашуун үнэнг туулж өнгөрүүлсэн зам мөртэй нь зөвөөр нь зааж сургаж, зөвөөр нь ойлгож аваасай гэж хэлмээр байдаг. Шатрын анхдагчид бол монголчуудын өвөг дээдэс юм. Үүнийг батлах маш олон түүхийн эх сурвалж, баримт бидэнд байна. Тун удахгүй эртний монгол шатрын нэвтэрхий толийг та бүхний гар дээр өргөн барина гэдгээ хариуцлагатайгаар хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миний бие Хөвсгөл нутгийн уугуул иргэн. Инженер - багшийн мэргэжилтэй бөгөөд одоогоор Берлин хотын суугуул нэгэн билээ. Би сурагч ахуйгаасаа шатар сонирхож "Шатрын хорхойтон" болсон бөгөөд энэ т�##�аар хожим бодит баримтаар дэлгэрэнгүй ярих болно. 2006 онд Берлин хотод Улаанбаатар нэртэй төрийн бус байгууллага санаачлан байгуулаад эх орныхоо түүх, монголчуудын өв соёлын үнэт баялаг болон нүүдэлчдийн соёл иргэншлийг европын холбооны орнуудаар дамжуулан дэлхий нийтэд таниулан сурт�##�члах чин сэтгэлээсээ чадах ядахаараа хичээнгүйлэн зүтгэж явна. Хоёр жилийн өмнөөс өөрийн оюутан цагаасаа гишүүн нь болсон нэгэн шатрын клубийн найзаасаа 100 бууд�##�т шатрын т�##�аар мэдээлэл аваад машид сонирхон нэгийг санаж, хоёрыг яваа болохоор О.Ононгийн энэхүү сурв�##�жлага ёстой л "Загатнасан газар маажих" шиг боллоо. Сайхан мэдээлэл нийтэлсэн маш их баярл�##�аа. Буян чинь дэлгэрэх болтугай. Цаашдаа Э-майлээр холбогдох байх гэдэгт итгэлтэй байна. Мөн А. Батзориг болон Ч.Ерөөл-Эрдэнэ нартай танилцуулж өгөхийг эрхэмлэн хүсэж байна.
Биендээ тус дэм болж монгол туургатныхаа үнэлж баршгүй их өв соёлыг хайрлан хамга�##�ахын төлөө хамтдаа зүтгэцгээе. ????????????????????????????