Л.Мөнхзаяа: Би хүүхдүүдэд туслаад байна уу гэхээр, хүүхдүүд ч бас надад тусалж, намайг усалдаг

Бүтээл гэдэг нь хүний дотоод сэтгэлээс урган гарч, оюун ухаанаар чиглүүлэгдэн, авьяас чадвар, мэдрэмж, хөдөлмөрийн нэгдлээр бодит хэлбэрт орсон үнэ цэнтэй зүйл билээ. Энэ нь зөвхөн техникийн гүйцэтгэл бус, сэтгэл зүрх, төсөөллийн хүч, үзэл бодлын илэрхийлэл байдаг. Ялангуяа хүүхдүүдийн бүтээл эхэндээ ямар ч хязгааргүй сэтгэмжээр эхэлж, төгсгөлдөө "Уран" бүтээл болж гүйцдэг нь бүтээл гэдэг ойлголт зөвхөн хийц биш, харин дотоод ертөнцийн илэрхийлэл гэдгийг харуулж буй.
Өнөөдөр "Бид НАР" үзэсгэлэнг зорин очиж үзлээ. Булган аймгийн Булган, Хутаг-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос нийт 30 хүүхдийн бүтээлээр энэхүү үзэсгэлэн тавигдаж байгаа ба бага, дунд, ахлах гэсэн насны ангиллаар хуваагдан хоёр газар бүтээлүүд дэлгэгджээ. Эхний очсон үзэсгэлэн бол бага ангийн сурагчдын бүтээл байлаа. Танхимаар ороход л гэгээ мэдрэгдэв. Зураг бүрийн өмнө зогсоход хүүхэд бүр юу мэдэрч, юуг хайрлаж, юунд итгэж зурсан нь мэдрэгдэнэ. Тэр мэдрэмжийг хамгийн тод илэрхийлсэн бүтээлүүд бол хөвгүүдийн зурсан морины зургууд байлаа. Морь бүр өөр өөр өнгө, бүтэцтэй. Тоос нь хүртэл өнгө аяс, хөдөлгөөнтэй, сэтгэлээсээ зурсан нь илт. Ерөөс хийсвэрлэл бус. Харин үнэн, амьд, сэтгэлийн гүнээс гарсан бүтээлүүд байв. Морь гэдэг амьтан тэдний хувьд зүгээр ч нэг зүйл биш, харин амьдралынх нь нэгэн хэсэг. Мориндоо хэчнээн хайртай, дотно ханддаг нь зургийн нарийвчлал, өнгөний мэдрэмж, уран дүрслэл бүрээс илт мэдэгдэж байлаа. Морины хүүхэд л морио ингэж мэдэрч чадна гэдэг үнэн аж.


Хөвгүүдийн бүтээлээс морьдын шороо, тал нутгийн үзэсгэлэнг мэдэрсний дараа охидын зургууд руу анхаарал татагдав. Тэдний зурсан зураг нэг л тийм энхрий, уян зөөлөн. “Этгээдхэн хот” нэртэй томоохон бүтээл дээр хүн бүрийн нэрний ард “хан”, “хэн” залгажээ. Сургуулийн захирал “Түмээхэн”, хотын дарга “Заяахан” гэх мэт. Энэ бол зүгээр нэг дүрслэл биш, сэтгэлд гэгээ татуулсан зөөлөн хошигнол, хүүхдийн эрх чөлөөт төсөөлөл. Нэг зураг дээр “хайртай” гэдэг үгийн “Й” үсэг гээгдсэн байв. Харин “А” ба “Р” үсгийн дээр жижигхэн “й” үсгээ үлдээснийг хараад сэтгэл нэг л өөр мэдрэмжээр дүүрлээ. Энэ бол уран бүтээл дэх эрх чөлөө баригдмал бус, хязгааргүй сэтгэлгээ ажээ. Сэтгүүлчийн доторх нууцхан хүслийг гогодоод авсныг нуух юун. Хэн ч үүнийг буруутгахгүй, зэмлэхгүй. Өөрөө өөртөө л үнэн байхад хангалттай. Тэдний зурсан багшийн хөрөг хүртэл зүгээр нэг дүр төрх биш, багшийн зан араншин, халамж, инээмсэглэл, бүхэл сэтгэлийг багтаасан бүтээл болсон нь мэдэгдэнэ.


Хүүхдүүдийн бүтээл бүр өөр өөрийн аяс, өнгө, мэдрэмжтэй ч, бүгд л өргөн сэтгэлгээ, баригдмал бус уран дүрслэлтэй байлаа. Байгалийн дүрслэлд ч ялгаа байсангүй. Хөвгүүд, охидын аль аль нь тал нутгийн хаяа, уул ус, нар салхи, адуу мал гээд хөдөө нутагт өсөж торнисон сэтгэлээ зургандаа шингээжээ. Тэдний бүтээл гэдэг зүгээр нэг зураг биш өөрийгөө ойлгох, бусдад мэдрүүлэх, үнэнийг дүрслэх илэрхийлэл юм. Яг үнэндээ өөртөө үнэн байх л хамгийн чухал зүйл гэдгийг тэд биднээс түрүүлээд ухаарчээ.
Харин дунд, ахлах ангийн сурагчдын үзэсгэлэн шууд л өсвөр нас руу минь хөтөллөө. Үүн дундаас жишээ болговол, "Гуравдугаар ангийн жаахан охин байсан үе. Тэр жилийн төрсөн өдрийн минь бэлэг тийм ч гоё бэлэг байгаагүй юм. Аав минь миний ноолорч бөөсөрсөн дүрэмт хувцсыг цэмцийтэл цэвэрлэж, нэг бүрчлэн бөөсийг нь түүсэн байлаа. Тухайн үедээ нэг их юм бодоогүй өнгөрсөн ч цаг хугацаа өнгөрөх тусам аавын минь бэлгийн үнэ цэн хязгаар нь үл мэдэгдэх тоо лугаа адил өссөөр буй юм. Ийнхүү би хайрыг чин үнэн сэтгэл, тун жижигхэн үйлдлээс ч мэдрэгддэг бөгөөд зүрх сэтгэлд авуурьд орших боломжтой гэдгийг ойлгосон юм Н.Ариунхишиг (XI анги, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ЭДЦС)" гэсэн бүтээл нүдэнд тусав. Том хүүхдүүдийн уран бүтээлүүд дотоод хүнтэйгээ хийсэн уулзалтаар дүүрэн байлаа. Тэдний бүтээл бүр өсвөр насны хязгааргүй эргэлзээ, өөрийгөө таних гэсэн хичээл зүтгэл, нийгэмд эзлэх байр сууриа эрэлхийлэх тэмүүллээр урган гарчээ. Хүүхэд насны хөөр баяр, томчуудын ертөнцийн хариуцлага, үл ойлголцлын завсарт тэд өөрийнхөөрөө сэтгэлээ уудалжээ.
Ийнхүү үзэсгэлэнгүүдийг үзэж явсаар бүтээл бүрийг чин сэтгэлээсээ хийхэд заавар, зөвлөмж өгч, сэтгэлээсээ дэмжиж ирсэн зургийн дугуйлангийн багш Л.Мөнхзаяатай уулзлаа. Түүний инээмсэглэл дүүрэн харц хүүхэд бүрийн бүтээлийг хайрлан сэтгэлээрээ мэдэрч байгаа нь илт. Контемпорари үзэсгэлэн, тэр дундаа концепцийн урлаг буюу материал хамаагүйгээр, зөвхөн мэдрэмж, санаагаа илэрхийлэхэд чиглэсэн бүтээлийн үзэсгэлэн нь онцгой байлаа. Хүүхдүүдийг дуртай зүйлээ ашиглаад, өөрийгөө илэрхийл гэж уриалаад, бүх зүйлийг нь чөлөөтэй орхиж, ямар ч хязгаар тогтоохгүйгээр урам өгдөг багшийн арга барил тэдний бүтээл бүрт мэдрэгдэж байсан юм. Ийнхүү түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Таныг "Хөдөөгийн сэргэлт" нэвтрүүлгээр анх харж байлаа. Та анх хэрхэн Булган аймагт очиж амьдрах болсон түүхээ бидэнтэй хуваалцаач.
-Би Итали улсад дээд боловсрол эзэмшээд, тэндээ долоон жил, найман сар болоод буцаж ирэх үедээ хотод ерөөсөө баймааргүй санагдаад хөдөө амьдрахаар шийдсэн. Өмнө нь амралтаараа Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ирж үзэж байсан юм. Тухайн үед надад маш их таалагдсан учраас шууд Хутаг-Өндөрт очиж амьдарч эхэлсэн. Ирсэн даруйдаа сургуульд багшаар ажилд орсон. Гэхдээ төрийн албаны ажил ерөөсөө таалагдаагүй. Гурван сар ажиллаад гарах гэсэн боловч сургуулийн захирал хавар болтол тэсээд ажиллаад өгөөч гэсэн учраас хавар болтол ажилласан.

-Зургийн дугуйлангаа хэзээ нээсэн бэ?
-Тухайн үедээ зургийн дугуйлангаа нээчихсэн байсан юм. Зун болоод зургаадугаар сард дугуйлангийнхаа хүүхдүүдийн үзэсгэлэнг хотод гаргасан. Тэр үедээ хүүхдүүддээ дасаад, бахархаад, салж чадахгүй болчихсон байсан. Тийм учраас дараа жил ч гэсэн үзэсгэлэнгээ гаргана гээд үргэлжлүүлэн хичээлээ заасан. Нэг ёсондоо дугуйландаа донтчихсон байсан/инээв/. Хүүхдүүд ч гэсэн цаг өнгөрөх тусам эергээр өөрчлөгдөж, түүнийг нь харах маш аз жаргал мэдрүүлсэн. Дугуйлан маань ямар ч үнэ төлбөргүй, хүүхдүүдээс юу ч гаргуулж, авхуулдаггүй. Хэрвээ зураг зурахад шаардлагатай материалаа аваад ирээрэй гэвэл хүүхдүүд дунд ялгаа гарах магадлалтай. Ийм зүйл байлгахыг хүсээгүй болохоор эхэндээ өөрөөсөө гаргаж авч өгдөг байсан бол одоо заримдаа хүмүүсийн хандиваар зургийн материалууд ирдэг.

-Хүүхдүүд хэр идэвхитэй явж, бүртгүүлдэг бол. Анги тамхимын хүрэлцээ?
-Хүүхдүүдээс юу ч шаарддаггүй, юуг ч тулгадаггүй учраас дугуйланд явах сонирхолтой, явдаг хүүхдүүд маш их бий. Бид цагт баригддаггүй, хоцорч, түрүүлж гарч болно. Зураг зурахгүй юм ярьж байгаад ч явах боломжтой. Тийм ч учраас хүүхдүүдийн очих дуртай дугуйлан болчихсон. Дугуйландаа бид "Хүчээр биш, хүслээрээ орж ирдэг дугуйлан" гэсэн нэр ч өгсөн. Бүртгүүлдэг нь 100 ч түүнээс хавь илүү давсан олон хүүхдүүд орж ирдэг. Багш нарын баяр ч юм уу баяр, ёслолын үеэр бүр ихэсдэг. Багшдаа, ээждээ, гэрийнхээ хүмүүст зураг зурж, өөрийн гараар бэлэг бэлдэх гээд хүрээд ирдэг. Манай дугуйлангийн өрөө 2x70-тай 5 метртэй их жижигхэн. Хамгийн ихдээ л 20 хүүхэд орж ирэхэд амьсгалах ч аргагүй болдог. Гэхдээ ийм өрөө байгаа нь их юм л гэж боддог. Өрөөндөө багтахгүй бол коридорт гарна. Бүр цаашлаад жижүүрийн сандал, ширээг ашигладаг. Хүүхдүүд ийм л идэвхтэй явдаг даа.
-Дугуйланд явсан хүүхдүүд хэрхэн өөрчлөгддөг бэ. Танд тэрхүү өөрчлөлтүүд мэдрэгддэг үү?
-Илүү зорилготой, чиглэлтэй болж өөрийгөө илүү сайн илэрхийлж сурдаг. Энэ жил үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн хүү "Надад одоо дахин оролцох боломжтой хоёр үзэсгэлэн байна" гэж тооцоолоод дараагийн бүтээлээ бодоод эхэлсэн гэж надад хэлсэн. Бас мэргэжил сонголтдоо анхаарч өөрийгөө танин, мэдэж эхэлдэг. Дугуйлангийн хүүхдүүдийн идэвхтэй явах нэг шалтгаан бий. Намайг явчих вий, алдчих вий гэсэн айдас хүүхдүүдэд байдаг. Уурлуулахгүй, гомдоохгүй гэж хичээдэг нь мэдрэгддэг. Би тэднийг айлгаж, дарамталж үзээгүй л дээ. Нүдэн дээр минь хүүхдүүд эергээр өөрчлөгдөхөд урам авч илүү эрч хүчтэй болдог. Нэг талаасаа би хүүхдүүдэд туслаад байна уу гэхлээр, нөгөө талаасаа хүүхдүүд ч бас надад тусалж намайг усалж байгаа юм л даа.

-Өмнө нь та хүүхэдтэй ойр байсан уу. Ямар нэгэн хүүхэдтэй харилцах туршлага бий юу?
-Ёстой хүүхдээс хол байсан. Одоо ч гэсэн дугуйлан дээрээ л хүүхдүүдтэйгээ харилцаж багш, сурагч шиг л байдаг. Зарим хүмүүс их амар зүйл боддог. Зун хүүхдээ явуулж болох уу. Бараг л хүмүүжүүлээд өг гэдэг. Манай гэрт хүүхдүүд шуугилдаан, би хүүхэд хараад байж байдаг зүйл байхгүй. Би чинь дугуйлангаа сайн дураараа хичээллүүлээд, хажуугаар нь ажлаа хийж амьдралаа авч явдаг шүү дээ. Үүнийгээ ч хүүхдүүддээ илэрхийлж хамт байх цагаа үр бүтээлтэй, жаргалтай өнгөрүүлээрэй гэдэг. Хүүхэдтэй ярилцаад загнахгүй байх тусам үгэнд ордог юм билээ.
-Шантрах зүйлүүд тохиолдож байсан л байх. Хамгийн их сэтгэлд тань үлдсэн эмзэглэл, шантармаар болсон шалтгаан гэж бий юу?
-Мэдээж байгаа. Хамгийн их шалтгаан нь болдог зүйл гэвэл хүмүүсийн хов, жив. Өөр зүйлд бол шантрахгүй.
-Булган аймгийн Булган, Хутаг-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос нийт 30 хүүхдийн бүтээлийг дэлгэсэн байна шүү дээ. Эдгээр сумуудыг сонгох болсон шалтгаан нь юу вэ?
-Хутаг-Өндөр сумаас 24 хүүхэд, Хөвсгөл, Булганаас тус бүр гурван хүүхдүүдийг үзэсгэлэнд оролцуулахаар бэлдэж, авчирсан. Яагаад эдгээр газраас сонгосон бэ гэхээр би өөрөө очоод байх боломжтой арай ойрхон газрууд юм л даа. Хөвсгөлийн "Ид шидийн оронд" очиж ес хоносон.Тэнд дугуйлангаа ажиллуулах боломж, нөхцөл нь таатай байсан. Мөн энэхүү үзэсгэлэнгээ "Венецийн биенналь"-тай адилхан хоёр жил тутам зохиогддог олон улсын хүүхдийн биенналь болгоно гэж бодсон. Тийм учраас цар хүрээгээ тэлэх эхний алхам болгож зөвхөн Хутаг-Өндөр сумын хүүхдүүд биш нэмэлтээр өөр газрын хүүхдүүдийг сонгосон. Хоёр жилийн дараа дахин зохион байгуулахдаа хөдөө, орон нутгийн алслагдсан аймаг, сумуудын хүүхдүүдийг сонгон авах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил гадаадад байдаг хүүхдүүдийг оролцуулах боломжтой эсэхийг асууж Австралиас хүн холбогдсон. Мэдээж болно шүү дээ. Олон улсын биенналь учраас ямар ч газраас, ямар ч хүүхдүүд оролцох боломжтой.

-Олон улсын хүүхдийн биенналь/олон улсын уран бүтээлийн үзэсгэлэн/ болгох төлөвлөгөөтэй байгаа гэлээ шүү дээ. Монгол болон гадаадын улсуудаас дэмжлэг, санал хэр ирдэг бол?
-Жил ирэх тусам л өргөжиж хамтрах, туслах газрууд нэмэгдэж байна. Анх 11 хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж байсан бол өнөөдөр 30 болсон байна. Өмнө нь галерей олддоггүй байсан бол энэ жил Хаан банкнаас дэмжиж галерейгаа бидэнд үнэ төлбөргүй ашиглуулж байна. Германы "Maidar e.V" холбооноос хэзээд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж, сая ч гэсэн санхүүгээр тусалсан. "Norphei" галерей анхнаасаа биднийг дэмжиж байсан. Одоо ч дэмжсээр байна. Германчууд манай дугуйланг их сонирхож байгаа. Одоо тавигдаж буй үзэсгэлэнгийн зураг, бичлэг гэх зэрэг материалуудаа цуглуулаад Герман улс руу төсөл бичиж явуулна. Бүх юм болно, бүтнэ. Надад бол 100 хувь санаанд багтаж байгаа.
-Багшийн чиглүүлэг хэрхэн өгч хүүхдүүдийг ингэж уран сэтгэмжээр нь аялуулж чаддаг талаараа яриач. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийн санааг зөвлөлдсөн үү?
-Анх бол нөгөө л уул, ус, мод зураад эхэлж байлаа. Хэрвээ тэгээд зураад л байвал би ч уйдна, хүүхдүүд ч уйдна. Тийм учраас өөрсдийнх нь дотоод ертөнцийг ярилцан гаргаж ирээд уран сэтгэмжээр нь зуруулж эхэлсэн. Миний хувьд өөрийн үзэж харсан зүйл, явсан газруудаа нүдэнд харагдтал ярьж өгдөг. Хүүхэд бүрийн төсөөлөлд тэр бүхэн өөрөөр бууна. Үүнээс улбаалан хүүхдүүд гоё, сайхан газруудыг мөрөөдөж эхэлнэ. Явах, сурах зорилго тавина. Анх 25 хүүхэд шуугилдаж, 5 хүүхэд л зурдаг байсан бол хэсэг хугацааны дараа байдал эсрэгээрээ болж сүүлдээ бүр бүгд нам зураг зураад суудаг болсон. Гол арга ч гэх юм уу миний баримталдаг санаа бол ярилцах. Маш их ярилцаж, сонсож өгдөг. Гурван жил ярилцаж байж сэтгэлээ нээдэг ч хүүхэд байна. Бүтээлүүдийн хувьд ярилцаж шийдсэн санаа, өөрсдөө шууд юу хийхээ бодоод хийж эхлүүлсэн гээд янз бүр. Жишээ нь "Өвөө бид хоёр" бүтээлийн хувьд өвөө нь нас бараад удаагүй байсан. Тэгээд л шууд би ийм бүтээл хийнэ гээд хийсэн. Өөрийнх нь дотроос урган гарсан тэр мэдрэмжээ бүтээл болгосон.

-Үзэсгэлэнгээ яагаад шууд Улаанбаатар хотод тавьж эхэлсэн юм бэ?
-Зүгээр л спорт зааланд дэлгэгдээд өнгөрдөг үзэсгэлэн болгохыг хүсээгүй. Хөдөө сумандаа үзэсгэлэнгээ дэлгэлээ гэхэд үзэж хүмүүс бага, ойлгох хүмүүс бүр бага. Багахан л сөрөг хандлага гаргахад хүүхэд шууд нурна. Би ч дотроо нурна. Тийм ч учраас үзэгчид байгаа газар луу бүх зүйлээ ачаад ирсэн дээ.
-Үзэсгэлэнг үзсэн хүмүүс яаж хүлээж авч байна?
-Хэд хэдэн хүн маш их уйлсан. Хүмүүс өөртөө байсан, байдаг асуудлуудтай холбоотой бүтээлүүдийг удаан ажиглаж, гүн гүнзгий ойлгож байгаа юм шиг санагдсан. Энэ нь бидний үзэсгэлэнгээ дэлгэсэн гол утга учрыг илүү бататгаж өгөх шиг болсон.

-Дунд, ахлах ангийн сурагчдын бүтээлийн тайлбар бас их чимэг болж, улам илүү сэтгэгдэл төрүүлж байна. Тайлбаргүй хараад ойлгох боломжтой ч гэсэн өөрсдийн үгээр тайлбарлаж, дотоод сэтгэлээ уудалсан юм шиг санагдлаа.
-Тиймээ. Хүүхдүүд бүгдийн нь өөрсдөө бичиж өгсөн. Үг, үсгийн алдааг нь хянуулаад гаргасан. Ялангуяа утга зохиолын дугуйланд явдаг хүүхдүүдийн бүтээлээ тайлбарласан нь үнэхээр мундаг.
-Бүтээлүүдийн талаар дурдвал бага насны ангиллын морины тухай зургууд үнэхээр амьтай санагдсан. Зургийг зурсан хүүхдүүд өөрсдөө морь унадаг хүүхдүүд юм аа даа?
-Тиймээ бүгд хурдан морь унадаг хүүхдүүд. Тэднийг зурхаас өмнө өөр хүүхдүүдээр морь зуруулах гэсэн боловч нэг л болж өгөхгүй байсан юм. Тэгэхээр нь морь унадаг хүүхдүүд цуглуулаад зуруулсан чинь ганц баллуур ашиглахгүйгээр шууд л зурцгаасан. Зурж байхдаа бүгд "гоолж" байсан. Гийнгоо гэдэг үгээ өөрсдөө бүтээл дээрээ бичсэн.

-Орон нутгийн хүүхдүүд болон суурин газрын хүүхдүүдийн ялгаа таны хувьд хэр хэмжээний байдаг юм шиг санагдсан бэ?
-Ялгаа бол маш их байдаг. Хөдөөгийн хүүхдүүд маш завгүй амьдардаг. Усанд явах, түлээ хагалах, малаа хариулах гэхээс гадна өөр маш их ажил байдаг тэдэнд. Энэ бүтээлүүдийг яг мал төллөх үеэр хийж таарсан. Амралтын өдрүүдээр хөдөө гэр рүүгээ нэг явна. Ирээд хичээлдээ сууна, хажуугаар нь өөр дугуйландаа явна. Мөн зураг зурах, бүтээл хийхэд материалаа хүлээнэ, шууд гараад сонгоод авах боломжгүй. 570 км-ийн зам туулж нааш, цааш олон явах хэрэг ч гардаг. Нөхцөл байдлаас шалтгаалан хот болон хөдөөгийн хүүхдүүдийг харьцуулах боломжгүй.
-Хөдөө амьдрахын давуу талуудыг дурдвал?
-Хамгийн том давуу тал бол байгальтай ойр байх. Их ажлын хажуугаар өдөр бүр нохойгоо дагуулаад ууланд гардаг. Байгалд гарч өөрийгөө сэргээхгүй л бол нурна шүү дээ. Манай гэрээс 10 минут машинаар яваад очих цэцэгсийн диваажин байдаг. Одоо жаминмядаг, цээнийн ягаан ургачихсан байгаа. Үнэхээр гоё. Би байгальд үнэхээр хүндэтгэлтэй ханддаг. Надтай хамт ууланд гарсан хүн тамхи татаад, шүлсээ хаявал би ахиж тэр хүнийг ууланд дагуулж очдоггүй. Би өөрөө уулнаасаа түрүүлээд гомдчихдог.


-Таны бага насны мөрөөдөл юу байсан бэ?
-Би сургуультай болно гэж боддог байсан. Одоо эхлэл тавигдсан гэж бодож байна. Би чадна, хийнэ л гэж бодож явдаг болохоор хийчих байх аа. Мөн нэг мөрөөдөл ч гэхгүй л дээ. Тавдугаар ангид байхад орж ирсэн нэг санаа байдаг юм. Хивсний үйлдвэрт бохир аяга, таваг хураадаг замыг хараад, загвар өмсдөг хүмүүсийг урсдаг шат шиг зүйлээр алхуулбал гоё юм байна даа гэж бодож байсан. Бас буйдан, сандал тавиад тухайн хувцас суухад, хэвтэхэд ямар харагдахыг харуулбал гэж бодож байлаа. Хувцсыг зөвхөн ард, урд гэсэн талаас нь бус олон талаас, олон байрлалаар харуулбал сонирхолтой байхдаа гэж бодсон. Тэр санаагаа би одоо ч гэсэн тод санадаг байхгүй юу. Тэгсэн чинь "Dior"-ийн 2021 оны намар, өвлийн эрэгтэй коллекц дээр тэр санааг гаргасан байсан. Би яг тэр коллекцыг хүүхдүүдэд үзүүлээд өөрийгөө багадаа юу гэж боддог байснаа ярьж өгдөг. Тэдний одоогийн бодол, санаа бүгд түүхий, буруу биш шүү гэдэг санааг өгөхийг хүсдэг.
-Давхар ажлаа хийдэг гэсэн шүү дээ. Зайнаас болохоор бэрхшээл тулгардаг уу?
-Зайнаас график дизайнерын ажлаа хийнэ. Намайг Булганд ирж амьдарлаа гээд "Булган нэт" гээд интернэт үнэгүй ирж суурилуулж өгсөн. Интернэтийн асуудал байдаггүй учраас ажлаа зайнаас хийхэд тулгарах асуудал ер байдаггүй. Одоо "Урчуудын эвлэл"-ийн гишүүн болчихсон болохоор идэвхтэй уран бүтээлээ хийж, үзэсгэлэнгүүдэд оролцдог. 2026 онд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргана гээд төлөвлөсөн байгаа. Олон зүйлийг зэрэг амжуулж маш завгүй амьдардаг. Зун болохоор хийнэ гэж төлөвлөсөн маш их ажлуудаа хойшлуулчихсан л байна. Гэхдээ үнэхээр өөрөө дуртай учраас аль нь надад хэцүү санагддаггүй.
-Бодол биеллээ олдог гэдэгт та итгэдэг үү?
-Миний хувьд бодолд багтаад, хийнэ, чадна гэсэн л бол хийдэг. Болох юм цаанаасаа мэдэгддэг шүү дээ. Итали явах, хөдөө амьдрах, үзэсгэлэн гаргах, төсөл явуулах зэргийг бодохдоо л бүтнэ, чадна гэж хүлээж авч хичээсэн. Таталцлын хууль ч гэдэг юм уу тэр талаас нь ёстой юу ч мэдэхгүй. Зүгээр л бодолд минь болно л гэж орж ирвэл өөрийн чадлаараа хичээдэг дээ. Гэхдээ өөртөө хэт тулчихсан хугацааг өгдөггүй. Хийнэ л гэсэн бол тав, зургаан жил болсон ч хамаагүй л хийдэг. Тэр хугацаанд зорилгоосоо ер хазайдаггүй. Бага багаар урагшилж л байдаг. Хугацаа заагаагүй зарим зүйл бодож байснаас илүү гоё болдог тохиолдол ч байна.

-Ярилцсанд баярлалаа.
Ийнхүү бидний ярилцлага дууслаа. Харин “Венецийн биенналь”-ийг дотроо төсөөлөн, олон улсын хүүхдийн биенналь болгож “соёлын зөөлөн хүч”-ийг дэлхийд хүргэх замыг дотроо мөрөөдөх нь үнэхээр гайхалтай. Санаанд багтсан зүйлийнхээ төлөө тууштай оролдлого хийдэг тэр хүүхдүүд, тэдэнд итгэдэг багш нар, хийж бүтээж байгаа бүх зүйлээ сэтгэлээр тэтгэдэг урлагийн нийгэмлэгүүд яг л энэ мөрөөдлийг бодит болгох эхлэлийг тавьж буй мэт. Харагдаж, хэмжигдэхгүй сэтгэлийн дотоод аялгууг урлагаар дамжуулан илэрхийлж чаддаг бяцхан зураач бүр дотроо дэлхийг бүтээж явна. Тэр дэлхий бол чимээгүй, гүн гүнзгий мөрөөдөлдөө итгэж, түүнийхээ төлөө алхаж буй хүүхдийн сэтгэлийн биенналь юм.
ГЭРЭЛ ЗУРГУУД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, ирээдүйн сайн сайханд нөлөөлж, нэг хүн их зүйлийг хийж болдогийг харуулж байна