Top StoriesНИЙГЭМ

"7 настайдаа ижийгээсээ нууцаар олбог ширж, уруулж байсан охин хаадыг эсгий дээр урлаад сууж байна"

Чингис хаан, Галдан бошигт хаан, Ану хатны хөргийг эсгий дээр ширж, түүх бүтээсэн Увс аймгийн Тэс сумын иргэн, ширмэл урлалыг өвлөн уламжлагч Ц.Батнасантай ярилцлаа.

"Би долоон настайгаасаа ширмэл урлалыг хийж эхэлсэн. Ээжээсээ өвлөн авсан үнэт зүйл минь юм л даа. Харин ижий минь өөрийн ээжээсээ мөн өвлөн тээсэн юм билээ. 50 гаруй жил энэ урлалд сэтгэл зүрх, ур ухаан, амьдралаа зориулж ирлээ. Энэ хугацаанд ихэвчлэн эсгий дээр хээ угалз хийж ирсэн. Гэтэл дандаа хээ угалз хийх нь уйтгартай санагдаж, түүх урлаж эхэлсэн. Ингэхдээ Монголын түүх, нууц товчоог бүрэн уншиж судалж, мал аж ахуй, Монголын ахуй амьдралыг ширж эхэлсэн. Дараа нь төрөлх нутаг Тэс сумынхаа 100 жилд зориулж Чингис хаан, Монголын нүүдэл суудлыг дүрсжүүлсэн. Харин энэ жил Увс аймгийнхаа 100 жилд зориулан Ойрад түмний түүхийг судалж Галдан бошигт хаан, Ану хатнаа ширмэл урлалаар мөнхжүүлсэн. Түүх судлаад үзэхэд тэдэн шиг нутаг нуга, ард түмэн, ядуусын төлөө сэтгэл, оюун ухаанаа зориулдаг том хаад, хатад байгаагүй юм билээ. Тэр талаар олж мэдэн омогшиж, өөрийн уран бүтээлдээ буулгахаас өөр аргагүй юм байна хэмээн сэтгэж урлаж эхэлсэн. Нийт таван сарын хугацааг эл бүтээлдээ зориулан Увсынхаа 100 жил болохоос зургаахан хоногийн өмнө дуусгаж, өргөн барьсан"

-"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд хэд дэх жилдээ оролцож байна вэ. Энэ жил ямар онцлогтой болж байна?

-Энэхүү фестивальд анх 2022 онд ирж оролцон шилдгийн шилдэг бүтээлийн эзнээр тодорч байлаа. Тэр үед ээжээсээ өвлөн авсан хээ угалзыг эсгий дээр ширж оролцож байсан. Харин гурван жилийн дараа ийн ирэхдээ түүхэн бүтээл, хөрөг, ахуйн соёлын чиглэлээр оролцож байгаа минь содон байгаа юм шиг байна. Манай отгоор зочлох хүмүүсийн тоо урьд жилүүдийнхээс олон болсон. Сүүлийн хоёр хоног хүний хөлд нэлээд дарагдаж, ямар ч завгүй л байв, би.

-Ижийгээсээ ширмэл ширэх арга ухаан өвлөсөн гэлээ. Уран бүтээлчийнхээ хувьд ижийнхээ энд хүрч чадсан уу?

-Би ижийнхээ үйл, уранд энэ насандаа хүрэхгүй байх. Би эхээс 12-уулаа. тэр олон хүний өмсөх гутал, малгай, дээл, цамц гээд бүгдийг урладаг байлаа. Тэр бүү хэл айл саахалтын ах дүү олны найр наадамд ширмэл бүтээлүүдээ бариад л очно. Миний хувьд ижийнхээ тэр олон авьяасаас нэгээхэн хэсгийг буюу ширмэл урлалыг нь хөгжүүлж байгаа юм шүү дээ. Гэтэл тэр дээл, гутал, эд хэрэгслийг би бүгдийг нь урлаж чадахгүй.

-Ширмэл урлалын өвлөн уламжлагчид хэр олон байдаг вэ. Чадварын хувьд аль шатандаа, хэр ахицтай явж байна?

-Энэхүү наадамд оролцохын зэрэгцээ туршлага хуримтлуулах, нүд баясгах үүднээс бусад отог, асруудаар явж өөртэйгөө ижил уран бүтээл туурвиж байгаа хүмүүсийн бүтээлтэй танилцлаа. Ингэхдээ аймаг, сум бүрийн ширмэл урлал өөр өөрийн гэсэн онцлогтой байдгийг олж харахад хараахан түүх бүтээж амжаагүй байх шиг санагдсан. Өөрийгөө хөөргөж байгаа ч юм биш л дээ. Гэхдээ би түүх судалж, ширмэл хийснээрээ анхдагч байж мэднэ.

-50 гаруй жил ширмэл урлалыг шимтэн суралцаж, бусдад зааж сургасан гэлээ. Өдгөө хэчнээн шавьтай болоод байна вэ?

-Би залуудаа сумынхаа Соёлын төвийн эрхлэгчийн албыг хашиж явсан. Тухайн үедээ 86 хүний бүрэлдэхүүнтэй дугуйлан хичээллүүлж тэндээс тэсэж үлдсэн 20 гаруй бүсгүй болон сошиал орчинд зааж сургасан шавь нар 100 гарсан. Шавь нараараа хаана ч явсан бахархдаг. Ер соёлын өв гэдэг ганцаар сураад үлдэх бус бусдад хэр сайн түгээж чадсанаараа ялгардаг шүү дээ. Тиймээс аль болох энэ өв соёлыг тээж, түгээж яваасай хэмээн хүсэж явдаг даа.

-Эсгий дээр ширмэл урлана гэдэг энгийн утас зүү нийлүүлэхтэй жиших аргагүй харагдаж байна. Тийм ч учраас уран бүтээл хийхэд цөөнгүй хугацаа зарцуулдаг байж мэднэ.

-Тэгэлгүй яах вэ. Ширмэл урлалаар бүтээл хийнэ гэдэг асар их тэвчээр, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдана. Жишээ нь Чингис хаан, нүүдэлчин ахуйг харуулсан энэ бүтээлдээ бүтэн жилийн хугацааг зориулсан байдаг.

Мөн бүтээлийн анхны зураг чухал. Миний түүхэн бүтээлүүдийн зургийг Шашны дээд сургуулийг бурхан урлаачаар төгссөн, Тэс сумын сургуулийн номын санч Лхагважав гэх охин зурсан. Хээ угалзаа би өөрөө гарамгай зурах боловч түүхэн, хөрөг уран бүтээлүүдээ арай л зурж дөнгөхгүй байгаа юм. Хүний хөрөг, дүр төрхийг амилуулж чадахгүйд хүрнэ.

-Хөрөг уран бүтээлээс гадна гэрийн тойруулга, олбог гээд таны уран бүтээлүүд олон харагдаж байна. Онцлон асуухад Монгол гэрийн эсгий хаалгыг ширэхдээ луу, барын дүрсийг агуулсан байна шүү дээ. Утгыг нь тайлбарлаж өгөхгүй юу?

-Бар, луу гэдэг бол газар тэнгэрт байдаг хоёр хүчтэн шүү дээ. Хүн бүр энэ хоёр хүчтэн шиг эрмэг, зоримог, ажил үйлс нь бүтэмжтэй өөдөө байхын ерөөлийг бэлгэдэж ширсэн юм аа. Энэ миний хамгийн сүүлийн бүтээлүүдийн нэг л дээ. Онцлон хэлэхэд энд дүрслэгдсэн барынхаа нүдийг Тэс сумынхаа 100 жилийн ойн хоёр дахь өдөр гаргасан. Зөөлөн өдөр нь тэгж таарсан хэрэг. Ер уран бүтээлүүдийн минь амин сүнс нүдэнд нь оршдог. Тийм ч учир сайн үздэг ламаар өдөр, цагийг нь заалгаж байж уран бүтээлээ эхлүүлнэ, нүдийг гаргана. Энэ буудаг хаалгыг бүтээхэд хоёр сар орчмыг зарцуулсан.

-Увс аймгийн Тэс сум олон онцлогтой. Тэр дундаа гэрийн мод хийдэггүй эр хүн, дээл, гутал оёдоггүй эмэгтэй хүн гэж байхгүй гэлцдэг. Мөн олон алдартнууд танай нутгаас төрөн гарсан байдаг шүү дээ.

-Нутаг гэдэг агуу. Нутгаас төрөн гарсан хүмүүсийн суу алдрыг тоочоод баршгүй. Тэс нутгаас төрөн гарсан хүмүүсийн чадварлаг буй нь нутгийн уул ус , байгаль цаг уурын онцлогтой салшгүй холбоотой. Манай нутаг бол өвөлд -50 градус хүрч хүйтэрч, зундаа +50 хэм хүрч халдаг. Аагим халуун, тэсгим хүйтэнд ч амьдарч чадна хэмээн тэсэж үлдсэн хүмүүс аж төрдөг юм. Эндээс л тэсэрч гарсан хэрэг.

Өөрийн үзэг, цаас нийлүүлэн бичсэн дөрвөн мөртийг уншиж өгье. Миний нутгийн байгаль, хүн ардын хөдөлмөрч байдал нүднээ харагдана гэж бодож байна.

Аргамаг хүлгийн давхиа туулж баршгүй талынхаа

Адуу мал нь багширсан тухлаг нэгээхэн шугуйд

Айлын жаалхан бүсгүй тольдоод ханамааргүй тунгалаг

Ариун сайхан Тэсийнхээ тухлаг нэгэн хойморт

Эргэх түүхийн хүрд хурд аван хөдөлж

Эмээлт хүлгийн эзэд хуран чуулсан цагаас хойших

101 жилийн түүхийн хуудасны зузаатгалтай

Тэс сайхан нутагт минь тагнын цэнхэр нурууны хормой дэрлээд мяралзсан

Таван тунгалагхан голынхоо өлмий шагласан мандлаас

Шинэ үйлсийн төлөө тэнхээ мэдэн яралздаг

Шилдгийн шилдгүүдийн өлгий

Тэсвэр тэвчээрийн туйл нутагт минь оршин тогтдог

Сайхан өлгий юм аа

-Та томоохон түүхэн бүтээл хоёрыг гаргачихлаа шүү дээ. Дараагийн бүтээлдээ юуг урлахаар зорьж байна вэ?

-Нэг уран бүтээл хийх явцдаа дараагийнхыгаа аль хэдийн төлөвлөчихдөг хүн л дээ, би. Анх л гэхэд жаахан охин байхдаа ээжээсээ алга дарам эсгийн гуйж аваад жижиг сандлын сайр ширж байлаа. Тэр үедээ олбог ширэх юм сан, ширдэг ширэх юм сан гэж ахиж явсаар энд хүрэв.

Хамгийн сүүлийн буюу Галдан бошигт хаан, Ану хатны хөргийг бүтээж суухдаа их удирдагч Ю.Цэдэнбалын хөргийг ширэх санаа толгойд буусан.Ирэх жил 110 жилийнх нь ой тохиох юм л даа. Тиймээс тэрхүү уран бүтээлээ туурвиж, музейд хадгалуулах төлөвлөгөө байна. Магад энэ эрчээрээ би түүх, хөрөг бүтээсээр явах байх. Мөн залуу, балчир хүүхдүүдэд энэхүү өв уламжлалаа зааж сургах их үйлсэд шамдах бодол байна. Ингэж байж л дэлхийн ганцхан Монгол гэх ондоошлыг агуулсан нэг бүтээл амь сүнсээ үлдээж чадна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button