2010 оноос хойш төрсөн иргэд тамхи авах эрхгүй болно

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны уржигдрын /2026.06.25/ хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Т.Мөнхсайхан тус төслийн 1 дүгээр зүлийн 2 дахь заалтын 6.7.17 дахь заалтад “2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэнд тамхи, тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан болон никотин хүргэх зориулалттай бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоно. Энэ хэсэгт заасан этгээдэд тамхи, тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан болон никотин хүргэх зориулалттай бүтээгдэхүүн худалдсан, нийлүүлсэн, үнэ төлбөргүй олгосон этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан ч дэмжигдээгүй. Гэвч пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар дээрх саналаа дэмжүүлэн хуулийн төсөлд тусгаж чадлаа. Ингэснээр 2010 оноос хойш төрсөн иргэд насан туршдаа бүх төрлийн тамхи худалдан авч чадахгүй болж буй.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы гаргасан энэ санал нь санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд огт хөндөгдөөгүй асуудал юм. Энэ саналаа нэмж багтаасан 6.7.17 дахь заалт нь тамхины сав, баглаа боодол анхаарал татахуйц байхыг хориглосон заалт байх аж. Тодруулбал, “тамхи, татах төхөөрөмжийн хайрцаг, сав, баглаа боодол нь өнгө, дүрслэл, хэлбэр хийцлэл, материал болон бусад гадаад шинж чанараараа бусад эд зүйлстэй андуурагдахаар байх”-ыг хориглоно гэжээ. Энэ дунд хүчээр нэмж буй саналыг УИХ-ын гишүүд дэмжлээ.
Амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаа заалтыг ч залруулсангүй
УИХ-аас хийсэн хуулийн хэрэгжилтийн судалгаагаар “хэрэгжихгүй байгаа” гэж тогтоогдсон “сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахгүй байх” заалтыг залруулахыг Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо(MORA)-ноос он удаан жил шаардаж байгаа ч энэ удаад эргэж харсангүй. Ялангуяа хөдөө орон нутаг, аймаг сумын төвд хэрэгжих боломжгүй байгаа учраас худалдаа эрхлэгч, цагдаа нарын хооронд зөрчил, “авлигын сүлжээ” үүсгэсэн, сүүлдээ ч хэн хэн нь нүдээ аниад өнгөрөөдөг болсон энэ асуудлыг хамрах хүрээг багасгаж өгөх замаар шийдвэрлэх саналыг Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлагч О.Номинчимэг нарын гишүүдэд удаа дараа илэрхийлсэн байна.
Энэ асуудлыг тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн гишүүн чуулганы хуралдаан дээр тайлбарлахдаа “Хууль санаачлагчаас ирсэн төсөл дотор 500 метр дотор тамхи худалдахыг хөндсөн, эсхүл үүнийг болиулах,зайг ойртуулах зэрэг хөндсөн сэдэв байгаагүй учраас бид хөндөх боломжгүй байсан. Санаачлагчийн төслийн хүрээнд л ажиллах эрхтэй” гэдгийг хэлж байлаа.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы дээрх санал нь Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалтай нийцэхгүй харагдана. Асар өргөн хүрээнд судалгаа, нотолгоо шаардагдах энэ саналыг хуульчлах шаардлагатай бол эцсийн шатны хэлэлцүүлгээр орж буй хуулийн төсөл рүү хулгайгаар шургуулахын оронд шинээр хууль санаачлах эрх нь нээлттэй. Хоёрдугаарт, ямарваа хэрэглээн дээр ийм хатуу хориглолт тавьж байгаа бол үүнийг диктатур бүхий нийгэм л хэрэгжүүлж чадах байх. 2010 оноос хойш төрсөн хүүхдүүд түрүүчээсээ таван жилийн дараа 21 нас хүрэх ч тэр үед сонголт хийх эрхийг нь манай 126 гишүүн ямар ч судалгаа, нотолгоо шаардахгүйгээр хаав.
Гуравдугаарт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.1.4-ийн “зарчмын зөрүүтэй санал” гэж “хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, байнгын хороо, нам, эвслийн бүлгээс үндэслэлээ тайлбарлаж бичгээр гаргасан санал”-ыг гэж ойлгохоор заасныг УИХ-ын Тамгын газар яаж шийдвэрлэх вэ гэсэн асуулт үлдлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.