НИЙГЭМ

Х.Баттулга: Улсын их хурлын бүрэн эрхийн хугацааг таван жил болгоно

Өнөөдөр / 2019.07.16/ Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх саналаа танилцууллаа.

-Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага ба санал төсөлд тусгагдсан онцлог заалтуудын тухай-

“Ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн хугацаа өнгөрч үндсэн хуулийн гол үзэл санаа болох ард түмний засаглах эрх алдагдлаа. Түүнчлэн парламентийн засаглалд эргэлзэх хандлага ихэсчээ. Шүүх эрх мэдлийн нэр хүнд шалдаа буулаа. Хот хөдөөгийн хөгжлийн эрс ялгаа, хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн хүндрэлүүд бий болж, иргэд төрийн халамж үйлчилгээг тэгш авч чадахгүйд хүрлээ. 2015 олд Улсын их хурлын Даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байжээ. Нэмэлт өөрчлөлтийн санал төсөл нь нэг өдөрт бодсон зүйл биш өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн сайтар шигшигдсэн баримт бичиг хэмээн үзвэл зохино.  

1 . Тусгаар тогтнолын төлөөх иргэдийн 98.1 хувь нь саналаа өгч тусгаар тогтноход нэн чухал алхамыг хийсэн байдаг. 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор эрхэм зорилгодоо хүрч, тусгаар тогтнолоо баталсан. Иймээс улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд чиглэсэн хүүлийн хамгаалалт хийх нь чухал.

2. Сонгуульд нэр дэвшигчид иргэдийн саналыг мөнгө, эд зүйл аливаа хэлбэрийн тусламжаар татах, иргэд сонгох байдал давтагдаж, санал худалдах шинж бүхий ашиг сонирхолд олноороо хөтлөгдөн хууль бус үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулалттайгаар явуулж ирсэн. Энэ нь бусармаг явдлыг таслан зогсоох үүднээс үндсэн хуульд тодорхой зүйл зааж, салбар хуулийн хүрээнд гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай.

3. Төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтвортой байдлыг хангах онцгой чиг үүрэг бүхий төв банкны хараат бусаар ажиллах нөхцлийг хангах үүднээс үндсэн хуульд зохицуулалт тусгах шаардлага бий. Иймд Монголбанкнаас ирүүлсэн саналыг тусгасан.

4. Нэгдмэл улс гэдгээ бататгах, удирдах удирдуулах ёсны хэм хэмжээг бэхжүүлэх нь нэн чухал байна. Газартай холбоотой аливаа эрхийг засгийн гаар болон засаг захиргааны нэгжийг удирдан хөгжлийн бодлого зорилттой нийцүүлэн ашиглах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор, Нийтийн өмчийн газрыг Монгол улсын иргэнд өмчлүүлэх, иргэн хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийн хуулийн журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг хот, Нийслэлийн Засаг дарга гаргана гэсэн заалтыг оруулж байна.

5. Манай улс газрын баялаг ихтэй боловч хүртээмжтэй ашиглах тал дээр оновчтой бодлого бариагүйгээс чамгүй шүүмжлэл хүртсэн. Байгалийн баялгыг ашиглах суурь болзлыг үндсэн хуульд  тусган дэлхий нийтэд зарласнаар хөрөнгө оруулагчиддаа тогтвортой эрх зүйн орчинд хамтран ажиллах орчныг бүрдүүлэх нь чухал. Иймд ард түмний мэдэлд байх нийтийн өмчид хамаарах байгалийн баялгаа зохистой, хүтээмжтэй ашиглах зарчим журмыг үндсэн хуулиараа тогтоох хэрэгтэй. Байгалийн баялгыг ашиглахдаа тэгш шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална. Онцгой ач холбогдол бүхий хэвлийн баялгыг түр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгын 51-ээс доошгүй хувь нь Монгол улсын төрд ноогдоно. Хөрөнгө оруулагчын зардал бодитой байна. Үүнд төр хяналт тавьж ард түмэнд тайлагнана.

6. Намууд улс төрийн хөгжлийг дэмжихүйц институт болж төлөвшөөгүйгээс нийгмийн үнэлэмж эрс доройтож, иргэдийн үл итгэх нөхцөл байдалд хүргэсэн. Намуудын дотоод ардчилал хангалтгүй, асуудлыг хуувилдааны журмаар шийдэх хандлагатай, оролцооны шударга байдал, үйл ажиллагааны тэгш байх зарчим алдагдсан, санхүүжилт ил тод биш зэрэг нөхцөл байдал нь үнэлэмжийг унагах гол шалтгаан болж байна. Улс төрийн намуудыг дотоод ардчилалтай, хариуцлагатай, санхүүжилтын ил тод тогтолцоотой болох зүй ёсны шаардлагатай. Намуудын парламентад суудал авах босгыг нийт сонгогчдын таван хувь буюу 100 мянган хүний санал авсан байхаар тогтооё. Харин намыг бүртгэхдээ 50 мянгаас цөөнгүй гишүүнтэй бол бүртгэхээр зааж өглөө.

7. Хууль болон УИХ болон бусад шийдвэрийг чанартай, үр нөлөөтэй болгох засгийн газрын тогтвортой байдлыг бий болгох цөөн тооны гишүүдэд шууд нөлөөлж огцруулдаг байдлыг халах, засгийн газарт тавих парламентын хяналтыг үр нөлөөтэй болгох зүй ёсны шаардлагын хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүй ёсны гэж үзэж байгаа тул үүнтэй уялдаатайгаар гишүүдийн тоог нэмэх, давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах шаардлагатай гэж үзэж болно.  Одоогийн байдлаар нэг гишүүнд оногдох иргэдийн тоо 42691 болж эрс нэмэгдлээ. Хүн амын тоо 3/1-ээр өссөн байхад улсын их хурлын гишүүдийн тоо хүн амтай харьцуулахад хуваарилалт, хяналт, тэнцэл алдагдахад нөлөөлж парламентад зүй бус нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар нотлогдсон. Зохистой аргачлалаар тооцож үзэхэд 3.200.000 хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох саналыг гаргалаа.

8. Сонгуулийн холимог тогтолцоог ашигласан нь давуу талтай байсан гэдгийг судлаачид хэлсэн. Манай улсын хувьд үндсэн хууль, улсын онцлог, улс төрийн намуудын төлөвшил зэргийг харгалзан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах зүй ёсны шаардлагын дагуу сонгуулийн тогтолцоог оновчтой тодорхой болгох тулгамдсан хэрэгцээ бий болжээ. Ийм учраас сонгуулийн тогтолцоог УИХ-ын үндсэн хуульд оруулах хэрэгтэй хэмээн үзлээ. Сонгуулийн хууль, тогтолцоог өөрт тааруулан өөрчилдөг зохисгүй байдлыг давтагдахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

9. Үндсэн хуульд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байхаар тогтоосон нь парламентын  бүрэн эрхийнхээ хугацааны эхний жилд улс төрийн томилгоо хийдэг бөгөөд дараа жил нь улс төрийн бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг албан бус горимд оруулсан. Ингэснээр УИХ чиг үүргийнхээ ажлын хоёрхон жилд хийдэг гэх шүүмжлэлийг хүлээсэн. Дэлхийн 187 улсын парламентаас 95 улс нь парламентынхаа бүрэн эрхийн хугацааг таван жилээр хэрэгжүүлдэг аж. Түүнчлэн сонгуулийн дөрвөн жил нь эдийн засгийн мөчлөгтэй зөрж байна. Улсын их хурлын бүрэн эрхийн хугацаа таван жил болохыг холбогдуулан түүнд хамаарах сонгуулийн бүх эрх таван жил болох юм.

10. Төсөлд тусгагдсанаар, Хууль санаачлагчыг хүрээ холбоог хязгаарлан хуулиар зохицуулах бөгөөд энэ нь ерөнхийлөгчид ч хамаатай асуудал.

11. Аливаа улс тогтвортой хөгжилд хүрэхийн тулд тогтвортой хөгжлийн бодлогыг мөрддөг. Дэлхийн улс орнууд хөгжлийн бодлого, институтын талаарх зохицулалтыг үндсэн хуульд тусгаж, эрх зүйн үндсийг тодорхойлсон байдаг. Урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын уялдаа төлөвлөлтийг хангах хэрэгтэй. Манай улсад нийт 14 засгийн газар байгуулагдсан бөгөөд хоёроос бусад нь бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө буусан байжээ. Иймээс үйл ажиллагааны чанарыг сайжруулах, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх боломжыг нэмэгдүүлэх, гишүүдийн давхар ажил эрхлэлтийг хязгаарла хэрэгтэй.

12. Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээнд үндэсний аюулгүй байдлыг төрөөс салган авч үзэх боломжгүй юм. Төрийн алба үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг улс орны хувьд тулгамдаж буй ноцтой асуудал хэмээн үзэх нь зөв. Сонгууль бүрийн дараа сонгуулийн албан тушаалтнуудыг үй олноор нь халах үзэгдэл олширч байна.

13. Шүүхийн тогтолцоог засаг захиргаа, нутаг дэвсгэрийг дагуулан тогтоож байгаа нь шүүхийн үйлчилгээг оновчтой хүртээмжтэй байлгахад саад болж байна. Шүүхийг тойргоор уян хатан байлгах нь нэмэлт санхүүжилт шаардахгүй цэвэр зохион байгуулалтын ажил юм.  Шүүхийн сахилгын хороо байгуулах нь шинэ санаа юм. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, сахилга алдсан шүүгчид хариуцлага хүлээлгэх оновчтой арга. Шүүхийн ёс зүйн хороо 2014-2018 онд 1706 шүүгчид холбогдох 1135 гомдлыг хүлээн авч, 80 гаруй хувьд нь сахилгын шийтгэл оногдуулахаас татгалзжээ. 1135 гомдлоос ердөө 14 шүүгч шүүхийн дагуу шийтгуулсэн байна.  Иймээс шүүхийн тогтолцоог олон нийтэд нээлттэй зохион байгуулах хэрэгтэй. Мөн мэдлэг чадвар, ёс зүйтэй шүүгчийг ажиллуулахын тулд туршинтын хугацаанд ажиллуулах шинэ жишиг тогтоох нь зүйн хэрэг.

14. Нийслэлийн эрх зүйн байдал боловсронгуй биш байна. Нийслэлийн засаг захиргааг хөгжүүлэхэд анхаарсан бичиг баримтыг үндсэн хуульд оруулах шаардлагатай байна.  Өнөөгийн байдалд нийслэл дүүргүүд бус хотуудад хуваарилагдах нь зүйтэй. Ингэснээр тулгамдсан асуудлаа бие даан шийдэх давуу талтай.  Монгол улс нэгдмэл улс байтал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухайд асуудалтай байна. Тухайлбал,  Орхон аймаг нь өөрсдийн амьдардаг нутаг дэвсгэрийн Булган аймгаас авч чадахгүй байсаар олон жил болжээ. Иймээс засаг захиргаа нутаг дэвсгэрийг өөрчлөх асуудлыг эдийн засаг хүн хүчийг харгалзан УИХ шийдэх нь зөв. Энэ нь шинэ хот бий болоход тустай.

Үндсэн хуулийн нийт 20 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Энэ нь нийт зүйлийн 28.5 хувийг эзэлж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсний дараа УИХ зайлшгүй хийх гурван алхам бий болж байна. Үүнд,

Одоо байгаа намуудыг татан буулгаж заалтад нийцсэн бодит нам болон шударга өрсөлдөөнийг бий болгоно. Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын дотоод сонгуулыг явуулж болох юм.

Намуудын бүртгэлийг дээд шүүх бус сонгуулийн ерөнхий хороо хариуцдаг байх ёстой. Энэ нь шударга сонгуулийн тогтолцоо явагдахад хувь нэмрээ оруулах юм.  Нэр дзэвшигчдийн эрх ашгийг мөнгөний хамаарлаас хол байлгах, тойргын бус нийт ашгыг хардаг байхаар хуулиа батлахыг хүсэж байна.

Улсын их хурлыг тарааж дараагын сонгуулийг даруй гаргах шаардлагатай. Үүнийг хийснээр улс орнуудын хувьд тулгамдсан одоогийн болон ирээдүйн асуудлыг шийдвэрлэх үндсэн хуулийг бий болгох нь чухал байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button