Н.Батсайхан: Бидний хамгийн үнэт баялаг бол ой мод

Шинжлэх ухааны мэдлэг, гэрэл зурагт амжиж буулгасан бодит агшин, эхний өгүүлбэрээс л дуустал нь уншмаар аялгуу сайхан монгол хэлээр амьтны ертөнцийн тухай нүүр номдоо өгүүлэгч нэгэн эрхэм хүнтэй танилцсан юм. Амьтан судлаач, биологич Н.Батсайхантай ярилцсанаа та бүхэнтэй хуваалцъя. Batsaikhan Nyamsuren хаягаас түүний өгүүллүүдийг илүү дэлгэрэнгүй уншаарай.
-Таны нүүр номоос ой, хээр, говийн амьдралыг амьтад, шувуудын дүрүүдээр дамжуулан шинжлэх ухааны мэдлэг, гэрэл зураг, сонирхолтой тайлбар зүүлтийн хамт уншлаа. Та ийм сонирхолтой түүхүүд хуваалцахдаа хэрхэн ажилладаг вэ?
-Би бол амьтан судлаач, биологич хүн шүү дээ. Ажиглах, судлах, тэмдэглэх бол миний ажил. Залуу судлаач байхаасаа камертай нөхөрлөсөн дөө. Танай зурагчин 200-гийн дурангаар миний зургийг авч байна. Би ихэвчлэн 400-гийн дуран хэрэглэдэг. Байгаль, амьтад, шувуудын гэрэл зурагт оновчтой агшиныг буулгах нь миний ажлын нэг хэсэг юм.
Шинжлэх ухааныг хүмүүст ойлгомжтой, уншууртай бичихийн тулд яах вэ гэдгийг ихэд боддог. Хэл найруулгын алдаа мадаггүй, шувууд, амьтдын зан авир төрх, үйл явдалтай, баримт нотолгоотой, амттай бичвэл хүмүүс сонирхож уншина шүү дээ. Гэхдээ шинжлэх ухааны тогтсон нэр томъёо, эш татсан бүтээл, эрдэмтэн судлаачийн нэрийг орхигдуулахгүйгээр заавал дурдаж заншсанаараа л постоо бичдэг.
-Таны авсан ятга шаазгай, буурал тоншуул, их алаг тоншуул, их хөх бух, хүрэн толгойт хөх бух, өдөрч хөх бух, тоншголжин гээд олон гоё шувуудын зургийг үзээд яаж авдаг юм бол гэж бодож байлаа. Шувууны зураг авахаар сонирхож буй хүмүүст юу зөвлөхсөн бол?
-Шугамын автобусанд сууж, эцсийн буудалд буугаад цааш алхсаар ойд хүрнэ дээ. Тэгээд шувууд, амьтны үйлдлээс мөн чанар, араншин, зан авир нь яг харагдах тэр агшныг анан сууна шүү дээ. Тэгж хүлээж байгаад л дүрсээ буулгадаг. Үүний тулд мэдээж мэдлэг, туршлага, дур сонирхол, тэвчээр шаардана. Өвөл байгаль, шувуудын зураг авах хүн баараггүй дулаан хувцаслах ёстой. Санаснаас ч удаан хүлээхийг үгүйсгэх аргагүй.
Шувуудад өгөөш бэлдээд цүнхэлж гарахаа мартуузай. Үүнд хоолноос илүү гарсан өөх цөвдөл, арвай, гурвалжин, бор будаа зэрэг орно. Эдгээрийг модны хожуул дээр дэлгэж тавиад өөрөө холдож хүлээнэ. Ятга шаазгай бол “шүгэл үлээгч” л гэсэн үг. Хамгийн түрүүнд ирж суугаад бусад шувуудад зар түгээн дуудах вий.
Гэрэл зураг сонирхогчид төдийгүй, гэр бүлээрээ үр хүүхдүүдээ дагуулан алхаж зугаацах бол шувуудыг будаа, хоолноос хамсан царцуу тосоор хооллож, шувуудын тухай хүүхдүүддээ ярьж өгч, ач тусыг нь тайлбарлан таниулахад сайхан амралт болно доо.
-Хүр эрвээхэйн нүүдэл 18 жилд нэг удаа болж, хоёр жил үргэлжилдэг-

-Та ой модыг нэгэн цогц систем гэж ойлгох хэрэгтэй хэмээн ярилцлага эхлэхээс өмнө хэлснээ тайлбарлаж өгөөч?
-Бид ой модыг нэг л янз гэж хардаг. Амьдралын хамгийн үнэт баялгаа “ой” гэдэг ганц үгээр л ярьж, бичиж, сэтгэдэг нь модыг ойлгох, хайрлаж хамгаалахад тусгүй байна гэж би үздэг юм. Бид чинь шугуйгаа ч андуурдаг. Шугуй бол байнгын урсацтай урсгал ус хөвөөлж ургасан модлог ургамлын нийлэмж атал загийн шугуй гэж ярьж бичих нь алдаа юм. Тус бүрдээ өөр тогтоц, өөр орчинд ургах модод юм шүү дээ.
Таны надаас асуусан ой мод гэх агуулгад модлог ургамалтай, сөөгтэй, мөөгтэй, хадтай ийм өвөрмөц тогтоцыг ойлгох юм. Монгол орон хүйтэн уур амьсгалтай, өвөл удаан сунжирдаг учраас моддын өсөлт удаан байдаг. Модны гол иш бүдүүн байж гэмээнэ хөрснөөс ус татаж дамжуулах хүч сайжирч, титэм хэсэгт буюу мөчир, навч, шилмүүст хүргэх энергийг авна. Үндэс мөн л том байх хэрэгтэй ч хөрсөн дор цэвдэгт хүрэхгүйн тулд доош уртсахгүй, тал тал тийш саглагар болж ургадаг. Мод мөн үр удмаа үлдээнэ. Ийм амьд, үнэ цэнтэй эко систем гэдгийг бид ойлгох ёстой.
Сүүлийн үед ойн хөнөөлт шавжийн асуудал яригдах боллоо. Байгаа жаахан ой модоо арчилж, хамгаалахын тулд юуны өмнө хөнөөлт шавжинд анхаарал хандуулах шаардлагатай болж гэж мэргэжлийн улс хэлэх юм?
-Миний судалж мэдсэнээр, хүр эрвээхэйн нүүдэл гэхэд 18 жилд нэг удаа тохиодог, нэг ирэхээрээ хоёр жил үргэлжилдэг. Энэ мэт хөнөөлт шавжийг бид үржилд орж олшрохоос нь өмнө аль нэг хүйсийг нь устгах зохистой аргад суралцах хэрэгтэй. Мониторинг хийх замаар эмэгчин эрвээхэйн өндөглөдөг газрыг олж тогтоох боломжтой юм.
Ихэвчлэн хадны завсар өндөглөсөн байдгийг сорогч төхөөрөмжөөр сорох арга хэмжээ авч болох. Тавдугаар сарын сүүлчээр авгалдай болж олшрохоос нь өмнө угтуулаад, өндөг байхад нь устгал хийж болох юм шиг санагддаг шүү.
“Гацуурын боргоцойн тухай бодрол… Дэлхийн их татах хүчин тэнгэрээс гацуурын боргоцойг газар руу цасан ширхэг дээр буулгажээ. Газраас тэнгэр тийш алсрахдаа үндэсний их татах хүчээр газрын хэвлийгээс ус татан оршиж, хэвлийтэй тэврэлдсэн амь. Татсан усан дуслаа титмийн түмэн шилмүүс бүрээр тэнгэр тийш буцаан, үүл болгох амь. Тэгээд ургуулан бодохул, энэ газардсан боргоцой сүрлэг өндөр гацуур болон ургаж, өөрийн биеэр дамжуулан, Дэлхийн дайд усны их эргэлтийг Умард далайгаас үүл хөлөглөн, Төв Азийн цөл дамнуулан, Номхон далайд буцаад, хур болон бууж таарна. Монголд умардаас ус цасанд хувилан эргэж байх, Дэлхий бас Монголоор дамжин эргэж буй!
Умардын ой, Дунд баян, 2023.02.18”
-Ойжуулах, тарималжуулах тухай нэг үеэ бодоход их хэлж ярьдаг болжээ.
Гол анхаарах зүйл нь юу байдаг юм бол?
-Ойд мод хэрхэн ургахад нар, хөрс их чухал нөлөөтэй. Шилмүүс өндөр ургадаг болохоор ойн бусад ургамлын гэрлийг нь хаачихдаг. Тиймээс хус л гэхэд ойн захаар ургана. Хөрсний үржил шим голох нь бага хус, улиангар хоёрыг ойг бүрдүүлэгч анхдагч гэж нэрлэдэг юм. Хус бичил мөөгтэй хам амьдралтай. Агаараас азот авч нийлэгжүүлдэг энэ мөөг азотыг хусанд өгнө, хус буцаагаад эрдэс болон мөөгийг өгнө. Харилцан ашигтай учраас мөөгтэй хам амьдралыг бүрдүүлбэл ургана. Хус, улиангарыг эхэлж тарихаас харилцан уялдаатай ой эхэлнэ дээ. Ой мод гэдэг зөвхөн хүчилтөрөгч үйлдвэрлэхээс гадна олон талын ач холбогдолтой. Моддын сүүдэр хөрснөөс уурших усыг хязгаарлаж, хуурайшилтаас
хамгаалж байдаг. Мөн ойд салхи мэдэгддэггүй нь модод ямар их нөмөртэй, салхийг хязгаарладаг хүчтэйг ойлгуулдаг. Ийм нөмөр нь хөрсний өнгөн хэсэг салхинд туугдахаас хамгаална. Бидний цаг минут тутам амьсгалж байгаа агаарыг дулаан болгодог нүүрсхүчлийн хийг шингээхийн сацуу дуу чимээг өөртөө гайхалтай шингээнэ. Агаарт дэгдсэн хорт тоосонцрыг шилмүүс мод өөртөө сорж хураадаг. Ойд орохоор сэрүү татаад ямар сайхан байдаг нь ийм учиртай. Хотод олон зүйл ургамлыг зөв тарьж чадвал, чийглэг микро уур амьсгал бий болно гэж боддог юм.
-Улаанбаатар хотод ямар мод хамгийн тохиромжтой вэ?
-Шилмүүст модод дотроос газар голдоггүй, цэвдэгтэй уул хөрсөнд ч ургадгаараа нарс харьцангуй амьдрах чадвар сайтай. Гацуур бас тийм. Нэг анхаарах зүйл нь Улаанбаатарт шилэн барилга их болсон. Нарны гэрэл шилэнд ойж моддын дээрээс хэрхэн тусах өнцгийг бодож тарихгүй бол мод цангана. Улиасыг урд нь ой байгаагүй газарт, мөн хээр тарьвал буруутдаг. Хотод бол нарс, гацуур хоёрыг тарих нь зөв. Миний хувьд хотод бэлэн том мод авчирч суулгахыг таалдаггүй. Ойд дасчихсан амьтныг энд зөөвөрлөн тарьж, хуураад яах вэ дээ. Зөөж ургуулах гэж байгаа бол нялхад нь суулгах нь арай илүү үр дүнтэй юм.
“Умардын ойн модны үрийг түгээгчид Умардын мөнх ногоон шилмүүст мод- жодоо, гацуур, нарс, хуш, мөн шилмүүсээ гөвдөг шинэс зэрэг модлог ургамал салхи болон амьтдын оролцоотой үрээ орон зайд түгээдэг ажээ. ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт судлаачид (Нечаев ба Нечаев, 2020) олон жилийн турш 1962- 2015 оны хооронд дээр дурдсан модлог ургамлын үрийг идэж, түгээдэг шувуудын шууд ажиглалт болон гүеэ, ходоодны агууламжийн судалгааг хослуулан хийж, үр дүнг нийтэлжээ. Тэд модны үрээр идэшлэгч, түгээгч шувуудыг сорчлон идэгчид болон хоёрдогч эрэмбийн сонголттой идэгчид хэмээн ялган үзсэн. Жишээ нь, жодооны үр ихэвчлэн салхиар тардаг боловч, үрээр хооллогчид тодорхой хэмжээгээр оролцдог гэнэ. Хүрэн толгойт хөх бух, өдөрч хөх бух, их алаг тоншуул, хөтүү, самарч болон ятга шаазгай, тоншголжин, үүрэн сүүлт бужмар/зана, гацуурын солбиу хошуут зэрэг шувууд жодооны үрийг түгээхэд тэргүүлдэг. Гацуур болон шинэсний үр зонхилон идэгчид: тоншголжин, их алаг тоншуул, гацуурын солбиу хошуут, өдөрч хөх бух, хүрэн толгойт хөх бух. Шинэсний үрийн хувьд, ятга болон самарч шаазгай хоёрдогч эрэмбийн оролцоотой гэнэ. Харин хушны үрээр зонхилон хооллогчид: самарч болон ятга шаазгай, буурал тоншуул гэх мэт олон шувууд, түүний үрийг идэж, бас түгээдэг ажээ…
Бага Баян амралтын газар орчим, 2023.02.11”.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн2
Нийтээрээ л анхаарч хайрлах ёстой. Самарчид болно ёстой үрэн таран хийж байгаамаа
belcheeer us oi mod
ЧД-н хот тохижуулагч Цэнд гэж нэг хар авгай хамаг зүлэг ухаж хаядаг дахиад суулгадаг тэр нь 3 жилд жигдрэх үед нь дахиад ухаж хаядаг Хүүхдийн тоглоомын т�##�байд оршин суугч орос айлын авгай нарын тарьсан асар олон өнгөт цэцгүүдийг бүгдийг 3 жил дара�##�ан зулгааж хаяж уйлуулсан Одоо тарихаа больсон Модыг г�##�ьбаржуулж байна гэж хамаг мөчрийг хуг�##�ж тайрч Африкийн п�##�ьма шиг орой үзүүртээ 3 мөчиртэй болгосон Ургамлын бүх номонд навчны1 смкв т�##�бай хоногт 10 куб см хүчилтөрөгч үйлдвэрлэдэг гэж бичээстэй байдаг Гэтэл агаарын бохирдол О2-н дутагдлаас хүүхэд өвдөж байна гэдэг.Ийм л ухамсартай дарга нартай байна 4 жил тайлбарлаж тэмцээд дийлээгүй хаясан