Д.Ундраа: Хохирогч хүүхдүүдийн 70-80 хувь нь ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байна

-ЗУНЫ АМРАЛТ ЭХЭЛСЭН БОЛОХООР ХҮҮХЭДДЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ГЭСЭН ХҮМҮҮС ИХ ХАНДАЖ БАЙНА-
Хүүхдийн эрх хамгаалал төвийн дэргэдэх Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин төв”- ийг үүсгэн байгуулагч Д.Ундраатай ярилцлаа.

-“Үжин” төв байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээх төв хэчнээн охинд үйлчлээд байна вэ?
Монгол улсад шаардлагатайг мэдэрсэн учраас 2011 оноос хойш төр засаг, холбогдох хүмүүст уламжилсаар ирсэн. Гэвч биеллээ олох боломж бүрдэхгүй явсаар л байлаа. Харин 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсанаар эрсдэлт нөхцөлд өртсөн болон хууль зөрчсөн хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагуудын магадлан итгэмжлэх журам батлагдсан. Улмаар энэ журмын дагуу 2018 онд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарласан Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангаж, 0018004 тоот магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан. Магадлан итгэмжлэлд шалгарсан учраас бэлгийн эрх чөлөөгөө алдсан, бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагч хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож шалгарсан. Хүүхдийн эрхийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэх байгууллага шалгаруулах ажлындаалгаврын дагуу хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэд өртсөн хохирогч (даван туулагч) хүүхдэд олон улсын жишигт нийцсэн нөхөн сэргээх цогц үйлчилгээ, Хүүхэд хамгааллын хуульд заасан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээний сайн жишиг тогтоох, аргачлалыг бий болгох чиглэлээр ажиллан дэргэдээ Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин төв”-ийг байгуулан ажиллаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 01-нд “Үжин төв” анхныхаа хохирогч хүүхдийг хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар 5-17 насны 21 хүүхдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 7 хүүхдэд сэтгэл заслын болон нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, хууль эрх зүй,өмгөөллийн үйлчилгээ амжилттай үзүүлэн эрсдлийн үнэлгээг дахин үнэлэн гэр бүлтэй нь 2-5 сар ажилласны үндсэн дээр гэр бүлд нь эргэн нэгтгэсэн. Бэлгийн хүчирхийллийн хохирогч 2-6 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагчийн хамт, 16 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч 3 сараас 1 жилийн урт хугацаанд хохирогч хүүхдийг эргэн нийгэмшүүлэх, сэтгэл засал, нийгэм-сэтгэл зүй, нөхөн сэргээх цогц үйлчилгээ үзүүлэх зорилготой. Үйлчлүүлэгч болон тэдний гэр бүлийн эрх ба хэрэгцээнд суурилсан нийгмийн ажлын цогц үйлчилгээ үзүүлэх, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй ажиллах арга зүй, зураглал боловсруулах, нийгмийн ажилтан, холбогдох мэргэжилтнүүдийн үндэсний чадавхийг бэхжүүлэх, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхөд нөлөөлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
- Үйлчлүүлэгч болон тэдний гэр бүлийн эрх ба хэрэгцээнд суурилсан нийгмийн ажлын цогц үйлчилгээ гэж ямар үйлчилгээ байдаг вэ?
- Кейс менежмэнтийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө ба засал, түр хамгаалан байрлуулах, хуулийн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа, боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучлах, хөгжлийн үйл ажиллагаанд хамруулах, амьдрах ухааны чадамжуудыг эзэмшүүлэх, гэр бүлийн хөдөлмөрийн насны гишүүдэд ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэргэжлийн сургалтанд хамруулах, ажилд зуучлах, халамжийн үйлчилгээнд зуучлах гэх мэт үйлчилгээнүүд байдаг.
- Хэдийгээр бага насны гэж заасан ч магадгүй танайхаас өөр төрөлжүүлэн хамгаалдаг газар байхгүй учраас 16, 17 настай охидыг авдаг байх нь?

- Манай төвд монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсээр дамжиж Хүүхдийн тусламжийн утас 108 төвийн хамгаалах байранд 3-7 хоногийн үйлчилгээ авсан эрсдэлийнтүвшин өндөр хохирогч хүүхдүүд ирдэг. Манай төвийн онцлог нь бага насны хохирогч хүүхдийг сонгосон. Гэвч үнэхээр амиа хорлох оролдлого хийчихсэн, бэлгийн мөлжлөгт өртсөн, тэмбүүрчихсэн охидыг авахгүй гээд яах юм бэ? 6-7 сар өнгөрөөд охид явах болохоор яаж гэрт нь буцаана гээд дахиад айдас тулгарч байна. Заримыг нь бид нар өгөхгүй хугацаагаа сунгаад ажиллаж байна. Уг нь гурван сар болгоод явуулаад дараагийн хүүхдүүддээ авах ёстой юм. Гэтэл ар гэр нь бэлтгэгдээгүй бол хүүхдээ өгөхөд хайран харам санагддаг. Хүний амьдрал гэдэг адармаатай зовлон жаргал ээлжилдэг хэдий ч 16-хан настай охинд дааж давшгүй зовлон үүрүүлдэг. Төрсөн эцгийн зүгээс хүчирхийлэлд өртсөн, энэ үед ээж нь нас барсан, дүүгийнхээ асуудлыг шийдэх гэж байгаад ах нь гэмт хэрэгтэн болоод шоронд орсон. Нэгхэн охинд тулгарч буй асуудал энэ. Гэтэл хохирогч хүүхэд бүрбүгд өөр өөр зовлон бэрхшээлтэй байдаг. Энэ бүхэнтэй өглөөний 6 цагаас шөнө унтах хүртэл нь тасралтгүй Үжин төвийн хэдэн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид ханцуй шамлан амрах ч эрхгүй ажиллаж байна. Түр хамгаалах байрууд, СЭМҮТ, асрамж, халамжийн төвүүд, хорих ангиуд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, архины хамааралтай хүн, хүүхэд, зорилтот гэр бүлтэй энэ хэдэн нийгмийн ажилтанууд маш бага цалинтай, нийгмийн хамгааллын асуудлууд нь шийдэгдээгүй нөхцөлд ажиллаж байгаа энэ хэдэн нийгмийн ажилтнуудаа Монголын төр хэзээ нэгэн цагт анхаарч харах байх гэж найддаг.
- Цогц үйлчилгээний онцлог нь?
- Сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, хууль эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг тасралтгүй хангах буюу цэцэрлэг, сургуульд нь явуулах, хөгжлийн үйлчилгээ буюу усан бассейн, зургийн дугуйлан, циркийн хичээл, хичээлийн хоцрогдол арилгах сургалт гээд олон төрлийн үйлчилгээнд хамрагдаж хүүхдүүд завгүй амьдардаг. Мөн гэр бүлийн орчныг бий болгож хүүхэд гэртээ байгаа юмшиг амьдарч байна. Хүүхдийг анх ирэхэд нь хийсэн нөхцөл байдлын үнэлгээ дээрээ тулгуурлаж бүх үйлчилгээ төлөвлөгөөний дагуу явагддаг. Ингээд сар болгон хүүхэд тус бүр дээр өөрчлөлтийн тайлан гаргаж дараа сарын үйлчилгээгээ төлөвлөн ажиллаж байна. Зөвхөн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна ар гэртэй нь хуулиар үүрэг хүлээсэн хамтарсан багтай хамтран гэр бүлд нь үйлчилгээ үзүүлдэг. Ээжүүдийг нь мэргэжлийн сургалтад хамруулж байна. Хохирогч хүүхдүүдийн 70-80 хувь нь ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Төрсөн эцэг, төрсөн ах, нагац ах, хойд эцгийн зүгээс хүчирхийлэл үйлдэгдсэн байдаг учраас бид хүүхдийг шүүх хуралд, байцаалт өгөхөд хүртэл бэлддэг. Ураг төрлийн хүчирхийллийн тохиолдолд гэр бүлийг нь хохирогч хүүхдийнхээ талд бат зогсоох нь маш чухал асуудал байдаг.
- Магадгүй ингэж ажиллахгүй бол хүүхэд эргээд эрсдэлд орох магадлалтай байх?
- Ямар гэр бүлд энэ хэрэг үйлдэгддэг вэ гэдгийг анхаарах ёстой. Ерөөсөө л хараа хяналт сул, хэн нэг нь архины хамааралтай эсвэл гэр бүл нь салчихсан тохиолдолд охид эрсдэлд өртдөг нь бүх судалгаанаас харагдаж байна. Тэгэхээр эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдийн судалгааг анхан шатны байгууллагын ажилтнууд маш сайн анхаарч, хуулиар үүрэгжүүлсэн үүргээ чанартай биелүүлэх цаг аль хэдийн болсон. Нөгөө талаас улсын ерөнхий прокурорын газрын 250 хэрэг дээр хийсэн судалгаанаас харахад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь сэтгэл заслын үйлчилгээ авч чадахгүй байна. Манай төв бий болсноор бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийн 10 хүрэхгүй хувьд нь хүрч байна. Хаана ч хандаагүй, хэний ч анхааралд ороогүй олон хүүхэд хохирч байгаа нь ноцтой асуудал. Ойрд зуны амралт эхэлсэн чинь “Үжин” төв рүүхүүхдэдээ үйлчилгээ авахыг хүссэн иргэд ихээр хандаж байна.
- Та авах боломжтой юу?
-Гэр бүлийнхээ нэр хүндийг нэгдүгээрт тавиад хэргийг цагдаад өгөлгүй нуун дарагдуулсан ч тэр хүүхдэд сэтгэл заслын үйлчилгээ зайлшгүй хэрэгтэйг мэдсэн ээж аавууд байна. Танай дээр ядаж зуны 2-3 сар явуулъя, боломж олгооч гээд ярьж байна. Гэвч байр савны багтаамжаас шалтгаалаад хүссэн хүүхэд болгоныг үнэхээр авч чадахгүй байна. Төвийн үйл ажиллагааг явуулахад Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зургаан сарын туршилтын хугацааны санхүүжилт олгосон нь 4 сарын 30-наар дуусгавар болсон. Дахиад тендер зарлагдах хүртэл санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Гэхдээ яахвэ, өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаж түрээсээ төлөөд, хүмүүсээ цалинжуулаад, хүүхдүүддээ хооллож хувцаслаад явж л байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд гэр бүл, хүүхдийн эрх ашгийг төр хамгаална гэсэн заалт бий. Энэ уг нь төрийн үзүүлэх ёстой үйлчилгээ юм. Өнөөгийн бодит нөхцөл байдлаа харахад ядаж “Үжин төв”-д төр дэмжлэгүзүүлэх яаралтайшаардлага тулгараад байна.
-Санхүүжилт дууcчихсан гэж байна. Ойрын өдрүүдэд яаж ажиллаж байна?
-Хүүхдийн эрхийг хамгаалах төв 2009 оноос хойш ажилласан учраас нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, хуульч өмгөөлөгчид маань маш сайн чадавхжсан хүмүүс байдаг. Тийм учраас бид нар олон улсын байгууллага, төрийн байгууллагын захиалгаар Гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулж тэндээс олсон орлогоороо түрээсээ төлөөд хүмүүсээ цалинжуулж хүүхдүүдийнхээ хоол унд хувцас хунарыг болгоод зүтгэж байна.
-ЭЭЖ НЬ ТӨРСӨН ОХИНЫХОО ЭСРЭГ МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ТОХИОЛДЛУУД ОЛОН БИЙ-

-Ийм бэрхшээлтэй асуудлыг цогцоор нь шийдэхийн хажуугаар ахуйн зүйлүүдэд санаа тавьж зохицуулна гэдэг бас харамсалтай л юм?
-Алийн болгон урьтаж бэрхшээл ярих вэ гэж боддог ч ярихгүй яваад байх бас хэцүү. Өглөөнөөс орой хүртэл бидний үйл ажиллагаа ямар байдгийг зарим нь ойлгодоггүй. Зүгээр л нэг хэдэн хүүхэдхооллоод, байршуулаад болох юмшиг санадаг. Гэтэл үгүй. Манай энэ холбогдох албаныхан бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй долоо хоног ажиллаад үзвэл биднийг ойлгохоос, дэмжихээс өөр аргагүй болно. Өглөө босоод нүүр гар, шүдээ угаахаас үйл ажиллагаа эхэлдэг. Гараа зөв угаах, амны хөндийн эрүүл мэндийг сахих, охидын угаалга хэрхэн хийх, оймс, дотуур өмдөө сольсон даруйдаа угааж хэвших гээд бүх зүйлийг эхнээс нь зааж сургаж байна. Өглөөний цайг нь уулгаад цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгнө. Эцэг эхийн хуралд сууна, сургалт дамжаанд нь хамруулна. За тэгж байтал нэгэнд нь цагаан цамц, нөгөөд нь бэлтгэлийн хувцас хэрэгтэй болно. Үүний хажуугаар байрны түрээс, цахилгаан, ашиглалтын мөнгө гээд л. Энэ бүхэн дээр бид төрийн байгууллагуудын дэмжлэгтэй ажилламаар байгаа юм. ТОССК–аас түрээсийн бага зардалтай байраар хангах, цахилгааны хөнгөлөлт,цагдаагийн гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн үйлчилгээгээр дамжуулан гэмт хэргийн хохирогч хүүхдийн аюулгүй байдлын хамгаалалтыг хангахад туслах гээд төр шийдэх боломжтой олон ажлууд байна. Ямар ч байсан УИХ-ын дарга Г.Занданшатар манай төвтэй тавдугаар сарын 07-нд өөрийн биеэр ирж, ямар нөхцөлд байдалд ажиллаж байгаатай танилцсан. Үжин төвийн хүүхдүүд маань нүдэндээ ямар их гэрэл гэгээ өөртөө ямар итгэлтэй байгааг хараад явсан. Тэгээд тавдугаар сарын 08-нд Төрийн ордны хэлэлцүүлэгт урьж оролцуулаад холбогдох албаныханд Үжин төвийг орон байртай болгоход төр анхаарах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Өнөөдрийн байдлаар нааштай мэдээ сонсоогүй байна. Гэвч анхаарах байх гэж найдаж явна.
-“Үжин” төвд ирэхээсээ өмнө амиа хорлохоор өөр юу ч боддоггүй байсан гэж нэг охин ярьсан байсан?
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид нас нь бага байх тусам тухайн хүүхдэд үлдэх эмгэг илүү байдаг. Зарим хүмүүс 4-6 настай хүүхдүүд юу ойлгох вэ дээ, тэгж байгаад мартана гэдэг. Үгүй ээ. Нас бага байх тусам шарх сорви их үлдэнэ. Манайхаас үйлчилгээ авсан хүүхэд, аваагүй хүүхэд хоёрын хооронд асар их ялгаа бий. Монгол улсын хэмжээнд биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн талаарх судалгаанаас харахад тэдний 80 орчим хувь нь бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс байна. Ялангуяа ураг төрлийн хүчирхийллийн давтамж нь олон байх магадлалтай. Дээрээс нь гэр бүлийн орчин учраас нуучихдаг. Хойд эцгийг нь мэдээлэх гэхээр хохирогч охины дор гурван дүү байж байдаг. Ээж нь ажилгүй, тэр гэр бүлийг гол тэжээдэг хүн хойд эцэг. Тэгэхээр ээж нь охиноо гурван дүүгээ бод гэж ятгадаг. Яг иймэрхүү байдлаар маш олон хэрэг цагдаагийн шатнаас замхардаг. Төрсөн охиныхоо эсрэг ээж нь мэдүүлэг өгдөг тохиолдлууд хүртэл их бий. Үжин төвд ирсэн хүүхдүүдэд эерэг өөрчлөлтүүд 55, 56 дахь хоногоос эхлээд өөртөө итгэх итгэл нь нэмэгдээд харц нь өөр болоод ирэхээр бид үнэхээр урамшдаг. Үйлчилгээ авч чадаагүй хүүхэд сэтгэлзүйн асар их өөрчлөлт, хямралд ордог, сурлага мууддаг, ганцаарддаг, зожиг болох, өөрийгөө буруутгах үзэл давамгайлах, жирэмсэн болох, бэлгийн замын халдвар авах, үр хөндүүлэх, амьдарч буй аймаг, сум, дүүрэг, хороонд элдэв цуу үг тархах, хичээл завсардах, архи, тамхи, газ үнэрлэх, амиа хорлох, биеэ үнэлэх гэх мэт буруу зам руу хөл халтирах магадлал маш өндөр. Манай хүүхдэд гарч байгаа өөрчлөлтийг харсан нийгмийн ажилтнууд хохирогч дараагийн хүүхдээ одоо танайд өгье энэ үйлчилгээ л авахгүй бол болохгүй юм байна гэдэг болсон.
-Таны яриаг сонсож байхад нийгмийн сүлжээнээс танай үйл ажиллагааг харж байхад харамсалтай явдлын тохиолдол бүр Үжин төвд очоосой гэж бодсон. Энэ боломжийг хэрхэн хардаг вэ?
-Түрүүн хэлсэн, эрсдэлийн түвшин маш өндөрхүүхдүүдийг манайд өгдөг. Гэтэл амиа хорлох оролдлого хийгээгүй ч сэтгэлзүйн хувьд “үхчихсэн” хүүхдүүд их хэцүү. Болдог бол бүх л бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлмээр байна. Өнгөрсөн онд 298 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Жилдээ 1300 гаруй 12-17 насны охид хүүхэд төрүүлсэн статистик байна. Тэгэхээр бид нар энэ хүүхдүүд яг хүссэн жирэмслэлт байв уу эсвэл бэлгийн хүчирхийллийн хохирогч байгаад тэрийгээ нуун дараад чимээгүйхэн төрөв үү гэдэг дээр хүртэл анхаарах ёстой. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 110 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болчхоод байна. Гэтэл энэ хүүхдүүдийн хэд нь үйлчилгээ авч байна вэ? Бид бодох ёстой. “Үжин” төв шиг ийм газрууд аймаг болгонд бий болоосой эсвэл бүсчлэн бий болгож хохирогч хүүхэд бүрд сэтгэл заслын болон нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ авдаг эрхзүйн орчин механизмыг бүрдүүлээд өгөх зайлшгүй шаардлагатай байна.
-Энэ тоо баримтаас гадна цагдаад мэдэгдээгүй нуучихсан хохирогч хүүхдүүд олон байдаг байх нь?
- Энэ бол бас л эмзэг асуудал. Хичээл амрангуут манайд маш олон хүн хандаж байна. Аливаа хэрэг гарахаар нууцлалын асуудал хаа хаанаа алдагддаг. Төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, цагдаагийн байгууллагаас тухайнхэрэг нийтэд мэдээлэгддэг учраас хүүхдийнхээ болон гэр бүлийнхээ нэр хүндийг бодсон эцэг эхчүүд шүүхийн шинжилгээний төвөөс цагдаа руу очихгүй харьдаг. Гэвч бид энэ бүх хүүхдүүд үйлчилгээ өгдөг л байх ёстой. Заавал шүүх цагдаагийн шатанд очиж байгаа нь хохирогчид биш шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна. Сүүлдээ би бодож байна, яаж ийж аргалаад өдөр өнжүүлэх үйлчилгээ бий болгож тэр хүүхдүүдэд тусалъя гэж.
-Хүчирхийлэгч хүмүүсийн асуумжаас судалгаа хийхэд мэдээлэл сонсоод хэрэг үйлдэх сэдэл төрсөн гэж хэлсэн гэсэн...?
-Ер нь хэвлэл мэдээллээр энэ төрлийн мэдээлэл ойр ойрхон гарах нь өөрөө эргээд энэ хэргийг нэмэгдүүлэх хандлагыг бий болгодог. Сэдэл төрүүлээд байна. Үүнийг манай хуулийн байгууллагынхан хүртэл мэдээ гарсны дараах өдрүүдэд ийм төрлийн хэрэг давтагддаг гэдгийг судалсан. Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэн орсон орон. Сэтгүүлчид конвенцын хэд хэдэн заалтын дагуу нууцлал, байршил, хохирогчийн нас зэрэгт хянамгай ажиллах шаардлагатай. Үүнийг сэтгүүлчид маань анхаарахгүй бол давтамж нэмэгдэнэ гэдэг бол хамгийн аймшигтай үзүүлэлт. Хүчирхийлэгч үйлдэгч өөрөө хэн бэ гэдэг судалгаанаас харахад өөрсдөө бага насандаа хүчирхийллийн хохирогч эсвэл үл хайхрагдсан, хүнээр хайрлуулж үзээгүй хүмүүс байна. Энэ тоо баримтууд нэмэгдэх тусам цэцэг цэврүү шиг үрс хохирогч болно гэдгийг хаа хаанаа маш сайн бодох хэрэгтэй.
-ӨНГӨРСӨН ОНД 12 ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН-

-Цаасан дээр тайлан гаргадаг, тэрийг нь хараад шийдвэр гаргадаг дарга нарыг бодвол та асуудалтай нүүр тулж яваа хүн. Зөв шийдлүүд таны толгойд бий байх?
-Би 2016-2017 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд хөгжлийн газар асрамж, халамж, хариу үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, 2017-2018 онд Хүүхдийн тусламжийн 108 утасны төвийн даргаар ажиллаж байсан. 2017-2018 онд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 байгууллагын 33 асрамж халамжийн төвд амьдардаг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үзүүлдэг үйлчилгээний чанар, үр дүн болон эдгээр хүүхдүүдтэй ажилладаг нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарттулгардаг бэрхшээл, үйлчилгээний үр дүн, чанарын судалгаа хийсэн байдаг юм. Энэ судалгаа маань олон улсын эрдэм шинжилгээний хуралд байр эзэлж байсан. Судалгаагаар энэ хүүхдүүдэд сэтгэл засал,нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ дутмаг байгаа нь харагдсан. Нэгдүгээрт хүүхдийг 2 наснаас нь эхлээд өөрийгөө аюулаас яаж хамгаалах, таны биед хэн нэгэн хаана нь хүрч болохгүйг, аюул тохиолдсон үед та хамгийн түрүүн хэнд хэлэх, танихгүй хүн гараас чинь баривал яаж орилж хашхирах гэх мэтийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан олгох хэрэгтэй. Бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын арга зүйг бид боловсруулах ёстой юм байна. Хоёрдугаарт, эцэг эхийн үүрэг хариуцлагыг маш сайн нэмэгдүүлэх ёстой. Миний нэг ажилласан кейс байна. Эхнэр нь ажлаар хот руу яваад нөхөр нь аймгийн төв дээр дөрвөн настай охиноо хөтлөөд явж байгаад цэргийн андтайгаа таарсан. Гурвуулаа нийлээд гэртээ аваачиж архи уусан. Аавыг нь согтоод унасан хойно нь цэргийн анд нь хүчирхийлэл үйлдсэн. Тэгэхээр гэр бүлийн хүрээнд хүүхдийн дэргэд архидан согтуурахгүй байх, хүүхдийн хараа хяналтаа сулруулахгүй байх, дээрээс нь эцэг эх хоёрын үүрэг хариуцлагыг чадавхжуулж өгөх хэрэгтэй. Одоо гэр бүлийн салалт, хамтран амьдрагчид их байна. Гурван эхнэрийн 6-7 хүүхэдтэй эрчүүд байна.Тэгэхээр эцэг эх байх үүрэг хариуцлагыг хуулиараа чангатгах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр бүх л газар бэлгийн хүчирхийллийн тоо ярьж байна. Цагдаа, шүүхийн шинжилгээ, шүүх, прокурор бүгд. Бид нар дорвитой хөрсөн дээрээ буусан ажлыг шат шатандаа хийх ёстой. Эрхзүйн орчин бол болж байна. Одоо энэ эрүүгийн хуулийн өөрчлөлт дээр хүлээлгэх хариуцлагыг чангатгана гэж УИХ-ын дарга хэлсэн. 2018-2019 онд би 18 аймгийн 170 суманд очиж ажиллалаа. Сум болгонд охидын жирэмслэлт, бэлгийн хүчирхийлэл гарч байна. Бид нэг хэрэг гарахаар сенсаацилчихаад хаядгаа бид болих хэрэгтэй. 2018 оны гуравдугаар сард хохирсон ой 10 сартай эрэгтэй хүүхэд одоо хаана байгааг хэн мэдэж байгаа вэ? Өнгөрсөн онд 12 эрэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Одоо манайд эрэгтэй хүүхдүүдийн ар гэрээс үйлчилгээ авъя гэж хандаж байна. Гэтэл надад хөвгүүдийг авах байр алга. Би төвийнхөө үйл ажиллагааг зогсоохгүйн тулд намайг хаана ажиллуулъя гэнэ тийшээ цүнхээ үүрээд өөрийн үр хүүхэд, ар гэрээ хаяад замын унаанд суун зүтгэж байна. Зөв ажил хийх гэж байгаа хүмүүсээ төр яагаад ойлгодоггүй юм бэ? Гэхдээ би монголын төр сохор биш гэдэгт найддаг. Өөрсдийн бор зүрхээрээ яваа биднийг нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөлж болдоггүй юмуу, сарын 200 мянган төгрөгийн цахилгааны төлбөрөөс хөнгөлж болдоггүй юм уу. Бид нар өнөөдөр хохирогч охидоо Монгол иргэн болгон төлөвшүүлэхийн тулд оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхээр амьдрах ухааны наад захын эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох, талх, боов, хоолоо өөрсдөөр нь хийлгэж сургаж байна. Монгол дээл, ор хөнжлийн даавуу, хатгамал, зүймэл, англи, солонгос хэл хүртэл зааж сургаж байна. Өдрөөс өдөрт хандаж буй хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа учраас байраа томсгож чадахгүй ч ороо давхар болголоо. Хүндрэл бол их байна. Гэвч манай хамт олон мохохгүй, шантрахгүй зүтгэсээр л байна.
-Ажлын үр дүн нүдэн дээр тань гарч байгаа нь бас нэг урам зориг нэмдэг байх?
-Тийм шүү. Амиа хорлох оролдлого 2-3 удаа хийсэн хүүхэд өнөөдөр онц сураад би сэтгэлзүйч болно гээд явж байна. Гэтэл яг ижил насны энэ үйлчилгээг аваагүй охин биеэ үнэлэгч болчихсон байна. Хүчирхийлэлд өртөөд тэрийгээ хэнд ч хэлж чадахгүй явсаар надад хэн ч туслахгүй юм байна, надтай хүн суухгүй, би ээж болохгүй, би бузарлагдсан охин гэдэг сэтгэлзүйгээр хандаж буруу замыг сонгодог. Тэгэхээр үйлчилгээ авсан хүүхэд, аваагүй хүүхэд хоёрыг хоёр өөр ирээдүй хүлээж байдаг. Харц нь нь өөртөө итгэлтэйгээр гэрэлтэж ирээдүйгээ ярьж суугаа охидыг харахаар би яагаад ч хамаагүй төвөө томсгоод илүү олон харцыг гэрэлтэй болгоё гэж боддог.
-Та хохирогч хүүхдүүдэд илэрч буй өвчний талаар хатуухан хэдэн үг хэлсэн. Энэ байдал бас л нийтлэг үү?
-Зургаахан настай хүүхдээс идээ гоожоод орж ирж байна. 16 настай охин тэмбүү өвчтэй ирж, бид эмчлүүлж эрүүл саруул болгож байна. Энэ бүхнийг хэдхэн нийгмийн ажилтан сэтгэлзүйчид ханцуй шамлан бүтээж байна. Үнэхээр өрөвдмөөр. Цалин бага. Намайг энэ ажлыг эхлэхэд олон хүн хорьж байсан, чи зүгээр соён гэгээрүүлэх ажлаа л хий гэдэг байсан. “Үжин төв”-д жаргалтай гэр бүлийн хүүхэд нэг ч байхгүй, ижил асуудалтай хүүхдүүд цуг байхаараа маш хурдан өөрчлөгддөг. Доод, доод дүүгээ хариуцаад төвдөө дасгаад аягүй хөөрхөн ш тээ. Бид нар нэг хүүхдийн төрсөн эцэг эхийг нь 13 жилийн дараа олж уулзуулсан. Ер нь нийгмийн ажил гэдэг чинь маш урт хугацаанд явагддаг. Үр дүн хэзээ ч харагдаж болно. Тэгэхээр зарим хүмүүс үр дүнг маш богино хугацаанд нэхэх гээд байдаг.
-Хэдийгээр ярилцахад хөндүүр сэдэв ч бид тодорхой мэдээлэл, бодит нөхцөл байдлыг мэдэрлээ. Нэмж хэлэх зүйл байгаа байх?
-Ер нь бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд гэдэг бол насаараа хохирогч болж байгаа гэдгийг бид бодох хэрэгтэй. Би 40 гаруй насны бага насандаа хүчирхийлэлд өртөөд тэрийгээ өдий хүртэл нууж амьдарсан эмэгтэйтэй уулзаж, зөвлөгөө өгч байсан юм. Ээж аав ах эгч дүү нар хань ижлээсээ нуусан. Ингэж явах хэцүү хамгийн хүнд асуудал нь. Тэр эмэгтэй үргэлж жүжиглэж амьдарсан. Бэлгийн таашаалыг хүртэл мэдрээгүй ч мэдэрсэн мэт жүжиглэдэг. Мэдээ сонсоод сэдэрдэг. Ярилцаад маш сайн ойлголцсон. Манай төвд байгаа жижигхэн ч гэсэн юмаа илүүчлэх гээд ирдэг. Ард иргэд минь эцэг эхчүүд минь бид нэг хэрэг гарахаар бүгдээрээ орилж шуугиад цаазаар ав гэж компьютерын цаанаас орилох нь шийдэл биш юмаа. Үр хүүхдэдээ тавих эцэг эхийн анхаарал хяналтаа сайжруулах, иргэд, айл хөрш, хуулиар үүрэг хүлээсэн боловсрол, эрүүл мэндийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, цагдаа, төрийн албан хаагчид эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг эрт шатанд илрүүлэх, заавал мэдээлэх хуулийн үүргээ биелүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг ажлыг чанартай үр дүнтэй хийж чадвал гэр бүл, хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийлэл буурна. Тийм учраас эцэг эх, асран хамгаалагч, ард иргэд бүгдээрээ дор бүрнээ хариуцлагатай л байх хэрэгтэй. Гэр бүлийн тогтвортой байдал ажилгүйдэл ядуурлыг бууруулах гээд гэр бүл рүү чиглэсэн хөгжлийн үйлчилгээ, салах гэж байгаа гэр бүлийг эвлэрүүлдэг зуучлах төвүүдийн чанартай үйлчилгээнүүд маш чухал байна.
Б.БАЯРТ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ОТГОНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.