Монгол, Эмират улсын гадаад хэргийн сайд нар есдүгээр сард уулзалт хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны наймдугаар сарын 23-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг-тай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээхээр ажиллаж байгааг мэдээлэв. Мөн АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 цэцэрлэгийн төсөл амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлж, улмаар манай орны хүүхэд багачуудын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мөн тэмдэглэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хоёр улс давхар татварын хэлэлцээртэй байх нь чухал ач холбогдолтойг онцлов. Сайд нар ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзаж, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоор ярилцсан хэмээн ГХЯ-наас мэдээлэв.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.