Ярилцлага

Ш.Уранчимэг: Цэрэгт яваад тахир дутуу болсон хүний тавилан цаашаа яаж өрнөдөгийг бидний амьдралаас харж болно

1982 он. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн ахлах ангийн хөвгүүдээс ЗХУ-ын хилийн цэргийн сургуульд сургах сурагч сонгохоор НАХЯ-наас нэгэн офицер иржээ. Энэ сонголтод  хөнгөн атлетикийн тамирчин сурагч Я.Эрдэнэбат тэнцсэн байна. Харин гадаадын цэргийн сургуульд суралцахаас өмнө хилийн цэрэгт алба хааж бэлтгэл хийдэг журамтай байж. Ингээд хүү Дорноговь аймгийн Улаан-Уул сумын 129 дүгээр цэргийн ангид алба хаахаар  мордлоо. Бие бялдарын хөгжил сайтай, хөнгөн атлетикийн дөрвөн төрөлтийн II зэрэгтэй том хүүгээ гадаад руу том сургуульд явуулах болсон аав, ээж нь баярлаж бахархан үдэж. Гэвч зургаан сарын дараа тэд цохондоо буудуулсан ухаангүй хүүгээ Замын-Үүдийн эмнэлэгт харжээ. Хүүгээ харах тэр агшинтэй зэрэгцэн тус гуравлдугаар заставын дарга Мундуу гэж хүн ээжийг нь дуудан “Хүү чинь буудагдчихлаа. Хүүхэд болохоор зүггүйтэж байгаад өөрийгөө буудчихжээ” гэсэн байна. Үүнээс хойш ная хоногийн дараа ачит эмч нарын  мэргэжлийн ур чадвараар Я.Эрдэнэбат энэ хорвоог дахин харж нүдээ нээжээ. Хамгийн харуусалтай түүнд сонсгол тэр байтугай ой санамж нь ч үгүй болж.

Ээж Цэгмид нь сайхан хүүгээ хөл дээр нь босгохын тулд өөрөөсөө гарах бүх хүчээ дайчлав. Энэ бүхний эцэст Я.Эрдэнэбатын сонсгол бага зэрэг сайжирч, хөл дээрээ тогтож, ойр зуурын үг хэлэх болжээ. Тэр тамирчин хүн тулдаа тэсвэр хатуужил, аливаа зүйлд дасан зохицох бас суралцах чадвар өндөр байлаа.  

Хувь тавилан түүнийг  сайхан ханьтай учруулав. Хайрт гэргий нь ч жирэмслэв. Я.Эрдэнэбат баяр хөөрөөр дүүрэн байлаа. Гэвч бурхан түүнд дахиад л хатуурхав. Буд гарагт төрсөн Буджаргал охин нь төрөлхийн тархины саажилт өвчтэй  нь оношлогджээ. Өөрөө үхэл амьдралтай тулалдаж өдий хүрсэн тэрбээр одоо өөдөсхөн жаахан охинтойгоо хоёулаа нийлж тэмцэлдэх болжээ. Охин зургаан нас хүрээд хорвоог орхижээ.

...Буун дуу гарсан аймшигт тэр өдрөөс хойш 36 жил өнгөрчээ. Харин энэ хоёр хүн ханилаад 30 дахь хавараа угтаж байна. Унаж босч, ядарч, тэвдэж яваа ч бие биенээ гэсэн хайр, халуун сэтгэлээр тэд хөтлөлцөн өглөө нарнаас үдшийн бүрийг хүртэл ажиллаж амьдарч явна. Бид Я.Эрдэнэбат гэдэг айлын амьдралаар зочиллоо. Нэмж хачирласангүй, бас болгоомжлон хасч танасангүй тэдний яриаг бүрэн эхээр нь хүргэе.


-ТӨР ЗАСАГТАА ГОМДОЖ ЯВДАГ Ч БИДНИЙ ХУВЬ ТАВИЛАН ИЙМ БАЙХ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ТАЙВШРУУЛДАГ-  

-Та хоёрынминь амьдрал ямархуу байна даа?

-Болж л байна даа. Амьд хүн л юм болохоор хоёр идэхгүй, хоосон хонохгүй ажиллаад л. Түрээсийн байранд, бас нэг жижигхэн ажлын байр түрээсэлчихсэн, оёдол хийгээд амьдарч байна даа. Энийгээ хаана ч явсан дагуулаад явдаг. /инээв/

-Нөхөр тань одоо эрүүл мэндийн хувьд  ямар асуудалтай байна?

-Сонсгол 90 хувь алдсан. Бүсэлхийнээс доош мэдээгүйжилт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Олон жил эм тариа хэрэглэсэн болохоор эрүүл эрхтэн гэж алга даа. Өтгөн, шингэнээ мэдрэхгүй гаргана.    

 -Яг онош нь юу билээ?

-Гэмтлийн дараах тархины үхжилт. /Оросоор хэлэв/ 

-Та оёдол хийгээд удаж байна уу?

-Эгч нь Анагаахын дунд сургуулийг улаан дипломтой дүүргээд АУИС-д орсон. Хүүхдийн их эмч мэргэжэлтэй. Цусны төвд цус сийвэн үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгчээр долоон жил ажилласан. Улсад ажилласан  байдал ердөө энэ. За тэгээд л ёстой юм юм хийж үзсэн дээ. Хоол хийж зарсан, хүүтэйгээ усны тэргэн дээр ундаа чирээд зарж, хуванцар сав түүгээд явж байсан өдөр ч надад бий. /уйлав/ Юу хийхээ мэдэхгүй явсан ч үе бий. Амьдралд бүр цөхрөөд ирэхээр хүн их зоригтой болдог. Нэг л өдөр гэнэт оёдол хийхээр шийдсэн. Эхлээд бол ёстой хөөрхийлөлтэй л юм хийлээ. Одоо оёдлоороо л амьдарч байна. Арваад жил хийчихэж. Эмнэлэгт ажиллаж байсан болохоор эмнэлгийнхээ хувцсыг хийгээд эмнэлгүүд бараадаад амьжиргаагаа залгуулж явна.  

-Хань ижил амьдралынхаа төлөө эмэгтэй хүн өдий хүртэл ингэж зүтгэнэ гэдэг хувь хүний сайхан чанар харагдаж байна?

-Ганцаараа зүтгээгүй шүү. 70 хувь нь би байлаа гэхэд 30 хувь нь ах дүү, найз нөхөд, сайхан сэтгэлтэй хүмүүс бий. Төр засагтаа гомдож явдаг ч, бидний хувь тавилан энэ байх нь гэж бодоод өөрийгөө тайвшруулна.  Гэхдээ сүүлийн үед эгч нь жаахан сэтгэл санаагаар унаж байна. Би өрнөөс өрний хооронд амьдарсаар өдий хүрлээ. Өрөө төлж чадахгүйгээс болоод шүүх цагдаад ч очлоо. Бид барьцаа хөрөнгөгүй болохоор дандаа хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлнэ.  Гэтэл бид хоёрын эмчилгээний мөнгө цаг үргэлж урсаж л байна. Өглөөнөөс үдэш хүртэл зайгүй ажиллахад миний хань бүртийтэл  яг хажууд байна. Ингэлээ гээд бидний амьдралд өөрчлөгдсөн юм алга.

-Та хоёр ч түрээс төлдөг юм байна. Дээрээс нь эм тариа. Өрөө төлж хүрэлцэж байна уу?

-Хүрэлцэхгүй ээ. Энэ олон жил хөдөлмөрлөөд байхад яасан дуусдаггүй өр вэ гэж хүмүүс ч хэлдэг, би өөрөө ч заримдаа гайхдаг. Яасан сонин юм, би архи уудаггүй, энэ тэр болж явдаггүй, илүү дутуу юм хэрэглэдэггүй гээд л. Гэхдээ энэ  хамгийн гол нь  хүнд үүрүүлэх эсвэл ачирхах, гомдлох асуудлал огт биш шүү. Би та нартай яагаад уулзахаар шийдсэн гэвэл энэ онд л гэхэд ямар олон цэргийн хүүхэд эрсдэв. Зодуулаад тахир дутуу болж, мэдрэл муутай болж галзуурсан байна, амь насаа алдаж, оргосон гэх нэртэй хилийн цаана амиа алдлаа. Миний хань ч бас тэдний нэг нь байхгүй юу. Энэ хүнтэй амьдраад яг 30 жил болж байна. Эр цэрэгт эрүүл саруул яваад эрэмдэг болж үлдсэн хүмүүсийн ар гэрийн амьдрал насан туршдаа яаж үргэлжилдэгийг би биеэрээ амсаж яваа болохоор тэр ээжүүд,  гэр бүлүүдийг сонсохоор зүрхэнд хүнд тусдаг. Цэргийн ангиудад одоо ч байгаа энэ муухай яргалал, дарангуйлал, шударга бус байдал 30 жилийн өмнө хүртэл байсныг бид хоёрын амьдралаас харж болно.

-Нөхрийг тань буудсан цэрэг гэрээслэл бичиж амиа егүүтгэснээр энэ хэргийн үнэн мөн илэрсэн гэдэг. Үүний дараа та нарт тусламж дэмжлэг үзүүлсэн үү?

 -Хөл эргэтэл явж байж нэг өрөө байр, 3000 төгрөгний тусламж авсан. Тэгээд нөхөр, охин хоёроо гадаадад эмчлүүлбэл болчихмоор юм шиг санагдаад хөөцөлдсөн. Удаан гүйсний эцэст нэг боломж гарж Хөх хотоос хариу ирсэн. Нөхрийн хувьд олон жил өвдсөн байна, охины хувьд үзье, гэхдээ эмчилгээний төлбөрөө өөрсдөө хариуцана гэсэн утгатай. Даанч бид гурав явж чадаагүй. /уйлав/ 10 мянган доллар гэсэн шүү дээ. Яг эндээс миний энэ их ужгарсан өр эхлэлтэй.

-Хэдэн он бэ?

-1993 он. Байраа таван сая 500 мянгаар зарсан. Гадаадад явж чадахгүй ч гэсэн эм тариагаа хэрэглэх ёстой. Охиныгоо амьд байх үед ямар ч гарах гарц байгаагүй.  Бид гурвын амьдрал нүд ирмэх зуурын юм болоод өнгөрсөн. Шөнө би охиноо сахина, өглөө 06 цагт Эрдэнэбат халуун хоол цай бариад эмнэлэг дээр ирж охиноо хүлээж авна. Би зөрөөд ажилдаа гүйнэ. Мөнгө олох хэрэгтэй болохоор оройн цагаар энд тэнд цэвэрлэгээ хийнэ. Хоёр талын ах дүү нар тусална. Хэцүү амьдрал. Надаас илүү хүнд амьдрал туулж яваа хүмүүс байгаа. Гэхдээ эрүүл саруул хүнийг нь цэрэг арми авч яваад насан туршийн тахир дутуу болгож буцаасан ийм амьдрал насан туршийн гомдол тээлгэдэг.

-Одоо хичнээн төгрөгний өр байна?

-Нэлээн байна. Хэлээд юу гэхэв. Жишээ нь, энэ танай доод давхрын Vision fund-ын зээлтэй. Энэ сарынхаа мөнгийг өгөөгүй л явна. Улирал тутам эм тарианы 60 мянга, асаргааны 74 мянга төгрөг дээрээс нь манай хүн групп авна. Авахад бас асуудалтай. Бид эхний хаягаараа ч тэндээ амьдраагүй олон жил болсон болохоор халамжийн хууль журмаар олгоход хүндрэлтэй. Яалт ч үгүй бидний хэрхэн амьдардагийг мэддэг болохоор хорооныхон нүдээ аниад зүтгүүлдэг.


-МИНИЙ ОХИН ЗУРГААН ЖИЛ АМЬДАРСАН-

-Та хоёр Эрдэнэбат ахыг осолд ороход ямархуу  таниулууд байв?

-Бид хоёр чинь арван жилийн нэг сургуулийн паралель ангийн хүүхдүүд. Нэг довон дээр өссөн, бие биенээ багаас нь мэднэ. Тэгэхэд би оюутан байсан. Нөхрийгөө буудуулсан бие нь муу байгааг сонсоод л байсан. 1986 оноос бие нь овоо сайжирсан. Манай сургууль дээр үе үе ирнэ. Нэг өдөр гэнэт л “Урнаа, би одоо ийм өвчтэй өрөөл татанхай болсон болохоор хүн тоохгүй байх даа. Би уг нь хүнтэй сууувал сайхан л байна” гэсэн. Тэгэхэд хэн хэнд нь нэг бодол төрсөн байх. Би тэгэхэд нь чи ямар үхчихсэн биш, өөрийнхөө буруугаас ийм болсон биш, чамд сайн хүн таарна гэж хэлсэн. Яг тэгж хэлсэн юмдаг. 

-Тэгээд...?

-Манай хүний санаагаа хэлээд байсан царай нь тэр юм билээ. Тэгээд их сонин. Нэг шинэ жилийг найзуудтайгаа яаж тэмдэглэхээ ярьж байлаа. Манай найзууд за энэ удаа найз залуугаа дагуулж ирцгээнэ шүү гэдгийн. Би надад ямар хүн байх биш гээд хэлсэн чинь, энэ хажууд сайн уу гэчихсэн зогсож байсан. Хичнээн гайхсан гээч. Тэгээд тэр шинэ жил дээр ирээд, маргааш нь бөөнөөрөө талбай дээр зурагаа авахуулсан. Тараад хоёулаа Шар хад хүртэл алхсан. Тэр замд л намайг найрчихсан байхгүй юу. /инээв/ Ээжээсээ асуусан. Насны эцэст зовж магадгүй дээ, гэхдээ өөрөө мэд гэлээ. Найзуудаасаа асуусан чинь бид нар мэдэхгүй өөрсдөө шийд гэсэн. Тэгээд шийдсэн.

-Хамгийн аз жаргалтай үеэ дурсвал...?

-Хамгийн анх намайг жирэмсэн болоход манай  хүн хагартлаа баярласан. Би өөрийгөө хүүхэдтэй болно гэж боддоггүй байсан, гэтэл би голомтоо залгах хүүхэдтэй болчихлоо гээд л. Охин төрлөө. Даанч харамсалтай нь тархины саажилттай дөрвөн мөч нь мэдээгүй төрсөн. Тэгээд л бидний амьдрал хөмөрсөн тогоо шиг л болсон. Тэр үед бид хоёр “Ямар сонин амьдрал вэ? Яагаад, яагаад” гэж байгаагаа харцаараа ойлголцож байсан. Миний охин зургаан жил амьдарсан. Аав нь бүх цагийг охиндоо зориулж, өөрийнхөө өвчнийг мартаж хичээж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. 

-Гэхдээ бурхан та хоёрт сайхан хүү заяасан шүү дээ?

-Охиноосоо хойш гурван удаа аборт хийлгэсэн.

-Айдас байсан уу?

-Айхгүй яах юм бэ. Дахиад ийм хүүхэд  гарчихвал яанаа, ерөөсөө бодогддог зүйл нь энэ.  Хүүгээ олчихоод харин арай өөр зүйл бодож эхэлсэн. Эрдэнэбат одоо цоо эрүүл оюун ухаантай болохгүй,   бие нь үүнээс дээрдэнэ гэж байхгүй гээд л. Гэтэл манай нэг найз  “Урнаа битгий авахуулаарай. Дандаа ийм азгүй юм гэж юу байдгийн” гээд дагаад гүйгээд  байсан.  Тэгээд би хүүгээ гаргасан. Яаж байна, яаж байна гээд өндөлзөөд л,  айгаад л байгаа юм чинь. Хүү маань уйлаад л, уйлаад л байх юм. Тэгээд ээжийг ирэхээр нь яанаа ээжээ, дахиад  уйлаад байна гээд өөрөө уйлсан. Ээж миний охин ядруу биетэй сүү орохгүй өлсөөд байгаа байх, сүүтэй ээж олоод хөхүүлээд үз дээ гээд явсан. Тэгээд нэг ээжийг гуйлаа, миний хүү хоёр хөхийг нь юу ч үгүй суллаж хөхчихөөд бүтэн өдөр унтчихсан. Унтахаар нь бас л айгаад. Тэгсэн чинь ёстой хөөрхөн, эрүүл хүүтэй болсон. Бөөн баяр баясгалан. Одоо бид хоёрын ганц бахархал миний хүү. Сайхан бэртэй, хөөрхөн ачтай. Хүү минь аавынхаа мөрөөдлийг биелүүлээд спортын мастер болсон. Амьдрал баян шүү дээ. Миний бие эрүүл ажил хийх хүсэлтэй, миний хань хажууд байна.


-МИНИЙ ЭНЭ АМЬДРАЛЫГ ЦӨӨН ХҮН ТУУЛААСАЙ-

-Та олон жил стресстэй, амьдралын их асуудалтай явсан ч харьцангуй нээлттэй хүн байна?

-Би энэ хүний хэл нь, чих нь. Хүний төлөө амьдарч байгаа биш гээд өөрсдийгөө олон жил нууж дарж амьдарсаар энд ирсэн. Гэвч хөөрхий ямар ч гэм буруугүй, сайхан хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд армид очоод өрөөл татуу, эсвэл цогцос болон буцаж ирэхийг хараад дуугүй сууж тэвчсэнгүй. Цэрэг арми нь тэр хүнийг хаядаг ч гэр бүл нь, ээж нь, хайртай хүн нь хаяж чаддаггүй юмаа. Эгч нь ийм хүн байгаагүй. Мэргэжлийн салбартаа ажиллаад амьдрах боломжийг минь энэ асуудал үгүй хийсэн. Байнгын сэтгэл түгшүүртэй хүн ажилдаа алдаа гаргах вий гэхээс үргэлж айж явсан. Тэр бодол минь намайг ажлаас гарахад их нөлөөлсөн. Ингээд наймаа хийж их мөнгө олж нөхөр хүүхдээ эдгээнэ гэсэн хүсэлд хөтлөгдсөн нь миний алдаа ч байж магад. Мөнгө олж чадаагүй ш тээ.

-Хоёр өвчтэй хүнтэй ганц эмэгтэй хүчгүйдэх үе зөндөө л байсан байх л даа?

-Би болгоно гэж явсаар ирсэн, одоо ч тэгээд л явж байна. Гэхдээ эмэгтэй хүний хүч мөхөсдөх үе их бий. Өвчтэй хүнээ эхлээд эмчлүүлнэ, асарна,  боломжтой бүх хүн дээр очно, уйгагүй гүйнэ, яваандаа яадаг гээч. Найз нөхөд, ажил төрөлгүй болж санхүүгээрээ доройтож эхэлдэг. Миний туулсан энэ амьдралыг цөөн хүн туулаасай. Гол харламаар өдрүүд олон шүү дээ. Тэр хуруугаа таслуулсан хүүхэд хэрвээ өөрөө зориглоод дуугараагүй бол тэгээд л өнгөрөх байсан. Монголын ард түмэн сайхан сэтгэлтэй учраас орон гэртэй болголоо. Гэхдээ тэр хүний бие сэтгэлийн өвдөлтийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Би 30 жил ханилчихаад өтгөн шингэнээ гаргачихсан явааг нь мэдэхгүй, хурдан яваач гээд л ханийгаа загнадаг. Ах дүү нар байлаа байлаа гэхэд бид нартай алийн болгон зууралдах юм бэ? Тэртэй тэргүй манай хадам ээж энэ хүнийг хоёр удаа төрүүлсэн. Хүний жамаараа нэг төрүүллээ. Дараа нь идэж уух, өмсөх зүүхээ мэдэхгүй болчихсон байхад нь энэ аяга, энэ халбага гээд амьдралыг дахин таниулсан гайхамшигтай ээж. Гэр бүл болсноосоо хойш би нуруундаа үүрсэн. Би ханийгаа хаана ч явсан дагуулаад явдаг. Энэ хүнийг гэрт орхиж болохгүй. Өвчнөө бодно, ганцаардана. Гоё сайхан дурсамж ч бидэнд бий.  Нөхөрөө загвар өмсүүлж үзсэн.

-Хөөх, тийм үү?

-Тэр үед топ модель Болормаа, Мичидмаа нартай нэг хэсэг загвар өмссөн. Ерээд оны сүүлээр.

-Яаж загвар өмсөгч болов?

-Миний нэг ах ажил дээр ирээд “Эрдэнэбат бие хаа сайтай юм чинь загвар өмсүүл яах бол” гэдгийн. Би яаж болдогийн бие муутай хүнийг  энэ тэр гээд л. Үнэндээ бид хоёрт тэр үед  солиод өмсөх хувцас байгаагүй. Тэгсэн ах өөрийнхөө хувцсыг өмсгөөд дагуулаад явсан. Хаана ч очлоо доо. Сонсдоггүй, муу ярьдаг яах бол гэсэн чинь бараг хөтлөөд явчихна болноо л гэнэ.  Тэгээд үлдээсэн, удаан өмсөөгүй л дээ. Гэхдээ л яахав дээ, миний хань загвар өмсөөд үзсэн.  Амьдрал их баян. Бид хоёрт хөглөж явсан үе ч бий, уйлж явсан ч үе байгаа. /уйлав/ Одоо бол гоё.

-Энэ хүнийг хорвоо дээр ганцхан та л ойлгож мэдэрч явна. Мөрөөдөл нь юу байдаг бол?

-Бид хоёр харцаараа, сэтгэл санааны байдлаараа, хөдөлгөөнөөрөө бүх юмаараа ойлголцоно. Манай нөхөр спортын мундаг тамирчин сурагч байсан. Сонин хэвлэл дээр гарна, гадаад руу явна. Би урлагаараа мандаад л тийм үе байсаан, бид хоёрт. Надад “Би гоё цэргийн дарга болно гэж боддог байсан чинь ингэчихсэн. Одоо ч гэсэн гоё л байна л даа, гэхдээ би чамайгаа сайхан амьдруулж чадсангүй”  гэдэг. Саяхан найздаа их өрөвдмөөр юм ярьжээ.  “Би хэрвээ Урнаатай суугаагүй бол миний хань ингэж явахгүй, зовохгүй сайхан ажлаа хийгээд явж байх байсан. Өнөөдөр хичнээн жил өмссөн гуталаа нөхөөд өмсдөг. Миний хань хэдий болтол ингэж ажиллаж явах вэ. Би эхнэртээ хэлж чадахгүй байна. Гэсэн ч би үргэлж ингэж боддог. Хоёрдугаарт би ганц хүүтэй. Миний бэр айлын ганц охин. Гэтэл надад хүүдээ өгөх юу ч байхгүй. Орон гэр ч бэлдэж өгч чадахгүй. Найз нь ажил хиймээр байна”  гэсэн байна лээ. Наанаа инээж байгаа ч цаанаа энэ хүн хичнээн шаналж өмөрч явааг би дутуу мэдэрч байжээ.  Одоо ч  өвдөж л байгаа. Би бас л дутуу мэдэрч байгаа. Та нар толгойг нь хар даа. Ингээд битүү шарх. Циллод шүү дээ, энэ чинь. Яг цохонд нь буудаад тархи нь цувчихсан байсан гэж ярьдаг.  Дөрван удаа наркозтой хагалгаанд орж,  38 удаа нугаснаасаа ус авахуулсан. Хий шахуулсан, миненгэтээр өвдсөн. Бие засах нь маш хэцүү. Эмэгтэй хүн шиг сууна, цэгэн дээр дарна, маш хүчтэй дүлнэ. Дүлэх бүрт толгойд ачаалал ирж байгаа. Гэсэн ч ажил хийх мөрөөдөл тээж явдаг байна шүү дээ. 

-Тэр өдрийг өөрөө санадаг уу?

-Санахгүй. Мэдэхгүй гэж хэлдэг. Зарим юмыг маш сайн санана, зарим юмыг ор тас мэдэхгүй. Ер нь бол 1983 оны шинэ жилийг санадаг. Тэрнээс хойш юу ч санахгүй. Хэрэг 1983 оны хоёрдугаар сарын 07-ны орой болсон.  

-Та өөрөөс нь асуугаад өгөөч?


-ЭНЭ ЗУРГИЙГ ТА АВЧИХВАЛ БИ ЮУ Ч САНАХГҮЙ -

-Эка, яг тэр цэргийн ангид болсон явдлыг миний хань санах уу?

-Би бол санахгүй байна. /Эхнэр нь цэрэгт байсан үеийн зураг өглөө/.  Харин дараа нь цуг заставт байсан хүмүүстэйгээ уулзахад тэр хүмүүс зарим нь юу ч ярьж чадахгүй  байсан. Зарим нь чи өнөөдөр ийм байгаа нь сайхан байна гээд тэврээд байсан.  Одоо энэ миний хажууд байгаа залуу  цэргийн сургуульд явах гэж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй. Одоо хурандаа цолтой, хууль сахиулах их сургуульд ажиллаж байгаад  тэтгэвэртээ гарсан. Энэ бол улс төрийн орлогч Эрдэнэбаатар одоо хаана явааг мэдэхгүй. /Зураг харж ярив/ Одоо энэ зургийг та авчихвал би юу ч санахгүй.

-Өөрийг нь буудсан хүнийг таних ч үгүй байгаа юм байна, тийм үү?

-Юу ч санадаггүй.   

-Тэр буудсан хүн энэ зураг дээр байгаа юу?

-Мэдэхгүй, би танихгүй юм чинь. Миний ханийг эхлээд өөрийгөө буудчихсан гэж хэлсэн. Хадам ээж минь нүүр хийх газаргүй хэсэг амьдарсан гэж ярьдаг. Гэсэн ч ээж үргэлж миний хүү өөрийгөө буудах хүн биш гэсэн итгэлтэй явсан. Хичнээн дотороо шаналж байсан ч. Гэтэл хэсэг хугацааны дараа цэргүүдийн мэдүүлэг зөрж эхэлсэн. Удалгүй  Сүрэнжав “Би Эрдэнэбатыг буудсан. Надад амьд явах эрх байхгүй” гээд амиа хорлочихсон юм билээ. Нэлээд сүүлд илэрсэн, тухайн үед цэргүүдийг дуугүй болгосон байх.  Анхнаас нь зөв зүйтэйгээр мэдээлэл өгсөн бол Сүрэнжав өөрийгөө бас  буудаа ч  уу, үгүй ч үү. Миний ханийг ухаан орно гэж тэд төсөөлөөгүй учраас нуугаад өнгөрөөх төлөвлөгөөтэй байж л дээ.

-Гэвч тэр юу ч санахгүй байгаа нь дэндүү харамсалтай...?

-Маш том буу байсан гэсэн. Юу ч гэлээ дээ. Миний хань тамирчин тулдаа л амьд гарсан. Сүрэнжав склад дотор ороод дотроосоо түгжчихсэн байсан гэдэг. Тэгээд яг хаалгыг нь нүдэхэд амиа хорлосон гэдэг. Дарга нь тэр үед Эрдэнэбат амьд байна гэж амжиж хэлсэн бол тэр үхэхгүй байсан. Яг Эрдэнэбатыг ухаан орох үеэр тэр хэрэг болсон. Хичнээн өөрөө юу ч санахгүй байгаа ч өөрийгөө буудаагүй гэдэг нь нотлогдсон нь зол. Өөрийгөө буудсан хүнийг эх орноосоо урвасан гэж үздэг гэдэг ханийн минь ээж хүний нүүр рүү эгц харж чадахгүй явж байсан гэдэг. Сая тэр Зүүнбаянд амиа алдсан цэрэг хүүг гадны нөлөөгүй, хүүрийн толбо гээд байна. Гэтэл яагаад үнэнийг хэлэхгүй байгаа юм бэ? Яагаад үр хүүхдээ алдчихсан хүмүүсийг дээрээс нь ингэж насаар нь гомдол тээлгэж үлдээгээд байгаа юм бэ? Гомдол гаргах бүрт зүрх нь зүсэгддэг байхгүй юу.


-ХЭЛХЭЭТЭЙ ЮМШИГ ХОРВООГ ТУУЛЖ ЯВНА ДАА, БИД ХОЁР-

-Тантай гэрлэхдээ биеийн байдал нь ямархуу байсан?

-Бид хоёр 1990 оны дөрөвдүгээр сарын 13-нд хуримаа хийсэн. Эрүүл мэндийн хувьд сонсгол нь арай дээр байсан. Тархи нь жилээс жилд үхэжнэ гэдгийг мэдэж байсан. Улам доройтуулахгүйн тулд 30 жил тэмцэж явна. Үргэлж дагуулж явдаг. Бараг л бие засахдаа хүртэл  хамт явна. Үлдээгээд гарах зүрх надад байдаггүй. Хэлхээтэй юм шиг л хорвоог туулж явна даа, бид хоёр.

-Амьдралд гомдох гуних за бүр үүнээс дор юм болсон бол яана гэж бас өөрийгөө хуурах үеүүд байгаа?

-Байсан. Хар дарсан зүүд байгаасай гэмээр өдрүүд олон, олон. Өвчтэй нөхөр минь дөрвөн мөч нь мэдээгүй охиноо хараад л би улсын ажлын хажуугаар эм тарианы мөнгө олох гээд гүйж явсан. Орой ирэхэд миний хань өтгөн шингэнээ гаргаснаа эмнэлгийнхнээс нуугаад цэвэрлэсэн гээд сууж байдагсан. Дэндүү хатуу хувь заяа гэж би боддог байсан. Өрөнд орчихоод уйлж байлаа. Хүмүүс мөнгөө нэхээд л. Чи хүний мөнгө авсан залилсан гээд шүүх хурлаар орж найман сар хоригдож байлаа. Гэсэн ч өнөөдөр хань минь амьд, сайхан хүү минь амьдралд хүрч өсөж өндийж байна. Өвчтэй ч гэсэн охиноо хайрлаж миний хань зургаан жил сайн аав байсан. 

-Хоригдох хугацаанд энэ хүн маань хэцүүдсэн үү?

-Миний ханийг яг тэр үед ах дүү нар нь Солонгос руу  авч явсан. Тэр хооронд би хоригдсон. Нөхөр хэсэг эмчлүүлээд бид хоёроос хол байж чадахгүй эргээд ирсэн. Амьдрал бид хоёроос үргэлж нүүрээ буруулаагүй. Яг тэр үед ханийн минь ах дүүс хоёр өрөө байр авч өгсөн. Гэтэл нөгөө их ир шир хэвээрээ болохоор 40 сая төгрөгөөр зараад 20 саяаар эмчилгээ хийлгэсэн. Тэгээд наймаа хийдэг баатар болоод явсан ч бүтээгүй. Ёстой муухай. Амьд л байгаа юм чинь болно гээд л  яваад байдаг.  Яваад л байдаг.  Миний ярилцлага ингээд гарахад хүмүүс яаж ойлгохыг би мэдэхгүй. Өөр өөрсдийнхөөрөө л шүүж тунгаах байх. Ямар ч л байсан би өдий хүртэл зүтгэлээ, болох юм нь болж, болохгүй юм нь болохгүй л байна.

-Нэг өдөр зүгээр сууж үзээгүй юу, та?

-Бараг үзээгзй. Тэр муухай газраас гарч ирээд нэг хэсэг маш хэцүүдсэн. Нөхөр Солонгост, миний хүү колонк дээр үнэртүүлэгч зарна. Тэгээд хүүгээ бараадаад өдөржин гадаа суудаг байлаа. Нөхөр ирээд л  амьдрал дүүрээд явчихаж байгаа юм чинь. Тэр үед л нэг хэсэг ажилгүй байсан. Амьдралд сайхан сэтгэлтэй, хүнд буянтай хүмүүс олон таардаг. Одоо энэ ерөнхийлөгч Баттулга гуай бид нарт тусалж байсан.

-Хэзээ?

-Бид хоёр охиноо аваад Шаргалжуут явах гэсэн мөнгө дутаад хаанаас олох вэ гээд эргүүтчихсэн явж байсан. Явж байгаад нэг харсан чинь 11 хорооллын энэ хавьд  Женко гэсэн бичигтэй байшин байна. Ийшээ орвол яадаг юмбол гэж бодол дундаа яваад орчихсон. Тэгсэн их сонин намайг яг орсон чинь Баттулга гуай таарчихдагийн. Шууд л би тантай уулзах гэсэн юм гэлээ.  Яасан гэхээр нь ичээд байнаа бас. Тэгээд яахав “Би нэг ийм өвчтэй нөхөр охин хоёртой юмаа. Рашаанд авч явах гэсэн мөнгө нь дутаад байна. Танд боломж байна уу” гэсэн. Тэгсэн чинь бичиг баримтыг маань  үзэж үзэж байснаа  нэг хүн дуудаад энэ хүнд 67 мянган төгрөг өгчих гэсэн. Ингэж гурвуулаа Шаргалжуут явсан.  Гадаад руу эмчилгээнд явах гэж олон хүнтэй уулзсан. МУГЖ Батзаяа надад хармаагаа уудалж байгаад 5000 төгрөг май гээд өгч билээ. 

-Амьдралыг ёстой туулах шиг болсон уу?

-Туулаад л яваа байхгүй юу. Ажилтай залуухан байхдаа сайн гүйсэн. Сүүлдээ за хүний төлөө амьдарч байгаа биш дээ гээд зөвхөн өөрийгөө л дайчлах болсон. Миний амьдралын зорилго бол энэ хүнийг л хэвтүүлж болохгүй.


-БИД ХОЁРЫН АМЬДРАЛ МОНГОЛЫН ЦЭРЭГ АРМИЙН БОДИТ БАЙДЛЫН НЭГ ХЭСЭГ НЬ-

 -Хэрэг нь хаагдчихсан биз өдийд?

-Хаагдсан. Нэг удаа асуухад хөөн хэлэлцэх хугацаа  дууссан гэж хэлсэн. Ерөөсөө их хэцүү нэг юм хөөцөлдөөд л хана мөргөнө. Бид хоёрыг бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй гээд халамж өгөхгүй удсан. Асаргааны хүн заавал хэвтэрт байх ёстой гэнэ. Энэ хүнийг хэвтүүлэхгүй гээд насаараа урд хойноо ороод дагуулаад явж байгаа намайг хараад ойлгож болно доо. Манай хууль тогтоомж хүнээсээ их хол, оновчгүй санагддаг. Дээр үед тэр байрыг хөөцөлдөөд явж байхад НАХЯ-ны орон сууц хариуцсан хүн “ Чи дандаа л нөхөр хүүхдээ дагуулж явах юм. Нөхцөл байдлыг чинь ойлгож байгаа. Ганцаараа ирээрэй” гэсэн. Нэг өдөр ажлын цагаараа гүйгээд очсон чинь өрөөгөө дотроос нь түгжээд надад халдахыг оролдсон. Муухай байгаа биз. Тэр үед энэ нийгэмдээ их гомдоод сэтгүүлч Х.Цэвлээ гуайд хандаж сурвалжлага хийсэн. Тэр үед бидний амьдралын тухай уншсан нэг цэргийн хүн бидэнтэй ирж уулзаж байж. Гэтэл энэ жил 26 жилийн дараа бид нарыг хайгаад олоод ирсэн. Хурандаа Батцэрэн гэж хүн байна. Х.Цэвлээ гуайтайгаа уулзлаа. Бурхан одоо бид хоёрыг амаа нээгээч, энэ амьдрал чинь бусдад сургамж болно гэж хэлж байх шиг. Бид хоёр одоо 55 настай. Энэ зэрэмдэг болсон цэргүүд 55 нас хүртэл их юм үзнэ шүү дээ.

-Сайхан зүйл ярилцья. Амьдрал баян шүү дээ, таны хэлснээр. Нөхрийн тань сайн чанар?

-Маш мундаг хүн. Би чинь нөхрөөсөө илүү сэтгэлээр уначих гээд байдаг. Миний хань гоё болно сайхан болно  гэж үргэлж хэлдэг. Заримдаа, сайхан болж байгаа  нь хаана байна гээд уурлана. Оёдол эсгүүр яг ингээд хий гэвэл жимбийтэл хийнэ. Харин үгүй гэвэл тэр чигээрээ үгүй.  Би өвдсөн зовсон хүн гэдгээр өөрийгөө уруу татдаггүй. Биеэ сайхан авч явна. Өмд гуталаа өөрөө цэвэрлэчихнэ. Одоо чинь эргээд намайг асрах гээд байна. Сайндана, муудна. Заримдаа би загнана. Миний хань  маш хариуцлагатай хүн. Сая ачаа төрөөд манайд ирэхэд нь 2-3 сар өвөө харсан. Янзын сайхан асраад л хүүгээ бөндийтөл харсан.

 -Хань тань таниас “Би үхье” гэж гуйсан гэдэг?

-Тархины уйланхай авахгүй бол  тархи дарагдана гэсэн. Тэгсэн чинь миний хань “Яасан ч байсан  дахиж хагалгаанд орохгүй. Үхэхээр бол үхий” гэлээ. Нэг өдөр гэнэт атиралдаад уначихсан. Эм тариа хэрэглээд ямар ч нэмэр болдоггүй ээ. Бүр аргаа бараад  хоёр хүүхэд гаргасан хүнээс сэвтэхгүй биз гэж бодоод шээсээ өгсөн. Эхтэй хүн үхдэггүй юм,  ээж хол байна үүнийг уучих гээд л өгчихсөн.  Тэгсэн чинь босоод ирсэн. Үхье гэж гуйж байсан үе бий. Охиныг өнгөрсний дараа  амьдрал үнэндээ тас харанхуй болсон. Нэг өдөр “Би чамд ямар ч нэмэр болохгүй байна. Чи эм тарианы мөнгөний төлөө амьдарч байна, би  үхьчихье тэгэх үү” гэсэн. Би “Чи үхэх юм бол надад амьдрах утга шалтгаан байхгүй” гэж хэлсэн. Би энэ хүнгүйгээр амьдралын хоногийг ч төсөөлж чадахгүй. Ингээд л хоёулаа зураг шиг амьдралаа нэмж зураад л хөтлөлцөөд явж байна. /инээв/  Амьдрал үнэхээр баян. Хүн болгон азтай. Чиний хэлснээр үүнээс дор юм болсон бол яана. Учир нь бид  үр удмаа үлдээж байна. Хугараагүй ноён нуруу гэж өгүүллэг байдаг даа. Бид хоёрын амьдрал бол монголын цэрэг армийн бодит байдлын нэгээхэн хэсэг нь. Дээрээс нь нэмж хэлэхэд  хайр, гэр бүл гэдэг чинь хариуцлага.  Би 55 нас хүрсэн юм чинь энэ үгийг  хэлж болох байх. Мөн хоёр сайхан ээждээ баярлалаа гэж хэлье. Биднийг гэсэн сэтгэлээр үргэлж дэмжиж тусалж ирсэн ах дүү нартаа баярлалаа.


Эхнэр Ш.Уранчимэгтэй ярилцсаны дараа бид нөхрөөс нь юу бодож явдгаа ярьж өгөөч гэж хүссэн юм.

Я.Эрдэнэбат:  НАМАЙГ БУУДСАН ХҮН АМЬД БАЙСАН БОЛ НАД ШИГ АМЬДРАЛЫН САЙХНЫГ МЭДРЭХ БАЙСАН

-Миний хань бодож байгаа зүйлээ яриач?

-Би өнөөдрийг хүртэл ингэж яваа нь сайхан байна. Нөгөө талаас төр засагтаа хандаж хэлэхэд цэл залуу сайхан хүүхдүүддээ эрүүл саруул очоод ийм болоод ирж байгаа амьдралыг бодохоор зүрх шимширч байна. Миний асуудал дээр бол нийгэм буруу харьцсанаас болж тэр хүн бас амиа алдсан. Намайг буудсан тэр хүн амьд байсан бол над шиг  амьдралын сайхныг мэдрэх байсан. Шоронд орсон бол гараад ирчихсэн яваа. Миний  өнгөрүүлсэн амьдрал хэзээ нэгэн цагт дурсамж болоод хойч үедээ сургамж болоод төр засагт нэг чимээ болоосой. Иргэнийхээ үүргийг гүйцэтгээд эр цэрэгт явуулья гэхэд ээжүүдийн сэтгэл сайхан байж чадах уу. Төр засаг үүнийг баталж чадахгүй болчихоод байна.

Үүний нотолгоог надаас харж болно. Тэр хүн алдсан ч засаж залруулж болно. Би өөрийн ах дүүс  болон хадмууд  ард түмэндээ  баярладаг.  Гар минь хөл минь нүд минь болсон хайртай хань минь байна. Энэ хүнд би их баярладаг. Миний анхны хүүхдийг төрүүлж өгсөн. Хэний ч юуны ч буруу байж болно, хэвтрийн хүүхэдтэй байсан. Би өөрөө ийм байхад яагаад надад ийм хүүхэд заяаж байгаа юм бэ гээд уйлж байсан ч охиныхоо төлөө би амьдрах итгэлтэй болж босч ирсэн. Сөрөхөөс өөр арга байгаагүй. Би бантан хийж сурсан, охиноо асрах гэж.

Хүүхдийнхээ төлөө чи өөрийгөө ялах ёстой гэж өөрийгөө зоригжуулж ирсэн. Хэдийгээр өмдөндөө бие засдаг ч гэсэн тэрийгээ нууж тавиад хүүхдийнхээ төлөө явсан. Эх нялхас, нярайн сувилал Найрамдлын эмнэлэг бид гурвыг андахаа байсан. Хорвоод ирээд  зургаан жил болсон ч гэсэн аавыгаа баярлуулж амьдрах итгэл хүч хайрлаж байсан юм. Ийм хүнийг дагаад насаараа явж байгаа энэ хүнийг би өрөвддөг. Ийм хүмүүсийн амьдрал яаж унадаг, төр засаг үүнд яаж ханддаг гэдгийг  бид хоёрын амьдралаас харж болно. Эргэн тойрны хүмүүс нь сэтгэл санаагаар унадаг. Миний хань бол үнэхээр хэлмэгдсэн хүн.

Би эхнэрийнхээ оёсон юмыг зарчихаад мөнгөө авах гээд очиход том эмнэлгийн захирал хэл ам нь мэдэгдэхгүй ийм хүнтэй би харьцахгүй гэсэн. Төр нь байг гэхэд эмч ойлгох ёстой гэж боддог байсан надад ямар хэцүү байсан. Би архичин болоогүй. Үргэлж амьдрахын төлөө тэмцэж ирлээ.  Миний хүү  мундаг залуу болсон. Миний хүүг бид өөрсдөө биш монголын ард түмэн хүмүүжүүлсэн.  Багш нар нь миний хүүг ийм сайхан болгож өгсөн. Би магадгүй  чадахгүй байсан байх. Энэ бол спортын хүч. Спорт хүнийг хүмүүжүүлдэг, багийн спорт хүнд хүн чанарыг хүртэл суулгадаг. Миний хүү мундаг тамирчин. Аавынхаа мөрөөдлийг биелүүлнэ. За би цааш нь ярьж чадахгүй байна. Сэтгэл хөдлөөд  сандарч байна.

 Ийм л нэгэн амьдрал бидний дунд үргэлжилж байна. Урнаа эгч эмнэлгийн ажилтнуудын хувцсыг өнгө, загварын өргөн сонголттой оёдог. Тэгээд нөхөрөө дагуулаад хувцсаа эмнэлгүүдэд санал болгоно. Түрээсээ арай ядан төлж, эм тарианыхаа мөнгийг чадан ядан олж байгаа ч сайн материалаар оёсон хөөрхөн загварлаг хувцсаа хямдхан үнээр борлуулна. Хань нь эсгэлцэж, индүүдэж бас зарахад нь байнга хамт явна. Бид хоёр хашгирч зангаж ойлголцдог болохоор хүмүүс хэрэлдэж байна гэж боддог байх гэнэ. Өнөөдөр бид хоёр нэг их яарахгүй байна. Ажлын байрны тогийг мөнгөө төлөөгүй гээд тасалчихсан болохоор гэж ярьлаа. Гэсэн ч тэд нэг сэтгэлээр нэг зүг рүү харж амьдралд тэмүүлсээр л явна.  Ярианыхаа төгсгөлд Я.Эрдэнэбат, Ш.Уранчимэг нар ганц хүүг минь хүний зэрэгтэй сургаж хүмүүжүүлж өгсөн дунд сургуулийн багш н.Дамба, "Этүгэн" их сургуулийн захирал Нямзагд, дасгалжуулагч багш Баярцогт, багш Отгонзаяа болон бусад багш, оюутнууддаа баярлалаа гэдгээ дамжуулж хэлэхийг хүссэн юм. Мөн гавьяат эмч О.Батсүх, гэргий Цэцэгмаа нарт талархал илэрхийлсэн юм. 

Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button