ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: Монголчуудын хийлгэх “Pfizer”, “AstraZeneca” вакцины ҮЙЛЧИЛГЭЭ, ГАЖ НӨЛӨӨ

Монгол Улс “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “Pfizer/BioNTech”-ийн вакцины 25,740 тун, “Oxford/AstraZeneca”-ийн вакцины 163,200-276,000 тун хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж энэ Сарын сүүлээр Монгол руу ачуулахаар төлөвлөж байгаа билээ. ДЭМБ-аас энэ хоёр вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон. АНУ-ын Хүнс ба эмийн удирдлагын газрын сайтад мэдээлснээр бол яаралтай горимд ашиглах гэдэг нь олон нийтийн эрүүл мэндийн онц байдалд ашиглах зөвшөөрөл юм.

Үүнтэй холбоотой монголчууд дунд энэ хоёр вакцины аюулгүй байдал, үр дүнгийн тухайд эргэлзсэн хүмүүс байгаа нь дамжиггүй. Тэгвэл одоо “Pfizer/BioNTech” болон “Oxford/AstraZeneca” нарын вакцины талаар эргэлзээ гаргах мэдээлэл та бүхэнд хүргэе.

“Pfizer/BioNTech”-ийн вакцин

АНУ-ын “Pfizer” компани болон Герман улсын “BioNTech” фирмийн хамтарч бүтээсэн “tozinameran” гэх олон улсын нэршилтэй “КОВИД-19”-ийн вакциныг ДЭМБ 2021.01.01-ны өглөө яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон. “Tozinameran” вакцины туршилтад 16-аас дээш насны 43,448 хүн оролцсон бөгөөд тэдний 21,720 нь 30 микрограмм (килограммыг тэрбум хуваасантай тэнцэнэ) тунтай жинхэнэ вакцин хийлгэж, 21,728 нь үйлчилгээгүй тариа хийлгэсэн юм. 30 микрограммын хоёр тунг 21 хоногийн зайтай тарихад “tozinameran” вакцин “КОВИД-19”-ийн эсрэг 95 хувийн үр дүнтэй хамгаалсан аж.

Энэ туршилтын үр дүнг Израиль улсын дархлаажуулалтын аян улам бататгаж өгсөн билээ. Израиль улсаас гаргасан шинэхэн тоо баримтаар бол “Pfizer/BioNTech”-ийн вакцины хоёр тун хийлгэсэн 600 мянган хүн дунд шинж тэмдэг үзүүлдэг “КОВИД-19”-ийн халдварын тоог 94 хувиар буурсан юм. Тэдгээр хүмүүсийн 430 мянга нь 16-аас 59насныхан, 170 мянга нь 60-аас дээш насны иргэд байжээ. Үүний талаарх мэдээг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Одоогийн байдлаар “Pfizer” компани “tozinameran” вакцин хүүхдүүдэд ямар үр дүн үзүүлдэг талаарх туршилтаа явуулж байгаа юм. Тус туршилтын хариу зун гарах төлөвтэй байгаа аж.

Тус вакцин хэрхэн үйлчилдэг вэ

“Pfizer” болон “BioNTech” фирм нь коронавирусийн удамшлын мэдээлэл буюу мэдээллийн РНХ ашигласан вакцинаа бүтээсэн.“SARS-CoV-2” вирус гадаргуу дээрх спайк уургынхаа тусламжтай хүний эсэд нэвтэрч ордог. Тус спайк уургыг кодлодог мэдээллийн РНХ-г тусгайлан сонгож авч вакцин бүтээсэн юм. мРНХ нь тогтворгүй молекул бөгөөд хэрвээ хүний биед шууд оруулбал энзим гэх уургуудын улмаас хэдэн хэсэг болон задарна.

Иймд мРНХ-г хамгаалалттай оруулахын тулд липидэн бүрхүүлээр хучжээ. Ингээд энзимүүдээс хамгааллаа, гэхдээ мРНХ нь өрөөний температурт өөрөө задрах хэмжээний тогтворгүй юм. Тийм учир “tozinameran” вакциныг -70° цельс температурт зөөвөрлөх шаардлагатай.

Тус вакциныг хүнд тарьсны дараа мРНХ агуулсан липидэн бүрхүүл хүний эстэй мөргөлдөн дотор нь орох болно. Эс дотор мРНХ ороод коронавирусийн спайк уураг үйлдвэрлэгдэж эхэлнэ. Хэсэг хугацааны дараа мРНХ-г эс өөрөө устгадаг учир ямар нэгэн ул мөр үлдэхгүй. Энэ спайк уургийг дархлааны тогтолцоо танин эсрэг бие үүсгэх юм.

“Pfizer/BioNTech”-ийн вакцины гаж нөлөө юу вэ

“Tozinameran” вакциныг хийлгэсний дараа тариулсан гар хөндүүрлэж өвдөх, хавдах, улайх шинж ихэнхдээ илэрч байжээ. Мөн бие хүйт оргих сульдах, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг ихэнхдээ тохиолдсон байна. Эдгээр гаж нөлөө нь вакцин хийлгэснээс нэг юм уу хоёр өдрийн дотор илэрдэг аж. Маш бага тооны хүн хүнд гаж нөлөө үзүүлсэн байна.

ДЭМБ-аас Тус вакциныг найрлагад орсон бодисоос харшилдаг хүмүүс болон жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хийхгүй байхыг зөвлөсөн юм. Харин жирэмсэн эмэгтэй халдвар авах өндөр эрсдэлтэй бол вакцин хийлгэх талаар өөрийн эмчтэйгээ зөвшилдөх хэрэгтэй аж. Вакцин хийлгэхийг зөвлөсөн бүлэгт хөхүүл эмэгтэй байвал вакцин хийж болно хэмээн ДЭМБ зөвлөжээ.  

“AstraZeneca/Oxford”-ийн вакцин

Даваа гарагт (2021.02.15) Их Британийн Оксфордын их сургууль болон Британи-Шведийн “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн “AZD1222” нэртэй коронавирусийн вакцинд ДЭМБ яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон билээ.

“AstraZeneca” компанийн явуулсан судалгаагаар тус вакцины хоёр тун нь 62.1 хувийн үр дүн үзүүлсэн. Тус судалгаанд 11,636 оролцсоноос 131 нь шинж тэмдэг үзүүлдэг халдвар авсан аж. Харин 1,367 хүнд эхний тунг хагасаар,хоёр дахь тунг бүтнээр хийхэд 90 хувийн үр дүн үзүүлсэн байна.

Оксфордын их сургууль “AZD1222” вакцины 6-аас 17 насны хүүхдүүдэд үзүүлэх нөлөөг туршилтаар судлаж эхлэх талаар өнгөрсөн бямба гарагт (2021.02.13) мэдээлсэн юм.

“Oxford/AstraZeneca”-ийн вакцин хэрхэн үйлчилдэг вэ

SARS-CoV-2” вирус гадаргуу дээрх спайк уургынхаа тусламжтай хүний эсэд нэвтэрч ордог. Энэ спайк уургыг кодлосон генетикийн мэдээллийг ч гэсэн Оксфорд, “AstraZeneca” хоёр ашиглажээ. Харин “Pfizer/BioNTech”-тэй харьцуулахад тэдний вакцин ДНХ ашигласан байна. Эрдэмтэд өөр нэгэн аденовирус гэх нэртэй вирус дотор спайк уургийг кодлосон генетикийн мэдээллийг оруулжээ. Аденовирусууд нь ханиад, томуу төстэй шинж тэмдэг үүсгэдэг юм.

“Oxford/AstraZeneca”-ийн баг шимпанзед байдаг “ChAdOx1” нэртэй хувиргасан аденовирус ашигласан аж. Тус вирус нь хүний эсэд нэвтэрч орох чадвартай ч дотор нь ороод хуваагдаж чадахгүй юм.

“Pfizer/BioNTech”-ийн вакцинтай харьцуулахад “Oxford/AstraZeneca”-ийн вакцин нь хөргөгчийн температурт (2°-8° цельс градуст) зургаан сарын турш хадгалах боломжтой. Учир нь гэвэл ДНХ нь мРНХ-г бодвол илүү тогтвортой бөгөөд аденовирусийн уурган бүрхэвч дотор удамшлын материалыг хамгаалахад тусалдаг юм.

Вакцин тарихад вирус хүний эс дотор орон спайк уураг үйлдвэрлэгдэж эхэлнэ. Ингэснээр дархлааны тогтолцоо спайк уургийг таньж эсрэг биеийг үүсгэх болно.

“Oxford/AstraZeneca” вакцины гаж нөлөө юу вэ

Их Британи улсад вакцин тариулсан гурван хүн тутмын нэгд нь гаж нөлөө үзүүлсэн байна. Гэхдээ аль нь ч ноцтой байгаагүй аж. Анхны тун тариулсан хүмүүсийн 37 хувь нь вакцин хийсэн газарт хавдах, улайх гэх мэт гаж нөлөө үзүүлжээ. Харин хоёр тун тариулсан 10 хүний 45 хувьд нь тэдгээр гаж нөлөө илэрсэн байна. Нэг тун тариулсан хүмүүсийн 14 хувьд халуурах, бие хүйт оргих гэх мэт гаж нөлөө илэрсэн бол хоёр тун тариулсан иргэдийн 22 хувь нь тэдгээр гаж нөлөө үзүүлжээ.

ДЭМБ тус вакциныг найрлагад нь орсон бодисоос харшилдаг хүмүүс болон 18-аас доош насны хүүхдүүдэд хийхгүй байхыг  зөвлөсөн юм. Жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй бол эмчтэйгээ зөвлөлдсөний дараа вакцин хийлгэхийг ДЭМБ зөвлөжээ.

Мөн “КОВИД-19”-ийн вакциныг ашиглан бидний бие дотор микро чип суулгах гэж байгаа эсвэл хүний удамшлын мэдээлэлд нөлөөлнө гэдэг нь ямар ч баримт нотолгоогүй цуу яриа юм.

Эх сурвалж: who.int, BBC, New York Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button