Ярилцлага

ДУГУЙТАЙ ГЭР БҮЛ: Гудамжаар явахад биднийг гадаадууд гэж хардаг

Эгэл даруухан хэр нь эрч хүчтэй, том зорилготой тэднийг “Дугуйтай гэр бүл”-ийнхэн гэнэ. 2018 оны тавдугаар сараас эхлэн тус нэрээр фэйсбүүк хуудас нээж, унадаг дугуй унахын үр өгөөж, ач холбогдлыг нийтэд сурталчилж эхэлсэн идэвхи зүтгэлтэй гэр бүл. Тэдний удахгүй гарах гэж байгаа шинэ аяллын тухай болон унадаг дугуйг тойрсон сонирхолтой асуултуудыг тавихаар гэрт нь зочиллоо.

Дугуй унадаг эрүүл саруул гурван хүүхдийн аав ээжийг Н.Пүрэвдорж, С.Анударь гэдэг. Тэд хамтдаа амьдралынхаа өвөрмөц хэвшил, тавьсан зорилтуудынхаа тухай ярихдаа бие бие рүүгээ дотно харц шидэлж, инээмсэглэж сууна. “Дугуйтай гэр бүл” нэртэй нөхөрлөл бий болгоод байгаа тэд цаашид Монголд дугуйчдын төлөөлөгчийн газрыг бий болгохоор зорьж буй. Үүнийхээ төлөө Европын холбоод руу олон захидал, хүсэлт илгээгээд байгаа бөгөөд гэр бүлээрээ томыг хүсч, тэмүүлж байна.

-МАНАЙ ГЭР БҮЛД МАШИН БАЙДАГГҮЙ-

-“Дугуйтай гэр бүл” пэйж хуудас, Youtube сувагтай хүмүүс нэлээдгүй танил болж амжсан байх. Гэхдээ ярианы эхэнд манай уншигчдад зориулж гэр бүлээ танилцуулахгүй юу?

С.АНУДАРЬ:

-Манай гэр бүл тавуулаа. Гурван хүүхдийн маань хамгийн бага нь хоёр настай, дунд охин маань одоо найман настай бол том охин аравтай. Нэмээд дөрвөн ширхэг унадаг дугуй, нэг чиргүүлийг маань бүлийн гишүүн гэж тооцож болно /инээв. сурв/.

-Та хоёр ямар мэргэжилтэй хүмүүс юм бэ?

-Манай нөхөр эдийн засагч мэргэжилтэй, гэхдээ мэргэжлээрээ ажиллалгүй хувиараа олон янзын ажил хийж байсан. Би найруулагч мэргэжилтэй. Телевизэд ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан.

-Одоо 21 аймгаар аялал хийх гэж байгаа гэж сонслоо. Энэ шийдвэрийг хэзээ гаргав, аяллынхаа турш дандаа унадаг дугуйгаар явах уу?

-Энэ удаагийн аяллаа дан унадаг дугуйгаар хийх боломжгүй. Бага насны хүүхэдтэй болохоор урт замыг унадаг дугуйн дээр туулах хэцүү шүү дээ. Ер нь энэ аяллыг хийх болсон шалтгаан нь гэр бүлдээ цаг заваа зарцуулах, хамтдаа байх, хамтдаа хөгжих гэсэн санаанаас үүдэлтэй учир үүнийг нэг их хүнд хэцүү болгомооргүй байгаа хэрэг. Хүүхдүүдээ амарч зугаацах боломжоор нь хангах л чухал байгаа юм.

Өнгөрсөн жил бид олон газраар аялахаар төлөвлөсөн боловч цаг агаарын нөхцөл байдлаас болж хойшилсоор намар болж хичээл сургууль эхлээд бүр цуцлагдсан юм. Дугуйн дээр бид бүхээгтэй явахгүй, шууд байгальтай харьцдаг учир хүүхдүүд болон цаг агаарын байдлыг маш сайн тооцох хэрэгтэй байдаг. Манайх хичээл орлоо гээд дугуй унахаа больдог айл биш, хүүхдүүд маань сургууль руугаа дугуйгаа унаад явдаг, орой бүр “за дугуйгаа унаад гарцгаая” гээд хот дотроо хаа дуртай газар луугаа явдаг. Манай гэр бүлд машин байхгүй.

-Ноднингийн цуцлагдсан аяллаа унадаг дугуйгаар хийх гэж байсан уу?

-Тийм, дөрвөн аймаг дамжиж аялах байсан учир дугуйгаараа явах гэж байсан. Гэхдээ хүүхдүүдтэй явахаар бага ачаа авч явах, маш бага хог үйлдвэрлэх хэрэгтэй болдог /инээв. сурв/. Нэг маань урд чиргүүлтэй дугуйгаа унах учраас бас хүнд болдог. Тийм болохоор  дэлхийд дугуйтай аяллуудыг машин, гал тогоо дагадаг. Бид юун түрүүнд гэр бүлээрээ дурсамж бүтээхдээ анхаарч байгаа учраас энэ аяллаа аль болох хүндрүүлэхгүй байхыг л хичээж байна.  

-Урьд өмнө дугуйтай хөдөө, орон нутгаар аялсан аяллуудаасаа танилцуулаач?

-Өнгөрсөн жил аялаж, түүгээрээ телевизийн зургаан нэвтрүүлэг хийсэн. Гурван том аялал хийсэн л дээ, нэг нь Батсүмбэрийн замаар Ар гүнт рүү аялсан, 64 орчим км-ыг туулсан. Дараагийнх нь Сайншандаас Хамрын хийд хүртэл 42 км-ийг туулсан. Гурав дахь нь хамгийн урт – 120 гаруй км, Богд уулыг тойроод Зуун мод, Манзуширийн хийд гэх мэт газруудаар аялсан. Хүүхдүүддээ танин мэдэхүйн ач холбогдолтой байлгах үүднээс түүхэн дурсгалт байгалийн цогцолбор газраар аль болох аялахыг хичээдэг.

-Төв суурингаас хол урт замыг туулж аялал хийхэд хүүхдүүд нь хэр хүлээж авдаг вэ? Хүндрэлтэй зүйлс тохиолддог уу?

-Хоёр охин маань тэрсхэн. Ажлаа амжуулахдаа замын бөглөрөлд өртөхгүйн тулд ихэр юм шиг хоёр жаахан охиноо үүргэвчинд хийж үүрээд дугуйгаар явчихдаг байлаа. Тэгж өссөн болохоор том болоод л “Дугуйтай болъё, дугуй унаж суръя” гээд эхэлсэн. Ингээд л том охин маань 8, 9 настай байхаасаа аялалд гараад эхэлсэн болохоор өөрсдөө маш их хүсдэг. Хүүхдүүд учраас том хүнээс харьцангуй хурдан ядардаг л даа, гэхдээ зайрмаг идэж сэрүүцээд л биднээс илүү хурдан сэргэчихдэг. Ажиглаад байхад эрүүл цэвэр агаарт гэр бүлээрээ дугуйтай аялахад хүүхдийн төлөвшил болон эрүүл мэндэд маш эергээр нөлөөлж байгаа нь харагддаг.

-ГЭР БҮЛЭЭРЭЭ АЯЛЖ БАЙГАА НЬ Л ӨӨРӨӨ “АЙМААР ТОМ” САЙХАН-

-Гэр бүлээрээ дугуйгаар аялахын хамгийн сайхан нь юундаа байдаг вэ?

-Хамгийн сайхан нь... Ер нь муухай зүйл гэж байхгүй шүү дээ. Энэ нь сайхан гэж хэлэхэд ч бас хэцүү /инээв. сурв/. Гэр бүлээрээ хамт аялж байгаа нь л өөрөө “аймаар том” сайхан шүү дээ.

-Заавал унадаг дугуйгаар аялах гэхээс илүү гэр бүлээрээ хамт байхдаа үнэ цэн нь оршиж байгаа юм шиг санагдлаа.

-Тэрнээс ч гадна байгаль экологид ээлтэй амьдрах дадал хэвшлийг багаас нь олгоно гэдэг ирээдүйд их гоё, зөв хүн болж хүмүүжнэ гэсэн үг. Энэ нь бид хоёрын бас нэг том зорилго байхгүй юу. Бага насандаа дугуй унаж өсвөл хавдар тусах магадлал 40 хувиар буурдаг гэж ярьдаг. Дугуй унаж хичээлдээ явсан хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадвар 4 цагаар нэмэгддэг гэх судалгааг Даничууд хийсэн байна лээ. Хүүхдийн маань ирээдүй гэдэг бидний ирээдүй шүү дээ, үүний төлөө бид чадах бүхнээ л хийх хэрэгтэй.

-Дугуйтай аялах нь автомашинаар аялж байгаа бусад аяллуудаас ямар ялгаатай вэ?

Н.ПҮРЭВДОРЖ:

-Аялал болгон гоё. Хамгийн ялгаатай юм нь, хүүхэд болгон чаддаг ч бай, чаддаггүй ч бай дугуй унах дуртай байдаг. Тэгэхээр дуртай зүйлээр нь дамжуулаад байгальтай ойртуулж, аялах дуртай болгочихож байгаа юм. Зөвхөн дугуйгаа жийгээд байх биш, аялж байгаа газрынхаа бороо, цас, шуурга, халуун хүйтэн гээд бүгдтэй нь өөрийн биеэр тулж мэдэрч явдаг онцлогтой. Манай хөдөө орон нутгийн дэд бүтцээс шалтгаалаад заавал машинаар аялах шаардлага их тулгардаг.

С.АНУДАРЬ:

-Гэхдээ бид унадаг дугуйн Монгол дахь төлөөлөгчийн газраа байгуулаад үйл ажиллагаа явуулаад эхэлвэл 10 жилийн дараа байдал тэс өөр болсон байх болно. Хотоос дугуйтайгаа гараад хүссэн газартаа очиж болох дэд бүтэц байгуулах, үүнийг түргэвчлэхийг шаардаж, уриалж байгаа ажил гэж ойлгож болно. Манай гэр бүл хийхгүй байсан ч өөр гэр бүл заавал хийх хэрэгтэй. Хэн ч юм хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Бид олуулаа машин хэрэглээд байвал машиныг дагасан дэд бүтэц л илүү хөгжинө. Унадаг дугуйг илүү олноороо ашиглавал түүнийг дагасан л хөгжил ирнэ.

Н.ПҮРЭВДОРЖ:

-Ер нь машиныг дагасан хөгжил гэж байхгүй шүү дээ. Хорлол, сүйтгэл, устгал л гэж бий.

-Явган иргэд дугуйн зам дээр алхаад байдгаас эхлээд соёлын асуудал нэлээдгүй байна.

С.АНУДАРЬ:

-Бид нар ч бас зарим тохиолдолд явган хүний замаар явахаас өөр аргагүй болдог учраас түүнд нэг их бухимдаад байдаггүй /инээв. сурв/. Гол нь хүмүүс унадаг дугуйг их хэрэглээд байвал тэр соёлд дасна шүү дээ. Дугуй ирж байгаа чимээ гарвал зөрөөд гаргадаг тийм сэтгэхгүй сууна. Ер нь улам сайжирсаар л байгаа. Мэдээж гудамжны брожур өндөр зэрэг бэрхшээл байлгүй л яахав.

Би хоёр хүүхдээ төрүүлснийхээ дараа их хожуу дугуй унаж сурсан. Тэр үед нийгэмд байтугай надад ч дугуйн зам энэ тэрийн ойлголт байхгүй байлаа. Түгжрэлд цаг заваа үрэхгүйн тулд дугуйгаар хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгсөөр байгаад л нэг мэдэхэд дугуйчин болсон байсан. Дугуйн зам хэрэгтэй ч гэж мэддэггүй, явган хүний замаар л чөлөөтэй яваад байдаг байсан /инээв. сурв/. Тэгж байтал дугуйн замууд баригдаад эхэлтэл “Ямар гоё юм бэ” гэж мэдэрсэн дээ.

-Яагаад хамгийн анх гэр бүлээрээ дугуй унаж хэвших болсон юм бэ?

Н.ПҮРЭВДОРЖ:

-Ер нь “Гэр бүлээрээ дугуй унадаг болъё, хотоор дугуйтай зорчиж хэвшье” гэх тодорхой зорилго бид хоёрын хэнд ч анх байгаагүй шиг. Би Европт амьдарч байхдаа дугуйгаар зорчих гоё гэдгийг мэддэг болсон тул эхнэртээ зааж өгөөд л аяндаа бүх зүйл өрнөсөн. Хүүхдүүд ч өөрсдөө дугуйтай болохыг хүсээд л, бид хоёр ч сургууль руу нь дугуйгаар явахад аюул осол байгаа эсэхийг судалж туршиж үзээд л. Аажимдаа явган явснаас, өөр ямар нэгэн унаагаар зорчсоноос илүү сайхан санагдах болсон доо, бид бүгдэд. Нэг мэдэхэд дугуй унахгүй л бол утгагүй болчихсон байдаг юм билээ.

Өөрсдийн амьдардаг орчин, хот гудамжаа ажиглахад хүмүүсийн хандлага маш хурдацтай өөрчлөгдөж байгаа. Сүүлийн хоёр гурван жилд нүдний өмнө нэг шинэ дугуйчин, дугуйтай гэр бүл бий болж байна. Хүмүүсийг “Дугуй унахаа боль” гэж хорих ямар ч боломжгүй учраас дугуйн хэрэглээ маш динамикаар өсөж байгаа гэж хардаг. Үүнд хотын удирдлага мэдрэг хандаж, дэд бүтэц өөрчлөлт шинэчлэлийн асуудлыг хурдтай хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-ДУГУЙ УНАДАГ ХҮМҮҮС БҮГД НИЙЛЭЭД НЭГ ГЭР БҮЛ-

-Гадны орнуудад дугуйн соёл сайтар хэвшсэн байдгийн нэг шалтгаан нь төрийн бодлого байх?

-Европын орнуудад унадаг дугуй хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд ажиллаж, холбоотой асуудлуудаа амдаж аваад, үүндээ шийдвэр гаргах төрийн албан хаагчдыг татан оролцуулдаг жишиг тогтсон байдаг. Нэгэнт дугуй унах нь байгальд ээлтэй, цаг уурын элдэв өөрчлөлт асуудлуудын шийдэл болж байдаг нь тодорхой учраас дугуй унадаг гэр бүлийн хувьд бидэнд бас тодорхой хариуцлага ирж байна гэж боддог. Маш олон хүн биднийг дагаж, нэгдээд байдаггүй ч тодорхой хүрээнд танигдсаны хувьд хариуцлагаа ухамсарлаж, энэ талын асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж хичээж, томоохон зорилгууд урдаа тавьж байна.
Дугуй унадаг хүмүүс бүгд нийлээд нэг гэр бүл. Энэ гэр бүлийн аюулгүй эрх ашгийг хамгаалахын тулд хотын дарга гэх мэт албан тушаалтнууд эцэг, эх нь мэт чухал үүрэгтэй.

Бид “Дугуйтай гэр бүл” нэрээрээ нөхөрлөл байгуулаад удаагүй байна.  Үүнийхээ ажлын хүрээнд “Монголыг хэрсэн дугуйн зам сүлжээний мэдээллийн сан үүсгэе” гэсэн зорилго тавьсан. Ийм ч учраас 21 аймгийн аяллаа төлөвлөсөн юм.  Европын орнуудад дугуйн төлөөлөгчийн газар гэж байдаг. Азийн орнуудад харьцангуй их биш. Манай Монголд байхгүй. Тэгэхээр Монгол дахь төлөөлөгчийн газрыг бий болгоё гэж зорьж байна. Үүний үйл явц Ирландад болох хуралдаанаар нааштай шийдэгдэнэ гэж итгэж байгаа. 
-Өнөөдөр танай гэр бүлийн хувьд дугуй унах нь өдөр тутмын хэвшил болсон байна. Дугуй унахгүй өдөр гэж байдаг уу?

-Гэр бүлүүд машинаа унаад аялж зугаалдаг, машинаараа хүүхдүүдээ өдөр тутам сургуульд нь хүргэж өгдөг, өөрсдөө ажилдаа явдагтай л адилхан. Манай гэр бүл дугуй унаж өдөр тутмын ажлуудаа амжуулаад бүр дасчихсан.

-Цаг хугацааны хувьд гэр бүлээрээ дугуй унаж эхэлсэн нь хэзээ вэ?

-2017 оны намар хавьцаа, есдүгээр сарын эхээр эхэлсэн гэж болно.

-Тэгвэл фэйсбүүк пэйжээ нээж, дугуй унахад цахим хэрэглэгчдийг уриалж эхэлсэн хугацаа хэзээ билээ?

-Пэйжээ 2018 оны тавдугаар сарын 19-нд нээсэн байдаг. Үүнтэйгээ зэрэгцээд Youtube сувгаа бас нээсэн.

-ДУГУЙТАЙ ХҮМҮҮС ДУГУЙ УНАСАН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ИХ НӨХӨРСӨГ ЗӨРДӨГ-

-Гэр бүлийнхээ дадал хэвшлийг олон нийтэд үлгэр дууриал болгон ил харуулж эхлэх ямар шалтгаан байсан бэ?

С.АНУДАРЬ:

-Бид гэр бүлээрээ дугуй унаад гудмаар явахад их сонирхолтой “үзэгдэл” болоод байсан л даа /инээв. сурв/. Тиймээс хүмүүс харж байхад дугуй унахдаа алдаа гаргаж болохгүй зэргээр давхар хариуцлага мэдрэгдэж эхэлсэн. Дээрээс нь манай хоёр охин Хөгжим бүжгийн сургуульд сурдаг, ирээдүйд урлагийн хүмүүс болно. Хүн болгонд нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ гэж байдаг даа. Хоёр охин маань багаасаа нүүр хагарна гэж бодсон. Хамгийн гол шалтгаан нь, бид амьдардаг орчин, дүүрэгтээ л харагдаж үлгэр дууриал болох нь элбэг үү гэхээс олон хүмүүст зэрэг хүрэх боломжгүй байсантай холбоотой.

Одоо судалгаа хийгээд үзвэл хүүхдийн унадаг дугуйн суудлын борлуулалт гайхмаар нэмэгдсэн байх гэж би бодож байна. Манай пэйж нээгдсэнээс хойш хүүхдээ дугуйн дээр суулгасан хүмүүс маш их зөрдөг болсон. Ер дугуйтай хүмүүс дугуй унасан хүмүүстэйгээ их нөхөрсөг зөрдөг байхгүй юу. Наад зах нь ямар гоё өнгөтэй дугуй вэ? гэхчлэн /инээв. сурв/. Манай нөхөр хүмүүсийг дугуй ихээр унаж эхэлсэн шалтгааныг нийгмийн эрэлт хэрэгцээтэй холбож боддог. Хэрэгцээ ч бай, юу ч бай хүмүүсийг энэ хэвшилд олноор нь уриалан дуудах бидний гол зорилго байсан. Хүмүүст үлгэр дууриал болох нь сайхан шүү дээ.

-Өнөөдрийн түвшинд ирээд харахад зорилгоо хэр зэрэг биелүүлсэн гэж үнэлдэг вэ? Хүмүүсийн дугуй унаж хэвшиж байгаа өөрчлөлт та бүхэнд анзаарагддаг уу?

-Фэйсбүүк дээр холбоотой байдаг гэр бүл олон бий. Гэхдээ ил гарахгүй /инээв. сурв/. Энд тэнд дугуйтай явж байна, хүүхдүүддээ дугуй аваад өгчихсөн гэх мэтээр зургаа явуулаад л холбоотой байдаг юм. Тэр хүмүүсийг дугуй унадаг хэвшилтэй болоход бид нөлөөлсөн гэж бодохоор урамтай, сайхан.

Дээрээс нь, гудамжаар явахад биднийг яг гадаадынхан шиг хардаг тэ? /нөхөр лүүгээ харав. сурв/. Нэгхэн удаа хажуугаар нь зөрөөд өнгөрөхдөө содон харагдчихаж байна гэдэг чинь сэдэл төрүүлж байгаа байхгүй юу.

-Үүнийгээ дагаад хариуцлага мэдэрдэг гэж дээр хэллээ?

Н.ПҮРЭВДОРЖ:

-Тэгэлгүй яахав. Манай хотын зам ямар билээ. Европт хамт сурч байсан нэг найз маань хэлж байсан юм. “Чи ийм аймаар хотод яг Стогкольмд амьдарч байгаа юм шиг, Берлинд амьдарч байгаа юм шиг яаж дугуй унаад явж чадаад байна аа” гэж. Манай чиргүүл Шведийнх л дээ. Ер нь дэлхийд хүүхдүүдээ чиргүүлд суулгаад дугуйтай явдаг тренд газар аваад байгаа. Найзынхаа хэлсэн зүйлийг сонсоод, өөрсдийнхөө амьдралын хэв маягт сэтгэл хангалуун байх мэдрэмж төрж байгаа юм. Үүний хажуугаар маш том хариуцлага. Гэр бүл дотроо л гэхэд хүнд оврын машинууд, замын хөдөлгөөн зэргийг маш сайн анхаарч байж хүүхдүүдээ дугуй унуулах хэрэгтэй болно. Ер нь энэ хүн дугуй унаж болно гэсэн батламж олгодог байгууллага байвал зүгээр гэж боддог. “Хүүхдүүдийнхээ дугуйн тоног хэрэгслийг сайн шалгаж, анхаарал болгоомжтой явахыг сануулж байгаарай” гэж хүмүүст хэлэхийг хүсдэг.

-21 аймгийн аялалдаа хэзээ гарах гэж байна вэ?

-Энэ баасан гарагт гарах гэж байна. Эхлээд Дундговь, Өмнөговь гэх мэт говийн аймгуудаар явна. Эргэж ирчихээд Өвөрхангай, Завхан, Булган, Хөвсгөл, Эрдэнэт гээд энэ жилийн аялалаа дуусгах төлөвлөгөөтэй байна.

-21 аймгаа хэсэгчлэн хувааж аялах уу?

-Тийм. Тэгэхгүй бол хүндрэлтэй. Хүүхдүүд бага байгаа болохоор наад захын хэрэглээнээс эхлээд асуудал тулгардаг. Жишээ нь дугуйгаар явахад хувцас нь маш хурдан халтартдаг /инээв. сурв/

-ХҮҮХДҮҮД МААНЬ ААВ ЭЭЖТЭЙГЭЭ ДУГУЙ УНАЖ БҮТЭЭСЭН ДУРСАМЖТАЙ ҮЛДЭНЭ-

-Сүүлийнхээ асуултыг тавья. Дугуй унана гэдэг танай гэр бүлийн хувьд яг юу вэ? Ямар үнэ цэнтэй ойлголт  вэ?

С.АНУДАРЬ:

-Ингэж дүгнэж бодож байгаагүй юм байна. Дугуй унасаар байгаад, татагдаж ороод нэг мэдэхэд л өнөөдөр ирж. Гэхдээ дугуйг бид сонирхдог болсон биш, дугуй биднийг зогсолтгүйгээр татдаг.

Н.ПҮРЭВДОРЖ:

-Дугуйнд нэг тийм ид шид байна, тэ? Гэр бүлээрээ дугуй унахын ид шидийг мэдрээд, хамгийн гол нь хамтдаа дурсамж бүтээгээд явж байгаа нь үнэ цэнтэй. Хамтдаа дугуй унаад зугаалахад бидэнд ирдэг тэр аз жаргал нь үнэ цэнтэй. Бас хүүхдүүдэд гайхалтай сайхан дурсамж үлдэж байгаа. Ану бид хоёр хорвоогийн жамаар хөгширнө, энэ хорвоог орхино. Тэр цагт хүүхдүүдэд маань бидний хамтдаа бүтээж байсан аз жаргалтай мөчүүд үлдэнэ. Хүмүүс аав ээжийгээ дурсахдаа дотроо гуниг мэдэрдэг шүү дээ. Харин манай хүүхдүүдийн хувьд бидэнтэй дугуй унаж өнгөрүүлсэн мөчүүдээ дурсаж, сэтгэлд нь баяр хөөр гийнэ гэж боддог. Тэр цагт гуниглах биш сэтгэл нь аз жаргалаар дүүрэх болов уу...

С.АНУДАРЬ:

-Бид хоёрын үлдээсэн том зүйл нь хэвшил. Бас ярьж л байлаа, телевизийн нэвтрүүлэг хийгээд, контент бүтээгээд ирэхээр заавал зорилго, зорилт гээд бичигдмэл зүйлсээ тодорхойлох хэрэгтэй болсон. Тэгэхэд нээрэн, дурсамж бүтээх нь хамгийн том зорилго. Бидний үлдээсэн дурсамж гэгээн, тэр нь хүмүүст өгөөжтэй байгаасай гэж боддог. Дугуйны үнэ цэн мөнгөөр хэмжигдэх зүйл биш. Ямар ч хямдхан дугуйг би унаж байсан тэр миний аз жаргал, хэвшил хэрэглээ болно шүү дээ.

-Баярлалаа. Та бүхний цаашдын зорилтот ажлууд, гэр бүлээрээ хийх аяллуудад амжилт хүсье.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-17 16:36

Best Place To Buy Cialis Online Cialis 20mg Dosage Cialis En Belgique cialis 40 mg India Propecia Finasteride Amoxicillin And Motrin

Холбоотой мэдээ

Back to top button