Ярилцлага

ЯРУУ НАЙРАГЧ Ц.ДОРЖСЭМБЭ: Уран бүтээл харгис, хүмүүс шүлгийг минь аваад оронд нь архи, мөнгө өгөөд л өнгөрдөг

Хүнийг гаднаас нь хараад ямар амьдрал туулсныг хэн ч таашгүй. Амьдралын их далайд алдаж, онож яваа эгэл хүмүүсийн нэг яруу найрагч Ц.Доржсэмбэ. “Харсан тэнгэр”, “Хэнд би таалагдах ёстой юм бэ?” зэрэг шүлгийн түүврүүдээрээ “үзэгдэл” болсон яруу найрагч. Нийгэм соёлын эрс эргэлтийн цаг үеийг туулсан, энэ хүнтэй ярилцахад амьдралын алдаа оноо, эрээн барааныг хэрхэн туулсан нь нүднээ харагдах аж. 

-Та аль нутгийн хүн бэ?

-Үндсэн гарал Сүхбаатар аймгийн Уулбаян сум. Харин өссөн газар минь Баянхонгор аймаг.

-Хэзээнээс шүлэг бичих болсон тухайгаа дурсахгүй юу?

-Зургаа, долоон настайдаа уншиж сураад бичиж эхэлсэн. Нэгдүгээр ангид орохоос өмнө Д.Нацагдоржийн “Миний нутаг”-ийг  цээжчилчихээд л, өөрөө ч болсон болоогүй юм бичдэг байлаа.

-Тэгэхээр сургуульд бичиг үсэг мэддэг болчихоод орсон байх нь ээ?

-Тийм ээ. Аав, ээжийн минь буян. Хар багаас минь надад цагаан толгойн 35 үсэг заасан. Таблицан дээрх амьтны дүрсийг нэрлэж цээжлүүлсээр байгаад уншуулж, бичүүлж сургасан.

-Арван жил болоод их сургуулиа хаана дүүргэсэн бэ?

-Баянхонгорт арван жилээ төгссөн. Ванхүүгийн Батбаяр багш маань оросын уран зохиолыг гарамгай заадаг байсан бөгөөд манай монгол хэл, уран зохиолын багш нар ч мундаг хүмүүс байсан. Би өөрийгөө ихэд хичээл зүтгэлтэй сурагч байсан гэж боддог, бүүр баян хуурыг ч сайн тоглож сурсан. Тухайн үед пионер сурагчдын урлагийн наадам болоход “Баян хуурын гоцлолоор” хүрэл медаль авч байлаа. Сурагч байхаасаа уран зохиолын ном уншдаг, математик физикийн бодлого бодохдоо гарамгай байсан.

Их сургуульд сурч байхдаа Очирбатын Дашбалбарын Өрнө, Дорнын уран зохиол болон буддын гүн ухааны лекцүүдийг сонсдог байлаа. Агуу хүн шүү. Ярих юмгүй. Харин МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангид сурч байгаад 90 гаруй цаг хичээлээ таслаад хөөгдсөн. Хөөгдчихөөд ШУТИС-д орсон. Математиктаа их сайн байсан. Сайн байхгүй гээд яах вэ дээ. /инээв. сурв/ Манай утга зохиолын хөөгдсөн ангиас олон сайхан хүмүүс гарсан Ням-Очир, П.Батхуяг, н.Номинчимэд, Р.Энхтуяа байна. Тэр болгоныг хаяад, хөөгдөөд гарч байхдаа хэтэрхий омголон бас гэнэн байж.

ШУТИС-д чинь зовлонтой шүү дээ манай утга, уран зохиол шиг сонирхолтой зүйл байхгүй. Үргэлж математик, физик, химийн бодлого боддог.Гэхдээ тэр болгоныг төвөггүй даваад гарсан.

-ЭВИЙ ДЭЭ ЭВИЙ, БИ ЭХНЭР ХҮҮХДИЙНХЭЭ ТУХАЙ ХАМААГҮЙ ЯРИХ ДУРГҮЙ. АМЬТНЫ БҮСГҮЙ ҮРИЙГ ХАЙРЛАЖ Л ЯВАХ ХЭРЭГТЭЙ-

-Хань ижил үр хүүхдийнхээ талаар хуваалцаач?

-Сайхан эхнэр хүүхэдтэй байсан, 2013 онд салсан. Эмэгтэй хүнийг хайрлаж явахгүй бол болохгүй.  Манай эхнэр гадаад хэлтэй.  Эвий дээ эвий. Би эхнэр хүүхдийнхээ тухай хамаагүй ярих дургүй. Амьтны бүсгүй үрийг хайрлаж явах хэрэгтэй. Миний эхнэр эрдэм боловсрол ухаантай хүн. “Адгийн архичинтай тэр сайхан хүн ханилаад ч яахав” гэж бодсон доо.

-Та энэ хугацаанд ямар амьдрал туулж өнгөрүүлсэн тухайгаа зах зухаас нь бидэнтэй хуваалцаж болох болов уу?

-Заа даа миний амьдрал хэцүү. Есдүгээр ангийн намар найман сард хичээл орох арай болоогүй үед Баянхонгорын Өлзийтөд хадланд явж байгаад трактор уулын даваа давахдаа унаж осолд орсон. Хамт явсан долоон хүн маань нас бараад би хуучин ЗХУ-ын “Якутын Орион”-ы эмнэлэгт очиж хөлийн хагалгаанд орж одоог хүртэл хазгар явна.Тэр үеэс сэтгэл санаа хямраад уйтгарлах болсон доо.

Мөн 2008 онд зүрх зогсох дөхөөд Бээжинд очиж эмчлүүлсэн. Тэгэхэд би эхнэрээсээ салаагүй байсан. Намайг Хятад руу зүрхний хагалгаанд оруулсан. Тэнд сар болохдоо эмнэлэгт цөөхөн хоносон. Хойд талын Өвөр монголчуудаар хэлмэрч хийлгээд эхнэр нутаг буцахад, тэдгээр хүмүүс миний бичиг баримт байсан хэдэн юанийг бүгдийг аваад бултчихсан. Таних хүнгүй, хэл мэдэхгүй хэд хоног Бээжингийн талбай дээр хонон, аргаа барахдаа тамхины иш түүж татах гэхэд олдоогүй. Манай хотыг бодоход маш цэвэрхэн юм байна лээ. Эргээд Монгол руугаа ирэх чадал байдаггүй, Элчин сайдын яаман дээр очоод “би ийм болчихлоо” гэхэд “Манай Монголчууд гадаадад байсан ч эвгүй шүү зайл” гэсэн. Элчингийн гадаа учраа олохгүй сууж байхад н.Батхүү гэдэг хүн гарч ирээд “Би чамд цагаан хуудас 1000 юань өгье нутаг яв” гээд нутагтаа  ирсэндээ. Төмөр замын буудал дээр буучихаад тэнэг хүн чинь гэртээ харилгүй архи уудаг найзыгаа л дууддаг юм билээ. Тэгэхэд гэртээ л очих байсан юм даа.

-Таны номын багш нар ямар ямар хүмүүс байна?

-Би ердөө ийм хоёр л багштай хүн. Ойдовын Содномпил, Жамъянгийн Болд-Эрдэнэ нар. Өөрөө л ухаангүй бол яруу найрагч болж төрөх шиг лай зовлон байдаггүй юм байна лээ. Өнгөрсөн 2018 онд гэхэд л мундаг мундаг яруу найрагчид өнгөрлөө шүү. Манай А.Эрдэнэ-Очир, дархад Мийгаа, манай Ганзул хүртэл. Үндсэн шалтгаан нь архинаас л болж байгаа.

-Анхны шүлгийн түүвэр хэзээ хэвлэгдэв?

-Бүр хожим гарсан. 2000-аад оны эхээр Р.Чойномын бүтээлүүдийг хэвлэдэг тэр газраас л анх миний түүврийг гаргасан. Хоёр дахь түүврийг Тэнгис кино театрын тэнд байдаг хэвлэлийн үйлдвэр хэвлэсэн. Гурав дахь түүврийг маань манай багш хэвлэж өгсөн. Дөрөв дэх түүврийн тухайд гарахад бэлэн байгаа. Ардчилсан холбоо гаргаад өгье гэсэн.

-Онгод гэж юу вэ? Та шүлгүүдээ хэрхэн бичдэг вэ?

-Онгод гэж байдаг. Зүгээр л энгийн сэтгэл хөдлөлгүй явахад, ямар ч шүлгийн бадаг орж ирэхгүй. Нэг сайхан зуу татаад явж байхад шүлгийн мөр урсаад л ороод ирдэг. Яруу найраг баяр баясгалангаас гардаггүй юм даа. Дандаа гутрал гуниг. Гутрал гунигт автсан хүн чинь архи ууна. Тэгэхээр зуун граммаа татна. Тэгээд л бичдэг дээ. Миний хамгийн сүүлд бичсэн шүлэг /2019.06.18/ халаасанд үнгэгдээд явж байна. “Чамдаа” гээд шүлэг. Хүн намайг тоохгүй байхад өөрт зориулж шүлэг бичээд байдаг юу юм бол доо.

Будангуйрч явсан амьдралд минь

Будда шиг зүрхэнд минь ирсэн

Чинийхээ өмнө би гуйлгачин

Чимх нойргүй би архичин

Урмыг хугалсан бүхнээсээ

Уучлаарай гэж хэлэх тэнхэлгүй

Уулын савдгийн ил чөтгөр

Тэглээ гээд юуг ч сүйтгээгүй ээ би

Өндгөө хагалж, шувуу болох шиг

Яг одоо л хүн болмоор байна

Өнгөрсөн амьдралынхаа юуг ч

Эргэн дурсаж, гиюүрмээргүй байна

Уяхан чам шиг л хүн болмоор байна

Уучлаарай гэж үнэн зүрхнээсээ

Уяхан хорвоогоос гуймаар байна

Ухаант хүн, ухаант хүн л гэдэг

Ухаан дотор хор хорлолын аль нь ч бий

Харин би зүгээр л хар тэнэгээрээ амьдармаар байна

Будангуйрч явсан амьдралд минь

Будда шиг зүрхэнд минь ирсэн

Чиний өмнө хүн шиг харагдмаар байна

Цайнаасаа илүү гудардаг архиндаа

Цэг тавьж хүн болмоор байна. Ийм шүлэг бичсэн байна. Гэхдээ засвар хэрэгтэй.

-Б.ЛХАГВАСҮРЭН ГУАЙ ХАМГИЙН СҮҮЛД “ЯРУУ НАЙРАГЧ ЯВЛАА ГЭЭД АРХИ УУГААД ӨӨРИЙГӨӨ СҮЙДЛЭХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ СЭМБЭЭ ЭНИЙГ Л БИ ЧАМД ХЭЛЬЕ”-

-Та бидэнд өөрийн сэтгэлдээ бодож явдаг хэн нэгний аминчлан захисан, сургамжаас хуваалцаач?

-Битүүний урд өдөр Бавуугийн Лхагвасүрэн гуай дээр би очсон. Тэгэхэд надад нэг үнэн юм хэлсэн шүү хамгийн сүүлд хэлсэн үг нь тэр “Яруу найрагч явлаа гээд архи уугаад өөрийгөө сүйдлэх хэрэггүй шүү. Сэмбээ энийг л би чамд хэлье” гээд “Баасан энэ Сэмбээд нэг шил архи таван мянган төгрөг өг” гэсэн. Хэвтрийн хүнийг зовоогоод яахав, хурдхан гарсан. Лхагваа ахаа би дараа ирье цагаан сараар золгоно оо гээд гарахад “Яваа яв, миний хүү” гэж билээ. Би яаж өнгөрчихнө гэж мэдэхэв дээ. Энэ үг одоо хүртэл бодогдоод байгаа. Үнэхээр л амьдралыг минь сүйдэлдэг.

-Та шүлгээ шатааж байсан гэдэг, юунаас болоод шатаасан бэ?

-Хүн намайг доромжилсон. “Чиний яруу найрагч гэж юу байсан юм бэ хог, хийдэг ажил чинь цаас шагайх, амьдралд ямар ч нэмэр байхгүй” гэхэд нь би шартай хүн чинь “Битгий хуц” гээд бүтэн номны шүлэг овоолж байгаад шатаасан. Сүүлд манай эхнэр чи нээрээ үнэн тэнэг юм надад гаргасан уураа шүлгэндээ гаргах ямар хэрэгтэй юм бэ? гэж хэлж байсан. Эхнэрийн үг үнэн байсан би ядахдаа гараад хоол ундны мөнгө олж ирэх ёстой.

Өөрөө л ухаангүй бол яруу найрагч болж төрөх шиг лай зовлон байдаггүй юм байна лээ.

-Та үргэлжилсэн үгийн зохиол бичдэг үү?

-Өгүүллэг бичдэггүй. Гурван тууж бичсэн “Хөлгүй хүн” гэдэг туужаа хэвлүүлээд бусдыг нь хүнд хадгалуулсан. Өвөрхангайн Арвай хээрт миний их юм бий. Хаячих вий гээд хүмүүст өгчихдөг. Одоо байхгүй ч байж магадгүй. Хоёр сарын өмнө найруулагч Ч.Ганзоригт “Цаг хугацаа дуусаагүй” гээд кино зохиол өгсөн. “Зөрлөг”, “Миний муу аав” зэрэг киног найруулсан хүн шүү дээ. Энэ кино бол яг миний амьдрал. Найруулагч миний зохиол дээр ажиллаад гол дүрд нь жүжигчин Ж.Сүххуягийг сонгосон гэж хэлсэн.

-МИНИЙ ШҮЛГИЙГ ӨӨРИЙНХӨӨ БОЛГОЖ ХЭВЛҮҮЛДЭГ ЯАЖ БАЙГАА ЮМ” ГЭХЭД ТАНД БИ АРХИ АВЧ ӨГЬЕ ГЭЖ БАЙСАН. БИ ДУУГҮЙ БОЛООД Л ЯВААД ӨГСӨН-

-Амьдралдаа юунаас хамгийн их гайхаж, цочирдож байв?

-Гайхмаар юм их бий. Нэг айлд тэмдэглэлийн дэвтэр дүүрэн шүлэгтэй очсон. Ширээн дээр нь шүлгээ тавьчхаад сайхан хар шөл хийж өгснийг уучихаад  хэвтэж байсан “шүлэг бичсэн дэвтрийг минь ураад галаа ноцоосон”. Би тэр айлд хоноогүй.

Хоёр жил хагасын өмнө хөдөө мөнгө төгрөг  сайтай явж байгаад цайны газар харчихаад “архи бодогдоод” жолоочид нь “би буулаа” гэхэд “буу буу үнэр танар чинь хэрэг алга” гээд буулгасан. Би ч баярлаад цайны газраас шил архи аваад тэр хавьд уугаад нэг мэдэхэд өглөө сэрсэн. Миний бүх мөнгө байхгүй. Явуулын дээрэмчид миний мөнгийг аваад том дэвтэртэй шүлгийн түүврийг минь л үлдээсэн байсан. Ухаантай шиг хүн байсан бол том дэвтэртэй шүлгүүдийг д авах байсан. Алдсан мөнгөндөө ерөөсөө харамсаагүй.

-Авьяас таримал биш, төрмөл байх ёстой гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Өнгөрсөн хавар утга зохиол, урлаг сонинд гарсан нэг нөхрийн шүлгийг уншихад 4-5 нь миний шүлэг байсан. Дараа нүүр тулаад “миний шүлгийг өөрийнхөө болгож хэвлүүлдэг яаж байгаа юм” гэхэд танд “би архи авч өгье” гэж байсан. Би дуугүй болоод л яваад өгсөн. Хүмүүс бичсэн юм чинь юу байна гээд л аваад явна. Архи өгнө. Мөнгө өгнө. Уран бүтээл харгис шүү. 

-Та одоо хаагуур амьдарч байна?

-Гэр орон алга. Энэ архинаас л больчихвол гэр оронтой ч болоод сайхан амьдрах юм сан гэж боддог.

-Ангийнхан чинь, найз нөхөд тань хэр тусалдаг вэ?

-Манай уран зохиолын нөхөд их тусалдаг аа.

-Залуус дүү нартаа юуг захиж хэлмээр байна?

-Энэ амьдрал, энэ нас ганцхан. Над шиг ингэж сүйдэлж болохгүй. Яруу найрагч байлаа гээд ялгарсан зүйл байдаггүй. Тэр болгоныг сайн ойлгож яваарай. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж хамгийн үнэн үг. Сахлаа татах татуурга ч олдохгүй юм, мөнгө олдохоор нь дандаа архинд өгдөг. Бүх зүйл дээр миний буруу. Бусдад ерөөсөө буруу өгч болохгүй.Амьдралд гутарч, гуниглаж ерөөсөө болдоггүй гэдгийг хэлье дээ.

-Архинаас больё, холдъё гэж бодож байсан уу?

-Боддог. Миний архинд орсон шалтгаан амьдрал гуньж гутарснаас болсон. Сэтгэлийн тэнхээтэй амьдрах хэрэгтэй юм билээ.

-Та амьдралдаа харамсаж явдаг зүйл бий юу, хамгийн том алдаа тань юу вэ?

-Байна аа. Залуу зандан насандаа Өвөрхангай аймгийн ШУТИС-ийн МСҮТ-д би багш ухаантай байсан юм. Тэнд таван жил амьдрахдаа Наранцэцэг гэдэг бүсгүйтэй ханилан нэг охин нэг хүүтэй болсон. Энэ хүн бол миний номууд дээр гардаг Нанзаа гэгч. Бид охиноо алдсан, хүү маань одоо надаас хол байгаа. Би Өвөрхангайн нэгдүгээр арван жилийн хүүхдийн дотуур байранд нэг давхарт нь амьдардаг байлаа. Харин Наранцэцэг маань хоёр давхарт байсан юм. Миний хамгийн буруу зүйл яах гэж тэр нялх амьтныг уруу татав даа гэж харамсдаг. Одоо миний хүү сургуульд сураад явж байгаа. Намайг хараад үзэн ядвал яана гэж бодоод хүүтэйгээ уулзах дургүй.

-Та саяхан хагалгаанд орсон байсан, юуны хагалгаа байсан бэ? Одоо биеийн байдал хэр байна?

-Багшийн дээд хавьд хүнд зодуулаад ухаангүй, цус нөжтэйгөө холилдсон хөгийн юм хэвтэж байсныг цагдаа нар гэмтлийн эмнэлэгт аваачиж өгсөн юм билээ. Гурав хоног ухаангүй хэвтэж байгаад сэрж, зургаа хоноод эмнэлгээс гарсан. Тархинд хагалгаа хийсэн болохоор үс хуссан байсан. Одоо толгой байнга өвдөж байгаа. Гэхдээ энэ бол миний л амьдрал. Миний л буруугаас ийм болсон.

-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-05 17:52

Хайран сайхан найрагч даанч яав даа. Хар з�##�уугаараа хорвоогоос явчихаж. Гундуухан амьдарч бж дээ хөөрхий

Зочин
Зочин
2020-09-06 18:07

Зөв бодолтой,билэг авьяастай,сайхан хүн байжээ, гагцхүү сэтгэлийн хат дутжээ.Ум ма ни бад ми хум.

Ts.Enhchimeg
Ts.Enhchimeg
2021-03-13 22:08

Hairan saihan nairagch min boginhon amidrald holchvvrhej
Hol holbirch ywhaar yruu nairgin tengertee od bolon gihgvi dee
Zaluu ider nairagchidin duulal bolon tsuuraitaj
Zamba tiwin saihan gerlin neg bolohgvi dee Dorjsembe ah min
Gudamj metrlej arhi uusan hvmvvs gantsan ene mini naiz geh yum
Arhi gedeg amidralin daisan gedegig aldsan tvvnd heleed ogoh naiz tvvnd heregtei
Aldsan bol naizdaa aldaag n heleed og
Ahij ingej bolohgvi gej uram zorig hairla aawin hvvgin setgelig tenitel neg vg helchih
Aldsan bvhenee ergvvlej awah zorig tvvnd hairlay hvmvvs min
Tsetsegig usalwal urgadag shig
Saihan nairagchaa demjih yumsan daa ........
2021.03.13

Зочин
Зочин
2021-03-13 23:40

Сайхан найрагч, сэтгэлийн тэнхээ дутжээ. Ер нь архи уудаг архинд орчихсон хүмүүс сэтгэлийн тэнхээ муу, сэтгэлийн хатгүй( үг даадаггүй),амиа хичээсэн(бодсон)дотуур тамиртай,тэвчээргүй хүмүүс байдаг гэдэг. Амьдр�##� дээр харж байхад амиа бодсон арчаагүй хүмүүс харагддаг туйлын үнэн шүү.

Баярлалаа
Баярлалаа
2021-03-14 09:49

Үнэн. Архинд орсон хүмүүсийн нийтлэг т�##� нь.
Өөрийгөө нэг их сайхан сэтгэлтэй, хүнд тусч, хүн ялгадаггүй, цайлган итгэмтгий, хүний дээд, хүний хайлан энэ тэр гээд өчнөөн юм бодно.
Хүний сайн нь л архинд ороод, муу нь муу сана�##�аад архинд ордоггүй гэж бодно. Ер нь л их хөгийн өчүүхэн бодолтой, өчүүхэн ертөнцтэй. Тэр өчүүхэн ертөнцөд нь өөрөөс нь илүү агуу, сайхан сэтгэлтэй, жинхэнэ хүн шиг хүн байхгүй.
Энд хэн нэгнийг хэлсэнгүй ээ би.

Зочин
Зочин
2021-03-15 17:53

arhi l amdraliig tam bolgohiimdaa

Гомбобузар
Гомбобузар
2021-05-07 01:42

ҮМХИЙ ХАР АРХИЧИНГУУД БҮГДЭЭРЭЭ ЗҮРХ НЬ ЗОГСООД ҮХЭЭСЭЙ ЭСВЭЛ ХӨДӨӨ ХОНЬ ХУРГА ОЙД МОРЬ ШААГААД ЯВААСАЙ ИНГЭЖ НИЙГМИЙН ШААР БОЛЖ ЯВАХААР

эгнета
эгнета
2022-06-01 03:23

ийм дотортой, амьтай яруу найрагч өмнө нь харж мэдэрч байгаагүй ээ

Катя
Катя
2022-08-05 13:32

Хөөрхий дөө муу Доржсэмбэ �######�уул... даанч гамгүй амьдраад буцлаа даа

Холбоотой мэдээ

Back to top button