НИЙГЭМНИЙСЛЭЛХУУЛЬЭРҮҮЛ МЭНД

ХӨНДӨХ СЭДЭВ: Асрамжийн газрын хүүхдүүд 18 нас хүрээд хаачдаг вэ

Өнгөрсөн онд асрамж халамжийн төвд 823 хүүхэд үйлчилгээ авч буйгаас сүүлийн таван жилийн хугацаанд 53 хүүхэд үрчлэгджээ. Хараа хяналтгүй, эцэг эх нь нас барсан бүтэн болон хагас өнчин, амьдралын бололцоогүй, төрөөд хаягдсан зэрэг 0-18 хүртэлх насны хүүхдүүд асрах төвд ирдэг.

Гэвч тэдгээр хүүхдүүд нас биед хүрсний дараа хаашаа явдаг вэ. Асрах төвөөс гарсан хүүхдүүд амьдралд зөв хөл тавьж чаддаг уу. Тэдний хэд нь шинэ гэр бүлтэй болж үрчлэгддэг вэ. Үрчлэгдсэн хүүхдэд хаанаас хэрхэн хараа хяналтыг тавьдаг зэрэг эргэлзээтэй асуултуудад хариулт авахаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Нийслэлийн ГБХЗХХ-ийн Асрамж, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбаяртай уулзаж, хүүхэд үрчлэлт, халамж үйлчилгээ тойрсон асуудлаар тодруулга авсан юм.

-ГЭР БҮЛТЭЙ ХҮҮХДҮҮД Ч АМЬДРАЛЫН ЧАДАМЖГҮЙ БАЙДЛААС БОЛЖ АСРАХ ТӨВҮҮДЭД ИРДЭГ-

-Асрах төвд ирэх хүүхдийн тоо урьдын жилүүдээс өсөв үү, буурав уу?

-Нийгмийн байдал, санхүүгийн чадамжгүй байдлаас улбаатай орон гэргүй, тэнэмэл хүүхдүүд их байсан. Одоо ийм хүүхдүүд харьцангуй бага болсон. Цөөрсөн гэж хэлж болно.

-Асрах төвд ирж буй хүүхдүүдийн байрлах хугацаа харилцан адилгүй байдаг уу?

-Гэр бүлтэй хүүхдүүд ч мөн амьдралын чадамжгүй байдлаас болж асрах төвүүдээс үйлчилгээ авдаг. Мөн очих газаргүй бүтэн, хагас өнчин хүүхдүүд ирдэг. Нийслэлийн есөн дүүрэгт ГБХЗХГ-ын Үнэлэх хэлтэс бий. Асрамж халамжийн төвд ирсэн хүүхдийн эцэг эх архины хамааралтай бол тэдэнтэй ажилладаг. Ямар нэг байдлаар эцэг эхтэй ажилласны дараа асрамжид ирсэн хүүхэд эргээд гэр бүлтэйгээ эргэн нэгтгэгдэх боломжтой байдаг. Тэгэхээр ирсэн хүүхэд бүр тэндээ байна гэж үгүй.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн асрах газар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-2021 оны байдлаар 17 байгууллагын 27 төв бий. 27 төв нь хүүхэд асран халамжлах үйлчилгээ үзүүлдэг. Улсын хэмжээнд Өнөр бүл болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор гэх хоёр төв байдаг.

-АСРАМЖИЙН ГАЗАРТ НАС БИЕД ХҮРСЭН ЗАЛУУС Ч БИЙ-

-Асрах төвүүд хүүхдийг 18 нас хүртэл халамжлах уу. Насанд хүрсний дараа ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-0-18 насны хүүхдүүд асрамж, халамжийн төвүүдэд очдог. Хүүхэд 18 нас хүрээд төвөөсөө явах болвол тухайн хүүхдийг их дээд сургуульд сургах асуудлууд яригддаг. Түүнээс асрах төв байдаг хүүхдээ 18 нас хүрсний дараа шууд явуулдаг гэсэн үг биш.

Асрах төвөөс үйлчилгээ авдаг 20-30 насны залуус Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт байдаг. Тэндээ сургалт үйлдвэрлийн төвтэй, цаашлаад ажилд зуучилж, амьдралтай нь хөл залгуулдаг.

-Асрах төвийн хүүхдүүдийг үрчлэх асуудал хэрхэн явагддаг вэ?

-Асрамж халамжийн төвүүдэд үрчлэлт хийгддэг. Гэхдээ тухайн төвүүд “Манайд үрчлэх боломжтой тэдэн хүүхэд бий” гэх тоо баримтад үндэслэнэ. Түүнээс эцэг эхтэй, үрчлэгдэх боломжгүй хүүхдийг үрчлүүлэхгүй. Үнэхээр эцэг эх, асран хамгаалагчгүй хүүхдүүдийг асрах төвүүд үрчлэгдэх боломжтой хүүхдүүдийн мэдээллээ дүүргүүддээ өгдөг. Дүүргийн тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст үрчлэлтийн асуудал яригдана. Иргэд Нийгмийн хөгжлийн хэлтэст очоод хүүхэд үрчлэх хүсэлтээ өгөөд тухайн хүүхэдтэй уулзаж, ярилцсаны дараа иргэд өөрсдөө шийддэг. Үрчлэлтийн асуудлыг Дүүргийн тамгын газарт хийдэг болсон.

-Үрчлэгдэх боломжтой гэдэг нь ямар хүүхдийг хэлээд байна вэ?

-Тухайн төвөөс гараад очих газаргүй, бүтэн өнчин хүүхдийг хэлж байгаа юм.

-ЖИЛД 3-4 ХҮҮХЭД Л ҮРЧЛЭГДДЭГ-

-Өнгөрөгч онд нийслэлийн хэмжээнд үрчлэгдэх боломжтой хэчнээн хүүхэд байгаа вэ?

-Асрамж халамжийн төвүүдэд бага. 2015-2021 оны хооронд 53 хүүхэд үрчлэгдсэн гэсэн судалгаа гарсан. Жилд 3-4 хүүхэд л үрчлэгдэх боломжтой гэх тоонд ордог.

-Үрчлэгдээд явсан хүүхэд асрах төвд буцаж ирэх тохиолдол байдаг уу?

-Байдаг. Хүүхэд тухайн очсон айл, орчиндоо дасахгүй байх, үрчилж авсан айл нь сэтгэлийн хөдөлгөөнөөр хүүхэд үрчилж аваад буцаах тохиолдог гардаг. Мөн тухайн айлын хүүхдүүдтэй ойлголцохгүй шалтгаанаар эргэж ирэх тохиолдол мэр сэр гардаг. Гэхдээ их биш.

-Баримтад буцаж ирсэн гэх тоо байдаг уу?

-2020-2021 онуудын тоо баримтад тийм хүүхэд байхгүй. Үрчлэлтийг тухайд дүүрэг, дүүргийн ГБХЗХХ, асрамж халамжийн төв, хүүхэд үрчилж буй иргэнд хамтдаа ажилладаг.“Энэ л миний хүүхэд. Би түүнийг авах ёстой” хэмээн шийдсэнээр тухайн хүүхдийг дасан зохицох үйлчилгээнд авдаг. Үйлчилгээг ихэвчлэн бага насны хүүхдүүд авах нь элбэг.

Иргэд ч мөн бага насны хүүхдийг үрчилж авах сонирхолтой байдагтай холбоотой. Хүүхэдтэйгээ сайн танилцаж, дасан зохицох үйлчилгээг хэд хэд авсны дараа үрчлэлтийг ярихгүй бол дараа дараагийн асуудлууд гарч эхэлдэг. Үүнээс болж үрчлэгдсэн хүүхэд буцаад асрах төвдөө эргээд очих эрсдэлтэй.

-Гадны орнууд руу хүүхдийг үрчлүүлдэг үү?

-Манайд одоогоор гадаад үрчлэлт хийгдэхгүй байгаа. Ковидын цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил гадаад руу үрчлэлт хийгдээгүй. Манай төвүүд гадагшаа үрчлэлт хийхийг нэг их таашаадаггүй.

-Хүүхэд үрчилж авах хүсэлтэй хүмүүст ямар шаардлага тавьдаг вэ?

-Хамгийн эхэнд тухайн гэр бүлийн хосууд өөрсдийн амьдрах гэр оронтой байх, тогтсон ажил эрхэлдэг, тогтмол орлоготой байх, тэтгэврийн насных биш байх гээд олон шаардлага бий.

Мөн урьд өмнө гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгч байгаагүй, тогтвортой харилцаатай байх нь чухал. Тухайн айлаа харъяа хорооны нийгмийн ажилтны тодорхойлолтоор шалгадаг.

-“ХҮҮХЭД ҮРЧИЛЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ Ч, АВАХ ХҮҮХДЭЭ ХААНААС ОЛОХ ВЭ” ГЭХ АСУУЛТЫГ ИХ ТАВЬДАГ-

-Цахим ертөнцөд бага насны хүүхдээ үрчлүүлнэ, эсвэл үрчилж авах зарууд харагддаг. Үүнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манайд тийм мэдээлэл ирдэг. Ихэвчлэн залуу гэр бүлүүд хандах нь элбэг. “Хүүхэд үрчилж авах хүсэлтэй ч, авах хүүхдээ хаанаас олох вэ” гэх асуултыг их тавьдаг. Тухайн иргэн амьдарч буй дүүргийнхээ Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийнхээ ГБХЗХХ-д очиж мэдээлэл авах боломжтой.

-Хүүхэд үрчилж авах процесс, бичиг баримт бүрдүүлэлт хэдий хэр хугацаанд хийгддэг вэ?

-Үрчлэх хүүхдээ оллоо гэж бодоход тухайн айл асрамж халамжийн төвтэйгээ холбогдоод, хүүхдээ өөрсөддөө дасгах хэрэгтэй. Дасан зохицох үйлчилгээнд урт болон богино хугацаагаар авч, гэртээ байлгадаг. Хүүхэд тухайн орчин, гэр бүлийн хүмүүст дасаад өөрөө тэмүүлээд, тухайн айл ч гэсэн хүүхдээ гээд дасаад эхэлбэл, тухайн дүүргийн ГБХЗХХ-ийн ажилтнууд айлдаа үнэлгээ хийдэг. Шаардлага хангасан нөхцөлд хүүхдийг тухайн айлд байрлуулж, дараагийн хяналтын процесс эхэлнэ.

-Хүүхэд үрчилж авсан айлд хүчирхийллийн болон санхүүгийн асуудал гарвал яах вэ?

-Мөн л тухайн айлын нөхцөл байдлыг үнэлээд дараа дараагийн арга хэмжээг авдаг. Хүүхэд эд бараа биш учир үрчлүүлэх процесс нарийн хяналт дор явагддаг.

-Үрчлэгдээд очсон хүүхэд гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох тохиолдол бий юу?

-Дүүрэг болон хороо, үрчлэл хийгдэж буй асрамжийн төвөөс үрчлэгдсэн хүүхэддээ эргэн хяналт хийдэг. Хамгийн багадаа хоёр, түүнээс дээш жил хяналтаа тавьдаг. Тухайн хүүхэд болон эцэг эхтэй нь уялдаа холбоотой хэвээр ажилладаг. Тухайн хүүхэд айлдаа болоод байвал хоёр түүнээс дээш жилээр хяналтаа тавиад ажиглалтаа хийсэн хэвээр байдаг.

-Хүүхэд үрчилж авсан айл оршин суугаа хаягаа өөрчлөх, гадаад руу явах бол хэрхэх вэ?

-Тухайн хороо, дүүрэгтээ мэдэгдэх хэрэгтэй. Тухайн нүүж очсон байршлын ГБХЗХХ-ээс хяналтыг үргэлжлүүлэн тавина. Хүүхэд үрчилж авахдаа харилцан гэрээ хийдэг. Тиймээс гэрээний заалтаар л зохицуулагдана.

-ЦЕГ: ӨНГӨРӨГЧ ОНД ЗУРГААН НЯРАЙ ХАЯГДСАНААС НЭГ НЬ АМИА АЛДСАН-

-Эхдээ хаягдсан нярайг асрах төвд хүргэж, бүртгэлжүүлэхдээ Олдох хэмээн овоглодог нь эргээд хүүхэд хүчирхийлэлд өртөх шалтгаан болдог гэдэг?

-Төрөөд хаягдсан хүүхдэд урьд нь Олдох хэмээн овоглодог байсан. Одоо тийм овогтой хүүхэд байхгүй. Хүүхэд олдсон байршил, гараг, асрах төвийн нэр зэргээр нэрлэдэг. Хуучин нэрлэгдсэн цөөн хүүхэд л бий.

Нийслэлийн ГБХЗХХ-ээс хүүхдийн асрамж, халамжийн төвийн хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг, цаашлаад үрчлэлтийн асуудалд ийн хариулт өгөв. Харин ЦЕГ-аас өнгөрөгч онд хэчнээн хүүхэд хаягдсан болон нийслэл, дүүргүүдийн ГБХЗХХ-тэй хэрхэн уялдаатай ажилладаг тухай Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Болормаа ийн хэлэв. Тэрбээр:

  • “Өнгөрсөн оны байдлаар хүүхдээ хаяж төөрүүлсэн хэрэг зургаа бүртгэгдсэн. Хүүхдээ асран хамгаалах үүрэг бүхий эцэг эх асран хамгаалагч нь хүүхдээ зориудаар хаяж төөрүүлсэн нь тогтоогдсон. Улмаар тухайн хүүхдүүдийн эцэг эхийг нийтэд тусдаа ажил, хөдөлмөр эрхлүүлэх, торгох, хорих ял шийтгэлийг оноосон. Уг хэргийн улмаас хүүхдийн амь хохирсон хэрэгт 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих шийтгэлтэй байдаг. Хүүхдүүдийг асрамж, халамжийн төвүүд болон хууль ёсны асран хамгаалагчид хүлээлгэн өгөхөөр холбон зуучлах ажлыг хийсэн. Цагдаагийн байгууллагаас тэдгээр хүүхдүүдийн хууль ёсны эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн үед арга хэмжээ авах, нөхөн сэргээх, бусад ГБХЗХХ-тэй холбон зуучлах ажиллагааг явуулсан” гэв.

-ЯМАР ХҮНД ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ ВЭ-

Хүүхдийг үрчлэх, үрчлүүлэхэд дараах ерөнхий нөхцлийг хангасан байна. ҮҮНД:

  1. Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.
  2. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна.
  3. Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь үрчлүүлэх тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна
  4. Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн зөвшөөрлийг авна.
  5. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.
  6. Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.
  7. Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.
  8. Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.

-ҮРЧЛЭН АВСАН ЭЦЭГ, ЭХ НЬ ТӨРСӨН ЭЦЭГ, ЭХИЙН АДИЛ ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ-

Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой байх шаардлагыг хангахаас гадна үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана. Харин тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг үрчлэгдсэн хүүхэд нь уг тэтгэвэр авах эрхээ хэвээр эдэлнэ.

Харин ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 08:22

jinhen 18 hureed nadad hamaagui geed ##### shig hayagdaj baigaashdee

Зочин
Зочин
2022-01-10 08:29

uul ni urgeljluuleed amidrald ni alhahad ni anhaaral handuuldag baisan bol mongol ulsad al###a heregtei zuil yum baigam daa

Зочин
Зочин
2022-01-10 08:31

huuhdiig ireeduid ni gereltuulj uguh heregtei bizdee

Зочин
Зочин
2022-01-10 09:08

erhee hamgaaluulah heregtei odoo ene 13r zuunii hachin yuma bolih heregtei

Зочин
Зочин
2022-01-10 09:08

haha

Last edited 6 Өдөр Өмнө by Зочин
ZOCHIN
ZOCHIN
2022-01-10 09:11

HUUHED HEZEE BIEE EE UURUU DAAGAAD AJILTAI AMDRALTAI BOLSON TER TCAGT N L YVUULJ BH N TURIIN UUREG BH ESTOI. AVILGACHIDIIN MUNGIIG SHUUD ENE SALBART UGUH N ZUID NIITCNESHUU..

Зочин
Зочин
2022-01-10 13:44

Охидын гадныхан ирээд тохиролцоод аваад явчидаг бх

Зочин
Зочин
2022-01-10 22:12

Амиа ####дана.... монголоор ярьж бичиж хэзээ сурна. Жаахан хүүхэд нас барахыг амиа ####дана гэж хэлэх үү. Эндэнэ гэдэг үг бий

Холбоотой мэдээ

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
()
x